Шинийг эрэлхийлэгч, манлайлагч, шинэ зууны бүтээгч залуусыг нэгтгэж мэдлэг, мэдээлэл түгээх зорилготой Unplug арга хэмжээг сар гаруйн өмнө анх удаа хөдөө орон нутагт зохион байгуулсан билээ.
Харин хамгийн анхны байгууллага дунд болж буй Unplug арга хэмжээ “Unplug: Khan Bank” нэртэйгээр өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө.
ХААН Банк “Digital banker 2.0” төслийнхөө хүрээнд энэ оноос эхлэн "Инновац" хэмээх агуулгыг түгээж, шинэчлэлийг авчрах зорилго тавьж буй бөгөөд нэг жилийн хугацаатай үргэлжлэх тус хөтөлбөрийнхөө нээлтийг Unplug арга хэмжээгээр эхлүүлж байгаа нь илүү шинэлэг, өвөрмөц болж буй.

Утга учиртай хэлэлцүүлгүүд
ХААН Банктай хамтран зохион байгуулсан Unplug арга хэмжээний цөм болох утга учиртай хэлэлцүүлгээ “Цахим сэтгэлгээ ба инновац” сэдвийн дор өрнүүллээ.

Уг сэдвийн хүрээнд Андра Академийн үүсгэн байгуулагч, манлайллын көүч Х.Бадамгэрэл, ХААН Банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Б.Баянбат, Momade виртуал туслахын агентлагийн үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг, ХААН Банкны Мэдээлэл технологи хариуцсан дэд захирлын орлогч Б.Ариунболд, Habido сэтгэл зүйн аппын үүсгэн байгуулагч Г.Мандухай нар өөрсдийн үзэл бодол, туршлага дээрээ тулгуурлан инновац, цахим шилжилт ажил амьдралд хэрхэн нөлөөлж буй, үүнийг хэрхэн зохицуулах тухай сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.





Урам зориг өгөх илтгэлүүд
Богино хугацаанд өөрийн санааг бүрэн дүүрэн хүргэнэ гэдэг амаргүй даваа. 20 зураг ашиглан 400 секундэд багтаан санаагаа ойлгуулах учиртай “Печа Куча” хэсгийн салхийг Gej Yu Ve? & ТэнГэр телевизийн контент бүтээгч А.Доржпалам хагалав. Тэрээр хэцүү сэдвийг хэрхэн хялбараар ойлгож, бусдад түгээх талаар хуваалцсан бол үргэлжлүүлэн ХААН Банкны Харилцагчийн Үйлчилгээний Газрын зохицуулагч Ц.Халиунаа инновац энгийн байж болдог, хүн бүр инновацлаг байж чаддаг тухай өөрийн түүхээрээ дамжуулан хуваалцсан билээ.


Дараагийн хэсэгт ХААН Банкны Бизнесийн шинэчлэл өгөгдөл шинжилгээний газрын өгөгдлийн судлаач О.Лхагвасүрэн залхуурал бүтээлч, инновацлаг зүйлд хөтөлж чадах тухай яриаг хийсэн ба түүний дараа СX+ experiential agency & Creative100 холбооны үүсгэн байгуулагч Э.Золзаяа хийж буй бүхий л зүйл туршлагаар бий бол буйг, түүний үр дагаврын талаар илтгэлээ хэлэлцүүлсэн юм.


Ил галын дэргэдэх хөөрөлдөөн
Unplug арга хэмжээний бас нэгэн онцлог хэсэг болох “Fireside chat” буюу Ил галын дэргэдэх хөөрөлдөөн билээ. Энэ удаагийн зочдоор ХААН Банкны Бизнесийн шинэчлэл өгөгдөл шинжилгээний газрын төслийн мэргэжилтэн С.Түвшинбилэг болон ХААН Банкны Цахим сувгийн удирдлагын газрын захирал Ж.Номин-Эрдэнэ нар оролцов. Тэд “Банкны цахим шилжилтийн түүх” сэдвийн хүрээнд өөрсдийн үзэл бодол, амьдралын туршлагаа хуваалцсан нь оролцогчдыг уйдаахааргүй гал гарсан, тухайн мөчдөө уусан орж чадсан, үзүүштэй хэлэлцүүлэг болж өнгөрсөн юм.


Би хэрхэн ажилладаг вэ?
Өнгөрсөн найман жилийн турш тасралтгүй уншигчдын хүртээл болж буй “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын энэ удаагийн зочноор ХААН Банкны Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар оролцож өөрийн амьдралын туршлага, ажлын арга барил, карьерын дэвшилт зэргээ хуваалцав.


ТАЛАРХАЛ
Манлайлагч, бүтээгч, шинийг санаачлагч залуусыг эгнээндээ нэгтгэсэн олон байгууллагын түүчээ болсон ХААН Банкны хамт олонд анхны байгууллага дундах Unplug арга хэмжээг хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлье.
Эцэст нь
Бид уламжлалт Unplug арга хэмжээгээ дараагийн шатанд гарган албан байгууллага, хөдөө орон нутаг, цаашлаад гадаад оронд зохион байгуулах зорилготой ажиллаж байна. Энэхүү зорилгынхоо хүрээнд энэ оны эхний улиралд "Unplug: Khovd", "Unplug: Khan Bank" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Газарзүйн байршил, ажиллаж буй салбараас үл хамааран шинийг эрэлхийлэгч, манлайлагч, шинэ зууны бүтээгч залуусыг нэгтгэх Unplug арга хэмжээг хамтран зохион байгуулах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.


Сэтгэгдэл бичих

