1 гол сэдэв

Юу болов?

Дэлхийн хамгийн баян эрхэм Илон Макс болон OpenAI-ийн шүүхийн маргааны тов гарлаа. Шүүх хурал дөрөвдүгээр сард эхлэх болжээ.

И.Маскийн хувьд OpenAI-ийг 2015 онд анхлан үүсгэн байгуулагчдын нэг, анхны хөрөнгө оруулагч гэдгээрээ алдартай. Гэсэн ч тэрээр компанийг хүн төрөлхтний сайн сайхны тулд хиймэл оюуныг хөгжүүлэх анхны зорилгоо умартаж, ашгийн төлөө бүтцийг санаатайгаар үүсгэсэн хэмээн буруутгаж байгаа юм. Тэрээр 2018 онд OpenAI-ийг орхисон. Улмаар өдгөө xAI хэмээх компанийг байгуулж, Grok нэртэй моделийг хөгжүүлж байгаа билээ.

Одоо яах вэ?

Заргынхаа хүрээнд И.Маск нийт 134 тэрбум долларыг OpenAI-аас нэхэмжилж байгаа юм. Тэрээр тус компанийн одоогийн хамгийн том хөрөнгө оруулагч Microsoft-ийг ч холбогдогчоор дууджээ. “И.Маск байгаагүй бол OpenAI байхгүй байх байлаа. Тэр өөрийн сэтгэл зүрх, хөрөнгө мөнгө, нэр хүндээ OpenAI-д зориулж, бяцхан санааг аварга бизнес болгох эхлэлийг тавьсан нь ямар ч маргаангүй хэрэг” хэмээн түүний албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Нөгөө талд?

Харин OpenAI-ийн хувьд уг заргыг “үндэслэлгүй” хэмээн үзэж байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа юм. Microsoft-ийн хувьд компанийн нэр хүндэд халдах санаатай кампанит ажиллагаа явуулсан, нэр төрд халдсан хэмээн эсрэг зарга үүсгэж байгаагаа мөн мэдэгдсэн байна. Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй AI модель ChatGPT-г хөгжүүлж буй OpenAI-ийн хувьд 700 сая хэрэглэгчтэй, зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум доллараар хэмжигдэж байгаа юм.

2 чухал тоо

4.000.000.000.000: Alphabet $4 их наядын үнэлгээтэй боллоо. Google-ийн толгой компани 4 их наядын клубын 4 дэх гишүүн болж байгаа юм. Тэдний өмнө Nvidia, Microsoft, Apple компаниуд ийм амжилт үзүүлж байв. Google-ийн хувьд 2025 онцгой байсан. Тэдний хөгжүүлж буй AI модель Gemini эрс сайжирсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 65%-ийн өсөлт үзүүлсэн билээ.

83: “Алтан бөмбөрцөг”-ийн шилдгүүд тодорлоо. 83 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг”-ийн гол од нь “One Battle After Another” байв. Л.Ди Каприогийн гол дүрийг нь бүтээсэн уг кино хамгийн их буюу 9 төрөлд нэр дэвшиж, шилдэг киноны шагналыг хүртэв. Харин телевизийн киноны төрөлд Netflix-ийн “Adolescence” хамгийн их буюу 4 төрөлд ялалт байгуулжээ. Энэ жил анх удаа олгосон шилдэг подкастын төрөлд Spotify-ийн “Good Hang with Amy Poehler” тэргүүлжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ: "АЛТАН БӨМБӨРЦӨГ"-ӨӨС ОНЦЛОХ 10 МӨЧ

Б.Саранчимэг/Unread

3 онцлох өгүүлбэр

I. Apple Google-ийг сонгожээ

- Дэлхийн хамгийн том ухаалаг төхөөрөмжийн экосистемийг эзэмшиж буй Apple-ийн хувьд AI-ийн өрсөлдөөнд “ялагдагч”-ийн эгнээнд бичигдэж буй. Тэгвэл тэд энэ удаад Google-тэй урт хугацааны стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, Gemini AI-г суурь моделиор ашиглах тохиролцоонд хүрчээ.

- Ингэснээр Apple-ийн хувьд ухаалаг туслах Siri-г AI-аар хүчирхэгжүүлэх, мөн төхөөрөмж хоорондын датаг хуваалцах гүүр болсон Apple Intelligence-ийг сайжруулах боломжтой боллоо. Apple энэ гэрээний хүрээнд Google-д жил бүр 1 тэрбум орчим долларын төлбөр төлнө гэнэ.

- Хамгийн сонирхолтой нь, саяхныг хүртэл Google Apple-д төлбөр төлдөг байсан. Тэд хайлтын системээ iPhone-ийн үндсэн хайлт болгох гэж Apple-д жилд 1 тэрбум доллар төлдөг байсан нь шүүхийн маргааны үеэр ил болсон. Зохицуулах байгууллагуудаас энэ нь шударга өрсөлдөөнийг зөрчсөн хэрэг болсон хэмээн хориг тавиад байгаа юм.


II. Wikipedia 25 нас хүрлээ

- Онлайн ертөнцийн хамгийн том толь бичиг болсон Wikipedia 2001 оны 1-р сарын 18-нд нээгдэж байсан юм. Энэ цагаас хойш зөвхөн англи хэл дээр л гэхэд 7 сая гаруй нийтлэл бичигдэж, сард 7 тэрбум хандалттай аварга санг үүсгэж чаджээ. Зөвхөн хандалтаар нь авч үзэхэд Wikipedia дэлхийд 7-р байрт бичигддэг юм.

- Энэ хүрээнд тэд нийтлэлийн стратегийн томоохон шилжилт хийж, AI хөгжүүлэгчидтэй албан ёсны гэрээ хийж байгаагаа зарлалаа. Тэд Amazon, Meta, Perplexity, Mistral AI компаниудад дата нийлүүлж, жил бүрийн тогтмол төлбөр авах гэрээг байгуулжээ.

- AI-ийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой модель сургалтад викигийн нийтлэлийг ашиглах эсэх нь ихээхэн маргаан дэгдээгээд байсан. Мөн өнгөрсөн оны сүүлээр И.Маск Wikipedia-ийн өрсөлдөгч нэртэй “Grokpedia”-г эхлүүлээд байгаа билээ.


III. Иранд нөхцөл байдал хүнд хэвээр байна

- Иранд эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал улс орон даяар үргэлжилсэн хэвээр байна. Он гарснаас хойшхи хамгийн том жагсаал даваа гарагт өрнөж, 500 гаруй хүн амиа алджээ. Гэвч зарим эх сурвалжууд энэ мэдээг “дарсан тоо” хэмээж, бодит тоо мянгаар хэмжигдэнэ гэж буй.

- Тус улсад сошиал сүлжээг хааж, интернетийн урсгал тасалдсан тул бодит мэдээлэл авахад ихээхэн хүндрэлтэй байгаа юм. Нийт 111 хот, тосгонд явагдаж буй уг жагсаалын үеэр 10 мянга гаруй хүнийг баривчилжээ.

- Харин Д.Трампын хувьд нийт 800 гаруй хүнийг төрд тэрсэлсэн хэмээн цаазаар авахаар зэхэж байсныг зогсоосон хэмээн мэдэгдэв. Ираны талаас Америкийг уг үйл явдлыг өдөөн турхирч байна хэмээн үзэж байгаагаа нуухгүй байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар цохилт өгвөл эргүүлэн хариуг нь барина хэмээж байгаа юм.

ДЭЛГЭРЭНГҮЙГ: ТЕХНОЛОГИЙН ГИГАНТУУДЫН ХАМТРАЛ ЭХЭЛЛЭЭ

Б.Ганцацрал/Unread

4 мэдүүштэй зүйл

Тэг гацалт: АНУ 1-р сарын 21-ээс эхлэн нэр бүхий 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохоо түр зогсоох болсноо зарлалаа. Хязгаарлалтад ОХУ, Казахстан, Бразил, Тайланд зэрэг улсуудаас гадна Монгол багтжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар цагаачлагчдын халамж, төрийн үйлчилгээнд хамрагдаж буй хувь өндөр, нийгэмд дарамт учруулж буй улсуудыг дээрх жагсаалтад багтаасан гэв. Гэхдээ үүнд аяллын, бизнес болон оюутны виз хамаарахгүй гэдгийг онцлов.

Гэнэтийн бэлэг: Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо Цагаанд ордонд зочилжээ. 2025 оны Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампад албан ёсны медалиа бэлэглэсэн байна. Тэрээр өмнө нь уг шагналаа Трамптай хуваахыг хүссэн ч Нобелийн хорооноос албан ёсоор боломжгүй хэмээн мэдэгдэж байсан удаатай. Венесуэлд хяналтаа тогтоосны дараагаар олон нийт Мачадог эх нутагтаа очно хэмээн үзэж байгаа ч Трампын зүгээс үүнийг бүрэн батлаагүй хэвээр л байгаа юм.

Шүүхийн шийдвэр: Сөүл хотын Төв дүүргийн шүүхээс экс ерөнхийлөгч Юн Сог Ёльд баривчилгаанд саад хийхийг оролдсон хэргээр таван жилийн хорих ял оноолоо. Тэрээр 2024 оны 12-р сард цэргийн онц байдал зарлаж, олон нийтийг цочроосон. Тухайн үед тэрээр өөрийн дэмжигчдийг ашиглаж, гүйцэтгэх ажиллагааг хоёр ч удаа хойшлуулж байсан билээ. 7-р сараас хойш баривчлагдаж байгаа түүнд төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон хэргээр тусад нь ял оноох учиртай. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар прокурорын байгууллага цаазаар авах хүртэлх ялыг төлөвлөж байгаа гэнэ.

Мөнхийн ерөнхийлөгч: Угандагийн ерөнхийлөгч 8 дахиа сонгуульд ялжээ. 1986 оноос хойш тус улсыг удирдаж буй Иорери Мусевени энэ удаагийн сонгуульд 76.2%-ийн саналаар “илт тасархай” ялжээ. Мусевени өдгөө 81 настай бөгөөд өөрийн хүүгээ зэвсэгт хүчний командлагчаар томилж, дараагийн ерөнхийлөгч болгох амбицтай гэгддэг. Түүнтэй поп дуучин Боби Вайн хоёр дахиа дараалан өрсөлдсөн. Гэвч зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар эрх баригчид түүнийг гэрийн хорионд оруулж, дэмжигчдийг нь ээлж дараалан баривчилж байгаа гэнэ.

5 сонин хачин

1. “28 Years Later: The Bone Temple” бокс оффисыг тэргүүллээ. Хамгийн анх “28 өдрийн дараа” нэрийн дор гарсан уг цувралын 4 дэх анги бокс оффис дахь “Avatar”-ын ноёрхлыг зогсоож чадлаа. 60 сая долларын өртөгтэй бүтсэн уг кино Хойд Америкийн зах зээлээс 16 сая долларын орлого цуглуулсан байна. Харин дөрвөн долоо хоногийн турш чартыг тэргүүлсэн “Avatar: Fire and Ash”-ийн хувьд орлого нь хэдийнээ 1.2 тэрбумыг даваад байгаа. Гэхдээ өмнөх хоёр анги нь 7 долоо хоногийн турш бокс оффисыг тэргүүлж байсан удаатай.

2. Сүүлийн үед богино урттай, босоо дэлгэцэнд зориулсан микро-драм контентууд сошиал орчинд алдаршиж буй. Үүний гол шалтгааны нэг нь TikTok. Тэгвэл тэд энэ трендийг улам өргөтгөх үүднээс бие даасан шинэ апп гаргажээ. “PineDrama” нэртэй уг апп нь Бразил, АНУ-д нээлтээ хийжээ. Киноны ангиуд нь тус бүр 1 минутын урттай байна гэдгээрээ онцлогтой байх аж.

3. NASA 2030 он гэхэд саран дээр 100 квт-ын цөмийн реакторыг байгуулах төслийг эхлүүллээ. Fission Surface Power Project-ийн хүрээнд тэд эхний ээлжинд Lockheed Martin, Westinghouse, IX гэсэн гурван компанид тус бүр 5 сая долларыг олгож, системийн зураглал, станцын зураг төслийг бүтээх ажлыг оноожээ. Саран дээр байнгын станц байгуулж, Ангараг гарагийг эзэмших төслийг хэрэгжүүлэх үүднээс уг төслийг эхлүүллээ хэмээн NASA-аас мэдэгдэв.

4. Gemini хувийн туслахаа танилцууллаа. Personal Intelligence нэртэй уг AI нь Google-ийн имэйл, зураг, хайлтын түүхийг холбож, хэрэглэгчдийн асуултад хариулах чатбот юм. Эхний ээлжинд зөвхөн АНУ-ын зах зээлд туршигдах уг үйлчилгээ нь Google-ийн үүсгэсэн аварга экосистемийг холбогч гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Youtube, Google хайлт, Gmail дэх таны хэрэглээ, сонирхол, түүхийг нэг дор нэгтгэж байна гэсэн үг. Үүнээс өмнө Apple-ийн хувьд утас, лаптоп, таблеттай холбогдох Apple Intelligence нэртэй төстэй үйлчилгээг зарлаж байсан удаатай.

5. Netflix энэ сараас эхлэн нийт 34 видео подкасттай гэрээ байгуулж цацах болсноо зарлалаа. Ингэснээр тэд Youtube-ийн давамгайлж буй зах зээлд хөл тавьж, шууд өрсөлдөх амбицаа илтгэв. Хамгийн түрүүнд тэд “Алтан бөмбөрцөг”-ийн үеэр “The Bill Simmons Podcast”-ийг цацсан юм. Netflix-ийн хувьд зөвхөн үнэтэй, нүсэр шоу, цувралуудаас гадна энгийн үед ч хэрэглэгчийг татах зорилготой байгаа юм. Энэ хүрээнд тэд төрөл бүрийн тоглоом хөгжүүлж байсан. Одоо харин подкастуудад бооцоо тавьж байгаа нь энэ юм.