Өнгөрсөн сарын хугацаанд Unread-ийн зүгээс “Өдөр бүр 1 хувиар өсөж хөгжье” буюу “1% better everyday” хэмээх challenge-ийг өрнүүлсэн билээ. Өдөр бүр хялбархан биелүүлэх боломжтой нийт 20 даалгавраас бүрдсэн энэхүү challenge-д нэгдсэн бүх оролцогчдодоо баярлалаа.
Энэхүү challenge-ийг 20 өдрийн хугацаанд туршаад өнгөрөх үйлдлүүд биш харин насан туршийн эерэг дадлыг суулгахын эхлэл болоосой хэмээн анх бий болгосон билээ. Тиймээс оролцогчид болон уншигчид маань зөвхөн “challenge” гэж харалгүйгээр цааш цаашдын өдөр бүрийн 1 хувиар ахиц гаргах замынхаа гараа гэж харна хэмээн найдаж байна. Ингээд оролцсон залуус болон тэдний даалгавруудаас онцлон та бүхэнд хүргэе.
Өдөр 1. Цаг үрдэг 3 зүйлээ бичих: Хамгийн эхний өдөр бид хүмүүсээс өөрсдийн цагаа хамгийн их үрдэг, үр бүтээмжгүй гэж үзсэн үйлдлүүдээ жагсаахыг уриалсан юм. Хэдий бичлээ гээд тэдгээрийг шууд амьдралаасаа хасаж чадахгүй ч ямар зүйлс таныг хойш нь татаад байгааг таньж мэдэх нь муу зуршлыг халахын эхлэл билээ.
Өдөр 2. Эртний андтайгаа эргэн холбогдох: Өдөр тутмын ажил үүрэгтээ хэт дарагдан бид цаг гаргах ёстой хүмүүсээ умартах, тэдэнтэй холбоо тогтоохгүй удах нь бий. Тиймээс зүгээр л уулзаагүй эсвэл харилцаагүй удсан нэгэнтэйгээ “сайн уу” хэмээн мэнд мэдэхийг бид уриалсан юм.
Өдөр 3. 16 цагийн мацаг барих: Хоногийн 24 цагийн 16 цагт нь мацаг барих анх сонсоход хэцүү мэт боловч ердөө өглөөний 10 цагаас оройн 6 цаг хүртэл, 12 цагаас 8 цаг хүртэл гэх мэтээр хооллоход л хангалттай юм. Challenge-д оролцогчдын хувьд хамгийн их “бүдэрсэн” даалгаврын маань нэг болж таарсан шүү.
Өдөр 4. Чихэр огт хэрэглэхгүй байх: Хийжүүлсэн ундаа, чихэр, шоколаднаас гадна чихэр агуулсан бүтээгдэхүүнүүдийг тооцвол бидний өдөр тутмын хоолны дэглэмд чихэр томоохон орон зайг эзэлдэг. Тэгвэл нэг өдөр үүнээс татгалзаад үзвэл яах бол?
Өдөр 5. Хэн нэгэнтэй шинэ зүйл турших: Төрөхөөс үхэх хүртэлх нэг шугамаар өрнөдөг амьдралыг уртасгах ганц л арга байдаг юм шиг. Авч байгаа мэдрэмж, кайф, сэтгэл хөдлөлөө аль болох олон болгох нь үүний нэг юм. Тиймээс найзтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ шинэ зүйл туршин үзэж энэхүү шугамаа хэлбэлзүүлэхийг бид энэ удаа уриалсан юм.
Өдөр 6. Амьсгалын дасгал хийх: Хамгийн энгийн хирнээ хамгийн үр дүнтэй дасгал бол амьсгалын дасгал. Тайвшруулах, бодисын солилцоо сайжруулах, стресс тайлах зэрэг давуу талтай энэ дасгалыг ажлын ширээнээс хэдхэн минут холдоод хийж үзэхийг бид санал болгов.
Өдөр 7. 5 минутын дасгал хийх: Дасгал хийж эхлэхийн тулд заавал фитнесст бүртгүүлж, өглөө эрт гүйх албагүй шүү дээ. Жижиг алхмаас буюу ердөө тавхан минутыг өөртөө өдөр бүр зарцуулахаас энэ дадлын суурь тавигдана гэдгийг бид харуулахыг хичээлээ.
Өдөр 8. Урам зоригийн уншлагатай болох: Хэцүү эсвэл бэрхшээлтэй үед өөртөө хэлэх, сануулах урам зоригийн уншлагатай болсноор хүнд хэцүү нөхцөлд өөрийгөө цэнэглэх нэг хэрэгсэлтэй болсноос ялгаагүй юм. Олон сонирхолтой эшлэл, үгсийг бидэнтэй хуваалцсан оролцогчдодоо баярлалаа.
Өдөр 9: Кофе/цайтай бясалгал хийх: Бясалгал хийж сурмаар байвч хаанаас эхлэхээ мэдэхгүй байх нь олонтаа. Харин ийм тохиолдолд өөрийн өдөр тутамдаа байнга хийдэг үйлдэлтэй уях нь үр дүнтэй байдаг аж. Тиймээс бид кофе эсвэл цай ууж байхдаа бодол санаагаа цэгцлэн, амьсгалаа чагнан хэсэг хугацаанд аниргүй, чимээгүй өнгөрүүлэхийг санал болгосон юм.
Өдөр 10. Дасгалын хувцсаа ил гаргах: Аливаа дадлыг хэвшүүлэхийн тулд түүнийг амархан байлгах нь хамгаас чухал байдаг аж. Эрүүл, спортлог амьдралын хэв маягийг бий болгох нь дасгалын хувцсаа байнга нүдэнд ил газар байрлуулахаас эхэлдэг байна.
Өдөр 11. Утаснаас хол хооллох: Цахим төхөөрөмжөөс бага ч гэсэн завсарлага авч өдрийн хоолны цагаа хэн нэгэнтэй халуун, дотно яриа өрнүүлэн эсвэл сайтар бодож тунгаах цаг болгон ашиглаад нэг үзэхийг энэ удаад бид уриалсан юм.
Өдөр 12. Эрүүл өглөөний цай бэлдэх: Өдрийн хамгийн анхны хоолоо эрүүл хүнсээр баяжуулж өглөөг эрч хүчтэй эхлүүлснээр ямар өөрчлөлтүүд гарсан бол?
Өдөр 13. Цаг гарган амрах: Сайн ажиллахын тулд сайн амарч, эрч хүчээ сэлбэх нь нэн чухал билээ. Тиймээс долоо хоногт тодорхой цаг гарган зөвхөн амарч, тайвшрах цаг гаргахыг уриалав.
Өдөр 14. Шүүгээнээсээ 3 зүйл хаях: Минимализм бол эрх чөлөө хэмээн тодорхойлоод буй энэ үед та шууд ийм хэв маягтай хүн болж чадахгүй ч өөрт хэрэггүй зүйлсээ бага, багаар хаях нь цөөн, чухал зүйлсдээ цаг зарцуулдаг хүн болохын эхлэл болов уу.
Өдөр 15. Цагаан хоол идэх: Өдөр бүрийн хоолны дэглэмээс арай өөр зүйл туршиж, цагаан хоол нэг өдөр идэхийг энэ удаа санал болгосон билээ.
Өдөр 16. Унтах орчноо тав тухтай болгох: Бид амьдралынхаа бараг гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг хирнээ өөрсдийн унтах орчинд хэр их анхаарал, халамж тавьдаг бол?
Өдөр 17. Өөрийгөө урамшуулах: Энэ хүртэл challenge-аа амжилттай хийж ирсэн хүмүүстээ нэг өдрийг зүгээр л өөрийгөө урамшуулах өдөр болгохыг шийдсэн юм.
Өдөр 18. Сэтгэлийн яриа өрнүүлэх: Чин сэтгэлийн яриа өрнүүлэх нь ямар ч үнэгүй хамгийн сэтгэлд дулаан үйлдлүүдийн нэг болов уу.
Өдөр 19. Сошиал мацаг барих: Цаг үрдэг зүйлсээ хуваалцаж байхад бараг нэгт бичигдсэн сошиал медиагаас нэг өдрийн турш холдоод үзэхэд ямар үр дүн гарсан бол?
Өдөр 20. 5 хуудас ном унших: Жилд 100 ном унших гэсэн том зорилгоос эхлэхийн оронд ердөө 5 хуудас ном уншихаас эхэлбэл яах бол? Хачирхалтай нь ихэнх хүмүүс яг таг 5 хуудсыг уншаад болиогүй аж. Нэг жижигхэн үйлдлээс цаашдын дадал бий болно хэмээсний утга нь энэ билээ.
Оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Challenge дууссан хэдий ч хийж үзсэн жижиг үйлдлүүдээ цаашдын дадлын эхлэл болгон авч яваарай :)
Өдөр бүр 1 хувиар өсөж хөгжье