Нэг цэгээс нөгөөд хүрнэ гэдэг Улаанбаатар хотод амьдардаг сая гаруй иргэний өдөр тутамд тохиодог толгой өвтгөсөн асуудал билээ. Автобусанд суух, явган алхах, жолоо барих, дугуй жийх гээд гарын таван хуруунд багтах сонголтуудад өнгөрсөн жилээс түрээсийн скүүтер нэмэгдэх болов.

Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлийн үйлчилгээг цор ганцаар үзүүлж байсан Jet-д нэгэн “өрсөлдөгч” гарч ирсэн нь Tapa. Миний хувьд Jet-д одоогоор 750,000 гаруй төгрөг зарцуулаад байгаа бөгөөд шинэхэн тоглогч Tapa-г ч мөн нээлтээ хийсэн цагаас нь хойш тогтмол хэрэглэв. Иймд элдэв хачиргүйгээр энэхүү хоёр үйлчилгээг харьцуулж, шилдгийг нь тодруулъя.


ТУХ

Ялангуяа манайх шиг замтай холбоотой асуудал ихтэй хотод скүүтер юун түрүүнд явдал зөөлөн, ая тухтай байх хэрэгтэй. Үгүй бол цаг хэмнэх гэж байгаад элэг, бөөрнийхөө байрыг сольчихож магад.

Jet: Segway-ийн Ninebot KickScooter Max G30P (анхны загвар), Max Pro болон Max Plus (сүүлд нэмэгдсэн) гэсэн гурван үндсэн төрлийн 6,000 скүүтертэй. Сүүлд нэмэгдсэн Max Pro Plus нь амортизатортай учир донсолгоог гаргахдаа Max G30P загвараасаа харьцангуй сайн.

Tapa: Мөн л Segway-ийн Ninebot Lite L60E гэсэн загварын 1000-1500 скүүтертэй. Амортизатортай учир мөн л донсолгоо гаргахдаа сайн.


Ашиглах боломжтой бүс

Jet, Tapa-ийн түрээсэлдэг скүүтерүүд өөр өнгө, ондоо нэртэй ч эдгээр үзүүлэлтийн хувьд олон ижил талтай. Тиймээс унах үед тийм ч их ялгаа гарахгүй. Угаас манай хотын замын нөхцөл хүндхэн учир ямар ч супер скүүтер байсан донсолгоо, доргионд бэлэн л байх хэрэгтэй болов уу.

Сүүлд нэмэгдэж буй амортизатортай загварууд тухтай мэт санагдах ч бодит байдал дээр энгийн загваруудаасаа нүсэр, хүнд байдаг. Түрэх, өргөх, тэр байтугай зогсоолоос хөдөлгөхөд ч багагүй хүч шаардана. Хүнд жинтэй учир богино зайд эргэлт хийх, саадыг тойроход хүндрэлтэй. Тиймээс одоохондоо манай нөхцөлд “нүсэр” скүүтер тохирохгүй болохыг олон арван цагийн туршлагаасаа цохон дурдъя.

Ялагч: Миний хувьд дээрх загваруудыг бүгдийг нь унаж, явж болох бүх газраар явж үзсэн бөгөөд уншигч танд Jet-ийн Max G30P буюу хамгийн анхны жижиг хэмжээтэй, мэдэгдэхүйц хөнгөн, авсаархан загварыг санал болгоё.

АПП

“Төлбөр төлж болохгүй байна”, “Аяллаа зогсоож болохгүй байна”, "Газрын зураг дээр харагдаж байгаа скүүтер олдохгүй байна" гэх зэрэг асар олон сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд харсан байх. Энэ бүгд нь эдгээр үйлчилгээний систем буюу гар утасны апптай холбоотой. Скүүтерийн тухаас гадна аппын хэрэглээ ч хялбар байх нь чухал тул энэхүү үзүүлэлтийн талаар авч үзье.



Jet нь Jet Sharing нэртэй Казакстан компанийн франчайз тул үндсэн системийг тус Казакстан компани хөгжүүлсэн гэсэн үг. Тиймээс ашиглахад тун энгийн, зөвхөн шаардлагатай функцуудтэй. Хэтэвчээ цэнэглэх үйлдлийг ч гэсэн тун энгийнээр шийдсэн. Товчхондоо ашиглахад энгийн, хялбар гэж дүгнэнэ.

Tapa түрээсийн скүүтер нь нислэг, буудал, галт тэрэг зэргийн тасалбар захиалж болдог аяллын нэгдсэн платформ Tapatrip-ийн шинэхэн функц юм. Тиймээс зөвхөн скүүтер түрээслэх тусдаа апп байхгүй учир зарим талаар хэт олон зүйлтэй санагдах магадлалтай. Гэхдээ скүүтер түрээслэхэд хялбар, энгийн байсныг дурдах нь зүй.

Дэлгэрүүлж унших: Tapatrip.com - Аяллын цогц үйлчилгээг онлайнаар захиал

Хэтэвчээ цэнэглэхэд Jet-ээс илүү олон үйлдэл шаардах ч (энгийн мэт сонсогдовч цагаа тулахаар “ядаргаатай” санагддаг шүү) цэнэглэсэн байхад зөвхөн скүүтер түрээслэхээс гадна унадаг дугуйнаас эхлээд нисэх онгоц хүртэлх бусад төрлийн аяллын төлбөрөө төлж, урамшуулал цуглуулж болох нь давуу тал.



Ялагч: Хоёр апп хоёулаа үндсэн функцийн хувьд төстэй. Бодит хэрэглээний хувьд Jet-ийн апп олон улсын франчайз тул хэрэглэгчийн туршлага талаасаа тун хялбар. Гэхдээ Tapa нь нэг цэгээс нөгөөд очих бусад олон сонголтыг агуулсан учир илүү цогц байж чадна. Тиймээс энэ төрөлд үнэмлэхүй ялагч гэж байхгүй.

ҮНЭ

Ижил төрлийн үйлчилгээнүүдийн өрсөлдөөний үр дүнд хямд үнэ бий болдог. Гэхдээ скүүтерийн бизнес манайд дөнгөж нутагшиж эхэлж байгаа, олны хэрэглээнд хараахан нэвтрээгүй байгаа тул ойрын хугацаанд тийм ч төсөр үнэ хүлээх хэрэггүй болов уу. Мөн такси зэрэг бусад үйлчилгээтэй харьцуулах нь зарим талаар зохимжгүй.

Jet-ийн хувьд олон нийтээс өндөр үнэтэй гэх шүүмжлэлийг хүртдэг нь нууц биш. Аяллын хугацаанаас үл хамааран аялал эхлүүлэх суурь үнэ 600 төгрөг, түүнээс хойш минут бүрд 300 төгрөг (шөнийн цагаар 250 төгрөг). Харин цагаар нь түрээсэлбэл 14,100 төгрөг буюу минутын 225 төгрөг.



Tapa-ийн аялал эхлүүлэх суурь үнэ нь 600 төгрөг ч минут бүрийн 250 төгрөг. Түүнчлэн долоо хоногийн 30,000 төгрөгийн багц (минутын 200 төгрөг), сарын 100,000 төгрөгийн багцтай (минутын 150 төгрөг) учир тогтмол ашигладаг бол илүү ихийг хэмнэх боломжтой.


Ялагч: Маргаангүй Tapa ялна. Эхэлж буй үйлчилгээ учир богино хугацаанд хямд үнэ тогтоосон байх магадлалтай. Ямар ч байсан хэтэвчээ хэмнэе гэвэл Tapa-ийн скүүтерүүдийг сонгоорой.

Дэлгэрэнгүй унших: Цахилгаан скүүтер Монголын түгжрэлийг бууруулж чадах уу?

ДҮГНЭЛТҮҮДИЙН ДҮГНЭЛТ

Тух, апп, үнэ гэсэн гурван үндсэн үзүүлэлтээр харьцуулахад энэхүү хоёр үйлчилгээ тус бүр нэг ялалт авав. Товчхондоо хямд үнэ болон нэмэлт боломжийг хүсвэл Tapa-г, хүртээмж болон тав тухыг хүсвэл Jet-ийг сонгоорой.

Төгсгөлийн оронд уриалахад, бидэн шиг өдөрт хоёроос гурван цаг түгжирдэг хүмүүст нэг цэгээс нөгөөд хүрэх шинэ боломжууд бий болж байгаа нь нэн сайшаалтай. Мэдээж ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээ эхэн шатандаа төгс байдаггүй. Бага багаар сайжирдаг. Харин энэ хугацаанд хэрэглэгч бид тэвчээртэй байж, хоосон шүүмжлэх бус бодит санал, зөвлөгөө хэлдэг байх хэрэгтэй шүү.

Скүүтер унасан үедээ замын хөдөлгөөнд соёлтой бөгөөд болгоомжтой оролцохыг уриалъя.