“Unread Wrapped 2024” шинэ жилийн цуврал контентын эхний дугаарыг уншигч танд хүргэж байна. Энэ жил уламжлал ёсоор өнгөрч буй оны технологийн өнгө төрхийг тодорхойлсон онцлох аппуудыг багцлан хүргэхээр бэлтгэлээ. Ингэхдээ, бид энэ оны “Журнал”, “Онцлох бизнес” зэрэг контентод оролцсон зочид болон бизнес, технологийн мэргэжилтнүүдийн саналыг тусгахыг зорьсон юм.
Ирэх онд таны бүтээмжийг нэмж, ур чадварыг тань шинэ түвшинд хүргэх технологийн шилдэг шийдлүүдийг уг нийтлэлээс олж авна гэдэгт итгэлтэй байна.

1. opal

2024 оны гуравдугаар улирлаас эхлэн Opal аппыг ашиглаж байна. Энэхүү апп нь анхаарал төвлөрөл болон бүтээмжийг нэмэгдүүлж, дэлгэцийн хэрэглээг бууруулах зорилготой. Би сарын найман долларын төлбөртэй болон төлбөргүй хувилбарыг хоёуланг нь туршиж үзсэн ч онц ялгаа мэдрээгүй тул одоогоор төлбөргүй хувилбарыг ашиглаж байна. Ажилдаа төвлөрөх мөн унтах үеэр нүдэнд ирэх ачааллыг бууруулах зорилгоор хамгийн их ашигладаг аппуудыг урьдчилан тогтоосон цагийн дагуу хязгаарладаг. Мөн дэлгэцийн нийт хэрэглээний тайланг гаргаж, хэмнэсэн цагийг харуулдаг нь маш үр дүнтэй санагдсан. Бусдад санал болгоход, төлбөртэй хувилбарыг нь нэг сар үнэгүй ашиглах боломжтой байдаг шүү.

2. garmin connect

Garmin Connect аппыг сүүлийн хоёр сарын турш үнэ төлбөргүй ашиглаж байна. Дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх дуртай болохоор энэхүү аппыг фитнесс хийх, триатлоноор хичээллэх үедээ калори, зүрхний цохилтоо хянах зэргээр ашиглахаас гадна ерөнхий эрүүл мэнд, стрессийн түвшин, нойрны чанараа давхар хянадаг.

3. strava

Сүүлийн зургаан сарын турш Strava аппыг ашиглалаа. Стресс тайлах зорилгоор голчлон ажлаа тараад эсвэл амралтын өдрүүдээр гүйх үедээ хэрэглэдэг. Strava-г үнэгүй татаж авах боломжтой бөгөөд гүйлтийн хугацааг хэмжихээс гадна шинэ маршрутуудыг санал болгодог нь хамгийн их таалагддаг. Европт олон хүмүүс Strava-г ашиглан гүйж буй зураг, бичлэг, контентоо хуваалцаж, бусдыг дасгал хөдөлгөөнд уриалдаг. Нэг ёсондоо Европ гүйгчдийн дунд тренд болсон гэх үү дээ.

4. toki

Цахим хэрэглээгээ аль болох цомхон байлгахыг хүсдэг хүний хувиар бүхнийг багтаасан “Super-app”-уудыг их харна аа. Энэ жилийн хувьд дэд бүтэц, өнгө төрх, маркетинг сурталчилгаа хамгийн гол нь бодит хэрэглээгээрээ гарцаагүй ялгарсан апп бол миний онцлох Toki. Зуны халуунд хэдэн ч удаа кофе хүргүүлэв. "Хажуу суудлын ханхүү" хийж явахдаа хэдэн ч удаа зогсоолын төлбөрийг тун хялбар төлж байгааг харж соёлын шок болов доо. Хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ шаардлагыг маш сайн ойлгож, яг эрэлттэй функцийг эвтэйхэн хөгжүүлсэн тэдний хамт олонд баяр хүргэе. Ташрамд хавчуулахад, миний зээлийн эрхийг нэмээд өгөөрэй кк.

5. notion

Ажил, амьдралаа зөв зохион байгуулахад тусалдаг Notion аппын төлбөргүй хувилбарыг тогтмол хэрэглэж байна. Илүү ахисан түвшинд ашиглахыг хүсвэл сарын 8-15 долларын төлбөртэй. Энэхүү аппыг ашиглан ажлаа төлөвлөж, таскуудаа эмх цэгцтэй бөгөөд хурдан гүйцэтгэснээр цагийн менежмент сайжирч, урт, богино хугацааны зорилт, зорилгуудаа сайтар төлөвлөж, тэр ч бүү хэл ажилтай холбоотой файлууд хүртэл эмх цэгцэндээ орж байгаа нь анзаарагдаж байна.

6. blinkist

Технологийн дэвшлийн ачаар бидэнд олон сайхан боломж бий болж байна. Тэдгээрийн нэг жишээ нь миний хувьд Blinkist апп. Сүүлийн зургаа, долоон жилийн турш жилд ердөө 179 евро төлж, номын товчлол уншиж, сонсож ирсэн. Ялангуяа урт номыг бүтнээр нь унших цаг зав муутай үед эсвэл замд явахдаа утсандаа хэдэн номын товчлол татаж аваад цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэхэд энэ төрлийн апп маш хэрэгцээтэй санагддаг. Цаашид ч гэсэн энэ аппыг ашиглаж, олон ч номын агуулгатай хялбараар танилцана гэдэгт итгэлтэй байна.

7. claude

Claude аппыг 2023 оны сүүлээс эхлэн сарын 20 долларын төлбөртэйгээр ашиглаж байна. Энэхүү апп нь Generative AI апп технологид суурилсан бөгөөд олон төрлийн “бодлын хамтрагч” болгон ашиглах боломжтой. Claude-д захиалагч, хөрөнгө оруулагч гэх мэт өөр өөр дүрийн комманд өгөхөд яг л тухайн байр суурины хүнтэй харилцаж байгаа мэт асуулт асууж, шүүмжилж, дүгнэлт хийдэг.
Ингэснээр аливаа чухал уулзалтад орохын өмнө маш сайн бэлтгэл болдог шүү. Мөн брайнстормын хамтрагч, судлаач, харилцан яриа өрнүүлэгч, драфт хянагч гэх мэт олон чиглэлээр хамтран ажилладаг болохоор надад байгаа хязгаарлагдмал мэдээллийг тэлж, шинэ өнцгөөс харах боломж олгохын сацуу давхар багийн гишүүдийн үүргийг чадварлаг гүйцэтгэдэг. Түүнчлэн замбараагүй олон мэдээллийг боловсруулж, эмх цэгцэнд нь оруулаад заасан форматын дагуу бэлтгэж өгдөг нь маш их цаг хэмнэдэг шүү.

8. masterclass

Мэдээллийн хэт их урсгал дундаас богино хугацаанд багагүй агуулга багтаасан, чанартай контент, сургалт олох нь томоохон сорилт. Харин MasterClass энэ сорилтыг давахад ихээхэн дэм болдог бөгөөд салбар бүрийн дэлхийн шилдэг эрхмүүд нуршилгүйгээр тухайн салбараа "базаад" өгчихдөг нь тун амар.
Өгөгдлийн ухаан, дата судалгааны чиглэлээр ажилладаг миний хувьд олон төрлийн төсөл, хөтөлбөрт ажиллах шаардлага гардаг бөгөөд тухайн салбарын талаар судлах, мэдлэг олж авах шаардлага гарах нь элбэг. Иймд идэвхтэй, зөв ашиглаж чадвал сард төлөх 10 доллароос хэд дахин өндөр өгөөж авчирна шүү. Түүнчлэн манай байгууллага Дэлхийн Эдийн Засгийн форумын “Strategic Intelligence” платформыг манай байгууллага ашигладаг ба эндээс рчин цагийн шинэ тутам хөгжиж буй трэнд, чиг хандлагын талаар маш чанартай мэдээллүүдийг авдаг.

Өмнөх оны нийтлэлүүд:
2016 оны онцлох апп
2017 оны онцлох апп
2018 оны онцлох апп
2023 оны онцлох апп

Unread Wrapped 2024 цуврал нийтлэл:
- Оны онцлох аппууд
- Би хэрхэн ажилладаг вэ? - Тусгай дугаар
- Оны онцлох стартапууд
- Оны онцлох номууд
- Оны онцлох кинонууд
- 2024 онд биднийг чимсэн онцлох 24 нийтлэл
- Атаархлын жагсаалт: 2024 оны онцлох нийтлэлүүд
- 2024 оны онцлох үйл явдлууд
- 2025 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Сэтгэгдэл бичих

