1 гол сэдэв
Юу болов?
Apple-ийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернус анхны олон нийтийн арга хэмжээгээрээ 2,000 долларын үнэтэй нугардаг утсаа зарлалаа. iPhone Duo нэртэй уг утас нь бүрэн дэлгэгдсэн үедээ 7.6 инчийн дэлгэцтэй болно. Халаасанд багтах хэмжээтэй уг утсаа тэд хамгийн том дэлгэцтэй, хамгийн нимгэн бас титанаар хийгдсэн хамгийн бат бөх iPhone боллоо хэмээн зарлалаа.
Ямар ач холбогдолтой вэ?
Энэ бол iPhone-ийн хувьд сүүлийн жилүүдэд хийгдээгүй том дизайны өөрчлөлт болж байна. Тэд 2025 онд зөвхөн гар утасны борлуулалтаасаа 209 тэрбум долларын орлого олсон билээ. Энэ үдэш тэд iPhone 18 болон Apple Watch Series 12-ийг мөн олон нийтэд зарлав.
Гол өрсөлдөгч хэн бэ?
Нугардаг утасны зах зээлд Samsung хамгийн том байр суурийг эзэлдэг. Тэд 2019 онд хамгийн анх Fold болон Flip утаснуудаа зарлаж, уг зах зээлийн 40 гаруй хувийг дангаараа эзэлж байна. Харин тэдний араас Хятадын Huawei, Xiaomi компаниуд бичигдэж байна. Ялангуяа Apple-ийн гол борлуулалтаа хийдэг Хятадын зах зээлд дотоодын брэндүүд хэдийнээ байршсан нь iPhone Duo-ийн гол сорилт болох биз ээ.
Санал болгох: Биднийг унтаж байх хооронд Apple-ийн танилцуулсан бүх зүйлс
Б.Ганцацрал/Unread
2 чухал тоо
15.100.000.000.000: Altrata-ийн гаргасан тайланд дурдсанаар 2025 онд дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгө AI-ийн тэсрэлтийн нөлөөгөөр улам нэмэгдэж, 15.1 их наядад хүрчээ. Энэ бол өмнөх жилтэй харьцуулахад 12.8%-аар өссөн үзүүлэлт болжээ. Тус компанийн тооцоололд дэлхий даяар бүртгэлтэй 3,795 тэрбумтан багтсан байна. Өнгөрсөн жил тэрбумтнуудын тоо 8%-аар нэмэгдсэн нь сүүлийн 5 жилд хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Мөн эдгээр тэрбумтнууд дунд AI, технологи суурьтай эрхэмүүдийн эзлэх хувь эрс нэмэгдэж байгааг онцолжээ.
25: Нийт 3000 орчим хүн амиа алдсан 9-р сарын 11-ний халдлага гараад нэгэнт 25 жил өнгөрчээ. Тус халдлагад амиа алдсан иргэдийг дурсаж, мянга мянган иргэдийн амийг аварсан чимээгүй баатруудыг санах хүндэтгэлийн арга хэмжээ Америк даяар явагдлаа. Аль-Кайда бүлэглэлийн гишүүд нийт 4 онгоцыг барьцаалж, Нью Йорк хотын нэрийн хуудас болсон Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг мөргөсөн нь терроризмын эсрэг дайны эхлэл болсон билээ.
3 онцлох өгүүлбэр
I. OpenAI мянганы бодлогын учрыг тайлжээ
- 2000 онд Клэй хүрээлэнгээс “Мянганы бодлогууд” гэсэн нэрийн дор үе үеийн математикчдийн “толгойны өвчин” болсон 7 бодлогыг сонгон авч, бодож баталсан тохиолдолд 1 сая доллар өгөхөө амласан. Үүнээс хойш ердөө ганцхан бодлогыг нь ОХУ-ын нэрт математикч А.Перельман бодоод байсан юм.
- Тэгвэл OpenAI-ийн хиймэл оюун 90 жилийн өмнө анх дэвшүүлэгдэж байсан “Навьер-Стоуксийн тэгшитгэл”-ийг бодож чадсанаа зарлалаа. Тэд хамгийн сүүлд гаргасан ChatGPT-6 Astra-аас хавьгүй илүү хэмээн тодорхойлогдсон моделийг ашиглан, 10 мянган агентыг 88 цагийн хугацаанд ажиллуулжээ.
- Уг тэгшитгэл нь ус, агаар зэрэг шингэний хөдөлгөөнийг тайлбарладаг бөгөөд агаарын тээвэр, цаг уур, эрүүл мэндийн салбарт хэрэглэгддэг юм. Энэ үйл явдал нь хиймэл оюуны хөгжил дэвшилтэй холбоотой хэлэлцүүлгийг дахин өдөөж эхэллээ.
II. Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ
- Баб-эль-Мандебийн хоолой бол Улаан тэнгисийг Арабын тэнгистэй холбодог, дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн гол дөрвөн чиглэлийн нэг юм. Уг хоолойгоор өдөрт 8 сая гаруй тонн баррель газрын тос тээвэрлэгддэг нь нийт худалдааны 10 орчим хувьтай тэнцдэг.
- Йеменийн засгийн газрын цэргүүд уг хоолойн хойд хэсэг болох Перим арлыг орхисон даруйд Хуситууд давшилт хийж, хоолойг хяналтдаа авчээ. Тэд одоогоор Саудын Араб, Израйлтай холбоотой онгоцыг нэвтрүүлэхгүй, халдан довтлоно гэдгээ мэдэгдээд байна.
- Хуситуудын гол санхүүжүүлэгч нь Иран юм. АНУ-ын зүгээс Улаан тэнгисээр дамжиж буй тээвэрлэлтийг зогсоох гэж оролдвол шууд цохилт өгнө гэдгээ анхааруулаад байна.
III. Хиймэл оюуны хөгжлийг удаашруулахыг уриалав
- Antrophic-т инженерээр ажиллаж байсан Ж.Коксон хэмээх эрхэм ажлаасаа гарч байгаа шалтгаанаа AI-ийн хөгжил хэт хурдтай явагдаж, энэ арван дуусахад соёл иргэншлийг оршин байх эсэхэд нөлөөлөх хүчтэй болох нь хэмээн тайлбарласан нь анхаарал татав. Зарим шинжээчид AI-ийн хэт хурдтай хөгжил хүн төрөлхтний 10% нь устах ч эрсдэл ойрхон байгааг анхааруулж эхэлжээ.
- Энэ мэдээтэй зэрэгцэн Antrophic-ийн үүсгэн байгуулагч, хиймэл оюуны салбарын хамгийн том төлөөлөгчдийн нэг Дарио Амодей нээлттэй эсээ бичиж, AI-ийн хөгжлийг санаатайгаар удаашруулах уриалгыг дэвшүүлжээ. Энэ нь АНУ-ын AI-ийн хөгжилд эзлэх байр суурийг муутгах эрсдэлтэй ч ирээдүйн сайн сайхны төлөө ийм золиос гаргах ёстой хэмээн онцолсон байна. Antrophic болон OpenAI-ийн өрсөлдөөн суурь моделиудын чадварыг улам нэмэгдүүлж, зарим тохиолдолд хяналт алдахад хүргэж буй. Ялангуяа кибер аюулгүй байдлын чадавх нь хэт сайжирсан нь банк санхүү, батлан хамгаалах зэрэг салбаруудад маш их эрсдэл учруулж байгаа нь нууц биш.
- Д.Амодейн уриалгыг OpenAI-ийн үүсгэн байгуулагч С.Алтман мөн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр үүнтэй холбоотойгоор компанийнхаа IPO хийх үйл явцыг хойшлуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. OpenAI-ийн хувьд 1 их наядын үнэлгээтэйгээр нээлттэй компани болох үйл явцаа 2026 онд дуусгана хэмээн мэдэгдэж байсан юм. Үүнээс гадна Илон Маск Амодейг дэмжиж байгаагаа сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэрээр бараг арван жилийн өмнөөс AI-ийг соёл иргэншлийн хөгжилд хамгийн нөлөө үзүүлэх хэрэгсэл хэмээн үзэж, зөв хүмүүсийн хяналтад байх ёстойг анхааруулсаар ирсэн билээ.
4 мэдүүштэй зүйл
Шинэ үйлдвэр: Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Хойд Солонгос Кансон болон Ёнбенийн цөмийн цогцолборт шинэ обьект ашиглалтад оруулсан нь уран баяжуулах үйлдвэр байх магадлал өндөр гэнэ. Тус агентлаг 2009 оноос хойш тус улсад нэвтэрч чадахгүй байгаа учир зөвхөн хиймэл дагуулын мэдээ болон бусад албаны эх сурвалжуудыг харьцуулж мэдээлэл цуглуулдаг юм. Улмаар эдгээр нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хориг, тогтоолыг зөрчиж байгаа, хүн төрөлхтөнд ноцтой зовнил төрүүлэхүйц үйл явдал мөн хэмээн тодотгожээ.
Рекорд цалин: Сингапурын ерөнхий сайдын цалин дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Тэгвэл тус улсын парламент ерөнхий сайдын цалингаа 2,2 саяас 3,8 сая сингапур долларт хүргэж нэмэгдүүлсэн байна. Энэ бол цалингаараа ардаа бичигдэх Швейцарийн төрийн тэргүүнээс даруй 4 дахин өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, түүний цалин Австрали, АНУ, Канад, БНСУ-ын төрийн тэргүүдийн цалинг нийлүүлснээс ч өндөр. Харин энэ шийдвэрийн дараа Сингапурын ерөнхий сайд Л.Вонг бүх нэмэгдэл цалингаа нийгмийн үйлсэд зарцуулна гэдгээ мэдэгдсэн байна. Тус улс ерөнхий сайд болон төрийн албан хаагчдын цалинг тогтоохдоо хувийн хэвшлийн хамгийн өндөр цалинтай 1000 иргэний дундаж цалинтай харьцуулдаг гэнэ. Энэ нь хамгийн шилдэг, ур чадвартай мэргэжилтнүүдийг төрийн албанд ажиллах боломж олгодог бодлогод тооцогддог билээ.
Европын Техас: Google дата төвийн дэд бүтцээ сайжруулах зорилгоор Финлянд улсад 2028 он хүртэл 15 тэрбум долларын хөрөнгө оруулах болсноо зарлалаа. Энэ бол тус компанийн хувьд Европт хийж буй хамгийн том санхүүжилт болжээ. Дата төвийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой Финлянд улс газар нутаг, уур амьсгалын давуу тал болон татварын таатай бодлогоор шинэ хөрөнгө оруулагчдыг татахаар ажиллаж байна. Тус улсыг зарим хэвлэл “Европын Техас” хэмээн нэрлэх болжээ.
Сонгуулийн амлалт: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх арваннэгдүгээр сард явагдах завсрын сонгуульд Бүгд найрамдах ялбал насанд хүрсэн иргэн бүрд 5,000 доллар тараахаа амлажээ. Тэрээр энэ шийдвэрээ “компаниуд ногдол ашиг тараадагтай адил” зарчмаар ажиллана хэмээн тодотгож, Бүгд найрамдах намын эдийн засгийн бодлогын ачаар улс орон гайхалтай өсөн дэвжиж байгааг онцлов. Гэхдээ урьдчилсан тооцооллоор Ардчилсан нам төлөөлөгчдийн танхим болон сенатад аль алинд нь олонх болох магадлал өндөртэйд тооцогдож байгаа юм.
5 сонин хачин
1. Холливүүдийн нгөрсөн гурван сарын бокс оффисын нийт орлого 4,76 тэрбум доллар байсан нь 2013 оны 4,75 тэрбумын амжилтыг давсан рекорд үзүүлэлт болжээ. Энэ бол өнгөрсөн жилтэй харьцуулахад 30%-аар нэмэгдсэн амжилт юм. Уг амжилтад Spider-Man-ийн шинэ анги зөвхөн Америкийн зах зээлд 976 сая долларыг цуглуулсан нь хамгийн том нөлөө үзүүлэв. Тэрчлэн Odyssey, Toy Story 5, Devil Wears Prada 2 зэрэг өндөр хүлээлттэй кинонууд тэрбум гаруй долларын тасалбар борлуулжээ. Үүнээс гадна Gen Z-ийнхний дунд ам дамжин хит болсон гэнэтийн амжилтууд ч нөлөөлсөн нь тодорхой. Сая доллар хүрэхгүй төсөвтэй бүтсэн Obsession, Backrooms гэсэн кинонууд тус бүр 200 сая долларын орлого цуглуулжээ.
2. Италид төвтэй Bending Spoons Miro-г 1.3 тэрбум доллараар худалдаж авчээ. 2011 онд байгуулагдсан Miro-ийн хувьд багийн гишүүн бүрийг нэг самбар дээр нэгтгэж, шинэ санаа хөгжүүлэх, төсөл хэрэгжүүлэхэд тусалдаг хэрэгсэл юм. 2022 онд тус компанийн хэрэглэгчдийн тоо 30 саяд хүрч, үнэлгээ нь 17.5 тэрбум долларт хүрээд байв. Гэвч Canva, Figma зэрэг өрсөлдөгч бүтээгдэхүүнүүд сайжирч, AI-ийн нөлөө бизнесийн салбарт улам мэдрэгдэх болсноор тус компанийн үнэлгээ 92%-аар буурсан нь энэ аж. Bending Spoons сүүлийн жилүүдэд интернет хэрэглэгчдийн дунд алдартай бие даасан бүтээгдэхүүнүүдийг ээлж дараалан цуглуулсаар байна. Тэд өнгөрсөн сард Airtable-ийг 1 тэрбум доллараар худалдаж авсан. Үүнээс өмнө WeTransfer, Vimeo, AOL, Evernote зэрэг брэндүүдийг өөртөө нэгтгээд байсан юм.

3. Nasdaq дэлхийн хамгийн том крипто биржүүдийн нэг Kraken-д 100 сая долларын стратегийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Улмаар 2027 оноос эхлэн блокчэйнд суурилсан Nasdaq Equity Token-ийг гаргаж, цаашлаад токенжуулсан бүтээгдэхүүн арилжаалах нөхцлийг бүрдүүлнэ гэнэ. Ингэснээр Kraken-ийн зах зээлийн үнэлгээ 21 тэрбум долларт хүрэв. Үүнээс өмнө онлайнаар хувьцааны арилжаанд оролцох боломж олгодог Robinhood мөн токенжуулсан үйлчилгээг нэвтрүүлнэ гэдгээ зарлаад байсан билээ.

4. И.Маскийн байгуулсан Boring Company газар доогуур туннель ухаж, тээврийн сүлжээ үүсгэх замаар замын түгжрэлийг шийдвэрлэх амбицтай. 2017 онд байгуулагдсан тус компани Лас Вегас болон Нэшвилл хотуудад туннелийн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл тус компани Арабын Нэгдсэн Эмират улсад Dubai Loop нэртэй төсөл хэрэгжүүлж, 3 тэрбум доллараар 150 км-ын урт хонгил барих төслөө зарлалаа. Ингэснээр Boring Company-ийн зах зээлийн үнэлгээ 23 тэрбумд хүрчээ.
5. Венецийн кино фестивалийн шилдэг бүтээлд олгодог "Алтан арслан" цомыг "Women Unknown" хэмээх Дани бүтээл хүртлээ. Уг киног найруулагч М.эл-Туки энэ жилийн шилдэг киноны төрөлд өрсөлдсөн цорын ганц эмэгтэй байв. Тус киноны од М.Арсел шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон бол алдарт жүжигчин Ж.Малкович 72 насандаа анх удаа Венецийн наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртлээ. Энэ жилийн Оскарт БНСУ-аас өрсөлдөх эрхтэй болсон "Possible Love" харин шүүгчдийн нэрэмжит шагналын эзэд болов.
Сэтгэгдэл бичих

