Unread Wrapped шинэ жилийн цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт 2023 оны онцлох аппуудыг тоймлон хүргэж байна. Ингэхдээ салбар бүрийн төлөөллүүдийн саналыг тусгахыг зорилоо. Зочдын маань онцолсон аппууд уншигч танд шинэ сэдэл төрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
2024 ондоо технологи ашиглан үр бүтээмжээ нэмж, эрүүл мэндээ сайжруулан, цаг хугацаа хэмнэхийг хүсэн ерөөе.
1. ChatGPT

ChatGPT аппыг iOS дээр гарснаас хойш идэвхтэй хэрэглэж байна. Дэлгэрэнгүй хариултыг хавьгүй хурдан олж авах боломжтой учраас Google search-ийн оронд ChatGPT-ийг түлхүү ашиглах болсон. Бас өмнөх харилцан яриагаа санаж байдаг болохоор үргэлжлүүлэх боломжтой нь таалагдсан. Хүсвэл заавал бичилгүйгээр, хүнтэй харьцаж байгаа мэтээр ярилцах ч боломжтой.
Миний хувьд бага хэмжээний код бичүүлэхээс эхлээд янз бүрийн санаа авч, захиа бичүүлж, мөн текстээ сайжруулахад түлхүү ашигладаг. Мөн код бичихэд мэдэхгүй функц гарвал тайлбарлуулж болно. Гэвч өөрийгөө дутуу ашигладаг гэдгээ саяхан үзсэн нэг цахим хичээлээс мэдэж авсан. Ер нь хиймэл оюун ухааныг тултал ашиглана гэдэг сурах ёстой чадвар юм билээ. Тийм ч учраас Prompt engineering гэсэн шинэ мэргэжил хүртэл гарч ирсэн.

2. SocialPay

Энэ жил SocialPay-ийг өмнөх жилүүдээс илүү их ашиглалаа. Утас болон интернэтийн төлбөрөө төлж, автобусны картаа хүртэл NFC технологиор цэнэглэдэг болсон. Ер нь бүх төрлийн төлбөрийг төлөх боломжтой. QPay-тэй холбогдсон учраас банкны апп руугаа бараг л орохоо больсон шүү. Мөн UI-аа шинэчилж, аппынхаа ерөнхий өнгө болон icon-оо хүссэнээрээ сольж болох нь таалагдсан. Ирээдүйд бүх такси SocialPay-тэй болчихвол мөн ч их цаг хэмнэнэ дээ.

3. CU

Өдөр тутамд тогтмол үйлчлүүлдэг болохоор CU-ийн аппыг энэ онд идэвхтэй ашиглалаа. Урамшуулал, шинэ бүтээгдэхүүний мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, бонус оноо цуглуулан түүгээрээ хөнгөлөлт эдэлж болдог нь таалагддаг. Сүүлд НӨАТ-ын баримтаа заавал цаасаар авалгүй, автоматаар бүртгэдэг болсон нь цаас болон цагт хэмнэлттэй, маш зөв шийдэл болсон гэж бодож байна. Stora-аас захиалсан бараагаа өөрт хамгийн ойр CU-ийн салбараас очиж авахын тулд дэлгүүрүүдийн байршлуудыг мөн энэхүү аппаас хардаг.

4. TickTick

Залуу мэргэжилтний хувьд амьдралынхаа талбар бүрд бүтээмжтэй байхыг чухалчилдаг. Өмнө нь хийх ажлынхаа жагсаалтыг гаргах, тэмдэглэл хөтлөх, дадлуудаа мөшгих, хугацаа хэмжих зориулалт бүхий олон аппыг нэгэн зэрэг ашигладаг байв. Гэхдээ олон апп хооронд шилжих төвөгтэйн дээр хугацаа алддаг тул энэ жилийн эхээр бүгдийг нэг дор хийж болох аппын эрэлд гарсан юм.
Үр дүнд нь TickTick аппыг олсон. Сарын 3.99 ам.долларын өртөгтэй уг апп нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх бүхнийг шингээсэн супер апп шиг санагдсан. Хийх ажлын жагсаалт үүсгэх, тэмдэглэл хөтлөх, дэд ажлууд үүсгэх, ажлуудаа зоох, помодоро хугацаа хэмжих, дадал мөшгих гээд дурдаад дуусашгүй олон ид шидтэй. Түүнчлэн дуусгасан ажил, төвлөрсөн хугацаа гээд бүх зүйлийн тоон статистикийг харах боломжтой. Хамгийн гол нь энэ бүгдийг сонирхолтой байлгах үүднээс даалгавраа дуусгах бүрт оноо өгч, тодорхой оноонд хүрвэл цол аван бусадтай өрсөлдөх боломж олгодог. Алдарт MKBHD хүртэл TickTick-ээр бүх ажлаа амжуулдаг гэж бодохоор цаанаасаа урам зориг аваад байдаг юм.

5. Splitser

Олуулаа аялах эсвэл гадуур гарах үед тооцоогоо хувааж төлөх асуудал гардаг шүү дээ. Ийм үед бүгд урьдчилан хэдэн төгрөг гаргахаа тохироод зарцуулсан мөнгөө Splitser апп дээр тэмдэглээд явчихвал амар санагдсан. Уг аппаар худалдан авсан бүтээгдэхүүний нэрс болон хэрэглэгчдийн хоорондох өр, төлбөрийн мэдээлэл бүгд гарч ирдэг болохоор заавал туршаад үзээрэй.

6. OURA

Эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, ажлын бүтээмж, амьдралын чанарын суурь нь тогтмол, чанартай нойр юм байна гэдгийг ойлгож мэдээд wearable technology буюу “өмсөж зүүдэг технологи” судалж байгаад Oura бөгж (300-400 ам.доллар) болон аппыг (жилийн 72 ам.доллар) нь энэ намраас хэрэглэдэг болсон.
Энэхүү бөгж нь ухаалаг цаг, хөдөлгөөн хэмжигч төхөөрөмжүүдээс илүү хөнгөн, төвөггүй бөгөөд зүүгээд унтаж болдог нь сайхан. Бөгжтэй цуг ирдэг төлбөртэй аппыг нь ашиглаж урд шөнийн нойрны хугацаа, чанар, хүчилтөрөгчийн хэмжээ, электрокардиограмм зэрэг эрүүл мэндийн цогц мэдээлэл авах, хадгалах, хянах боломжтой. Ингэснээр аль өдөр ачаалалтай бэлтгэл хийх, хэзээ нь илүү амрах зэргээ ухаалгаар зохицуулж чадаж байгаа.
Түүнчлэн эмэгтэйчүүд энэ төрлийн төхөөрөмжийг ашиглан сарын тэмдгийн мөчлөгөө хянаж болдог юм байна лээ. Мөн биеийн амин үзүүлэлт, дулаанаа хараад дархлаа унахаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж хэрэглэгчдийн сэтгэгдлүүдээс уншиж байсан. Ирэх жил олон технологийн компаниуд ухаалаг бөгжний зах зээлд шинэ бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх тухай яригдаж байгаа учраас төхөөрөмж, аппын үнэ буурах болов уу гэсэн хүлээлттэй байна.

7. Artifact

Миний хувьд 2023 онд хэрэглэсэн аппуудаасаа хамгийн шилдгээр Artifact-ийг нэрлэмээр байна. Artifact нь асар хурдтай мэдээллийн урсгал дундаас өөрт хэрэгтэй мэдээллээ хиймэл оюун ухааны тусламжтай ангилж, багцалж авах боломжийг бүрдүүлдэг. Өмнө нь Flipboard аппыг ашиглаж байсан хүмүүст Artifact таалагдах нь дамжиггүй.
MPress мэдээллийн вебсайт болон өөрийн эхлүүлсэн Technosphere технологийн мэдээллийн товхимолдоо зориулан өглөө бүр 5-7 цагийн хооронд олон тооны мэдээлэл хайх, унших, тоймлох хэрэг гардаг. Artifact дээр мэдээний үндсэн сэдвээ тохируулаад “Tech Companies”, “Cars”, “Software”, “AI” зэрэг сэдвүүдийн мэдээллийг багцлан авч, цагаа их хэмнэдэг болсон шүү. Нийтлэлийг бүтнээр нь унших завгүй үедээ хиймэл оюун ухаанаар товчилж, тоймлуулах боломжтой нь яах аргагүй хөдөлмөр хөнгөвчилсөн давуу тал гэж бодож байна.

8. headway

Миний хувьд энэ жил Headway аппыг (сарын 12.99 ам.доллар) тогтмол ашигласан. Энэ аппыг анх татаж авахад асуулга бөглөдөг. Асуулгаараа дамжуулан хэрэглэгчийн зан төлөв, сонирхол, сэтгэлзүй болон хөгжүүлэхийг хүсэж буй чиглэлийх нь тухай мэдээлэл цуглуулж, онцлогт нь тохирсон 10 орчим номыг санал болгодог.
Номнуудын бүлгийн агуулгуудыг хураангуйлаад биччихсэн байдаг учир богино хугацаанд мэдээлэл авч болохоос гадна бүтнээр нь унших эсэхээ сонгодог их тусалдаг. Хураангуйг нь уншихаас гадна сонсож ч болно. Нэг номыг 20-30 минутад багтаагаад сонсох боломжтой. Тэгэхээр түгжрэлд байхдаа бараг гурваас дөрвөн ном дуусгана. Арван номыг арван өдөрт сонсох нь нэг номыг уншсанаас илүү өргөн хүрээний ойлголт өгдөг мэт санагдсан. Энэ аппын ачаар энэ жил 100 гаруй номыг сонссон чадсан шүү.
Мөн багцууд санал болгодог нь их таалагдсан. Жишээлбэл, бүтээмжийг нэмэгдүүлэх долоо хоногийн багц, сэтгэл хөдлөлөө удирдаж сурах 30 хоногийн багц бий. Аппынхаа багц цэс рүү ороод хүсэж байсан номоо уншихад хэн нэгэнтэй ярилцчихсан юм шиг сайхан мэдрэмж авдаг.

9. actions + timepage

Миний хувийн болон хувьсгалын бүх ажил төлөвлөлт Италийн дэвтэр үйлдвэрлэгч Moleskine-ий энэ хоёр апп (нийлээд жилийн 24.99 ам.доллар) дээр л өрнөдөг. Actions нь to-do list буюу хийж ажлуудаа жагсаадаг апп бол Timepage нь урт хугацааны ажлаа төлөвлөдөг calendar апп юм. Ижил төстэй аппуудыг UX болон UI ээрээ хол орхидог учир эдгээр аппууд сүүлийн гурван жил тасралтгүй миний “баруун” бас “зүүн” гарын албыг хашиж байна даа.

10. whoop

Сүүлийн гурван жил wearable item буюу өмсөж зүүж болдог хэрэглэлтэй Whoop гэдэг аппыг хамгийн их хэрэглэж байна. Энэ апп болон төхөөрөмжүүд бүх цаг үед хүний биеийг долоон төрлийн хэмжүүрээр хэмждэг бөгөөд тусгай алгоритмаа ашиглан тухайн хүний бэлтгэлийн түвшин, стресс даах чадвар, төв мэдрэлийн системийн ерөнхий эрүүл мэндийг үзүүлдэг онцлогтой.
Миний хувьд Whoop-ийг биеэ эрүүл байлгах, нойроо хянаж, нойрны чанараа сайжруулах зорилгоор ашигладаг. Мөн тамирчин хүний хувьд бэлтгэлийнхээ хэмжээг зөв тодорхойлж, ахиц бий болгохын тулд ашиглаж байна.

Өмнөх оны нийтлэлүүд:
2016 оны онцлох апп
2017 оны онцлох апп
2018 оны онцлох апп

Unread Wrapped 2023 цуврал:
12.25: Оны онцлох стартапууд
12.26: Оны онцлох аппууд
12.27: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Шинэ оны тусгай дугаар
12.28: Оны онцлох кинонууд
12.29: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд
01.01: 2024 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Сэтгэгдэл бичих

