Өнгөрсөн баасан гарагт цахилгаан автомашины салбарын тэргүүлэгч Tesla нэгэн сонирхолтой арга хэмжээ/үдэшлэгийг “Warner Bros.”-ийн кино зургийн талбайд “We, Robot" нэрийн дор зохион байгуулав.
Энэ үеэрээ тэд бүрэн автомат Cybercab такси, бүрэн автомат Robovan автобусыг шинээр танилцуулж, хүн дүрст Optimus роботынхоо шинэ хувилбарыг сонирхууллаа. Биднийг сонгуулидаж байх хооронд дэлхий нийтийн ярианы сэдэв болсон эдгээр төхөөрөмжүүдтэй уншигч таныг танилцуулж байна.
Робот таксины арми ирлээ
Tesla-гийн үүсгэн байгуулагч, өнөө цагийг хамгийн хөрөнгөтэй агаад нөлөө бүхий эрхэм Элон Маск олон жилийн өмнөөс робот такситай холбоотой алсын хараагаа хуваалцаж байв. Шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр гардаг шиг хүмүүс нэг цэгээс нөгөөд хүрэхдээ жолоочгүй таксинд суугаад л явдаг тийм л ирээдүйг ярьдаг байсан юм. Tesla нэрийн дор бүтээж буй цахилгаан автомашин болон автомат жолоодлогын хиймэл оюун ухаан зэрэг нь нэгдэн энэхүү нүсэр зорилгод хүрэх шатууд хэмээн тайлбарлаж ч байв. Ийнхүү түүний мөрөөдөл урт хугацаа, хөрөнгө оруулагчдын олон шахалт, цөөнгүй бүтэлгүйтлийн дараа бодит болоход нэг алхам ойртлоо.
Арга хэмжээний үеэр Элон Маск өөрөө зорчиж үзүүлэхийн сацуу оролцогчдод ч мөн нээлттэй туршуулсан Cybercab бол хоёр суудалтай, жолоо болон араа, хааз байхгүй, бүрэн автомат такси юм. Ирээдүйг илэрхийлэх дизайн, далавч мэт дээш дэлгэгдэн нээгдэх хаалга зэрэг нь уг автомашиныг үнэхээр л кинон дээр гардаг мэт мэдрэмж төрүүлнэ.
Масс үйлдвэрлэл нь 2026-2027 онд эхлэх бөгөөд нэгж үнийг 30,000 доллар дотор байлгахаа амлаад буй. Үнээс гадна бүрэн автомат буюу гэнэтийн үед мушгих жолоо, зогсоох тоормоз байхгүй тул эрх баригчдаас зөвшөөрөл авна гэдэг амаргүй даваа байх нь ойлгомжтой.
Элон Маскийн хэлснээр хиймэл оюун ухаант жолооч нь энгийн хүнээс 10-20 дахин аюулгүйн дээр тээвэрлэлтийн зардал нь 5 дахин бага байх боломжтой аж. Робот такси нийтийн хүртээл болсноор автомашины зогсоол гэх зүйл үгүй болж, түүний оронд ногоон байгууламж нэмэгдэн та бидний мэдэх хотын дүр зураг тэр чигтээ өөрчлөгдөх тухай ч мөн дурдаад амжив.
Робот автобусанд зам тавь
Яг л Robots (2005) хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг ер бусын хэлбэртэй автобуснууд бодит амьдрал дээр Robovan нэрээр биеллээ олов. Cybercab-тай ижил технологийг ашиглах, бүрэн автомат, 20 хүртэлх зорчигч тээвэрлэж чадах уг автобусын анхны хувилбарыг олон нийтэд танилцуулав.
Элон Маскийн аугаа нэгэн зорилго бол автомашин гэх ойлголтыг тэр чигт нь өөрчлөх гэхэд хилсдэхгүй. Tesla-гийн хамгийн сүүлийн загвар Cybertruck-аас харахад тэрээр энэ зорилгодоо үнэнч хандаж буй нь илт. (Cybertruck-тай та Улаанбаатар хотод таарсан уу? Таараагүй бол гадуур явахдаа мөнгөлөг, металл гадаргуутай бидний мэдэх автомашин хэмээх ойлголтыг эрс няцаасан эл загварыг хайгаарай. Цөөн хэд бий шүү.)
Ямартай ч Robovan-ий анхны туршилтын хувилбар олон хүнд таалагдсан гэж хэлж болно.
Робот туслах Optimus-тай танилц
2019 онд Tesla хүн дүрст Optimus-ийн анхны хувилбар болох “роботын хувцас өмссөн хүн”-ийг танилцуулж байв. Өөрөө хэлбэл, тавхан жилийн өмнө бид хүн дүрст робот ямар байхыг өмсгөл өмссөн жүжигчнээр л төсөөлж байсан бол одоогоос илүү бодитой ойлгож эхэллээ.
Арга хэмжээний төгсгөлд Optimus-ийн туршилтын хувилбарууд нэгэн зэрэг алхан гарч ирсэн нь яг л цэрэг эсвэл одууд шиг сүртэй харагдана. Түүнээс гадна бодит хүмүүсээр хамгаалуулсан байх нь нэн сонирхолтой. Элон Маск 20,000-30,000 долларын үнэтэй энэ роботоороо ядуурал гэх зүйлийг үгүй хийж, хүний хийх бүх л ажлыг даалгахыг хүсэж буй. Таны хүүхдийг харах, хичээл заах, нохойг чинь салхилуулах, уух зүйл бэлдэх гээд Optimus-ийн хийж чадах жагсаалт нэн урт.
Хотын гудмаар робот, хүн хоёр холилдон алхах цаг улам ойртсоор л.
Энэхүү нийтлэл нь Unread Today сонины 10-р сарын 14-ны дугаарын 11-р нүүрт нийтлэгдсэн.