Дэлхий дахинаа аялал жуулчлал хурдацтай хөгжиж, аяллын нэгдсэн үйлчилгээ онлайн хэлбэрт шилжээд 20 гаруй жил болжээ. Чамгүй хөрөнгө оруулалт, технологийн хөгжүүлэлт шаардсан энэ салбарт зориглох компани тийм ч олон байсангүй. Тэгвэл бид дотоод, гадаадын аялал жуулчлалд онлайн захиалгын цогц үйлчилгээг нэвтрүүлсэн Tapatrip.com компанийн хамт олныг энэ удаагийн дугаартаа танилцуулж байна.  

Нислэг, зочид буудал, аялал, галт тэрэг, хот хоорондын автобусны билет гээд аяллын цогц үйлчилгээг төрөлх хэлнээсээ гадна олон улсын таван хэлээр авах боломжийг энэ хамт олон ганцхан жилийн дотор бүрдүүлжээ. Дотоодын зах зээлээс тэлж, олон улсад тэрбумаар үнэлэгдэх юникорн компани болох зорилготой тэдэнтэй илүү ойроос танилцъя. 

Нэр: Тапатрип
Хаяг: Ривер Гарден хотхон 308 байр, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Их Монгол улсын гудамж
Чиглэл: Програм, систем хөгжүүлэлт, аялал жуулчлал
Үүсгэн байгуулагч: Ө.Батмөнх, З.Батгэрэл
Үүсгэн байгуулагдсан: 2021 он
Холбоос: Tapatrip.com (Вэб), Tapatrip (Фэйсбүүк), Tapatrip (апп)


Хамтран үүсгэн байгуулагч З.Батгэрэл

Сэдэл

Аялал гэдэг хүний хамгийн гоё мөрөөдлүүдийн нэг. Огт мэдэхгүй газарт очиж, шинэ соёл, шинэ хүмүүстэй танилцаж, дотоод ертөнц, харах өнцгөө тэлэх нь аяллын гол мөн чанар гэдэгт бид итгэдэг. Аялна гэдэг мэдээж зардалтай ч хүссэн хүн бүрд хүртээмжтэй байх учиртай.

Гэвч өнөөдрийг хүртэл Монголд онлайнаар олон улсын нислэг, аялал бүү хэл дотоодын нислэгээ ч худалдан авах боломж хараахан бүрдээгүй байв. Аялалтай холбоотой аливаа үйлчилгээг заавал аль нэг байгууллага дээр очих эсвэл утсаар ярьж “далан булчирхайгаа тоочин” байж авдаг жишээтэй. Дотооддоо ийм байг гэтэл Монголыг сонирхон ирсэн хэдэн зуун мянган жуулчид ямар ч ажиллагаагүй вэб хараад л гацахыг харах үнэхээр харамсалтай санагддаг байлаа.

Тапатрипийн хамтран үүсгэн байгуулагч Ө.Батмөнх бид хоёр багын найзууд. Найз маань амжилттай яваа бизнестэй, туршлагатай, хөрөнгө оруулах боломжтой төдийгүй олон улсад гарах бизнес хийх бодлоо ярьдаг байлаа. Миний хувьд сүүлийн 10 гаруй жил программ хангамжийн салбарт ажилласан туршлагатай, өөрийн гэсэн багтай. Тиймээс би технологи талаа хөгжүүлж, Ө.Батмөнх хөрөнгө оруулж, Монголд аяллын нэгдсэн үйлчилгээ нэвтрүүлж, түүнийгээ олон улсын компани болох зорилго тавьсан. Үр дүнд нь Tapatrip.com бий болсон. Бид олон улсын хөрөнгийн зах зээлд тэрбум доллароор үнэлэгдэх юникорн компани болох туйлын зорилготой.

Хамгийн сонирхолтой нь бид ажлаа Ковид-19 цар тахлын ид үед буюу аялал жуулчлалын салбар тэг зогсож байх үед эхлүүлсэн. Багаа бүрдүүлж, программаа хөгжүүлэн, гарааны хөрөнгө оруулалтаа тооцож, ажил эхэлсэн дээ. Зорилго нь хөтөлнө гэдэг шиг олон улсад нислэг, тээвэр бүгд тэг зогсож, ажиллах хүч суларсан үе тул дунд хэмжээний компани дахин шинээр бизнес эхлүүлж буй мэт нөхцөл байдал үүссэн.

Хүнд хэцүү цагт ч биднийг нэг л зорилго чиглүүлсэн нь хил нээгдэж, эхний онгоц нисэхэд л Тапатрипийн үйлчилгээ зэрэг эхэлнэ гэсэн итгэл байлаа. Тэр хүнд цаг үеийг даван туулж, нөхцөл байдал хэвийн болоход энэ салбарт олон жил уламжлалт хэлбэрээр оршиж ирсэн байгууллагуудтай яг ижил гараанаас эхэлж байгаа учраас өрсөлдөх боломж гэж харан, ажлаа эхлүүлсэн маань маш зөв шийдэл байсан.


ялгарал

2022 оны эхний найман сарын байдлаар 70 мянган захиалга авч, 100 гаруй мянган хүнийг зорчуулсан байна.

  • Монголдоо хамгийн олон буюу 239 авиа компанийн 190 улс руу руу үйлдэх бүх нислэгийн захиалгыг онлайн болгосон
  • Гадаад таван хэлний сонголттой
  • Олон улс болон дотоодын нислэг, галт тэрэг, автобусны үйлчилгээг нэгтгэсэн
  • Хайсан чиглэлд хамгийн олон нислэгийн хувилбаруудыг санал болгодог
  • Хайсан нислэгийн өдрөөс урагш, хойш долоон өдрийн хамгийн хямд үнэтэй нислэгийг санал болгодог
  • Аялах, зочлох үйлчилгээ бүрд блокчэйнд суурилсан урамшууллын оноо цуглуулж, хүссэн үйлчилгээндээ зарцуулах боломжтой
  • Олон улсын зочид буудал, амралтын газруудын хамгийн хямд бөгөөд өргөн сонголтыг багтаасан
  • Гадаад, дотоод хамгийн олон хөтөлбөрт болон VIP аялалтай
  • Бүх төрлийн аяллын даатгалтай
  • Апп-р дамжуулан Umoney карт цэнэглэх боломжтой
  • Аяллын зээлийн үйлчилгээтэй
  • Үйлчилгээний дуудлагыг англи хэлээр авах боломжтой
  • Визний болон аяллын зөвлөгөө зэрэг аялахад шаардлагатай бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Тапатрип гэж юу вэ? 

Технологид суурилсан аяллын компани. Аяллын үйлчилгээг хамгийн богино хугацаанд хялбар захиалж, шийддэг платформ.

Нэр

Гадуур компанийн нэрийг маш олон янзаар дууддаг тул их содон сонсогддог. Tap a trip буюу “товшоод аял” гэсэн англи үгийг нийлүүлэн Tapatrip болгож нэрлэсэн. Хэн ч бай аяллын бүхий л үйлчилгээг ухаалаг гар утсаараа хялбархан авч болох мөрөөдлөөр компаниа үүсгэн байгуулсан. Тиймээс ямар нэр тохиромжтой вэ гэдгийг хамтрагчтайгаа ярилцаж, “товшоод аял” гэсэн утга хамгийн оновчтой юм байна хэмээн англиар Tapatrip гэсэн нэр сонгосон учиртай.

Одоо

Аялах болон зорчих үйлчилгээ зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй. Бид Монголыг эхлэл цэг болгон, жилийн дотор дотоод болон гадаад нислэг, зочид буудал, аяллын хөтөлбөр, галт тэрэг, автобус, Umoney зэрэг зургаан төрлийн үйлчилгээг Тапатрипд нэгтгэлээ.

Дараа нь, ижил зах зээлтэй гаднын улсууд руу нэвтрэх, гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ хүрч ажиллах зорилготой. Жишээ нь, БНСУ-д 60 мянга, Япон улсад 16 мянга, Европын орнуудад 40 мянга гаруй монголчууд амьдардаг. Тиймээс эдгээр улсад хандсан олон улсын нислэгийн тоо ширхгийг нэмэгдүүлэх, гаднаас үйлчилгээ захиалах судалгаа хөгжүүлэлт хийж байна.

Мөн Япон улсад биет салбараа нээхээр 90 хувьтай ажиллаж байна. Гадаадад амьдарч байгаа монгол хүн болон гадаад хүн аяллаа хэрхэн төлөвлөдөг, яаж худалдан авдаг, авсны дараа юу хүсдэг гэдэг нь өөрөө сонирхолтой. Тиймээс бодит салбар нээснээр үйлчлүүлэгчийн зан төлөвийг давхар судлах боломжтой.

Мөн ОХУ-ын Улан-Үдэ хотод салбар нээхээр ажиллаж байна. Оросоос Тайланд явъя гэвэл Монголоор дамжсан нь хямд бөгөөд дөт. Тэдний хувьд олон улсын төлбөр тооцооны асуудал байгаа учир түүнийг шийдэхийн тулд салбараа нээхээр төлөвлөсөн.

Түүнчлэн улсын хэмжээнд галт тэрэгний онлайн захиалгын 50 хувийг Тапатрип бүрдүүлж байна. Орос болон Украйнд үүссэн нөхцөл байдалтай холбоотой манай улс энгийн иргэдийн хувьд дамжин өнгөрөх зам болж буй тул олон улсын төмөр замын билетийг онлайнаар борлуулахаар ажиллаж байна.

Бүх төрлийн зорчих тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй хүмүүсийн тоог гаргахын тулд төрөл бүрийн замаар урсгалаа нэмсэн. Өдөрт 380 мянга гаруй хүн Umoney картыг онлайнаар цэнэглэж, ашигладаг. Тэдгээр хүмүүсийг Tapatrip-ийг өдөр тутамдаа ашигладаг болгохын тулд картаа апп-аар цэнэглэдэг болголоо. Гадаад жуулчдын хувьд тээврийн хэрэгслээр хэрхэн, яаж үйлчлүүлэхээ мэддэггүй. Тиймээс онгоцноос буух үед картаа авч цэнэглээд аялах хугацаандаа ашиглах шийдлийг бид хэрэгжүүлж байна.

Бидэнтэй ижил нислэгийн тийз борлуулдаг 23 агентлаг, аялал жуулчлалын чиглэлийн 500 гаруй оператор бий. Гэвч алинд нь ч технологийн хүний нөөц болон хангалттай хөрөнгө оруулалт байдаггүй. Бид тэднийг өрсөлдөгч гэж харалгүй өөрсдийн технологио ашиглуулах сонирхол бий.

Тухайлбал, МИАТ-ийн нислэгийн тийзийг борлуулах эрхтэй есөн компани байдаг. Учир нь, аялал жуулчлалын компанид тавигдах дүрэм, журам өндөр шалгууртай. Тийз борлуулах сонирхолтой бусад компаниуд манайх шиг есөн компаниас худалдаж аваад багахан үнэ нэмж, дамжуулж зардаг. Авиа компаниудын нислэгийн тийзийг нээлттэй борлуулахын тулд онлайн үйлчилгээ л дутаж байсан.

Баг

Олон өөр технологийг ашиглаж байж аяллын нэгдсэн цэг бий болж байгаа юм. Буудал, нислэг, нийтийн тээвэр бүгд өөр салбар тул цөөн багаар хийх боломжгүй. Манайх одоогоор 70 хүний бүрэлдэхүүнтэй. Нийт ажилчдын 30 хувь технологи хөгжүүлэгч, түүнд тусалдаг бүтээгдэхүүний менежер, 40 орчим хувь нь борлуулалт, үйлчилгээний ажилчид байдаг. Голчлон залуус ажилладаг. Мөн манай олон улсын бизнесийг хариуцсан менежерээр гадаад хүн ажилладаг.


Алсын хараа

Бидний алсын хараа бол тэрбумаар үнэлэгдэх юникорн компани болох. Зах зээлийн 60-70 хувийг хангадаг давуу тоглогч болох тэр үед бидэнд өөр хийх зүйл үлдэхгүй. Тиймээс гадаад дахь монголчуудын зах зээл рүү орох зорилготой. Түүний дараа Tapatrip.com-ийг олон нийтийн компани болгохоор хөрөнгийн зах зээлд 20 хувиа гаргахаар бэлтгэлээ хангаж байгаа. IPO гаргаснаар олон улсад гарах замаа дөтөлнө.

Бидэнд туршлага бий ч бизнесийн асар туршлагатай олон хүмүүс Tapatrip.com-ын хувьцаа эзэмшигчид болсноор илүү сайн хөгжүүлж чадна шүү дээ. Дотоод зах зээлд гурван жил, гадаад зах зээлд дунджаар найман жил ажиллаж Unicorn болдог. Манайх дотооддоо ажиллаад хоёр жил болж байна.

Бэрхшээл

Монголын аялал жуулчлалын зах зээл уламжлалт хэлбэрээсээ бүрэн салаагүй байна. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд тогтсон уламжлалт бизнесийн зах зээл руу технологи ярьж ороход багагүй бэрхшээлтэй тулгарч байсан. Аялал жуулчлалыг технологитой холбохын анхдагч байхын давуу болон сул талыг туулж л явна.

Мөн Монголчууд онлайнаар үйлчилгээ авч дадаад удаагүй байна. Одоо үед цаасан дээр онгоцны тийз хэвлэх ямар ч шаардлагагүй атал салбар дээр ирж цаасан тийз, танилцуулах материал авдаг сэтгэхүй байсаар л байна. Гэтэл гадаадад онгоцны тийз зардаг оффис байхгүй болсон шүү дээ. Энэ уламжлалт зан төлөв нь эргээд нүсэр зардал болж, салбарын өртөг буурахгүй байгаа нь хамгийн гол бэрхшээл юм уу даа.