Та хөлбөмбөгт анх хэрхэн дурлаж байснаа санадаг уу? Ханаар нь дүүрэн Роналду, Мессигийн постер, шөнийн нойроо хугаслан байж дэмжсэн зуны сарууд… Ингээд харахаар хөлбөмбөгийн үнэнч фанатуудын хувьд Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн гэдэг амьдралынх нь үе үеийн мөчлөг, дурсамжтай салшгүй холбоотой байдаг ажээ.

Тиймээс бид энэ удаа Монголын спортын салбарын танил эрхмүүдийн хөлбөмбөгт хөл тавьсан фанатын түүх болон тэдний зүрх сэтгэлийг эзэмдсэн шигшээ багуудынх нь тухай халуун дулаан яриаг хуваалцлаа. 

Ө.Үлэмжтөгс, ТэнГэр ТВ-ийн тоймч


Дэмждэг баг: Герман
Дэмжиж буй хугацаа: 28 жил

Францад болсон 1998 оны ДАШТ-ийг анх хүүхэд байхдаа аавыгаа даган үзэж байв. Аав маань Германы шигшээ багийн үнэнч фанат юм л даа. Тэгээд л аавыгаа дуурайж эхэлж дэмжсэн хэрэг. Тэр ДАШТ-д цахиур хагалсан Хорватад манай баг ялагдаж, тэмцээнээ эрт дуусгасан. Түүнээс хойш 2002 оны ДАШТ-ийг 13 настайдаа шимтэн үзсэн. Манай баг сайн бүрэлдэхүүнтэй байгаагүй ч тэмцээний финалд шалгарч, мөнгөн медаль хүртэж байлаа. Тэр үеэс л Герман машинуудын үнэнч фанат эргэлт буцалтгүй болсон доо. Ялангуяа Оливер Канн, Михаэль Баллак хэмээх шүтээнүүдээ тэр дэлхийн аваргаас л олж байв.

Германы шигшээ бол эмх цэгц, сахилга бат, тактик, багийн тоглолтын сонгодог жишээ. Тиймдээ ч герман машинууд буюу Benz гэдэг. Энэ товч тодорхойлолт л ДАШТ-ээс хамгийн олон медаль хүртсэн шалтгаан юм.

Манай шигшээ баг ойрын хэдэн жил өндөр түвшний үзүүрийн довтлогчгүй явж ирсэн. Харин энэ асуудлыг Ник Вольтемаде шийдсэн гэж харж байна. Мөн хашир туршлагатай экс капитан Нойер шигшээдээ эргэн ирсэн нь найдлага төрүүлж байгаа. Сүүлийн хоёр ДАШТ-д манайх хэсгээсээ шалгарч чадаагүй нь том асуудал мөн. Гэхдээ энэ жил цус сэлбэгдсэн залуу, ид үедээ яваа залуусаар багаа бүрдүүлсэн нь маш том найдлага төрүүлж байна.

Энэ жил түүхэнд байгаагүй олон багтай, гурван улсад зохион байгуулагдана гэдэг нь сонирхол татаж байгаа. Харин монгол фанатын хувьд шөнийн нойроо хугаслахгүй өглөөдөө үзэх нь таатай байна даа.

Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонины сэтгүүлч


Дэмждэг баг: Бразил
Дэмжиж буй хугацаа: 45 жил

1980/1981 оны Уругвайд болсон “Мундалито” буюу бага ДАШТ-ий финалд Бразилийн шигшээ баг талбайн эздэд 2:1-ээр хожигдож байв. Чухам тэр үед унасан бөх, хоцорсон дааганд элэгтэй монгол зангаар, мөн домогт Зиког шүтдэг байсныхаа хувиар Бразилийг эргэлт буцалтгүй дэмжих болжээ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тэдний үнэнч хөгжөөн дэмжигч хэвээр байна.

Бразилчуудын хувьд хөлбөмбөг бол бүх л амьдрал нь төдийгүй тэдний тоглолтын гол цөм нь “jogo bonito” буюу уран гоё хөлбөмбөг байв. Хэдийгээр цаг хугацааны эрхээр зөвхөн гоё тоглоод хожиход хэцүү болж, арга барил нь өөрчлөгдсөн ч тэдний чансаа буураагүй юм. Өдгөө багийн уур амьсгал, сэтгэлзүй, үр дүнд Неймар шиг хүчтэй нөлөөлөх тоглогч үгүй ч, талбайд гарахгүй байсан ч түүнийг бүрэлдэхүүнд багтаасан нь туйлын зөв шийдвэр. Түүнчлэн Маркиньос, Каземиро, Алиссон зэрэг хашир туршлагатай одууд болон Эндрик, Райан нарын залуу авьяастнууд багтаа том нөлөө үзүүлнэ гэж хүлээж байна. Бразил бол ямар ч бүрэлдэхүүнтэй байсан үргэлж түрүүлэх магадлалтай хүчирхэг баг.

Б.Батзаяа, Хөлбөмбөгийн тайлбарлагч


Дэмждэг баг: Шотланд, Англи
Дэмжиж буй хугацаа: 7 жил, 28 жил

Би анх 1998 оноос хойш Английн шигшээ багийг тууштай дэмжиж ирсэн. Гэхдээ 2019 онд Шотландад очиж, их сургуульд суралцан хоёр жил гаруй хугацаанд тэнд амьдарсан юм. Энэ хугацаанд Шотланд Улс миний хоёр дахь эх орон болсон тул одоо миний сэтгэл зүрхний номер нэг дэх баг бол яалт ч үгүй Шотландын шигшээ баг, харин Англи маань номер 2 баг болоод байна.

Хүмүүс манай багийг тэр бүр “айхтар лаг, хүчирхэг” гэж мэдэхгүй байж магад. Гэхдээ дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн алдартай, суут дасгалжуулагч нар Шотландаас төрөн гарсан байдаг. Тэдний хамгийн тод жишээ бол “Манчестер Юнайтед”-ын домог Сер Алекс Фергюсон юм. Тэгэхээр тэнд хөлбөмбөгийн маш том суурь соёл, тактикийн ухаан бий.

Манай багийн гол давуу тал бол талбайн аль нэг шугамд хэт найдах биш, харин довтолгоо болон хагас хамгаалалтын тэнцвэр нь асар сайтайд оршдог. Маш сайн, нягт бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн тэмцээнд оролцож байна.

Би Шотландыг Дэлхийн аваргад түрүүлнэ гэж ам бардам хэлж чадахгүй. Гэхдээ энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн том сенсацыг тарьж чадах баг бол Шотланд гэж хувьдаа харж байна.

А.Одбаяр, “Премьер Спортс Нетворк” Ерөнхий продюсер


Дэмждэг баг: Аргентин
Дэмжиж буй хугацаа: 20 жил

2006 оны ДАШТ-ээр Лионель Мессиг сэлгээнээс анхны тоглолтоо хийхийг харснаас хойш Аргентины шигшээ багийг дэмжсээр иржээ. Тухайн тэмцээнд Серби-Монтенегрог 6:0-ээр бут ниргэж, сэлгээгээр орж ирсэн Камбиассо, Тевес, Месси нар бүгд гоолдсон агшин, мөн Макси Родригесын Мексикийн хаалганд оруулсан гайхалтай гоол сэтгэлд тод үлдсэн байна.

“Цагаан цэнхэрүүд” үеийн үед хамгийн олон хөгжөөн дэмжигчтэйгээр тэмцээнийг зорьдог бөгөөд Марадона, Месси зэрэг бүх цаг үеийн шилдэг авьяастнуудыг төрүүлсэн, үргэлж үзүүштэй тоглолт толилуулдаг баг юм. Тус улсын хувьд хөлбөмбөг бол зүгээр нэг спорт биш, амьдралынх нь салшгүй хэсэг билээ.

Олон нийт Аргентиныг цус сэлбэлт дутагдаж, аваргаа хамгаалж чадахгүй гэж таамаглаж байгаа ч энэ бол эндүүрэл. Ялангуяа 1998 оны ДАШТ-д аавууд нь тоглож байсан Нико Пас, Жулиано Симеоне нар энэ жилийн тэмцээний гол “нууц хөзөр” байх боломжтой. Өмнөх тэмцээнд зарим тоглогчид гэмтлээ нууж орсон гашуун туршлагаас үүдэн ахлах дасгалжуулагч Лионель Скалони энэ удаад бүрэлдэхүүн сонголтод маш хашир хандсан. Бүрэлдэхүүн тогтвортой, дасгалжуулагч болон хаалгачийн тактик өндөр түвшинд байгаа учраас Аргентины баг аваргаа хамгаалах бүрэн боломж бий.

Rusty, Joga Bonito подкастын продюсер


Дэмждэг баг: Испани, Аргентин, Франц

Хөлбөмбөгийн ертөнцийн супер одууд болох Барселона, Интер Милан, тухайн үеийн Арсенал клубын шилдэг тоглогчдоор бүрдсэн, гоё өмсгөл, чадварлаг тоглолттой багуудыг анх харж, хөлбөмбөгт татагдсан түүхтэй.

Энэ удаагийн тэмцээнд Микель Ойарсабаль, Хулиан Альварес, Майкл Олисе зэрэг тоглогчид гол дүрд тоглож, багтаа том нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Ерөнхийдөө энэ жилийн багууд бүрэлдэхүүний хувьд тун тэнцвэртэй, хангалттай туршлагатай, авьяаслаг бөгөөд үзүүштэй тоглолтыг үзүүлж чадахаар байгаа. Гэхдээ түүхэндээ анх удаа ийм олон баг оролцож байгаагаас гадна зохион байгуулалтын эргэн тойронд асуудал мундахгүй байгаа тул нэлээд ярианы сэдэв дагуулсан, шүүмжлэл ихтэй тэмцээн болох болов уу.

Д.Батцэнгэл, Хөлбөмбөгийн тоймч, Наашаа Тек-ийн Ерөнхий менежер


Дэмждэг баг: Тоглолт бүрийг, баг бүрийг шимтэн үзэх дуртай

Хөлбөмбөгийн олон өнгийг мэдрүүлж чаддаг гайхамшигт тоглогч, баг, дасгалжуулагч, түүх… гэх мэтээр хөлбөмбөг өөрөө гайхамшиг учраас тоглолт бүрийг, баг бүрийг шимтэн үзэх дуртай. Яагаад гэвэл баг бүр өөрийн онцлог, домгууд, үүх түүхтэй байдаг. Мэдээж Монголын шигшээ баг маань үргэлж номер нэг байх боловч дэлхийн аваргад орох хол байна даа.

Энэ ДАШТ-ээр Өмнөд Америкийн шигшээ багуудыг илүүтэй харж байна. Тэр дундаа Бразил, Колумб, Эквадор, Уругвай. Европоос гэвэл Франц, Английн шигшээг харж байгаа. Мөн Нидерланд, Хорват зэрэг улс байна.

Роналдо, Месси, Нэймар нарын сүүлийн дэлхийн аварга, аль нэг нь алтан цом өргөх үү? Мбаппе 4 жилийн өмнөх даагаа нэхэх үү? гэх мэтээр эдгээр нэрс жин дарах нь тодорхой боловч олон залуу тоглогч цахиур хагална. Магадгүй Испаниас Ямал, Францаас Дэзирэ Дуэ, Бразилаас Райан гэх мэт.

ДАШТ-д авьяас чадвар, туршлага, зузаан бүрэлдэхүүн, нэмэх нь тодорхой хэмжээний “аз, эз” хэрэгтэй байдаг байх. ДАШТ-д бусдаасаа тааруу эсвэл сул баг түрүүлсэн тохиолдол нэг ч байдаггүй. Үнэхээр хамгийн шилдэг нь түрүүлдэг онцлогтой. Мэдээж сенсаци, сюрпризээр дүүрэн байх нь тодорхой. Үүний дагуу харвал хөлбөмбөгийн том төлөөлөл, түүхт шигшээ багууд дээшээ шахаж гарч ирнэ гэж харж байна.

А.Мөнхбилэг, Систем инженер


Дэмждэг баг: Франц
Дэмжиж буй хугацаа: 22 жил

Евро 2004 тэмцээнд Францын шигшээ баг Англид 1:0-ээр хожигдож явахад домогт Зинедин Зидан цаг дуусах мөчид хоёр гоол оруулж, гайхамшигтай эргэн ирэлт хийсэн тоглолтын бичлэгийг үзээд Францын үнэнч дэмжигч болж байв. Тэдний тоглолтоос маш олон өөр үндэстэн, соёлын хэв маяг нэгэн далбаан дор гайхалтайгаар нэгдэж чаддагийг харж болно.

Энэ удаагийн тэмцээн ерөнхий дасгалжуулагч Дидье Дешамын хувьд сүүлийнх нь тул тоглогчдод ялах нэмэлт сэдэл өгөх нь гарцаагүй. Мөн багийн дэд ахлагчаар дуудагдсан Н'Голо Канте гараанд гарвал дахин том нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.

Францын багт одоо цагийн довтолгооны шилдэг таван тоглогчийн хоёр нь байгаагаас гадна хамгаалалтын шугам нь ч дэлхийн шилдэгт тооцогдож байгаа. Ганц сул тал нь хагас хамгаалалт мэт харагдавч, эдгээр тоглогчид нь бусад оролцогч 47 улсын 43-ынх нь гараанд түүртэлгүй гарах хэмжээний чадвартай байгаа нь туйлын том тансаглал юм.

Б.Түвшинжаргал, “Премьер Спортс Нетворк” сэтгүүлч, редактор


Дэмждэг баг: Португал
Дэмжиж буй хугацаа: 20 жил

Би анх 2006 оны ДАШТ-ээс Португалын багийг харж, хүрэн улаан өнгийн өмсгөлд нь их татагдаж байлаа. Тухайн үед залуу Кристиано Роналдо тоглодог байсан бөгөөд бүрэлдэхүүн нь үнэхээр гоё байсан юм. Дараа нь 2008 оноос “Реал Мадрид” клубийг дэмжиж эхэлсэн ба удалгүй Роналдо ч тус клубт шилжиж ирсэн. Дуртай тоглогч маань миний хайртай клуб болон шигшээ багт зэрэг тоглох болсон учраас тэр цагаас эхлэн “Реал Мадрид”, Португалын шигшээ багийг салгалгүй, тасралтгүй 20 жилийн турш тууштай дэмжсэн байна.

Хөлбөмбөгийн ертөнцөд Португалыг “Европын Бразилчууд” гэж нэрлэдэг шүү дээ. Тэд яг л Бразилчууд шиг хувийн ур чадвар асар өндөртэй. Түүнчлэн ямар ч үед, ямар ч бүрэлдэхүүнтэй байсан үргэлж урагшаа тэмүүлсэн, довтолгооны хөлбөмбөгийг үзүүлдэг нь үеийн үед өөрчлөгдөөгүй. Итали шиг тактикийн, хэт хамгаалсан тоглолттой багуудыг үзэхэд заримдаа уйтгартай байдаг бол Португалын тоглолт үргэлж хөдөлгөөнтэй, хурдтай, довтолгоо давамгайлсан байдаг учраас үзэгчдийг хэзээ ч уйдаадаггүй, өөртөө соронз мэт татдаг онцлогтой.

Ер нь хөлбөмбөгт хагас хамгаалалт сайтай баг л хол явж, амжилт гаргадаг дүрэмтэй. Энэ жилийн хувьд Португалын баг урьд өмнөх жилүүдийнхээс хавьгүй илүү, маш найдвартай, супер хагас хамгаалалтын шугамтай ирсэн.

Б.Билгүүн, “N Sports” спорт сувгийн Үйл ажиллагаа хариуцсан захирал


Дэмждэг баг: Нидерланд
Дэмжиж буй хугацаа: 28 жил

1998 оны ДАШТ-ийг анх зурагтаар үзэж байхад тэдний тэр гоёмсог улбар шар өнгийн өмсгөл нь шууд л анхаарал татсан. Тэр дундаа өөрөө улбар шар өнгөнд дуртай байсан нь хөлбөмбөгийн “Улбар шарууд”-ыг сонгоход багагүй нөлөөлсөн юм. Мөн миний дэмждэг “Барселона” клубийн хэд хэдэн шилдэг тоглогч тухайн үед Голландын шигшээ багийн бүрэлдэхүүнд гялалзаж байсан нь тэднийг эргэлт буцалтгүй сонгох гол түлхэц болжээ. Тэр л цагаас хойш өнөөг хүртэл Нидерландын шигшээ багийг тууштай, үнэнчээр дэмжсээр ирсэн түүхтэй.

Нидерланд бол түүхэндээ дэлхийн хамгийн гоё, супер довтолгоотой баг байсаар ирсэн. Алдартай хөлбөмбөгчин Иохан Кройсын үндэслэсэн “Тотал хөлбөмбөг”-ийн хэв маяг нь үеийн үед өвлөгдөж, үргэлж нээлттэй, үзүүштэй довтолгооны хөлбөмбөгийг тоглодог байлаа.

Харин одоогийн багийн хувьд тэр үеийн дэлхийн хэмжээний супер довтлогчдын залгамж халаа бага зэрэг дутагдаж байна. Гэхдээ эсрэгээрээ хамгаалалт нь үнэхээр дэлхийн түвшний, супер болж хувирсан. Мэдээж тотал хөлбөмбөгийн суурьтай учраас довтолж тоглох нь тодорхой ч, энэ удаагийн ДАШТ-д тэдний хамгийн том давуу тал, гол хөзөр нь арын шугамын хамгаалалт байх болно.

Миний бодлоор түрүүнд хэлсэнчлэн тэдний хамгаалалтын шугам л багийн хувь заяаг шийднэ. Түүхэндээ Нидерланд дандаа хамгаалж тоглоод амжилтад хүрч байсан түүх байхгүй л дээ. Тэгэхээр магадгүй супер од биш, залуу, туршлага багатай ч гэсэн урд талын довтлогчид нь зоригтой довтолгоог хийх байх. Гэхдээ багийг чирэх гол хүч бол яалт ч үгүй бат бөх хамгаалалт юм.

Г.Мөнхчулуун, “Дэрэн” хөлбөмбөгийн клубийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч


Дэмждэг баг: Япон

Япончууд 1990-ээд оны үед хөлбөмбөгөөр маш муу, бараг л манай өнөөдрийн нөхцөл байдал шиг байсан шүү дээ. Гэтэл сүүлийн 30 жилийн хугацаанд менежмент, арга барилаа асар өөрчилж, ямар өндөр түвшинд хүрснийг бид харж байна.

Тэд зөвхөн насанд хүрэгчид гэлтгүй, нас насны хүүхдийн болон эмэгтэйчүүдийн багуудыг бүгдийг нь нэгдсэн систем, мундаг сургалтад оруулж чадсан. Юу ч үгүй байснаа Герман, Бразилын хөлбөмбөгийн сургалтыг нутагшуулаад, дээр нь өөрийн гэсэн “Япон маягийн” сургуулийг бий болгосон нь гайхалтай.

Япончууд хувь хүний ур чадварт найдахаас илүү багийн бүх тоглогчид нь жигд ур чадвартай байдаг. Энэ чадварыг тэд төрөлхийн биш, дандаа системтэйгээр хөгжүүлж бий болгож байгаа юм. Энэ нь манай клубт ч бас “Ирээдүй байна, бид ингэж ажиллах ёстой юм байна” гэсэн асар том урам зориг өгдөг.

Түүнчлэн тоглогчдоо маш ухаалаг, бүтээлч болгож байна. Европын тоглогчдоос бие хаа, хурд хүчээр дутуу байгаагаа ухаалгаар давуу тал болгож ашигладаг. Дамжуулалтууд нь маш эвгүй, бөмбөг эзэмшилтийг төгс хийж байна. Бараг л хөлбөмбөгийн “жүдо” шиг, талбайг сантиметр, миллиметрээр мэдэрч тоглодог нь гайхалтай.