Google-ээс жил бүр хөгжүүлэгчдэд зориулан зохион байгуулдаг I/O арга хэмжээ энэ сарын 17-19-нд явагдлаа. Google-ийн CEO С.Пинчай хиймэл оюун ухаан бол компанийн ирээдүй мөн хэмээн тунхагласнаас гадна тэд маш олон сонирхолтой бүтээгдэхүүн, нэмэлт, шинэчлэлийг танилцуулсныг онцолж байна. Gmail-ээс Google Photo, Google Assistant-аас Google Home хүртэлх алдалгүй мэдвэл зохих 7 зүйлийг нэрлэж байна.
Google AI
Google-ийн CEO С.Пинчай компанийн хиймэл оюун ухаантай холбоотой бүх төслүүд, бүх судалгаа, хөгжүүлэлтийн ажлуудыг нэг дор "базсан" Google.ai платформыг танилцуулав. Судалгаа, хэрэгсэл, хэрэглээ гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагдах энэ платформоор дамжуулан тэд хиймэл оюун ухаантай холбоотой бүх л мэдлэг, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохыг хүсэж байна. "Мянга мянган хөгжүүлэгчдэд боломжийг нээж өгөх нь бидний туйлын зорилго" хэмээн ярих түүний яриа олон хүнд урам зориг өгсөн нь гарцаагүй.

Google Lens
Google шинэ апп биш камерны шинэ боломжийг санал болгож байна. Та Google Lens-ийн тусламжтайгаар авсан зурагтайгаа холбоотой хайлтыг шууд хийх боломжтой. Тухайлбал таны авсан цэцгийг Lens шууд таньж, нэрийг нь, гарал үүсэлтэй нь, ач холбогдол, давуу талтай нь харуулна гэсэн үг. Аялж яваа газрынхаа талаар заавал "гүүглдэх" эсвэл викидэх шаардлага одоо байхгүй. Google Lens таны хүссэн мэдээллийг авсан зургаас чинь таслан мэдээлэх болно. Улам л хялбар болсоор.

Lens-ийн тусламжтайгаар та зурагнаасаа газрын хаяг, мэдээллийг авахаас гадна шууд Wi-Fi-д ч холбогдох боломжтой гэнэ.
Gmail-ийн ухаалаг хариулт
2015 онд гаргасан Inbox апп-аараа дамжуулан ухаалаг хариултуудыг санал болгож байсан Google тэрбум хүн хэрэглэж буй Gmail-дээ энэ нэмэлтээ танилцууллаа. Ингэснээр Gmail ирсэн мэйлээс түлхүүр үгийн тусламжтайгаар таны өгвөл зохих хариултуудыг санал болгоно гэсэн үг. Хэрвээ та хүсвэл нэг ч үг бичилгүйгээр имэйлэндээ хариу өгөх боломжтой болж байна. Имэйл бичнэ гэдэг "ядаргаатай" ажил биш болж байна шүү.

ОК! Gmail мандтугай!
Google Photo
Хамтдаа баахан зураг авахуулчихаад түүнийгээ найзууд руугаа илгээхээ мартчихдаг тохиолдол танд гардаг уу? Эсвэл баахан зүтгэл гаргаж аятайхан хэдэн зураг дарснаа ахиж нээж ч үзэлгүй орхичихсон үе бий биз? Тэгвэл шинэчлэгдсэн Google Photo-ийн ачаар ахиж хэзээ ч ийм асуудалд "унахааргүй" болж байгаа гэнэ. Аль хэдийнэ байршил, хугацаа, доторх хүмүүсээр нь зурагнуудыг ангилдаг болчихсон Google Photo таны авсан зурагнуудыг шаардлагатай тохиолдолд хэрэгтэй хүмүүс рүү автоматаар илгээх, хуваалцах сонголттой болж байгаа гэнэ. Ингэснээр найз тань фэйсбүүкийнхээ зургийг сольж, гэрийнхэн тань альбом руугаа шинэ зургаа хийх боломжтой болно гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй хэрвээ та хүсвэл өөрийн сонгосон зургуудыг биетээр хэвлүүлэн цомог хэлбэрээр хүлээн авахыг тэд санал болгож байна.
Яг л түгээмэл тулгардаг асуудал байгаа биз?
Google Assistant
Siri-г ашиглаж дадахгүй л байна уу? Тэгвэл та Google-ийн хувийн туслахыг iPhone дээрээ ч ашиглах боломжтой боллоо. Үүнээс гадна Assistant илүү ухаалаг болж, заавал ярилгүйгээр буюу мессеж бичиж байгаа шиг бичиж харилцдаг болсон гэнэ. Мөн Google Lens-тэй холбогдон, гадуур дуртай хамтлагийнхаа тоглолтын товын зургийг аван шууд календарь руугаа оруулах гэх мэт давуу талтай болжээ. Сонирхуулахад энэ зун франц, герман, португал, япон хэл сурах Assistant оны төгсгөл гэхэд испани, итали, солонгосоор түвэггүй ойлгодог болох төлөвлөгөөтэй гэнэ.

Сайн уу, Siri! Google Assistant ирж байна!
Google for Jobs
Ажил хайх хэрэг гарвал гүүглддэг л биз дээ? Тэгвэл Google танд зөвхөн ажлын байр хайхад зориулагдсан тусдаа платформыг санал болгож байна. Эхний ээлжинд зөвхөн Америкт л хэрэглэх боломжтойгоор гарах энэхүү платформ нь хайлтын түүхийн тань тусламжтайгаар зөвхөн танд зориулсан буюу таны чадвар, хүсэл, мэргэшилд нийцсэн ажлуудыг автоматаар санал болгох боломжтой юм. Бүр таны сонирхож магадгүй ажлын байруудыг шинээр гарсан даруйд нь имэйлээр илгээж байна гэж амлаж байна. Ажлын байрны зах зээлд тэргүүлэх байр суурьтай байгаа Linkedin, Фэйсбүүктэй өрсөлдөх амбиц Google-д байгаа нь илт.

Тэд нэг товчоор л шууд ажилд орох өргөдлөө өгөхийг санал болгож байна.
Google Home улам ухаалаг болсоор
Google-ийн ердөө 6 сарын өмнө худалдаанд гаргасан Google Home-ийн хэд хэдэн нэмэлт шинэчлэл анхаарал татлаа. Дуртай хөгжмийг тань тавьж, захиалга өгөн календарын тань мэдээллийг шинэчилдэг байсан энэ төхөөрөмж одоо таны хувийн туслах болохыг хүсэж байна. Гадаа бороо орж байгаа учир шүхрээ авч гарахыг сануулж, 10 минутын дараа гарвал төлөвлөсөн уулзалтандаа цагтаа очихыг нь мэдэгдэнэ гэсэн үг. Мөн Spotify, Soundcloud, HBO Now зэрэг шинэ хамтрагчдын ачаар энтертэйнментийн нэмэлт контентуудыг хүлээн авах болж байгаа гэнэ. Мөн Америк, Канад даяар дурын утас руу ямар ч үнэ төлбөргүй дуудлага хийх боломжтой болжээ.

Google-ийн зүйлсийн интернетийн салбарт нэвтрэх оролдлого хэр амжилттай явах бол?
Бонус: Ямар ч утасгүй VR төхөөрөмж
Өнгөрсөн жил гар утсанд суурилан ажилладаг Daydream нэртэй VR төхөөрөмжөө танилцуулж байсан Google ямар ч утасгүй, ямар нэгэн төхөөрөмжөөс хамааралгүй VR төхөөрөмжийг бүтээхийг хүсэж байна. Леново, HTC-тэй хамтран ажиллаж байгаа гэх энэ төхөөрөмжийг зүүнгүүтээ шууд виртуал орчинд нэвтрэх нь үүний гол санаа. Нарийн мэдээллийг бид энэ оны сүүлээс л мэдэх шинжтэй.

VR хэзээ энгийн масс хэрэглээнд нэвтрэх бол? Google аль болох хурдан гэж хүсэж байна.
Сэтгэгдэл бичих (1)


m missing enterprise customer? 50.132.32.104
google cloud iin shine buteegdehuunuud haachiv? core productuud n boloh google cloud platform, ML AI talaar delgerengui oruulval..