Шинэ долоо хоногийн мэнд. Өнөөдрийн тойм 1239 үгээс бүрдэнэ. Танд бүрэн уншиж дуусгахад ердөө 7 минут л хэрэгтэй.

Ковертоо онцолсон дэлхийг тэтгэх аварга луувангаар бид 2020 оны Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн Дэлхийн Хүнсний Байгууллагыг алдаршуулахыг зорилоо.

1 гол сэдэв

2020 оны Нобелийн шагналтнуудын нэрс энэ долоо хоногт тодорлоо. Энэ жилийн ялагчдын мөнгөн урамшууллын хэмжээ 1.1 сая доллар бөгөөд эдийн засгийн салбарын ялагчдын нэрс даваа гарагт тодорхой болох юм.

Энх тайван: Дэлхийн Хүнсний Байгууллага

1961 онд байгуулагдсан НҮБ-ын харьяа агентлаг зөвхөн 2019 онд 88 орны 100 сая гаруй хүнд хүнсний тусламж хүргэсэн гэнэ. Цар тахлын үеэр ядуурал улам нэмэгдэж, хүнс, уураг тэжээлийн дутагдал зарим бүс нутгуудад эрс тулгамдсан асуудал болж байгаатай холбоотойгоор энэ байгууллагын үйл ажиллагааны ач холбогдол нэмэгдэж байгааг шагнал гардуулагчид онцолжээ. Энэ жил 107 байгууллага, 211 хувь хүн нэр дэвшжээ.

Утга зохиол: Л.Глюк /АНУ/

Америкийн хамгийн алдартай яруу найрагчдын нэг Л.Глюк бол 1962 оноос хойш уран бүтээлээ туурвиж эхэлсэн, хүртэж болох бүх шагналыг өөрийн болгосон нэгэн. Сонирхуулахад, түүний "Хуурмаг жүрж", "Аргаа барсан зөгнөл", "Живсэн жаалууд" зэрэг бүтээлийг нь Г.Аюурзана орчуулан "Дэлхийн сонгомол яруу найраг" номдоо оруулсан билээ.

Дэлгэрэнгүйг: New Yorker | NYTimes | The Guardian

Физик: Р.Пенроуз /АНУ/, Р.Генцел /Герман/, А.Гез /Герман/

1965 онд хар нүх үнэхээр оршин байдгийг нотолж, Эйнштейний харьцангуйн онол дээр суурилан бүтцийг нь тайлбарласан ажлаараа нэр алдрын оргилд хүрсэн алдарт физикч Сир Рожер Пенроузыг Нобелийн шагнал хүртэх нь цаг хугацааны асуудал л хэмээн үздэг байсан юм. Харин Генцель, Гез нар манай галактикийн төвд нарнаас 4 сая дахин хүнд масс бүхий объект байгааг нээснээрээ энэ шагналын эзэн болов. Тэд халуун хийн үүлээр хүрээлэгдсэн уг объектыг цацраг туяа бүртгэх замаар оршин байдгийг нь нотолсон аж.

Дэлгэрэнгүйг: Scientific America | Times of India | The Atlantic

Хими: Э.Шарпантье /Франц/, Ж.Дудна /АНУ/

Сүүлийн үед удамшлын өвчин, хорт хавдрыг эмчлэх зорилгоор өргөн ашиглагдаж буй ген засварлах технологи буюу CRISPR-ийг боловсруулсан эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ. 2012 онд олон нийтэд ил болсон уг аргачлал молекулын шинжлэх ухаанд хувьсгал хийсэн хэмээн онцолсон байна. Химийн салбарт анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг шагнал хүртсэн нь энэ.

Дэлгэрэнгүйг: Vox | Nature | Time

Анагаах ухаан: Х.Алтер /AНУ/, Ч.Райс /АНУ/, М.Хоутон /Их Британи/

Физиологи, анагаах ухааны салбарын шагналтнууд гепатит С вирусыг нээсэн нь "жил бүр сая сая хүний амийг аварч, шинэ эмчилгээ болон шинэ эмийг нэвтрүүлэх боломж олгосон хэмээн Нобелийн хорооноос онцолжээ. Алтер 1988 онд арав гаруй жилийн судалгааны үр дүнд, шинэ вирусийг нээснийг дараагийн жил нь Райс болон Хоутон нарын багийн судалгаа баталсан түүхтэй. Энэхүү элэгний архаг үрэвслийн халдвараар жил бүр 71 сая хүн өвчилдөг бөгөөд 400 мянган хүн амиа алдсаар байна.

Дэлгэрэнгүйг: The Conversation | IE | NYTimes

2 чухал тоо

4709 - "Twitter"-ийг үүсгэн байгуулагч Ж.Дорсигийн удирддаг финтек стартап Square 50 сая долларын үнэлгээтэй 4709 ширхэг биткойн худалдан авснаа зарлалаа. Тэд биткойныг "ирээдүйн мөнгөн тэмдэгт" хэмээн итгэж хөрөнгө оруулсан нь тэр аж. Биткойны үнэ 10 мянган доллар даваад байгаа билээ.

1600 - Денверт төвтэй "Boom Supersonic" нэртэй стартап 1600 км/цаг хурдлах хүчин чадалтай супер онгоцны анхны загвараа танилцууллаа. 80 хүн тээвэрлэх чадалтай уг онгоц 2029 он гэхэд арилжааны зориулалттайгаар замд гарах бөгөөд Нью-Йоркоос Лондон хүртэлх, долоон цаг зарцуулдаг аяллыг 3.5 цаг болгон бууруулах боломжтой юм.

3 онцлох зүйл

АНУ: Ирэх сард явагдах, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эцсийн шатандаа орж буй энэ мөчид дэд ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн мэтгэлцээн явагдлаа. Хэдий цар тахал, дэд бүтэц, гадаад харилцаа зэрэг өргөн хүрээнд өрнөсөн уг мэтгэлцээнд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисын ялимгүй давамгайлсан гэж хэлж болох ч гол дүр нь М.Пенсийн толгой дээр суусан ялаа байлаа. Мөн Ковид туссан нь батлагдсан Д.Трамп эмнэлгээс чөлөөлөгдөж, сурталчилгааны ажилдаа ороод байна. Одоогоор бараг ихэнх экспертүүд Ж.Байденыг илт давуу ялна хэмээн үзсээр байгаа билээ.

Кыргызстан: Өнгөрсөн долоо хоногт явагдсан сонгуулийн дүнг эсэргүүцэгчид эмх замбараагүй байдал үүсгэснээр Кыргызстан улс даяар 10-р сарын 21 хүртэл онц байдал тогтоод байна. Жагсагчдын шаардлагаар эрх баригч намуудын дахин ялалт байгуулсан сонгуулийг хүчингүйд тооцож, ерөнхий сайд огцорсон ч байдал намжсангүй. Төв талбайд өрнөж буй үймээн самууны улмаас нэг хүн амиа алдаж, 1000 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд жагсагчид засгийн газрын байруудыг тонож, зарим улс төрчид руу зэвсэгт этгээдүүд халдсан хэрэг гарчээ. Ерөнхийлөгч С.Жээнбеков эрх мэдлийн төлөө улайран зүтгэж, хууль бусаар төрийн эрхийг авахаар санаархаж буй талуудыг улсын эрх ашгийг нэгт тавин эвлэрэхийг уриалж, тайван замаар эрх мэдэл дамжуулсны дараагаар огцрох болно гэдгээ мэдэгджээ.

БНХАУ: Дэлхий даяар коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо нэг өдөрт 350 мянгаар нэмэгдэж, олон орон хоёр дахь давлагаанд өртөн, рекорд үзүүлэлтээ давсаар буй энэ үед Хятадад жил бүрийн уламжлалт "Алтан долоо хоног" нь үргэлжилж байна. Энэ үеэр нийт 637 сая хүн дотоодын аялал хийж, нийт 68.6 тэрбум доллар зарцуулсан нь эдийн засгийг сэргээхэд онцгой нөлөө үзүүлэх болно хэмээн эрх баригчид мэдээлсэн байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 21 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын дүр зургийг тодорхойлоход чухал үйл явдал боллоо хэмээн үнэлэгдэж байна. Дотооддоо халдвар алдаагүй сарын нүүр үзэж буй Хятадад ердөө 205 хүн л ковидын улмаас эмчлэгдэж байгаа гэнэ.

Үнэхээр 2020 он мөн гэж үү?

4 мэдүүштэй баримт

Шинэ ертөнц: Одон орончид өөр оддын системд байрлах гарагийн зургийг анх удаа авч чаджээ. Чилид байрлах VLT телескопын тусламжтайгаар тэд 63 гэрлийн жилийн зайд орших "b Pictoris C" нэртэй гарагийн дүрслэлийг үүсгэсэн нь энэ юм.

Цахилгаан завь: Ниагарийн хүрхрээ жуулчдыг тээвэрлэх бүрэн цахилгаанаар ажиллах завийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Ердөө 7 минутад бүрэн цэнэглэгдэх нь уг завины гол давуу тал. Сонирхуулахад, анхны цахилгаан завийг Норвеги улс 2015 онд танилцуулж байжээ.

Нууртай солир: NASA-ийн эрдэмтэд "Bennu" нэртэй астеройдын гадаргуугаас эртний нуурын судлын ул мөр илрүүлсэн байна. Энэ нь 500 метрийн диаметртэй тус биетийн анх тасарсан эх гараг нь устай байсан байж болзошгүйг харуулж байгаа юм. Уг нээлт нь дэлхий дээр амьдрал үүсэх эхний нөхцөл нь гаднын биетээс улбаатай байх боломжтойг ч мөн баталсан хэрэг болж байгаа юм.

Нохойн AR: Америкийн зэвсэгт хүчин нохойнд зориулсан AR технологи бүхий зүүвчийг хөгжүүлжээ. Уг төхөөрөмжийн тусламжтайгаар тусгай ажиллагааны үеэр нохойнд алсын зайнаас урьдчилан сургасан зааварчилгаа, тушаалыг өгөх боломжтой болно гэнэ.

5 сонин хачин

1. 109 жилийн түүхтэй аварга компани IBM бизнесээ хоёр салгах төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ хүрээнд тус компани 19 тэрбум долларын борлуулалт, 90 мянган ажилтантай мэдээллийн технологийн дэд бүтэц, үйлчилгээний бизнесээ тусад нь гаргаж, 59 тэрбум долларын борлуулалт бүхий хайбрид үүлэн технологи, AI бизнестээ төвлөрөн үлдэх гэнэ. Дөрөвдүгээр сард CEO-оор томилогдсон Арвинд Кришнагийн энэхүү төлөвлөгөөг хөрөнгө оруулагчид өндрөөр үнэлж, хувьцааны үнэлгээ нь долоон хувиар нэмэгджээ.

2. "Pixar" Зул сарын үеэр гаргах шинэ уран бүтээл "Soul"-ийг онлайн орчинд, "Disney+" платформоор нээнэ гэдгээ мэдэгдлээ. Цар тахлын улмаас гол зах зээлийн кино театрууд одоог хүртэл хязгаарлагдмал байгаа нь энэ шийдвэрийг гаргахад хүргэжээ. "Disney" үүнээс өмнө "Mulan"-ийг 30 ам.долларын үнэтэйгээр онлайнаар цацсан билээ. "Disney+"-ийг одоогоор 60 сая хэрэглэгч ашиглаж байгаа гэнэ.

3. Автомат удирдлагатай дрон ашиглан интернэт түгээх зорилготой "SoftBank" болон "Alphabet"-ийн хамтарсан "Sunglider" төсөл анхны туршилтаа хийлээ. Нарны эрчим хүчээр цэнэглэгддэг уг дрон 18 км-ийн өндөрт хөөрч, LTE сүлжээг амжилттай цацсанаараа дэлхийд анхдагч боллоо хэмээн талууд онцолжээ.

4. Ажлын харилцааны тэргүүлэх платформуудын нэг Slack 2020 онд багтаан "стори" оруулдаг нэмэлттэй болно гэнэ. Instagram, Snapchat-тай төстэй энэ нэмэлт нь ажлын орчинд илүү хурдан мэдээлэл солилцох, уур амьсгал бүрдүүлэхэд нэмэртэй хэмээн үзэж байгаа гэнэ. Мөн тэд хэрэглэгчид шууд аудио чат хийх, бусад компанийн сувгууд руу холбогдох зэрэг шинэчлэлүүд хийхээр зэхэж байгаа ажээ.

5. Gmail классик дугтуйн хэлбэртэй логогоо шинэчилж, шинэ өнгө төрхтэй болж байгаагаа зарлалаа. Энэхүү шинэчлэл нь GSuite брэндийн нэрээ сольж, Google Workspace болж байгаагийн хүрээнд хийгдэж байгаа шинэчлэл гэнэ. Google-ийн хувьд Gmail, Docs, Chat-ийг нэгтгэсэн цогц үйлчилгээг хүргэх зорилготой нь энэ билээ.

10 унших мэдээ

Хүлээх: iPhone 12-ийн эвентийн талаар мэдэх ёстой бүх зүйл /The Verge/

Үзэх: Xbox Series X-ийн анхны трэйлэр /Youtube/

Ойлгох: Яагаад вакцин бүтээх хэцүү байдаг вэ? /BBC/

Унших: BTS-ийн ярилцлага /Variety/

Мэдэх: Армени, Азербайжаны мөргөлдөөнийг тайлбарлах нь /Vox/

Сонирхох: Хойд Солонгос шинэ зэвсгээ ёслолын жагсаалын үеэр ил болгов /WP/

Бэлдэх: Принтерээ авсан уу? /Quartz/

Тэмцэх: Epic vs Apple-ийн эргэн тойронд /Techcrunch/

Гайхах: Кино театруудын бүрхэг ирээдүй /CNBC/

Анзаарах: Microsoft-ийнхон гэрээсээ ажиллана /Forbes/