Оны онцлохуудын цуваа үргэлжилсээр. Энэхүү нийтлэлээрээ энэ онд манай редакцын уншигчдын санал болгож буй 10 аппын жагсаалтыг хүргэж байна. Толгой сэргээх тоглоомоос эхлээд тооцоо, төлөвлөгөөний хэрэгслийг ч багтаасан эл 10 аппыг сорчлохдоо өдөр тутамдаа үнэнчээр ашигладаг хэрэглэгчдийнх нь бодит туршлага, сэтгэгдэлд үндэслэлээ.
Сонирхуулахад, бидний жагсаалтад энэ оны App Store Award хүртэгчдийн нэг Art of Fauna багтаад амжсан. Үүний зэрэгцээ жил бүр нэг Монгол аппыг сонгон алдаршуулдаг уламжлалын дагуу мобайл төлбөрийн Happy Pay MN-ийн тухай дэлгэрүүллээ. Ингээд гар утас, компьютерээ гартаа ойртуулаад төрөл бүрийн апптай тухлан танилцаарай.
1. Claude by anthropic

Энэ аппыг хэрэглээд хагас жил болж байна. Хиймэл оюунд суурилсан туслах (агент)-даа компьютер дээрх хүссэн файл руугаа нэвтрэх эрхийг өгч болдог нь хамгийн таалагддаг. Ингэснээр ямар нэг ажил даалгахад таны хүлээлгэн өгсөн файлд буй өгөгдлөөс хам сэдвийн хүрээнд чанартай суурь ойлголттой болсон хиймэл оюунт туслах тань илүү оновчтой үйлдлүүдийг гүйцэтгэнэ гэсэн үг. Claude by Anthropic апп ChatGPT, Gemini AI зэрэг ойролцоо горим, зохион байгуулалттай хиймэл оюунт хэрэгслүүдээс ялгарах хамгийн том онцлог нь энэ.
Цаашлаад уг агентдаа шинэ ур чадвар суулгаж, автоматжуулах боломжтой. Иймд Claude Code-ийг ашиглан веб хуудас ч хөгжүүлж буй хүмүүс бий. Мөн Claude Code агентын хурд, үйлдлийн урсгал нь хавь илүү санагдсан. Иймдээ ч хиймэл оюун “даалгавар гүйцэтгэх” явцдаа өөрөө алдаагаа засаад, тодруулга асуултууд асуух байдлаар үйлдлээ чанаржуулчихдаг.
Одоогоор өөрийн ажил, хоббигоороо контент бүтээхдээ компьютер дээрх файлаа эмхлэх, судалгаа шинжилгээ хийх зэрэг маш олон зорилгоор ашиглаж дадаад буй. Хүн бүрд туршаад үзэхийг санал болгоно.

2. 7 minute workout

Миний хувьд тогтмол дасгал хөдөлгөөн хийх зорилгоор сүүлийн хоёр жил 7 minutes гэх аппыг ашиглаж буй. “7 minutes” гэх нэрийн дагуу өдөрт ердөө долоон минут л дасгал хийхэд хангалттай. Гол нь өдөр бүр хийх явдал. Энэ нь ч дасгал хөдөлгөөнөөс цааргалах, “амжихгүй” гэх шалтгаанаар хойш тавих явдлыг мэдэгдэхүйц багасгадаг.
Ажил дээрээ, гэрээсээ ч босоо, хэвтээ, суугаа гээд аль ч төрлийн дасгалаас сонгон “даалгавраа биелүүлэх” боломжтой. Завгүй хүмүүст их хэрэгтэй эд. Би одоогоор нийт 184 удаагийн 1300 минут дасгал хийсэн байна. Энэ мэт үзүүлэлтүүд харахад л урам өгч, цаашдаа ч илүү тууштай байхад түлхэц болдог санагддаг.

3. Logic pro

Үндэсний хөгжмөө төрөл бүрийн урсгалтай хоршуулан шинэлэг өнгө аяс бий болгох, хөөмийн урлагийг илүү олон хүнд таниулж өв соёлоо суртачлах зорилгоор чамлахааргүй олон хөгжмийн програм туршиж үзсэн.
Тэдгээрээс Logic Pro бол миний ашиглаж байсан хамгийн сурахад хялбар, дуугаралтын чанар өндөртэй нь. Иймдээ ч сүүлийн хоёр жилийн турш бараг өдөр бүр ашигласан. Мэдээж Pro Tools, Fl Studio гэхчлэн бусад төрлийн программ (DAW)-ыг нэмэлтээр сурч, хэрэглээндээ нэвтрүүлж байгаа ч хамгийн өндөр давтамжтай хэрэглэдэг нь Logic Pro. Ер нь хөгжмийн олон программтай харьцуулж үзэхэд өдөр тутмын хэрэглээнд тун ээлтэй, голыг нь олчихсон бүрдэл хэсгүүдтэй санагдсан. Иймдээ ч энэ аппын ямар нэг тохиргооноос илүүтэй ойлгомжтой зохион байгуулалтыг нь онцолно.
Хөгжим хийхээр сонирхож байгаа хүмүүст Logic Pro-оос эхлээрэй гэж санал болгох байна. Харин цаашдаа хөгжмийн элементүүд дээр илүү мэргэжлийн түвшинд ажиллая гэвэл Pro Tools тэргүүтэй олон программыг турших боломжтой.

4. apple calendar

Би iPhone-ийн Calendar аппыг оюутан байхаасаа ашигласан. Анх хичээл, шалгалт зэрэгт зориулж хэрэглэж байсан бол одоо карьер, бизнес, гэр бүлийн холбогдолтой төлөвлөгөө ч нэг дор удирдах үндсэн систем минь болсон. Минийхээр Apple Calendar-ийн гол давуу тал нь зөвхөн Apple экосистемээр хязгаарлагдалгүй Outlook, Google цаглавар дээрх төлөвлөгөөг ч нэгтгэсэнд бий. Баяр, тэмдэглэлт өдрүүдээс эхлээд чухал уулзалтуудаа ганцхан дэлгэцэд багтааснаар төлөвлөсөн зүйлээ мартах, давхцал үүсгэхээс сэргийлдэг. Мөн энгийн атлаа ухаалгаар автоматжуулсан системийг нь онцлох байна.
Мэдээж энэ апп хамгийн тренд болсон, “the sexiest” нь биш. Зориулалт нь ч олон ажил амжуулахад гэхээс илүүтэй юунд анхаарахаа оновчтой сонгоход тусалдаг апп. Гэхдээ жил ирэх тусам үнэ цэнээ өгсөөр байгаа тул өөр, өөр төлөвлөлтийн систем дунд шилжин явдаг хүмүүст санал болгохыг хүслээ.

Апп татах: iOS хэрэглэгчдэд зориулагдсан
5. happy pay

2025 онд хамгийн их ашигласан аппуудын нэг Happy Pay MN байлаа. Интернэт банкнаас ялгаатай нь гүйлгээ хийхэд шимтгэлгүй, илүү түргэн шуурхай санагддаг. Мөн зөвхөн мөнгө шилжүүлээд зогсохгүй виртуал карт, бүр цаашлаад нэхэмжлэл үүсгэх, хүлээн авах боломжтой. Нэг ёсондоо тал талын хэрэгцээг ганцхан аппаар хангаж байгаа нь том давуу тал гэж боддог. Мэдээж хэн ч төвөггүйхэн ойлгож, ашиглахуйц загварын ээлтэй шийдэл, аппын энгийн бүтцийг онцлох байна.
Гэвч зөвхөн технологиор хязгаарлагдахгүй хэрэглэгч төвтэй олон горим, үйлчилгээ байдаг нь хамгийн таалагддаг. Үүнд хамтрагч байгууллагуудын онцгой урамшууллаас эхлээд CU болон GS25 конвениенс дэлгүүрүүдээр үйлчлүүлэхэд олгох 25 хувийн cashback зэргийг дурдаж болно.

6. art of fauna

Сүүлийн гурван сар ашигласан, одоогоор хамгийн их таалагдаад буй апп бол Art of Fauna: Cosy Puzzles. Аппын гол функц нь хэрэглэгч төрөл бүрийн амьтдын зургийг эвлүүлэх явцдаа тухайн амьтны нэршлээс эхлээд бусад олон сонирхолтой мэдээллийг олж авахад суурилдаг. Иймд сошиал орчинд ухамсаргүйгээр хэт их цаг өнгөрөөх, бидний нэрлэдгээр “doomscroll” хийх гээд байх үедээ энэ апп руу орж, өдөрт дор хаяж нэг эвлүүлдэг тоглоомтой даалгавар биелүүлдэг. Анх татахдаа татсан шалтгаан нь ч “допамин детокс” хийхээр зорьсных.
Үүний зэрэгцээ амьтдын зургийг эвлүүлэхэд мэдрэгдэх чичиргээ, арын байгалийн чимээ зэрэг тохиргоонуудаас нь анзаарахад хөгжүүлэгчид нь сайтар бодож, тунгааж бүтээсэн юм шиг санагддаг. Тархиа амраахыг хүсэж буй, амьтанд хайртай хүмүүс ашиглаж үзэх энгийн хэр нь сонирхолтой апп шүү.

Апп татах: iOS
7. screenzen

ScreenZen аппыг хагас жил ашиглажээ. Нийгмийн сүлжээний хэт их хэрэглээ олон талын сөрөг нөлөөтэй ч бодит байдал дээр тэр бүр өөрийгөө удирдаж, зохистой хэрэглээг хэвшүүлж чаддаг нь цөөхөн. Ялангуяа нийгмийн сүлжээ нь ажил мэргэжилд ч өргөнөөр ашиглагддаг болсон өнөө цагт үүнээс бүрэн татгалзахын оронд эрүүлээр хязгаар тогтоох хэрэгтэй болов уу. Үүнд энэ апп тусалдаг.
Бусад ижил төстэй аппуудын адилаар цаг үрэх хандлагатай аппуудыг бүрмөсөн “цоожлох”-ын оронд тэдгээрт хүссэн хугацаагаараа хязгаарлалт тавьж, хэтрүүлэлгүй хэрэглэх боломж олгодог нь таалагдсан. Жишээ нь, би нийгмийн сүлжээний аппууддаа өдөрт 15 минутаар, 2 удаа орохоор тохируулчихсан. Энэ 30 минутын хугацаа чухал нийтлэлүүдийг шалгаж, ирсэн зурвасуудад хариу өгөхөд хангалттай хүрэлцэнэ. Богино хугацаанд тархи “цатгаад” өнгөрөх залхам мэдээллүүдэд авталгүй анхаарлаа илүү бодит зүйлсэд хандуулахад минь нэмэр болж байгаа. Дэлгэцийн хэрэглээгээ багасгаж, гаднын чимээ шуугиан бус өөрийн үзэл бодлыг илүүтэй сонордох хүсэлтэй бүхэнд зөвлөе.

8. canva

Canva аппыг сүүлийн гурван жилийн турш подкастын ковер, дүрс бичлэг, сошиал постерууд гээд бүхий л зориулалтаар маш идэвхтэй ашиглаж буй. Заавал мэргэжлийн дизайнерын мэдлэг, ур чадвар шаардахгүйгээр хэн бүхэн төвөггүйхэн учрыг нь олох тохиргоо, бүрдэл хэсгүүд нь таалагддаг.
Миний хувьд хамгийн таалагддаг хэсэг нь Brand цэс. Контент бүтээгч, медиа салбарынханд тогтсон өнгө төрх, хэв маяг чухал. Тэгвэл Brand цэсийн тусламжтай лого, үндсэн өнгө, суурь хээ, графикаа нэг оруулаад хадгалчихсан байхад дараа дараагийн удаа бэлэн загваруудаас сонгоод өөрийн “брэндинг”-д нийцэх өнгө аясыг бий болгож болдог нь том давуу тал.
Мөн зураг, видео, илтгэлийн хуудас гэхчлэн бүхий л формат, хэмжээс нэг дор, цогцоороо төвлөрчихсөн нь ажил их хөнгөвчилдөг. Мэдээж аливаа аппыг төлбөрөө төлөөд бүрэн хүчин чадлаар нь ашиглавал илүү үр бүтээлтэй. Тэр утгаараа багаараа уг горимоор ашиглаж эхэлсэн. Сүүлд анзаарах нь ээ хиймэл оюуны хэрэглүүрүүд нь улам сайжраад байгаа.

9. eparent

Гадаад орноос хүүхдийнхээ хичээл ном, сурлагын явцыг хянахад энэ апп их хэрэг болж байгаа. Сургууль болон ангийн зарлал, хүүхдийн явцын болон улирлын дүн, гэрийн даалгавар, гэрийн даалгаврын гүйцэтгэл гээд бүгдийг багтаадаг нь таалагддаг. Үүгээр зогсохгүй хүүхдийнхээ багш нартай ч тогтмол харилцаа, холбоотой байх платформ болдог нь ашиглах бас нэг шалтгаан.
Америкт орой болохтой зэрэгцэн Монголд өглөө болж, хүүхэд хичээл дээрээ ирсэн, хоолондоо орсон тухай мэдээллүүд ээлж ээлжээрээ хөвөрдөг. Энэ мэтээр Eparent аппын тусламжтай тогтмол мэдээлэлтэй байх, чухал зүйлсэд цаг алдалгүй анхаарал хандуулах бүрэн боломжтой учир зөвхөн хилийн чанадад суугаа гэлтгүй бүхий л эцэг эхчүүд хэрэглээд үзээсэй гэж зөвлөнө.

10. Wechat

Би энэ оны 8-р сард Бээжин хотод сурахаар анх удаа БНХАУ-ыг зорьсон. Хятадын хэт технологижсон амьдралын хэв маягт дасах хэрэгцээ шаардлага дэлхийн бусад аль ч орноос хэд дахин илүү их юм шиг санагддаг. Харин энэ үйл явцыг мэдэгдэхүйц хялбарчилж өгсөн апп бол яах аргагүй WeChat.
Хятадад хүмүүс тэр болгон и-мейл ашигладаггүй. Тэгэхээр шинээр танилцсан хүмүүс, ангийн найзууд, багш нар гээд бүх хүмүүстэй WeChat ашиглаж харилцах шаардлагатай болдог. Үүн дээр нэмээд контент үзэх, хүмүүст мөнгө шилжүүлэх, дэлгүүрт төлбөр тооцоо хийх, бараа захиалах гэхчлэн өдөр тутмын хэрэгцээг ганцхан аппаар гүйцэлдүүлж болдог нь WeChat-ийг миний хувьд Хятадад амьдарч байхдаа зайлшгүй ашиглах апп болгож өгсөн.

Өмнөх оны нийтлэлүүд:
2016 оны онцлох апп
2017 оны онцлох апп
2018 оны онцлох апп
2023 оны онцлох апп

Сэтгэгдэл бичих

