Ярилцлагынхаа ээлжит зочноор бид Монголдоо амралтаараа ирээд буй, дэлхийн топ компаниудын нэгт ажиллаж буй залуу мэргэжилтнийг урилаа. Б.Мөнх-Эрдэнэ 2010-2013 онд "Либерти Партнерс" компанид дэд захирлаар ажиллаж байгаад Фулбрайтын тэтгэлгээр Колумбын их сургуулийг төгсөж, менежментийн зөвлөх үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч McKinsey & Company-ийн Сингапур дахь салбарт зөвлөхийн (associate) ажилд оржээ. Дэлхий даяар 124 хотод 25 мянган ажилтантай тус компанийн анхны монгол ажилтан болсон тэрээр компанийнхаа салбар оффисыг Монголдоо нээхийг мөрөөддөг. Олон жилийн турш гадаадын зөвлөхүүдийг урьж ажиллуулсаар ирсэн манай улс түүн шиг боловсрол, мэргэшилтэй менежментийн зөвлөхүүдтэй болж эхэлж байгаа нь онцлууштай хэрэг юм.

Байршил: Сингапур
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: McKinsey & Company компанийн Сингапур дахь салбарын зөвлөх
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S8 Plus
Хэрэглэдэг компьютер: ThinkPad X1 Carbon
Таны ажилладаг арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Санаачилгатай
Сошиал хуудсууд: Monji Batmunkh (LinkedIn), @MonjiBatmunkh (Твиттер)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Хийж байгаа ажилдаа дурлаж, санаачилгатай, сэтгэлээсээ ажиллахыг л эрмэлздэг. Бидний ажлын үндсэн зорилго нь зөвлөгөө үзүүлж буй байгууллагууддаа sustainable impact буюу бодит, тогтвортой үр дүнг бий болгоход оршдог. Зөвлөх үйлчилгээний ажил нь маш олон хүнтэй уулзаж, өөр өөр хүмүүсийн санал бодол шийдлүүдийг нь сонсож, тэндээсээ дүн шинжилгээ, анализ хийж ажилладаг. Тиймээс миний ажлын маш чухал хэсэг нь хүмүүстэй харилцах харилцаа байдаг л даа. Мөн богино хугацаанд мэдээлэл, мэдлэгт суурилсан логик дэс дараалалтай дүн шинжилгээ, шийдэл гаргах нь бидний гол үүрэг. Бид ажлын цагийнхаа дийлэнх хугацаанд үйлчлүүлэгчийнхээ оффис дээр багаараа очиж ажилладаг. Зүүн Өмнөд Ази, Япон, Монгол, Хятад зэрэг газруудаар нэлээд ажилласан. Дунджаар 5 хүнтэй төслийн баг бүрдүүлж, үйлчлүүлэгчийн талаас мөн баг гарган, хоёр талаас хамтарч ажиллана даа.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Microsoft Office-ийн бүх л програмыг ашигладаг. Тэр дундаа Powerpoint, Excel хоёр дээр өдөр бүр ажилладаг учраас ажлын гол багаж зэвсэг гэж хэлж болно. Ажлын харилцаанд Slack, Whatsapp хоёрыг түлхүү ашигладаг. За тэгээд хувийн цагаараа бол Фэйсбүүк, Твиттер их орно. Гадаадад 12 жил амьдарсан болохоор фэйсбүүкээр үе үе юм бичиж Монголд байгаа найз нөхөд, хамаатан садандаа эсэн мэнд байгаа шүү гэдгээ илтгэнэ (инээв).

Манай ажил бодож, сэтгэх, дүн шинжилгээ хийж, шийдэл боловсруулахад ажлын ихэнх цагаа зарцуулахыг шаарддаг. Ингэхдээ, эхлээд багаараа цагаан самбар дээр ажлын төлөвлөгөө боловсруулж, тухайн асуудлыг шийдвэрлэх арга замууд болон бусад санал бодлоо хуваалцан ерөнхий дүр зургийг тодорхойлдог. Үүний дараа цаасан дээр буулгана. Цаасан дээр буулгах ихэнх ажлыг outsource хийдэг, энэ нь бидний гараар зурсан зургийг мэргэжлийн баг презентаци болгоно гэсэн үг. Мөн, нарийн ширийн судалгаа хийх ажлыг ч мөн outsource хэлбэрээр хийлгэчихдэг. "Чамайг унтаж байхад 2 хүн ажиллах ёстой" гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилнэ. Энэ мэт ажлыг Энэтхэг, Зүүн Европ, Америк зэрэг газаруудад мэргэшсэн багууд хийдэг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Эхнээсээ л ажлынхаа цар хүрээг зөв тодорхойлж, шийдэлд хүрэх үндсэн чиглэлээ зөв гаргах нь цаг хэмнэх үндэс суурь болдог гэж боддог. Өөрөөр хэлбэл давхар ажил хийхгүйгээр эхлэлээ зөв тавих нь маш чухал. Үүний тулд багаараа асуудлаа хэлэлцэж, асуултуудаа зөв тодорхойлох, гол экспертүүдтэй уулзаж ярилцах, үүний үндсэн дээр шийдлээ хурдан боловсруулж, үйлчлүүлэгчдээ танилцуулж, тэдний саналыг эрт авч тусгана. Хэрвээ анхнаасаа буруу чиглэлээр ажиллавал үр дүнгүй ажил хийх, тухайн ажлаа дахин хийж цаг үрэх эрсдэлтэй байдаг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Microsoft OneNote дээр. Уулзалтууд, гол судалгаанууд, тухайн өдрийн болон 7 хоногийн төлөвлөгөөгөө үүн дээр гаргадаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Манай компани байнга багаар ажиллаж, багийн гишүүн бүрийн ажлын үр дүнг төслийн явц дунд болон төсөл дууссаны дараа дүгнэдэг. Надтай ажилласан багийн гишүүд болон удирдлагаас ирж буй үнэлгээнээс харахад миний давуу талыг problem solving буюу асуудлын голыг оновчтой тодорхойлж, шийдэл боловсруулах гэж тодорхойлсон байдаг. Би 2 жилийн хугацаанд 11 өөр өөр төсөл дээр ажиллалаа. Заримдаа шинэ, бүтээлч санаанууд гаргах ёстой, бараг л өөрсдөө шинээр гарааны бизнес эхлүүлж байгаа юм шиг санагдах үе ч бий. Нэг жишээ дурдахад дэлхийн хамгийн том телеком компаниудын нэгтэй хамтарч төсөл дээр ажилласан юм. Тэдэнд өөрийн давуу талууд дээр суурилан финтек салбарт гар утасны апп нэвтүүлэх стратегийг боловсруулж өгч байлаа. Үүний үр дүнд ТУЗ нь уг стратегийг баталж ойрын хугацаанд хэрэгжүүлэх чухал ажлуудын нэг нь болсон. Би цаашдаа энэ төсөл дээрээ буцаж очоод гүйцэтгэл дээр нь оролцох сонирхол бий.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Компаниудын консалтинг компани авч ажиллуулах гол шалтгаан нь тухайн байгууллагад тулгараад буй хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оршдог. Тийм учраас богино хугацаанд маш их ачаалалтай ажилладаг. Тэгэхээр ажлаас болж стрессдэх үе ч бий. Мөн ихэнх тохиолдолд өөр улсад үйлчлүүлэгчийнхээ оффис дээр ажиллах шаардлагатай байдаг болохоор гэр бүлтэй хүний хувьд амаргүй байдаг. Миний бодлоор McKinsey ажилтнуудынхаа хөгжилд буюу тэдний мэдлэг боловсролд хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг компани. Би ажиллах хугацаандаа маш ихийг сурч байна. Манай компаниас Google компанийн CEO, Facebook-ийн Шерил Сандберг гэх мэт дэлхийн хэмжээний манлайлагчид төрсөн.

Нөгөөтэйгүүр, маш чадварлаг хүмүүстэй хамтран ажиллаж, дэлхийд тэргүүлэгч компаниудын тулгамдсан асуудлуудыг шийдэлцэж, бодит үр дүн бий болгох нь маш их урам зориг өгдөг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Монголдоо ирж сар орчим амраад энэ 7 хоногт буцах гэж байна. Хамгийн сүүлд Шанхайд дэлхийн тэргүүлэх энтерпрайс софтвэйр компанийн дараагийн үеийн бүтээгдэхүүнийг боловсруулах төсөл дээр орсон. Machine learning, юмсын интернэт зэрэг салбарт ямар бүтээгдэхүүн гаргах вэ, түүнд хэр их зардал, боловсон хүчин шаардагдах вэ гэдэг дээр зөвлөж ажилласан юм.

Одоогоор миний хувьд сурах юм маш их байна. Хэтдээ бол Монголдоо ажиллах мөрөөдөлтэй. McKinsey-гийн оффисыг Монголдоо нээхийг мөрөөддөг. Манай улсад боломж их байна, хийх ажил маш их байна. Хувийн компаниуд, төрийн өмчит компаниуд, гадны компаниудтай ажиллах боломжууд их байна.

Хөгжүүлэх салбарууд олон байна. Монгол улс цаг алдалгүй ирээдүйтэй салбаруудаа бодлоготойгоор хөгжүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбаруудаа хөгжүүлэнгээ оюун ухаанаар өрсөлдөх салбаруудаа одооноос дэмжвэл манай улсын байршил ямар ч хамаагүй болно. Хиймэл оюун ухаан, machine learning зэрэг салбарууд ирээдүй гэдэг нь нэгэнт тодорхой болж, улс орнууд энэ чиглэл рүү аль хэдийн яваад эхэлчихлээ.

ОДООГИЙН АЖИЛДАА АНХ ХЭРХЭН БАЙСАН БЭ?

Би санхүүгээр сурсныхаа дараа сураад хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр карьер хөөе гэж бодож байлаа. 2010 онд эдийн засаг огцом сэргэх үед Монголдоо ирж "Либерти Партнерс" компанид ажилласан. Тухайн үед бид McKinsey-тэй нэг төсөл дээр 4 сарын турш ажилласан юм. Энэ үед л консалтинг гэж юу юм бэ, тэд яаж ажилладаг юм бэ гэдгийг сайн ойлгосон. Үнэхээр их сэтгэгдэл төрүүлсэн. Ингээд 2013 онд Фулбрайтын тэтгэлэг авч, Колумбын их сургуульд магистрт сурсан. Ингээд сургуулиа төгсөөд, сайн бэлдэж байгаад McKinsey-ийн шалгуурыг давж Сингапур дахь оффисд ажилд орсон юм. Анзаараад байхад монгол залуучууд хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр явах илүү сонирхолтой байдаг юм шиг. Миний мэдэж байгаагаар, би McKinsey-д ажилласан анхны монгол хүн болж байсан. Одоо харин манай компани 4 монгол ажилтантай болсон байх.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Ажиллаж байхдаа нэг их сонсдоггүй юм аа. Эксел дээр модель хийж байхдаа харин давталттай хөгжим тавьдаг. xx intro гээд Youtube дээр 6-7 цагийн хөгжим байдаг. Тэрийг нэг удаа 3 дараалан тавьж ажиллаж байлаа. 18 цаг ажилласан байгаа юм. Ер нь бол бүх л төрлийн хөгжим сонсоно доо. Бруно Марс, Линкин Парк-д дуртай.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

The Fintech Book гээд crowdscource байдлаар олон хүн энд тэндээс нийлж бичсэн номыг их л амтархан уншиж байна. Номыг хэвлэмэлээр уншина, бас аудио байдлаар сонсдог. Подкаст сонсох дуртай ч сүүлийн үед бага л сонсож байна. Энэ жилийн эхээр уншсан Lean Startup их таалагдсан шүү.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

100 хувь нээлттэй хүн. Гэхдээ их ярьдаг гэсэн үг биш. Хүмүүстэй ярилцаж энерги авах дуртай. Тийм ч учраас хүмүүстэй сайн "холбогдож", сайн сонсож, санаагаа эрт илэрхийлэн тест хийх буюу буруу, зөвийг нь эрт мэдчихдэг давуу талтай байдаг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Дунджаар шөнө 1 цаг гэж унтаад өглөө 7-8 цагийн хооронд босдог. Заримдаа унтахгүй байх ч үе гарна.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ихэнх цагаа гэрээсээ хол өнгөрөөдөг тул зав чөлөөтэй үед гэртээ л хүүхдүүдтэйгээ цуг байхыг бодно доо. Гэрээрээ гадуур хоолонд орж, гоё амттай хоол турших дуртай. Паркт алхах дуртай. Мөн найзуудтайгаа уулзах, аялах сонирхолтой. Багадаа усанд сэлэлтээр хичээллэж байсан. Одоо бол үе үе фитнес хийнэ. Гэхдээ булчин нэмэх юм уу жиндээ анхаарах гэж биш, энерги авах гэж фитнес хийдэг. Фитнес хийхэд бодол санаа цэгцэрч, шинэ санаа төрөх нь бий.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Юм юмнаас. Гэр бүлийнхнээсээ, амжилттай яваа хүмүүсийн намтар түүхээс, Монголдоо амжилттай яваа үе тэнгийн найз нөхдөөсөө урам зориг авна. Төрөл бүрийн шинэ бизнес, гоё бүтээгдэхүүн, сайн киноноос эрч хүч авна даа.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Ойлгомжтой зүйл шиг л санагдах байх. Гэхдээ хар багаас л аав ээж маань "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэх ойлголтыг бат суулгаж өгсөн юм шиг санагддаг. Амьдралынхаа үе шат бүрт би мөрөөдөлтэй байсан. Өөрөө л хичээвэл хүрч болно гээд зүтгэн түүндээ хүрч, дараагийн мөрөөдлөө өмнөө тавьж явсан. Ингэж мөрөөдөлдөө хүрэх бүрт маш амттай сайхан санагдаж, ямар нэг зүйлийг мөрөөдөж, түүндээ хүрэх гэж тэмүүлдэг дадалтай болчихсон гэж хэлж болох байх.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Англи хэлийг сайн эзэмшиж, авч буй мэдээллээ өргөн хүрээтэй болгоосой, хоёрдугаарт тууштай бөгөөд санаачилгатай байж, ажлыг өөрийгөө хөгжүүлэх, таашаал авах гэж хийдэг сэтгэлгээтэй болоосой гэж хүсэх байна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ? 

"Рио Тинто" компанийн захирлуудын нэг Б.Болд ахыг санал болгоё. Олон улсад хамгийн амжилттай карьерыг хөөж буй монгол хүн. Нэн хөдөлмөрч, үлгэр дууриал болсон хүн дээ.

Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.