Шинэ оны мэнд. Хүн төрөлхтөн 2022 оноо үдэж, 2023 оноо угтан авч буй энэ цаг мөчид бид уламжлал ёсоор өнгөрсөн оны гол үйл явдлуудыг тоймлон та бүхэнд хүргэж байна. Энэ удаад бид сар сараар нь эргэн дурсаж, гол үйл явдлуудыг түлхүүр үгээр нь багцаллаа. Эдгээрийг бид үзүүлсэн нөлөө, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж гаргасан болно.
Долоо хоногийн тоймтой үргэлж хамт байж, улам бүр хичээх сэдлийг төрүүлдэг эрхэм уншигчид та бүхэндээ талархлаа илэрхийлж, шинэ ондоо амжилт, ололтоор дүүрэн байхыг хүсье. Бид 2023 онд танд илүү бүтээлч, илүү хүртээмжтэй контентыг түгээхийг хичээн ажиллана.
НЭГДҮГЭЭР САР: Нэгдэл + Туршилт + Рекорд
Аварга нэгдэл: Microsoft видео тоглоомын зах зээлийн лидерүүдийн нэг Activision Blizzard-ийг 68.7 тэрбум доллараар эгнээндээ нэгтгэх болсноо зарлалаа. Энэ бол Windows-ийг бүтээгчдийн хувьд түүхэн дэх хамгийн том худалдан авалт. Тэд 2016 онд Linkedin-ийг 26 тэрбум доллараар авч байв.
Түүхэн туршилт: АНУ-ын эрдэмтэд анх удаа генийн хувьд өөрчлөн хувиргасан гахайн зүрхийг хүнд амжилттай шилжүүллээ. 57 настай эрэгтэйд хийсэн туршилтын хагалгаа 7 цагийн турш үргэлжилсэн гэнэ. Амьтны эд эрхтнийг генийн хувьд өөрчлөн хүнд шилжүүлэн суулгах нь донор эрхтний хомсдлыг шийдэж, сая сая хүний амийг аврах боломжтойд тооцогдож байгаа билээ.
Рекорд эвдэгч: "Baby Shark" Youtube-ийн түүхэн дэх хамгийн анхны 10 тэрбум хандалттай контент боллоо. Хүүхэд багачуудын дунд супер хит болсон уг контент цар хүрээгээ тэлж, тв цуврал, бүрэн хэмжээний кино, NFT-тэй хүртэл болоод билээ. Сонирхуулахад, тэдний ард 7.7 тэрбум үзэлттэй "Despacito" бичигддэг юм.
Эмээх: Монгол улсад омикрон хувилбар анх удаа бүртгэгдэв
Үзэх: Алтан бөмбөрцгийн эзэд тодорлоо
Унах: Sony автомашины салбарт нэвтэрлээ
Гайхах: Тонгад аварга дэлбэрэлт боллоо
Турших: Дэлхийн хамгийн хурдан AI компьютер бүтээгджээ

ХОЁРДУГААР САР: Дайн + Олимп + Илгээмж
Хүсээгүй дайн: ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд цэргийн тусгай ажиллагааг эхлүүллээ. Одоогоор Оросын 200 мянга орчим цэрэг Украинд нэвтэрч, гол хотууд руу тасралтгүй дайрч эхэллээ. Украины ерөнхийлөгч В.Зеленски бууж өгөхгүй гэдгээ эрс шийдэмгий мэдэгдэж, эх нутгаа хамгаалахыг ард иргэдээсээ хүссээр буй. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоогоор 600 гаруй хүн амиа алдаад байгаа бөгөөд 30 мянга гаруй хүн хөрш зэргэлдээ Польш, Молдав улсууд рүү дүрвэжээ. Энэ дайн жилийг дуутсал үргэлжилж, уур амьсгалын өөрчлөлт, ложистик, геополитикийн хямралыг дэлхий дахиныг хөтлөв.
Өвлийн олимп: 24 дэх удаагийн өвлийн олимпын наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Наадамд 91 орны 2871 тамирчин 7 спортын төрөлд 103 багц медалийн төлөө өрсөлдөж, Норвегийн баг 16 алт, 37 медальтайгаар бүх улсыг тэргүүлэв. Монгол улсаас гүйлтийн цанын төрөлд 2 тамирчин оролцсон. ОУХМ Б.Ачбадрах 15 км-ийн зайд 99 тамирчнаас 65-д орсон амжилтыг үзүүлсэн бол анх удаа олимпод хүч сорьсон ОУХМ А.Энхтуул монгол тамирчдаас анх удаа спринт зайд эрх авч оролцлоо. 2026 оны өвлийн олимпын наадам Италийн Милан, Кортина хотуудад явагдана.
Анхны зураг: Хүн төрөлхтний илгээсэн хамгийн хүчирхэг сансрын телескоп "James Webb"-ийн туршилтын гэх тодотголтой эхний зурагт камерын толин самбарын тоотой тэнцүү буюу нийт 18 бүдэг цэг буужээ. Зураг авалт 25 цаг үргэлжилсэн гэнэ. Зул сарын баярын өдөр эх дэлхийг орхисон уг телескоп 20 жилийн турш ажиллах тооцоотой бөгөөд орчлон ертөнцийн хамгийн эртний галактик, оддыг судалж, амьдрал оршин байх боломжтой гараг эрхсийг тольдох амбицтай буй.
Дасах: Gmail дизайны өөрчлөлт хийлээ
Үзэх: Paramount эргэн ирлээ
Хэрэглэх: Meta төгс орчуулагч бүтээжээ
Нэгдэх: Трампын сошиал апп нээгдлээ
Анзаарах: ISIS-ийн лидерийг устгав
Санал болгох: БУУХИА ТОЙМ 2022: Гадаад бодлого
TenGer TV

ГУРАВДУГААР САР: Өрсөлдөөн + НАЙДВАР + ТЭСРЭЛТ
Шинэ өрсөлдөгч: TikTok 10 хүртэлх минутын видеог зөвшөөрч эхэллээ. Богино хэмжээний видео контентоороо эрчийг авсан тус апп ингэснээр Youtube-тэй шууд өрсөлдөх боломжтой болж байгаа юм.
Дижитал доллар: АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден криптовалютын зохицуулалттай холбоотой тусгайлсан зарлиг гаргалаа. Тэрээр зарлигтаа холбооны нөөцийн сан болон бусад холбогдох байгууллагуудыг криптотой холбоотой иж бүрэн судалгаа хийж, давуу болон сул талыг үнэлэн, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах тал дээр нухацтай анхаарахыг онцолсон байна.
Түүхэн нээлт: NASA-ийн эрдэмтэд манай нарны аймгаас гадна оршдог 5000 дахь гарагаа илрүүлснээ зарлалаа. 1992 онд эрдэмтэд анхны ийм төрлийн гарагийг илрүүлж байсан бөгөөд 2018 онд TESS телескопыг нэвтрүүлснээр нээлт улам эрчимжих болсон юм. Одон орончид ийм төрлийн ахиад 100, 100 тэрбум гараг илрүүлэх боломжтой байгааг мэдэгдлийнхээ үеэр дурджээ.
Мэдэх: Ford 2 хуваагдана
Гайхах: Дурсамж бүтэх явцыг ажиглав
Анзаарах: Топ крипто брэндүүд нэгдлээ
Хэрэглэх: НҮБ аюулаас урьдчилан сэргийлэх апп бүтээнэ
Ангайх: Хятад хамгийн том сэргээгдэх эрчим хүчний станц байгуулна

ДӨРӨВДҮГЭЭР САР: Драм + Жагсаал + Шагналтнууд
Твиттерийн драм: Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм И.Маск Twitter-ийг эзэмших боллоо. Тэрээр өнгөрсөн сард тус компанийн 9.2%-ийг худалдан авч, улмаар компанийн засаглал, контент хяналтын бодлогод өөрчлөлт оруулах зорилгоор бүтнээр нь хувьд шилжүүлэх саналыг тавиад байсан юм. Хэлцлийн үнэ түүнийг анх хувьцаа авснаа зарлахаас өмнөх үеийнхтэй харьцуулахад 38%-аар өндөр буюу 44 тэрбум доллараар хэмжигдэж байна.
Оскарын сонин: "Apple TV+" Оскарын шилдэг киноны шагналыг хүртсэн анхны стриминг платформ боллоо. "Sundance"-д нээлтээ хийсэн даруй рекорд үнэ болох 25 сая доллараар эрхээ зарж шуугиан тарьсан "Coda" энэ жилийн гол шагналын эзэн болов. Харин техникийн төрөлд "Dune" илт тасархай амжилтыг үзүүлж, нийт 6 шагналд тэргүүлсэн нь 94 дэх удаагийн Оскарын наадмын хамгийн өндөр амжилт байлаа. Карьерынхаа анхны Оскарыг өөрийн болгосон Уилл Смит шууд дамжуулалтын үеэр тайзан дээр хөтлөгч К.Рокийг алгадсан нь энэ жилийн гол ярианы сэдэв болов.
Ажлаа хий: Төв талбайд эсэргүүцлийн жагсаал өрнөлөө. Мянга, мянган залуус эрх баригчдаас ажлаа хийхийг шаардаж, төв талбайд тайван жагсаал хийлээ. Залуус голцуу цугласан жагсаал бүтээлч байдлаар шаардлагаа тодорхойлж, ордныг бүтэн тойрч эсэргүүцлээ илэрхийлж байсан нь ихээхэн шинэлэг байв.
Хөлөглөх: Airbus анхны био-түлштэй онгоц туршив
Өнгийх: Одон орончид Тэнгэрийн ван гарагийг судлана
Унах: Хятад анхны робот таксины лицензээ олголоо
Анхаарах: Монголын эдийн засгийн чуулган явагдлаа
Мэдэх: Netflix-ийн хэрэглэгчид буурлаа

Санал болгох: БУУХИА ТОЙМ 2022: Уур амьсгалын өөрчлөлт
TenGer TV
ТАВДУГААР САР: Хар нүх + Их Салалт + Түүхэн хэлцэл
Хар нүх: Эх дэлхийн оршиж буй галактикийн төвд байрлах хар нүхний зургийг авсанаа одон орончид зарлалаа. Биднээс 26 мянган гэрлийн жилийн зайд орших уг хар нүх нь нарнаас 4 сая дахин хүнд масстай гэнэ. Sagittarius A нэртэй уг хар нүхийг Сүүн замын төвд оршин байж болзошгүйг эрдэмтэд олон жилийн турш таамагласаар ирсэн. 2020 онд Р.Генцел, А.Гез нар чухам ийм обьект оршин цацраг туяа бүртгэх замаар оршин байдгийг нь нотолсон ажлаараа Нобелийн шагнал хүртсэн түүхтэй. Чухам энэ зураг тэдний зөв байсныг бүрэн баталж байгаа гэсэн үг.
Их салалт: EA ирэх жилээс эхлэн алдарт “FIFA” видео тоглоомын цувралын брэнд нэрийг өөрчилж байгаагаа зарлав. Талууд ашиг хуваалцах тал дээр тохиролцож чадалгүй, ийн гэрээгээ цуцалж байгаа нь энэ. 1993 оноос эхтэй FIFA цуврал 150 сая илүү хувь зарагдаж, 20 тэрбум долларын орлого авчирчээ. EA-ийн хувьд цаашид тоглоомоо “EA Sports FC” нэрийн дор хөгжүүлнэ. Тэд 30 лиг, 700 клуб, 19 мянган тоглогчтой байгуулсан лицензийн гэрээндээ гол найдлага тавьж буй. Мөн тоглоомын формат, хийцлэлт ч өөрчлөлт орохгүй гэдгийг мэдэгдэлдээ онцолжээ. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо 2024 он гэхэд шинэ цувралыг танилцуулна гэдгээ мэдэгдэж, хэд хэдэн төслийг эхлүүлээд байгаагаа дурдсан юм.
Түүхэн хэлцэл: Хагас дамжуулагчийн салбарын гигант Broadcom үүлэн технологи, энтерпрайз програм хангамжийн үйлчилгээ үзүүлэгч VMWare-ийг 61 тэрбум доллараар худалдаж авах болсноо зарлалаа. 2018 онд CA Technologies-ийг 18 тэрбумаар нэгтгэж байсан тэд цар хүрээгээ өргөтгөх нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж буй. Энэ үйл явдал технологийн салбарын түүхэн дэх хамгийн том хэлцлийн нэгт зүй ёсоор тооцогдоно. Үнийн дүнгийн хувьд Dell-ийн EMC-г нэгтгэсэн /$67 тэрбум/, Microsoft-ийн Blizzard-ийг авсан /$68.7 тэрбум/ л энэ наймааны урд бичигдэх билээ.
Сурах: Stanford тогтвортой хөгжлийн чиглэлээр сургууль нээнэ
Гайхах: АНУ-ын конгресс UFO-ийн талаар сонсгол хийлээ
Айх: Сармагчны цэцэг өвчин дэгдэж эхэллээ
Турших: Google үгээс зураг хөрвүүлэгч технологи танилцууллаа
Ангайх: Сансрын хөлгийг шүүрэх туршилт хийгдэв

ЗУРГААДУГААР САР: Супер компьютер + Аварга үнэлгээ + анхны нислэг
Супер компьютер: 2 жил тутамд шинэчлэгддэг Top 500-ийн жагсаалтыг АНУ-ын "Frontier" нэртэй супер компьютер тэргүүлжээ. Уг компьютер нь секундэд 1.1 квантиллион буюу арвын арван найман зэрэгтэй тэнцэх үйлдлийг хийх чадалтай гэнэ. Бүтэн өрөөний хэмжээтэй эдгээр системийг ашиглан хүн төрөлхтөн уур амьсгалын эсрэг модел ажиллуулах, вакцин хөгжүүлэх, батлан хамгаалах систем загварчлах зэрэг олон үйлдлээр ашиглаж буй. АНУ-ын эрчим хүчний яамны санхүүжилтээр HP, AMD-ийн судлаачидтай хамтран бүтээсэн уг компьютерын өртөг 1.8 тэрбум доллар гэнэ.
Анхны нислэг: Өмнөд Солонгос өөрсдийн хөгжүүлсэн технологийг ашиглан сансарт хиймэл дагуул илгээсэн дэлхийн 10 дахь орон боллоо. Тэд дотооддоо бүтээсэн Nuri нэртэй пуужинг Гохьюн хотноо байрлах Наро сансрын төвөөс амжилттай хөөргөлөө. Уг пуужин дэлхийгээс 700 км-ийн зайд 160 орчим кг жинтэй хиймэл дагуулыг суурилуулах зорилготой. Энэ нь цаашлаад батлан хамгаалах зориулалттай хиймэл дагуул, төхөөрөмж байрлуулах, бусад эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх суурь нь болох учиртай юм.
Аварга үнэлгээ: Хойд Америкийн хамгийн их үзэгчтэй спортын лиг NFL-ийн гурван удаагийн аварга Денвер Бронкос 4.6 тэрбум долларын үнэ хүрлээ. Тус клубыг Walmart сүлжээ дэлгүүрийн өв залгамжлагчид Валтоны гэр бүлийнхэн худалдан авчээ. Уг наймааг 77 настай Роб Валтон охиныхоо хамтаар тэргүүлж оролцсон юм. Түүний хөрөнгө 60 орчим тэрбум доллараар хэмжигддэг, дэлхийн 18 дахь баян эрхэм юм. 1984 оноос хойш Бронкосыг эзэмшиж байсан Пат Боулен 2019 онд нас барж, улмаар гэр бүлийнхэн нь шинэ эзэн хайж байсан нь энэ билээ.
Хэрэглэх: 2024 оноос эхлэн бүх цэнэглэгч USB-C болно
Хүлээх: BTS түр завсарлага авна
Турших: Snapchat төлбөртэй үйлчилгээгээ танилцууллаа
Үзэх: The Hu метаверст тоглолт хийнэ
Дасах: Турк улс нэрний бичиглэлээ солив

Санал болгох: БУУХИА ТОЙМ 2022: Амьдралын чанар
TenGer TV
ДОЛДУГААР САР: Абэ + Бүтэлгүйтэл + Зураг
Гэнэтийн халдлага: Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо зэвсэгт халдлагад өртөж таалал төгслөө. Тэрээр Нара хэмээх хотод парламентийн дээд танхимын сонгуулийн сурталчилгаа хийж, олон нийтэд хандан үг хэлж байхдаа 2 удаа буудуулсан юм. Хүзүү, цээжиндээ буудуулсан түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээ хийсэн ч аварч чадсангүй. Тэрээр 67 настай байлаа. Сэжигтэн 41 настай эр 2000-аад оны эхэн үед усан цэргийн алба хааж байсан бэлтгэгдсэн нэгэн байсныг эх сурвалжууд мэдээлж байна. Тэрээр гар аргаар бүтээсэн буугаараа гурав орчим метрийн зайнаас хэргээ үйлджээ.
Инстаграмын бүтэлгүйтэл: Instagram-ийн TikTok-той ижил зарчмаар буюу хиймэл оюунд суурилсан алгоритм ашиглан хэрэглэгчдэд контент санал болгох оролдлого бүтэлгүйтэв. Тус апп-ын толгой компанийн үүсгэн байгуулагч М.Цукерберг нийт агуулгын 15 орчим хувь нь алгоритмын дагуу санал болгогдоно хэмээн мэдэгдээд байсан юм. Гэвч нүүр хуудсанд огт танихгүй хүний санамсаргүй агуулга гэнэт гарч ирэх нөхцлийг бүрдүүлсэн уг өөрчлөлт нь хэрэглэгчдэд таалагдсангүй. Instagram-ийн хамгийн их дагагчтай хэрэглэгчдэд тооцогдох Ким Кардашиан, Кайли Женнер нар "Make Instagram Instagram Again" хэмээх давлагааг эхлүүлсэн нь сая сая хэрэглэгчдийг нэгтгэжээ. Үүний дараа Instagram-ийн тэргүүн А.Моссери хэрэглэгчдийн хүсэлтийг хүлээн авч, зарим шийдвэрээ буцаах болсноо зарласан. Гэсэн ч тэрээр гэрэл зургаас видеог гол болгож, Reels-ийг нэн тэргүүнд тавих уг оролдлогоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн нь апп-ын гол амин шинжийг алдагдуулах аюултайг шинжээчид сануулсаар байна.
Өнгөт орчлон: АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден дэлхийн хамгийн хүчирхэг телескоп James Webb-ээс ирүүлсэн анхны өнгөт зургийг танилцууллаа. Ил болгосон нийт таван зураг нь хүн төрөлхтний сансар огторгуйн талаарх төсөөлөлд шинэ өнцөг нэмсэн гайхалтай бүтээл болсныг тэрээр онцолжээ. 18 ширхэг зургаан талт толиор тоноглогдсон уг төхөөрөмж 13 тэрбум жилийн тэртээх орчлон ертөнц анх үүсэж байх үеийн гэрлийг барих чадалтай гэгдэж буй. Эхний зургууд дунд 2-5 тэрбум гэрлийн жилийн цаана орших Hercules A галактик, 150 сая пикселийн нягтаршилтай таван галактикийг нэг дор харуулсан "Stephen's Quintet", сүүн замын ард нуугдах оддын мананцар бүхий "Carina Nebule" зэрэг багтсан байна.
Хүлээх: Marvel-ийн ирээдүйн зураглалыг танилцуулав
Эмээх: Хятадын 970 сая иргэдийн хувийн мэдээлэл алдагдав
Бахдах: Монгол сурагчдын гайхалтай амжилт
Ангайх: Саудын Араб улс 500 тэрбумын хот бүтээнэ
Турших: Amazon эрүүл мэндийн салбарт өрсөлдөнө

НАЙМДУГААР САР: Шүүх + Үер + Цөм
Маргаантай шийдвэр: ОХУ-ын шүүх WNBA-ийн од Б.Грайнерт 9 жилийн хорих ял оноосноо зарлалаа. Олимпын хошой аварга Грайнер өнгөрсөн 2-р сард хар тамхи биедээ авч явж байсан хэргээр баривчлагдаад байсан юм. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден түүнийг ялтан солилцох гэрээгээр эх орондоо авчрах талаар хэлэлцэж эхэлсэн. Энэ үйл явц өнгөрсөн 12-р сард л дуусаж, Оросын зэвсгийн худалдаачнаар сольж авчрах тохиролцоонд хүрсэн билээ.
Цөмийн инновац: Домогт энтрепренер Билл Гэйтсийн үүсгэн байгуулсан TerraPower БНСУ-ын хамгийн том эрчим хүчний компани SK тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 750 сая долларын санхүүжилт татлаа. Тус компани илүү хямд бөгөөд хялбар технологи бүхий цөмийн реактор байгуулахаас гадна цөмийн изотопын технологийг хөгжүүлж, зарим төрлийн хорт хавдрын эмчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.
Аймшигт үер: Нутгийн зүүн өмнөд хэсгээр ширүүн үргэлжилсэн аадар борооны улмаас үер бууж, 1000 гаруй хүн амиа алдсан харамсалтай үйл явдал тохиолоо. Албаны тооцоогоор 30 сая гаруй хүн уг үерт өртсөн бөгөөд 700 мянган айлын гэр усанд автжээ. Энэ жил борооны улирлын үеэр буусан хур тунадасны хэмжээ жилийн дунджаас 700 хувиар давсан гэсэн тооцоо гарчээ.
Хүлээх: NASA сансарт үйлдвэр барихыг хүсэж байна
Хэрэглэх: Samsung-ийн шинэ нугардаг утас зарлагдлаа
Мэдэх: WeWork-ийн үүсгэн байгуулагч түрээсийн байрны үйлчилгээ нээнэ
Үзэх: House of Dragon рекорд тогтоов
Эмээх: Н.Пелоси Тайванд айлчилсан нь эрсдэл үүсгэв
Санал болгох: БУУХИА ТОЙМ 2022: Амьдрах орчин
TenGer TV

ЕСДҮГЭЭР САР: Баяртай + хамгаалагч + тЭМЦЭЛ
Баяртай, хатан хаан: Их Британийн хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгслөө. Ердөө 25 насандаа буюу 1952 онд хатан хаанаар өргөмжлөгдсөн тэрээр тус улсын түүхэнд хамгийн удаан төрийн эрхийг барьсан эрхэм байлаа. Энэ оны эхээр ковидоор өвчилсөн тэрээр сүүлийн үед биеийн байдлын улмаас өөрийн зуны өргөө Балморалд голцуу цагаа өнгөрүүлж байсан юм. Түүний биеийн байдлыг муудсан даруйд ойрын гэр бүлийн гишүүд нь Шотландад цуглаж, амьсгал хураах үед нь дэргэд нь байсныг ордноос тодотгожээ. 70 гаруй улс, орныг эгнээндээ нэгтгэсэн эзэнт гүрнийг хүлээн авсан тэрээр нийгэм, улс төр, эдийн засгийн шилжилтийн сорилттой үеийг давж, хамтын нөхөрлөлийн орны системээс хүйтэн дайны адармаатай үеийг гэрчилж, Европын холбоо үүсэх, түүнээс гарах үед ч ард түмнээ манлайлсан хүн төрөлхтний түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдэх дүр байлаа. Тэрээр ард түмэндээ хайрлагдсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лидер байсан нь энэ өдрүүдэд цацагдаж буй дурсамж, дурдатгал, хүндэтгэлээс тодхон харагдана.
Дэлхийг хамгаалагч: Хүн төрөлхтөн анх удаа сансрын биетийн хөдөлгөөнд нөлөөлж, дэлхийг хамгаалах туршилтыг амжилттай хийлээ. 2015 оноос эхтэй DART төслийн хүрээнд эрдэмтэд өнгөрсөн арваннэгдүгээр сард хөөргөсөн 550 км-ийн жинтэй сансрын аппарат 11 сая км-ийн хол орших Диморфос хэмээх астеройдыг амжилттайгаар онож мөргөжээ. Уг мөчийг хүн төрөлхтөн шууд камерын бичлэгээр гэрчилсэн нь ч сэтгэл хөдөлгөм байв. NASA-ийн бай нь 1996 онд анх нээгдсэн Дидим-Диморфос нэртэй хос астеройд байсан юм. DART-ийн аппарат 24 мянган км/цагийн хурдтайгаар арай жижиг буюу 160 метрийн диаметртэй Диморфосыг мөргөсөн нь энэ. Уг мөргөлт нь тус биетийн том астеройдоо тойрон эргэдэг хугацааг 73 секундээр багасгаж, улмаар хоорондын зай ойртон тойрог зам өөрчлөгдөх нөлөө үзүүлнэ гэж тооцож байна. Энэ нь ирээдүйд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх дадлага болох ач холбогдолтой.
Ираны тэмцэл: 22 настай Махса Амини хэмээх оюутан бүсгүй толгойн алчуураа буруу зүүсэн гэх шалтгаанаар баривчлагдан, улмаар амиа алдсан нь Ираны ард түмнийг жагсахад хүргэлээ. Улс даяар 40 гаруй хотод мянга мянган иргэд эсэргүүцлийн жагсаал хийж эхэллээ. Одоогоор 30 гаруй хүн амиа алдсаны дотор парламентийн 5 гишүүн байсныг эх сурвалжууд мэдээлж байна.
Мэдэх: Б.Обама Эмми хүртэв
Хэрэглэх: Adobe Figma-г худалдаж авав
Гайхах: Tesla робот танилцуулагдлаа
Турших: Meta текстийг видео рүү хөрвүүлэгч технологи бүтээжээ
Үзэх: Spider Man: No Way Home бүх цаг үеийн жагсаалтын 6-д бичигдэж эхэллээ

АРАВДУГААР САР: Гунигт Үдэш + Шинэ утас + Түүхэн өсөлт
Гунигт үдэш: Сөүл хотын Итэвон орчимд болсон сүнсний баярын цугларалтаас үүдэлтэйгээр хамгийн багадаа 151 хүн амиа алдсан харамсалтай хэрэг боллоо. 100 мянга гаруй хүн нэгэн дор цуглаж, хэт их бөөгнөрөл үүссэнээс хүмүүс шахагдаж, агаар дутагдсан нь нас баралтын гол шалтгаан бололтой. БНСУ-ын ерөнхийлөгч орон даяар гашуудал зарлаж, учир шалтгааныг тодруулна гэдгээ амаллаа.
Түүхэн өсөлт: Apple-ийн борлуулалтын орлого 90.1 тэрбум байсан нь Wall Street-ийн таамгыг давсан хэрэг боллоо. iPhone, Mac, iPad, Apple Watch гээд бүх төхөөрөмжийн борлуулалт өнгөрсөн жилийн мөн үеийнхээс давсан байна. Энэ жил шинээр танилцуулсан iPhone 14-ийн борлуулалтын үзүүлэлт ихээхэн анхаарал татаж байна.
Шинэ утас: Google-ийн хамгийн өндөр хүлээлттэй байсан төхөөрөмж нь Pixel 7 байв. Шинэ загвар Tensor 2 чипээр тоноглогдсоноор хүчин чадал нь мэдэгдэхүйц нэмэгдэж, сельфи камера нь 10.8 мегапиксел болон сайжирч, батарейгаа 3 өдөр хүртэл хадгалах боломжтой болсон байна. Гэхдээ энэ өдрийн гол анхаарал Google-ийн анхны Pixel брэндийн ухаалаг цаг Pixel Watch руу чиглэв. FitBit-ийн эрүүл мэндийн функцүүдийг шингээсэн, Samsung-ийн Exynol 9110 чиптэй, Gorilla Glass 5 дэлгэцтэй уг цаг 349 доллараас эхлэн зарагдана. Зөвхөн хэрэглээ төдийгүй дизайны хувьд зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч болох магадлал өндөр байна. Тэрчлэн Google ирэх жил худалдаанд гарах Pixel Tablet-ийн анхны мэдээллээ ил болголоо.
Бахдах: 2022 оны Нобелийн шагналтнууд тодорлоо
Мэдэх: Хятадын коммунист намын хурал явагдлаа
Унших: The Booker Prize-ийг Шри Ланка зохиолч хүртлээ
Гайхах: Motorola урсаж сунгагддаг дэлгэцний загвар танилцууллаа
Анхаарах: Их Британи /дахиад/ шинэ ерөнхий сайдтай боллоо

АРВАННЭГДҮГЭЭР САР: Түүх + Хуваагдал + Дампуурал
Түүхэн амжилт: Түүний хамгийн сүүлд гаргасан "Midnight" цомгийн 10 дуу Биллбордын жагсаалтын топ 10-т бичигдсэн нь түүхэнд бичигдэх үйл явдал боллоо. Т.Свифтын хувьд карьертаа 9 дэх удаагаа №1 дуутай болж байгаа нь энэ. Ийм амжилтыг Биллбордын түүхэнд хэн ч гаргаж байгаагүй. Хамгийн дөхөх нь 2021 онд Drake-ийн 9 дуу нь шилдэг аравт багтаж байсан нь аж. Харин топ 5-ыг бүгдийг нь эзэлж байсан амжилтыг 1964 онд домогт The Beatles гаргаж байжээ.
Гэнэтийн дампуурал: Дэлхийн гурав дахь том крипто бирж FTX дампуурлаа зарлалаа. Нэгэн үе 32 тэрбум доллараар хэмжигдэж байсан FTX-тэй хамаарал бүхий 130 гаруй компани, түүн дотор нөлөө бүхий арилжааны фирм Alameda Research мөн үйл ажиллагаагаа зогсоож байна. Үүсгэн байгуулагч С.Банкман-Фрайд хормын дотор салбарын хамгийн их үзэн ядагдсан эрхэм болж хувирав. Сарын эхээр CoinDesk-ийн гаргасан мэдээнд С.Банкман Фрайд Alameda-аар дамжуулан нарийн төвөгтэй хэд хэдэн гүйлгээний эцэст FTX-ийн биржийн үндсэн токен FTT-д ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь ил болсон. Үүнтэй холбоотойгоор хөрвөх чадварын асуудал хөндөгдөж, улмаар Binance-аас эхлээд томоохон ходлерууд токеноо зарж эхэлсэн юм. Зөвхөн нэг өдөрт л гэхэд 5 тэрбум доллартай тэнцэхүйц татан авалт хийгдэж, үнэлгээ нь бүр 80% хүртэл унасан нь нэг шалтгаан байлаа.
Төгс хуваагдал: 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг тодорхойлно хэмээн буруудахгүй завсрын сонгуульд Ардчилсан нам төсөөлснөөс өндөр амжилт үзүүллээ. Тэд Сенатын танхимд нийт 50 суудалтай болсноор давуу байдлаа хадгалж үлдэж чадав. Бүгд найрамдахчуудын хувьд Пеннсилванид хадгалж байсан тойргоо алдаж, ойролцоо өрсөлдөөнтэй явсан тойргууддаа ялалт байгуулж чадсангүй. Харин Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдахчууд олонх болох төлөвтэй байгаа. Одоогоор 212 тойрогт ялалт байгуулаад байгаа тэдэнд олонх болоход ахиад 6 суудал л хэрэгтэй. Ардчилсан нам 202 суудлаа баталгаажуулаад байгаа юм.
Дурсах: Хүн төрөлхтөн 8 тэрбумуулаа боллоо.
Унах: Toyota Prius-ийн шинэ загвар ил боллоо
Бахдах: Artemis-ийн эхний нислэг амжилттай боллоо
Хэрэглэх: Google 1000 хэлтэй AI бүтээнэ
Мэдэх: Renault бизнесээ тав хуваана

Санал болгох: БУУХИА ТОЙМ 2022: Шинжлэх ухаан, технологи, инновац
TenGer TV
АРВАНХОЁРДУГААР САР: Хямрал + Цом + Онцлох
Хятадын хямрал: Тэг ковид" бодлогыг хэрэгжүүлсээр байсан Хятадад нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тоо 3 өдөр дараалан дээд үзүүлэлтээ эвдлээ. 12-р сарын эхээр өдөрт бүртгэгдсэн халдварын тоо анх удаа 35 мянгыг давсан нь дөрөвдүгээр сарын оргил үеэс даруй 20%-аар илүү үзүүлэлт юм. Улс дамнасан эсэргүүцлийн жагсаалтай зэрэгцэн эрх баригчид хөл хориог цуцалж, нэг ёсондоо "бууж өгснөө" мэдэгдсэн нь онцлох үйл явдал боллоо. Тэд 1-р сарын 8-аас эхлэн олон улсад хилээ нээхээ албан ёсоор мэдэгдсэн билээ.
Онцлох хүн: Time сэтгүүл 1927 оноос хойш эхлэн тодруулж байгаа "Оны хүн"-ээ нэрлэлээ. 2022 оны онцлохоор Украины ерөнхийлөгч В.Зеленски болон "Украины хүсэл зориг"-ийг илэрхийлэгчдийг тодруулжээ. Time сэтгүүл түүний "хоёрдугаар сарын 24-нд ОХУ анхлан довтлоход Киевийг орхилгүй үлдсэн" шийдвэрийг нь тодотгосон байв.
Алтан цом: Катар улсад явагдсан хөлбөмбөгийн ДАШТ-д Аргентин улс түрүүлж, 3 дахь удаагаа алтан цомыг өргөлөө. Тэд хамгийн сүүлд 1986 онд домогт Д.Марадонагийн тэргүүлэл дор дэлхийн аварга болж байв. Харин энэ жилийн гол дүр нь Лионель Месси байв. Клубын түвшинд 30 гаруй том цомыг хүртэж, дэлхийн шилдэг тоглогчоор 6 удаа тодорсон түүний цуглуулгад зөвхөн дэлхийн аваргын цом л дутуу байсан. Энэ удаад тэрээр хасагдах шатны тоглолт бүрд гоол оруулж, тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдэж, карьерын хамгийн чухал ялалтаа байгуулж чадлаа. Одоо түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг хэмээн цоллоход буруудах зүйл огтхон ч үгүй.
Турших: ChatGPT-ийн тэсрэлт олон боломж үүсгэнэ
Бахдах: Цөмийн нэгдэх урвалын туршилт амжилттай боллоо
Анхаарах: Хамгийн урт жагсаал төв талбайд явагдлаа
Мэдэх: Facebook түүхэн торгууль төлнө
Гайхах: Өтний нүх үүсгэх туршилт хийгджээ


Сэтгэгдэл бичих (1)


F Fabien 2023.01.21 197.234.221.158
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com