1 гол сэдэв

Юу болов?

TikTok-ийн шинэ эзэд тодорлоо. Удтал хүлээгдэж, бөөн эргэлзээтэй нүүр тулсан шийдвэр гарч, TikTok-ийн Америк дахь үйл ажиллагааг удирдах хөрөнгө оруулагчдын консорциумын нэр тодорхой боллоо. Уг консорциумд Oracle, Silver Lake, Andreessen Horowitz зэрэг тэргүүлэх технологи, венч хөрөнгө оруулалтын компаниуд багтжээ.

Тэгээд?

Эдгээр компаниуд TikTok-ийн бизнесийн 80%-ийг удирдана. Харин үлдсэн 20% нь TikTok-ийн үндсэн эзэн Bytedance-д харьяалагдах юм. Америкт үйл ажиллагаа явуулах апп-ын суурь дэд бүтэц Америкт байршиж, дата мэдээлэл, аюулгүй байдал ч мөн адил Америкт хамаарна. Харин апп-ын алгоритмыг Bytedance лицензийн нөхцөлтэйгээр ашиглуулна гэв.

Одоо яах вэ?

Энэ тохиролцоог эцэслэхтэй холбоотойгоор АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп TikTok-ийг бүрэн хаах эсэх хоригийг 4 дэх удаагаа сунгаж байгаагаа зарлалаа. Тэрээр БНХАУ-ын удирдагч Ши Жинпинтэй баасан гарагт холбогдож, TikTok-ийн нөхцлийг хэлэлцэх гэнэ. Талууд худалдааны тарифын хэлэлцээрт зөвхөн АНУ-д л гэхэд 100 сая хэрэглэгчтэй TikTok-ийг маш чухал оролцогч тал хэмээн үзэж байгаа юм.

2 чухал тоо

15 - Америкийн телевизийн салбарын шилдгүүдийг нэрлэдэг уг шоу энэ жил 77 дахь удаагаа явагдсан юм. Энэ жилийн гол од нь Netflix-ийн “Adolescence” байж, хамгийн их буюу 6 шагналыг хүртлээ. 15 настай О.Күүпер богино цувралын төрөлд хамгийн залуудаа шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн амжилтын эзэн боллоо. Наадмын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох драма төрлийн шилдэг киногоор HBO-ийн бүтээл “The Pitt” тодров. Тус киноны од Н.Вайл мөн шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорчээ.

Дэлгэрэнгүйг: Эмми 2025: Онцлох мөчүүд

Unread

799: Meta-ийн танилцуулсан шинэ төхөөрөмж ухаалаг шилний хэрэглээг шинэ түвшинд авчрав. Хэдийгээр М.Цукербергийн тайзан дээрх демо бүтэлгүйтсэн ч 799 долларын үнэтэй, бугуйвчаараа удирдах шинэ шилний тойм маш эерэг байгааг энд онцлох хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг: Meta Connect 2025: Виртуал ертөнцийг улам ойртуулав

Unread

3 онцлох өгүүлбэр

I. Nvidia Intel-д хөрөнгө оруулна

- Тэд хагас дамжуулагчийн салбарын гол өрсөлдөгч компанидаа 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх болжээ. Энэ бол зах зээлд маш том нөлөө үзүүлэх хэлцэл. Талууд РС, дата төвийн чип үйлдвэрлэлийн чиглэлд хамтрах юм. Ингэснээр уг зах зээлийн лидерүүд болох TSMC, AMD-ийн борлуулалт буурах эрсдэл үүсэж байна.

- Америкийн технологийн салбарын бэлгэ тэмдэг болсон Intel-ийн хувьд сүүлийн жилүүдэд санхүүгийн хүнд байдалтай нүүр тулаад байсан ч хэдхэн сарын дотор хамгийн ирээдүйтэй компаниудын нэг болж хувирлаа. АНУ-ын засгийн газар 10 тэрбум доллартай тэнцэх санхүүжилтээр тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг болсон нь зах зээлд эерэг мессеж болсон. Nvidia-аас гадна Softbank тус компанид хөрөнгө оруулж байгаагаа зарласан билээ.

- Энэ мэдээний дараа Intel-ийн хувьцааны ханш 29%-аар нэмэгджээ.


II. Д.Трамп H1-B визийн хураамжийг нэмлээ

- Энэ бол гадаадаас өндөр ур чадвартай мэргэжлийн ажиллах хүчийг татах зориулалттай виз юм. Тэрээр компаниуд уг визийн зориулалтыг хэтрүүлэн ашиглаж, америкчуудын ажлын байрыг булааж байна хэмээн үздэг. Иймдээ ч уг визийг мэдүүлэхэд шаарддаг нэг удаагийн хураамжийг 100,000 долларт хүргэжээ.

- Цахиурын хөндийн технологийн компаниудад уг мэдээ хамгийн хүнд тусаж байна. H1-B визийг хамгийн их авдаг компаниудад Amazon, Tata, Google, Microsoft тооцогддог бол иргэншлээр авч үзвэл дийлэнх хэсгийг Энэтхэг, БНХАУ-ын иргэд бүрдүүлдэг гэнэ. Гэхдээ Цагаан ордны зүгээс уг зохицуулалт зөвхөн шинээр виз мэдүүлэхэд үйлчилнэ гэдгийг тодотгожээ.

- АНУ 2004 оноос хойш уг визийн олголтыг жилд 85 мянгаар хязгаарласан. Компаниуд ажилчдадаа виз олгохын тулд ойролцогоороор 1000 доллар төлдөг байжээ.


III. Швейцарь хамгийн инновацлаг улсаар нэрлэгдлээ

- НҮБ-аас жил бүр эрхлэн гаргадаг “Global Innovation Index”-ийг Швейцарь улс дахин тэргүүллээ. Тэд 139 орныг хамруулан гаргадаг уг чансааг 2011 оноос хойш тасралтгүй тэргүүлж байгаа юм. Жагсаалтын дараагийн байрт Швед, АНУ бичигджээ.

- 78 үзүүлэлтийг үндэслэн гаргадаг уг чансааны топ 10-т БНХАУ анх удаа бичигдсэн нь мөн онцлох үзүүлэлт боллоо. Тэд 10-р байрт, Германыг ардаа орхин орж иржээ.

- Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд нийт бүртгэгдсэн патентын 25%-ийг дангаараа бүрдүүлсэн Хятад улс шинжлэх ухаан, судалгаанд хамгийн их санхүүжилт олгож байгаа улсад тооцогдож байна.

4 мэдүүштэй зүйл

Хяналттай үйлчилгээ: OpenAI 18-аас доош насныханд зориулсан үйлчилгээ нь эцэг эхчүүдэд илүү хяналт авчирч, хүүхдүүдийн хайлтын мэдээлэлд хязгаарлалт тавих боломжтой болно хэмээн амалж байна. Сүүлийн үед ChatGPT ашиглан ёс бус хайлт, мэдээлэл авах, амиа хорлох чиглэл авах, хувийн мэдээллээ хуваалцах зэргээр хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж байна хэмээн мэдээлэл удаа дараах гарсан нь тэднийг хууль сахиулагчдын хараанд оруулаад байгаа. Мөн тэд хэрэглэгчдийн насыг таамаглах шинэ модель хөгжүүлж байгаагаа мэдэгдсэн байна.

Шинэ босго: Alphabet 3 их наядын үнэлгээтэй боллоо. Google-ийн толгой компани ийм амжилтад хүрсэн 4 дэх компани боллоо. Өмнө нь Nvidia, Microsoft, Apple л 3 их наядын босгыг давж байв. Яг 20 жилийн өмнө IPO хийж байсан тэд 10 гаруй жилийн өмнө групп компани болж, Alphabet-ийг байгуулж байлаа. Өнгөрсөн сард Холбооны шүүхээс Google-ийн монополийн асуудалд компанид таатай байдлаар шийдвэр гаргаж, Chrome, Search-ийг салгах, эсвэл зарах шаардлагагүй болсон нь хувьцааны ханшид эергээр нөлөөлж байгаа билээ.

Түүхэн үнэ: АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ онд анх удаа бодлогын хүүгээ 25 нэгжээр бууруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор алтны үнэ нэг унц нь 3722 долларт хүрч, түүхэн дээд рекордоо тогтоосон байна. Алтны үнэ зөвхөн 2025 он гарснаас хойш 30 гаруй хувиар нэмэгдээд байна. Харин 2024 онд 27%-аар нэмэгдсэн билээ. Үүний гол шалтгаан нь Төв банкууд дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай уялдаатайгаар алтны нөөцөө нэмэгдүүлж, мөнгөний бодлогоо зөөлрүүлсэнтэй холбоотой байв.

Нээлттэй компани: Stubhub нээлттэй компани боллоо. Хойд Америкийн онлайн тасалбар борлуулалтын тэргүүлэх платформуудын нэг өмнө нь 2 ч удаа IPO-оо хойшлуулсан. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сард Д.Трампын тарифын мэдэгдэлтэй холбоотой тэд нээлттэй компани болох үйл явцаа хойшлуулж байгаагаа зарласан юм. 2000 онд анх байгуулагдсан тэд 8.6 тэрбумаар үнэлэгдэж байна. 2007 онд eBay-д 310 саяар зарсан компаниа үүсгэн байгуулагч Э.Бэйкэр нь 2020 онд эргүүлэн худалдаж авсан сонирхолтой түүхтэй. Тэрээр энэ хооронд Европын топ тасалбарын платформ Viagogo-г мөн эхлүүлсэн билээ.

5 сонин хачин

1. "Demon Slayer: Infinity Castle” аниме киноны рекордыг эвдлээ. Японы зах зээлд нээлтээ хийсэн даруйдаа хит болж, хэдийнээ дэлхий даяар 300 сая долларыг цуглуулаад байгаа тус анимэйшн Хойд Америкийг байлдан дагуулж эхэллээ. Тэд нээлтийн долоо хоногтоо 70 сая долларын орлого олсон нь аниме киноны ангилалд түүхэн амжилт юм. Өмнөх дээд амжилтыг 1999 оны “Pokemon” 31 сая долларын орлогоор тогтоож байжээ.

2. Dota 2-ын хамгийн нэр хүндтэй тэмцээн “The International 2025”-ын ялагчаар Team Falcons тодорлоо. Германы Хамбург хотноо явагдсан финалд Хятадын “Xtreme Gaming”-ийг хожиж 1.1 сая долларын шагналын эзэд болжээ. The International-ийн хувьд цахим спортын хамгийн өндөр шагналын сантай, хамгийн их үзэгчтэй тэмцээнд тооцогддог билээ.

3. Латвийн Ригад явагдсан сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний финалд дэлхийн аварга цолыг эзэмшигч Германчууд Туркийн багийг 88:83-ын харьцаатайгаар буулган авч түрүүллээ. Германы лидер Д.Шрёдер сүүлийн 6 оноог авч багаа ялалтад хөтөлснөөр тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдсэн байна. Тэд өмнө нь 1993 онд уг тэмцээнд түрүүлж байжээ. Харин энэ тэмцээний сюрприз болсон Турк 2001 онд мөнгөн медалийн эзэд болж байв.

4. Coachella-ийн уран бүтээлчид зарлагдлаа. Поп хөгжмийн хамгийн алдартай фестиваль ирэх оны 4-р сард явагдах хуваарьтай. 2026 оны наадмыг өнөө цагийн энтертэйнмент ертөнцийн өнгийг тодорхойлогчид болох Жастин Бибер, Сабрина Карпентер нар тэргүүлэн оролцох болжээ. Мөн 34 настай Колумб дуучин Karol G гол тайзан дээр тоглох анхны латин америк артист болж байгаа нь анхаарал татав. Энэ жилийн хувьд Их Британийн алдарт амьд хөгжмийн хамтлаг The Strokes Coachella-д уран бүтээлээ хүргэх болжээ.

5. Америкийн хамгийн алдартай үдшийн шоуны хөтлөгч Жимми Киммель өнгөрсөн долоо хоногт амиа алдсан Ч.Киркийн талаар зохисгүй хандлага гаргаж, үг хэлсэн нь нийгмийг талцуулаад байсан. Үүнтэй холбоотойгоор түүний хөтлөн явуулдаг шоуг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа ABC телевиз зарлажээ. АНУ-ын зохицуулах байгууллагаас ABC-ийн лицензийг цуцлах хүртэл арга хэмжээ авна хэмээн дарамталсан талаар эх сурвалжууд мэдээлж буй. Зарим олны танилууд, медиа байгууллагууд “үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан” бүдүүлэг үйлдэл боллоо хэмээн Ж.Киммелийг дэмжиж байгаа тохиолдол ч гарчээ.