Зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай "Философийн суулгацууд" хэмээх номоо хэвлүүлээд удаагүй байна. Уг номд зохиолч монгол орны ирээдүй, хүний амьдралын мөн чанар, дэлхий ертөнцийн соёлт хүмүүсээс бид сэтгэлгээний хувьд юугаар хоцрогдсон тухай, юугаар илүү тухай, тэдэнтэй мөр зэрэгцэн амьдрахын тулд бид ямар давуу талаа ашиглах, ямар сул талаа орхих хэрэгтэй талаарх бодол, гаргалгаа бүхий 441 ширхэг бичил бичвэр багтсан байна.
"Д.Урианхай судлалын академи"-ийн мэдээлснээр, "энэ бүтээл цэвэр философи сэтгэлгээний гурван цуврал номын эхнийх нь бөгөөд, Д.Урианхайн ботиудын 11-15 дугаар цувралд орох "Философи сэтгэлгээ"-ний 4 боть уг цуврал номоор бүрдэж байгаа" ажээ. Харин XV боть нь "Туурвил зүйн онол бодролууд" байх юм байна.

Ил захидал дахь гаргалгаа
2022 оны төгсгөлөөр яруу найрагч, зохиолч Д.Урианхай монголын ард түмэнд хандан нэгэн ил захидал бичсэн юм. Төвлөрөл муутай хүн уншиж барахааргүй, ядахад "БОДЬ СЭТГЭЛ, ЭВ ХАМТ ЁС-ГАНЦААРЧИЛСАН ХӨДӨЛГӨӨН"-ӨӨС НИЙГМИЙНХЭЭ БҮХ ДАВХАРГААЖИЛТ, САЛБАРЫН АЖИЛТАН, МЭРГЭЖИЛТЭН, СЭХЭЭТНҮҮДЭД ИЛГЭЭХ ФИЛОСОФИ ЗАХИДАЛ-УЧИРЛАЛ" гэсэн халгамаар урт нэртэй эд л дээ. Гэхдээ тогтоод нэг гүйлгэж харвал тэрхүү захидлын агуулга нь монголчуудыг, ялангуяа залуусыг тогтож суугаад, энэ амьдрал, амьдран буй нийгмийнхээ тухай бодож үзээч ээ гэсэн ердийн санаа байсан. Бодохдоо юуны тухай бодох вэ? Бид нэг л дутуу бодоод, гоомой хөдлөөд байгаа юм биш биз дээ?
Үнэндээ Д.Урианхай гуай өнөөгийн нийгмийг мухардал хүлээж байгааг л ямагт сануулдаг. Түүний бодрол, бичвэрийн гол мөн чанар нь мораль, эв нэгдэлд уриалан дууддаг. Биесээ хүлээн зөвшөөрч, үүргээ ухамсарлах тухай л тэрээр янз бүрийн өнцгөөс дөч гаруй жил ярьж байна. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэдэгчлэн нийгмийн өргөн хэлэлцүүлэгт өөрийн санааг л чулуудсан хэрэг. Харин манайд ийнхүү нийгмийн хэлэлцүүлэгт өөрийн үзэл бодол, санал шүүмжээ хэлдэг хүн ховор хэвээр л байна. Тийм л учраас нураасан циркийн архантай амьдран суугч энэ яруу найрагч бидэнд "Эвэртэй туулай" шиг харагдаад байгаа юм.
Захидалдаа цохон тэмдэглэсэн Д.Урианхай гуайн шийдэл уг нь их энгийн: "Улс үндэстний хөгжлийн анхдагч, хөдөлгөгч хүч нь, юуны өмнө, тэдний оюун санааны эв нэгдлийн хүч байдаг нь түүхээр нотлогдсон үнэн юм. Монгол үндэстэн бид түүхэндээ тасралтгүй давтсан алдаа, -Үндэсний оюун санааны хүчирхэг нэгдэлгүй, ганц нэгээрээ сондгойрдог, хөгжлийн зорилгын зангидмал үзэл онолгүй, дов довцог, жалга хонхрын эрх ашигт хуваагддаг, хоорондоо тэрсэлддэг, бусдын эсрэг бус бие биеийнхээ эсрэг тэмцэлд л "Ялалт" байгуулж баатарладаг "хүчирхэг эго" сэтгэл зүйн дарамтаасаа яаралтай бүрмөсөн хагацах зорилгод нялхас, өтгөсгүй нэгдэх хэрэгтэй юм".
ЯРИЛЦъЯ Л ДАА, ЯРИЛЦАХАД ЮУ НЬ БУРУУ ГЭЖ?
Д.Урианхай гуайн ил захидлыг хэвлэснээсээ долоо хоногийн дараа "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Б.Янжмаа философийн ухааны доктор Б.Батчулуунтай уг захидлын агуулгаас үүдэн ярилцжээ. Зүгээр л нэг бичвэр нийтлээд орхичихдоггүй, араас нь хөөцөлдөж, нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлэхийг хичээдэг "Өдрийн сонин"-ы энэ хандлагыг сайшаагууштай.
Б.Батчулуун доктор өрнө дахины философи, ялангуяа нийгмийн мөн чанар, эрх чөлөөний тухай сэтгэгчдийн бүтээлүүдийг уншиж, ойлгодоггүй хэрнээ, дур дураараа өөрсдийгөө философич хэмээн нэрийдэж, бодролуудаа хэвлэдэг явдалд дурамжхан байгаагаа ярилцлагадаа илэрхийлжээ.
"...Оргүй хоосноос санаанаасаа юм гаргаж ирэхийн оронд ядаж дэлхийн нэлээд хөгжсөн газар юу хийгээд байгааг бас үзэх хэрэгтэй байгаа юм. Энүүхэндээ тогоон дотроо галзуурцгааж болохгүй л дээ..." Б.Батчулуун гуайн энэ санаа маш чухал. Манай үндэстэн дур дураараа орилж, зохиомжилж, найруулсан дэглэлтүүдээр гол зогоохыгоо эрх чөлөө гэж эндүүрээд удаж байна. Оюун санаандаа эрх чөлөөгүй хүнд мал өгвөл малаа дагаад мал болох боломжтойг, мөнгө өгвөл мөнгөө дагаад чөтгөр болдгийг нийгэмд сүүлийн үед өрнөж буй үйл явцаас бид тодорхой харж болохоор байна.
Түүнчлэн, Б.Батчулуун докторын ярилцлагынхаа төгсгөлд илэрхийлсэн нэгэн санаа Д.Урианхай гуайн дээр дурдсан ил захидалдаа цохсон санаатай эгээ адилхан байв:
Манайхан ерөөсөө л эв нэгдлийн мэдрэмжгүй улсууд. Одоо л ийм болчихсон юм биш.Нэгийгээ хүлээн зөвшөөрч байсан түүх бараг байхгүй. Бүгдийг хүчээр дагуулж байснаараа Чингисийн үед л арай өөр байсан байх. Чингис хаан нас барангуут л хүүхдүүд нь хоорондоо үзэлцээд эхэлсэн. Ач нарынх нь үед бүүр ч үзэлцсэн. Түүнээс хойш бол талаар нэг тарцгаасан биз дээ. Би бас хэтэрхий гипотетик маягийн юм хэлэх гээд байна. Эрхэлж байгаа аж ахуйтай нь холбоотой байдаг болов уу. Эрхэлж байгаа аж ахуй нь угаасаа тархай бутархай байхыг шаарддаг биз дээ. Суурьшмал улсууд нэг дор төвлөрч, удирдлагатай байж болдог.
"Философи гайхахаас эхэлдэг" гэж Платон өгүүлсэн гэдэг. Д.Урианхай бол насан туршдаа "гайхаж" яваа хүн. Тэрээр философийн "ай" үүсгэсэн, Жан Поль Сартр тэргүүтэнтэй дүйцэх философич биш байж болно оо. Гэхдээ тэр философийн эхлэл дээр байгаа нь үнэн. Эхлэлээс цааш хэр салаалж, хөгжсөн талаар ултай дүгнэлт, шүүмжийг хэн нэгэн философич ядахнаа монголдоо биччихээгүй нь үнэн. Ер нь манайд нийгмийн шүүмж бичдэг, ядахнаа ярьдаг философич гарын таван хуруунд багадахаар цөөхөн. Ертөнцийн соруудтай монголын сортойтой гэснээ жишиж, жижгэрүүлж суудаг бидний хандлага их өчүүхэн "эго", энгийнээр бол атаархлын л үр дүн л дээ.
Эдүгээ бидэнд мөн, бишийн тухай маргаан биш хэрхэх, хаачихын тухай маргаан л дутагдаж байгаа.
Д.Урианхай гуай ярилцъя л даа гэж хэлээд, бичээд байгаа юм. Ярилцах хэрэгтэй шүү, ойлголцол хэрэгтэй шүү гэж уриалаад байгаа юм. Гашуун үнэндээ ах, эгч нар нь буруу замаар будаа тээчихжээ, тэгэхээр цаашдаа яах хэрэгтэй вэ гэж учирлаад байгаа юм. Үл гүйцэлдэх үзлийн төлөө туршилтад нийгмээрээ сөхрөөд, түүнийгээ өөрчлөх гэж эрх чөлөөний туршилт хийчхээд ичсэн нүүрэндээ үг дуугүй болчихсон бүхэл бүтэн үеийн хүмүүсээс Д.Урианхай ичгүүргүйгээр ирээдүйн тухай бичиж байгаа юм. Тэгэхээр түүнийг уншиж, түүний бодлыг сонсоход илүүдэх юм байхгүй ээ. Ингэж чин сэтгэлээ хэн нэгэнд дэлгэх соёл уг нь бидэнд их ойрхон соёл. Биесээ сонсож, ойлговол магадгүй тэр хөгжил гээч нь их амархан, ойрхон зүйл юм бил үү?
Давай, тэгэхээр Д.Урианхай гуйнхаар бол эрх чөлөө гэж юу юм бэ? Энэ сэдвээр тэр юу ярив?
Ардчилал бол цөөнхийн эсэргүүцлийг зөвшөөрдөг олонхын дарангуйлал.
Эрх чөлөө хасагдмал нийгмийн нөхцөлд л эрх чөлөө үнэтэй. Хүн хүсэж буй бүх үйлдэл нь нийгмээс зөвшөөрөгдөж байгаа харилцаанд эрх чөлөөний утга, үнэ цэн алдагдаж нийгмийн гишүүн хэнд нь ч тоогдохоо болино. Эрх чөлөө гэдэг ойлголт ч өөрөө хүмүүсийн оюун санаанд устана".
Хүний хамгийн агуу чадвар бол өөрийнхөө эрх чөлөөний эсрэг, сөрөгч бүгдтэй тэмцэх; тэмцээд яах ч аргагүй ялагдах; яах ч аргагүй ялагдсаныхаа бодит үнэнтэй хатуу эвлэрэх, хүлцэж тэсэх тэсвэр; энэ тэсвэр харин, баттай ялалтын найдвартай бэлтгэл! байх болно.
Д.Урианхай "Философийн суулгацууд"
Өмч хөрөнгийн сэтгэхүйн давамгайл бол хүний оюун санаанд ургасан "хорт хавдар" юм. Хэдийгээр энэ "хорт хавдар" хүний амь насыг бүрэлгэх аюулгүй ч хүний хүн чанарыг өөрт нь ямар ч сэжиг хар төрүүлэлгүй үхүүлдэг. Насан туршдаа эдэлсэн аз жаргалдаа гэнэт нэгэн өдөр санаандгүй эргэлзэх, сайхан аз жаргалтай өнгөрүүлсэн амьдралынхаа сайн сайхны үнэнд итгэх эсэхээ эргэцүүлэх, амьдралаа зориулсан үйл хэргийнхээ үр дүнг өөрөө дотроо үнэгүйдүүлэх нэг нуугдмал "Үл мэдэгдэгч"-ийг байнга агуулж байдаг аюултай!
Д.Урианхай "Философийн суулгацууд"
Эрх чөлөө гэдэг бол хүн үүргээ биелүүлж, амьдрах дээд бололцооны нөхцөл?
Бараг адилхан утгад шилжуүлбэл, эрх чөлөө гэдэг хэн нэг хүн бусдад тусгай үйлийн зорилгоо гүйцэлдүүлэхэд алив нэг саадгүй нөхцөлийг өөртөө бүрдүүлсэн нь урт удаан хугацаанд тасралтгүй үргэлжлэх тохиол юм.Д.Урианхай "Философийн суулгацууд"
Хүнд байгалиас үнэмлэхүй эрх чөлөө олгогдоогүй ч (Хүн хэзээд байгалийн хүчний эрхшээлд, байгалийн үзэгдлүүдээс хараат нөхцөлд амьдарна!) Хүний нийгмийн түүх бол хүнд харьцангуй эрх чөлөө олгох л үйл явц байв. Үлдсэн түүх нь ерөнхийдөө нийгмийн хөгжлийн зайлшгүй дагавар үйл явц, нийгмийн баялгийн тэгш биш өмчлөлийн буруутай тэмцэл хийсэн үйл явц гэж үзэж болно.
Харин хүн төрөлхтний ирээдүйн түүх нийгмийн баялгийн энэхүү тэгш биш өмчлөл, эзэмшлийн олон алдаа, бурууг засах уйл явц байх болно.
XX зуун хүртэлх түүх эцсийн дүндээ хүн төрөлхтнийг хөгжлийн мухардалд оруулав. Хүн төрөлхтний амьдралын өнгөрсөн үеийн үйл явцын Түүх-"Мухардал"-ын Түүх! Ирээдүйн Түүх "Засвар"-ын түүх болж бичигдэнэ.Д.Урианхай "Философийн суулгацууд"
Хүн төрөлхтний түүх бол хүмүүс өөрийнхөө амьдралын болоод сэтгэлгээний эрх чөлөөт шинж чанарыг танин мэдсэн үйл явцын бодит үр дүн агаад хүмүүс өөртөө заяагдсан эрх чөлөөнийхөө мөн чанарыг танин мэдэхийн хэрээр эрх чөлөөгөө эдлэх, хамгаалах, эрх чөлөөт амьдралыг хүсэн тэмцэх ёстойгоо ухамсарласан ухамсарт үйл ажиллагааны хөгжил юм.
Эрх чөлөө бол хүний оюун санааны хүрсэн хийсвэр ойлголт бус хүний амьдралыг үнэ цэнтэй нийгмийн үзэгдэл байлгах бодит нөхцөл, бодит хүчин зүйл бөгөөд хүмүүсийн идэвхтэй үйл ажиллагаагаар хангагдах ёстой амьдралын зайлшгүй хэрэгцээ юм.Д.Урианхай "Философийн суулгацууд"
Ганцаардал бол эрх чөлөө. Ганцаардлын эрх чөлөө л хүнийг хувь хун болгож өндийлгөдөг. Нөгөөтээгүүр, ганцаардлын эрх чөлөөнд ямагт нуугдаастай байдаг, нуугдаастай дагадаг хясал, хүслийн зөрчил л хувь хүнийг хамгийн хүчтэй нийгэмшүүлдэг.
Д.Урианхай "Философийн суулгацууд"
Хүмүүсийг би өөрийнхөө амьдралын сургамж, туршлага, үзэл бодлынхоо үнэлэмжээр "Азтай хүн", "Азгүй хүн" гэж хоёр хуваадаг.
"Азтай хүн" дотроо хоёр янз байдаг:
-Азтай, амьдралд ивээгддэг уралгуу (зөөлөн) хувь заяатай хүн;
- Азтай амьдралд соригддог амаргүй хувь заяат хүн.
Ихэнх тод түүх бүтээх хүмүүс амьдралд дандаа соригддог.
Амьдралд ивээгддэг ч үгүй, соригддог ч үгүй Хүмүүс - Азгүй хүмүүс!Д.Урианхай "Философийн суулгацууд"

Сэтгэгдэл бичих (2)


А Ариунчимэг 2022.02.18 192.82.68.196
Ташаарсан байна. Монголын ард түмэнд хандсан Д.Урианхай зохиолчийн "Захидал - Учирлал" 2021 оны X-XII сард бичигдэж оны сүүлээр "Өдрийн сонин"-д нийтлэгдсэн.
С Сэлэнгэ 2022.02.18 202.131.245.69
Ирээдүйгээс ирсэн захидал уу, 2022 оны сүүлээр бичсэн гэж байх юм. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,