Pride and Prejudice, Sense and Sensibility-ийн зохиолч Ж.Остин Хатан хаан Элизабетийн дараагаар фунт стерлингийн дэвсгэртэд дүрээ мөнхөлсөн анхны эмэгтэй болов!

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Microsoft улирлын тайлангаа зарлаж, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 13 хувийн өсөлт үзүүлж, 23.3 тэрбум долларын орлого олсноо мэдэгдлээ. Компанийн клоуд үйлчилгээ үзүүлэгч Azure хамгийн өндөр өсөлт буюу 97 хувийн өсөлттэй байсан нь онцлох дүн байв. Мөн бизнес моделио солиод буй Office болон худалдан аваад удаагүй байгаа Linkedin-ий бизнес нь тооцоолсноос өндөр өсөлттэй гарчээ. Ингэснээр тэдний нэгж хувьцааны үнэлгээ мэдэгдэхүйцээр өсөж, 31 жилийн түүхэн дээд амжилтаа тогтоон 77 доллараар үнэлэгдэх болжээ. Интернет хэрэглээний хатуу бодлогыг хэрэгжүүлэгч Хятадын засгийн газар Фэйсбүүкийн эзэмшдэг чат апп Whatsapp-ийн зарим нэмэлтүүдийг эх орондоо хориглоод байна. Зураг илгээх, аудио болон видео чатууд ашиглах боломжгүй болсон талаар эх сурвалжууд мэдээлжээ. Газар доор нүх ухан туннел гаргаж, илүү хурдтай, ямар ч түгжрээгүй шинэ тээврийн урсгалыг бий болгох зорилготой байгаа Элон Маск твиттер хуудсаараа дамжуулж, засгийн газраас "аман" дэмжлэг авснаа мэдэгдлээ. Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан Boring Company-аар дамжуулан Нью Йоркоос Вашингтон хүрэхэд шаардагддаг 4 цагийн хугацааг 29 минут болгон багасгах зорилготой байгаа гэнэ. Инновацилаг шинж, агуулсан нэмэлтүүдээрээ зах зээлд тэсрэлт хийн гарч ирсэн ч хэрэглэгчдийн хүлээлтэнд хүрч чадаагүй Google-ийн ухаалаг шил болох Google Glass-ийг бизнес хэрэглэгчдэд зориулан ахин хөгжүүлж эхэлсэн байна. Google Glass үйлдвэрийн ажилчид, нарийн механизмуудтай харьцдаг мэргэжилтнүүд рүү илүү чиглэж байгаа ажээ. Японы Softbank 24 цагийн дотор 3 ч стартап компанид хийсэн бараг хагас тэрбум долларын хөрөнгө оруулалтанд оролцсон байна. Тэд дэвшилтэт хүлэмжийн технологи хөгжүүлэгч Plenty-д 200 сая долларын, хиймэл оюун ухаанаар дамжуулж гэр ахуйн автоматжуулалтын технологи хөгжүүлэгч Brain Corp-д 114 сая долларын, жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Nauto-д 159 сая долларын хөрөнгө оруулалт хийхэд тус тус оролцжээ. Airbnb, Dropbox, Stripe зэрэг шилдэг стартапуудыг төрүүлэн гаргасан хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэгч YCombinator 1 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт босгож байгаа гэнэ. Тэд энэхүү сангаараа дамжуулж, зөвхөн шинэ стартапууд төдийгүй үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй бизнесүүд рүү хөрөнгө оруулах сонирхолтой байгаа ажээ. Амазоны үүсгэн байгуулагч Ж.Бэйзос Инстаграмд нэгдэж, эхний видеогоороо сансрын тээврийн үйлчилгээ үзүүлэх Blue Origin-ий үйлдвэрийн явцаас танилцуулсан байна. "Пуужингийн үйлдвэр тун удахгүй" хэмээх тайлбартай энэхүү бичлэгт гарч буй үйлдвэр нь Флоридад төвтэй бөгөөд 2016 оноос эхлэн баригдаж буй юм.

Recode: Яагаад Microsoft-ийн үнэлгээ түүхэн дээд амжилтаа тогтоов?
Mashable: Ж.Бэйзосын төгс Инстаграмын дебют

С.Наделлагийн удирдлаганд "дахин төрсөн" Майкрософтын зах зээлийн үнэлгээ 570 тэрбумд хүрэв!

Дэлхий дахинд

БНХАУ болон АНУ-ын хоорондын гадаад худалдааны түүхэнд тодоор бичигдэх үйл явдал энэ долоо хоногт тохиосон нь 2 улс цагаан будаа худалдаалах гэрээг хийсэн явдал байлаа. Зөвхөн өнгөрсөн жил 5 сая тонн будааг импортоор авсан Хятад анх удаа Америкаас будаа авахыг зөвшөөрч байгаа нь энэ. Хэдийгээр Хятадын тал маш нарийн стандарт, хориг бүхий заалтуудыг оруулсан ч АНУ олон тэрбумын энэ зах зээлээс өндөр ашиг олно гэдэгтээ эргэлзэхгүй байна. 2024 он гэхэд дундаж хятад хүн жилд 75 кг будаа хэрэглэх тооцоо гарсан бөгөөд Хойд Америкийн иргэд 13 кг, Европын иргэд 5 кг будаа л хэрэглэдэгтэй харьцуулахад нүсэр тоо юм. БНСУ-ын төв банкны гаргасан тооцоогоор БНАСАУ-ын эдийн засгийн өсөлт 3.9 хувьд хүрсэн нь 1999 оноос хойших хамгийн өндөр өсөлт болсон байна. Хойд Солонгосын гол түнш БНХАУ нүүрсний импортоо зогсоосон ч төмөр зэрэг бусад ашигт малтмалаа худалдан авсаар байгаа нь энэ өсөлтөнд гол нөлөө үзүүлжээ. АНУ болон бусад барууны орнууд БНАСАУ-г цөмийн зэвсэг хөгжүүлэлт болон хүний эрхийн асуудалтай холбож, БНХАУ-г хамтын ажиллагаагаа зогсоохыг шаардсаар байгаа билээ. БНСУ-ын үүрэн телефоны томоохон операторуудын нэг Korea Telecom “Монголын Цахилгаан Холбоо” ХК-д эзэмшиж байсан 40 хувиа засгийн газарт зарж байгаагаа мэдэгдлээ. Засгийн газрын шийдвэрээр зах зээлд эзлэх хувь нь жил бүр буурсаар буй тус компанийн 40 хувийг 2.5 сая доллараар худалдан авч, өөрийн эзэмшлээ 94.6 хувьд хүргэж байгаа юм. KT хамгийн анх 1995 онд МЦХ-д 4.5 сая долларын хөрөнгө оруулалт хийж байсан гэнэ. Японы тэргүүн хатагтайн англи хэлний чадварт эргэлзэж, хэвлэлийн албаны даргаараа Wall Street-ийн хөрөнгө оруулагчийг томилсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө болон өөрийн хүрээллийн зарим хүмүүст "өршөөл үзүүлэх" төлөвлөгөөтэй байгаа талаар хэвлэлүүд шуурч эхэллээ. Хуулийн дагуу ерөнхийлөгч өршөөл үзүүлэх эрхтэй байдаг бөгөөд Трамп өөрөө төлөвлөгөөгөө баталсан ч яг ямар хүрээнд, ямар нөхцөлтэйгөөр зарлигаа гаргах нь тодорхойгүй байна. Саяхан поп дуучин Жастин Биберийг эх орондоо тоглолт зохион байгуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн Хятад улс алдарт баавгай Винни Пүхийг бүх хэлбэрээр түгээх, тараах, хэрэглэхийг хориглосон байна. Тэд сүүлийн үед интернетээр тараад буй Пүх баавгайг улсын удирдагч Ши Жиньпинтэй харьцуулсан дүрслэлүүдээс шалтгаалж энэ шийдвэрийг гаргасан бололтой. Английн төв банк ирэх 9-р сараас эхлэн зах зээлд нэвтрэх 10 фунтын шинэ дэвсгэртийн загвараа танилцууллаа. Тэд энэ жил 200 насны төрсөн өдрийн ой нь тохиож буй нэрт зохиолч Жэйн Остины зурагтайгаар мөнгөн дэвсгэртээ хэвлэх болсон байна. Өмнө нь фунтын нүүрэн дэх цорын ганц эмэгтэй дүр нь хатан хаан Элизабет байсан билээ.

NYTimes: Трамп өөрийгөө өршөөх эрх мэдэлтэй гэж үү?
Vox: Винни Пүх vs Ши Жинпинг

Хятадын "хаалттай" бодлогын ээлжит золиос - Винни Пүх

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

21-р зууны хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг Линкин Паркийн гоцлол дуучин Честер Беннингтон 41 насандаа таалал төгсөж, дэлхий даяарх сая сая фенүүд, энтертэйнмент ертөнцийг цочроолоо. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрээр гэртээ, амиа хорлосон байдалтайгаар олдсон гэнэ. 2 гэрлэлтээсээ 6 хүүхэдтэй Честер карьерынхаа туршид архи, хар тамхинд донтож, түүнтэйгээ ил тод тэмцсээр ирсэн билээ. Тэдний хамгийн сүүлд гаргасан One More Light цомог нь Биллбордын жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд ирэх долоо хоногоос аялан тоглолтоо эхлүүлэх хуваарьтай байв. Нийт 6 цомог нь хит жагсаалтыг тэргүүлсэн, нийт 70 сая гаруй цомог борлуулсан Линкин Паркийн амжилт түүнтэй салшгүй холбоотой байлаа. BBC-ийн хамгийн алдартай ТВ цувралуудын нэг Doctor Who анх удаа эмэгтэй гол дүрийн жүжигчинтэй боллоо. Цаг хугацаагаар чөлөөтэй аялдаг, харь гарагийн гаралт Doctor Who тодорхой хугацааны дараагаар шинэ хэлбэрт шилжиж, дүрээ сольдог уламжлалтай юм. Тэгвэл 54 жилийн түүхт энэ шоуны 13 дахь доктороор Жүди Виттакер сонгогдсон нь олон хүний талархлыг хүлээж байна. Энэ жил 35 настай Виттакер Venus, Good, Black Mirror-д бүтээсэн дүрүүдээрээ танигдсан авьяаслаг жүжигчин билээ. Орчин цагийн энтертэйнмент ертөнцийн хамгийн түгээмэл дүрүүдийн нэг “зомби”-г бүтээгч хэмээн үнэлэгддэг алдарт найруулагч Жорж Ромеро 77 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг аймшгийн кино найруулагчдын нэг гэгддэг тэрээр 1968 онд бүтээсэн Night of the Living Dead кинондоо амьгүй үхдэл буюу зомбигийн дүрийг танилцуулсан нь хожмын олон зохиолчид, найруулагчдад нөлөөлсөн гэж хүндлэгддэг байлаа. Дэлхийг байлдан дагуулж буй зөгнөлт цуврал “Хаан ширээний тоглоом”-ын 7-р улирал энэ долоо хоногт нээлтээ хийлээ. Эхний ангийг зөвхөн эхний өдөр нийт 16.1 сая хэрэглэгч үзсэн нь HBO-ийн түүхэн дээд амжилтыг тогтоосон байна. Энэ нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс даруй 50 хувиар өссөн гэсэн үг юм. Сонирхуулахад энэ ангид алдарт дуучин Эд Ширан тоглож, зохиолд дурдагддаг шинэ дууг дуулсан. Гэвч үүнийг нь төдийлэн таатай хүлээж аваагүй фенүүдийн зүгээс ирсэн элдэв дайралт, шахалтын улмаас Ширан өөрийн твиттер хуудсаа устгаад амжсан гэнэ шүү. Сан Диего хотноо дэлхийн энтертэйнмент ертөнцийн хамгийн том цугларалтуудын нэг Comic Con нээлтээ хийлээ. 170 мянга гаруй үзэгч зочилдог энэхүү шоуны үеэр томоохон студи, телевизууд шинээр нээлтээ хийх киноны трэйлэрээ танилцуулж, шинэ төслүүд, уран бүтээлээ олон нийтэд ил гаргадаг уламжлалтай билээ. Netflix 10-р сард нээлтээ хийх Stranger Things-ийн 2-р цувралын анхны бүтэн трэйлэрээ цацсанаас гадна HBO энэ жилийн Эммигийн гол найдвар Westworld-ийн 2018 онд гарах шинэ улирлын эхний хэсгээ танилцуулав. Марвел, DC-ийнхэн супер баатруудынхаа шинэ кинонуудын трэйлэрийг танилцуулж, мэдээлэл өгсөн зэрэг онцлох үйл явдлууд Comic Con-оор дүүрэн байлаа.

Unread: Честер Беннингтон ба түүний гунигт төгсгөл
TheDailyBeast: Комик Кон 2017-ийн бүх шилдэг трэйлэрүүд

Честер Беннингтон /1976 - 2017/

Спортын ертөнцийн эргэн тойронд

Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон даваатай бөх боллоо. Тэрээр энэ сарын башёд өнөөдрийн байдлаар 13 даваа авснаар өмнөх дээд амжилтыг эзэмшиж байсан Кайо болон Чиёнофүжиг гүйцэн 1049 даваатай болж, дээд амжилт тогтоосон нь энэ. Түүхэн дэх хамгийн олон буюу нийт 38 түрүүг хүртээд байгаа 32 настай ёкозүна 2001 оны 3-р сараас хойш 98 башёд зодоглосны эцэст энэхүү амжилтанд хүрчээ. Талбайн теннисийн хамгийн нэр хүндтэй, ууган тэмцээнүүдийн нэг Уимблдоны эрэгтэйчүүдийн төрлийн аваргаар домогт Рожер Федерер тодорлоо. Өдгөө 37 настай Федерер карьерынхаа ид үедээ яваа гэмээр тоглолт үзүүлсээр, нэг ч сет алдалгүй 8 дахь удаагаа Уимблдонд түрүүлж, рекорд тогтоосон юм. Бүх цаг үеийг тэргүүлж буй амжилтаа улам ахиулж, 19 дэх удаагаа их дуулгад түрүүлсэн тэрээр энэ жилийн эхээр Австралийн нээлттэй тэмцээнд мөн аваргалаад байсан билээ. Эхнэрээ, найзтай нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаж олны анхаарлын төвд орсон, америк хөлбөмбөгийн супер од О.Ж.Симспон 9 жил шоронд суусны эцэст өршөөлөөр суллагдах боллоо. Өдгөө 70 настай Симпсон өдгөө ч шуугиан нь намжаагүй байгаа хүн амины хэрэгт буруутай нь нотлогдоогүй ч 2007 онд зэвсэгт дээрэм хийсэн хэргээр 33 жилийн хорих ялаар шийтгэгдээд байсан юм. Эрх чөлөөтэй болсон Симпсон 10-р сарын 1-ээс суллагдах бөгөөд сард 25 мянга орчим долларын тэтгэвэр авах гэнэ. ФИФА-тай холбоотой авилгалын хэрэг ахин сэргэлээ. 1988 оноос хойш Испанийн хөлбөмбөгийн холбоог тэргүүлж буй, ФИФА-ийн дэд ерөнхийлөгч Анхел Мариа Виллар болон түүний хүү тэргүүтэй нийт 4 хүнийг цагдаагийн газраас баривчилж, эд хөрөнгийг нь битүүмжилсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нөлөөтэй эрхмүүдийн нэг Вилларыг 2018, 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг олгох ажиллагаанд оролцохдоо албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө завшсан хэмээн буруутгаж байгаа бололтой. Тэгвэл энэ хооронд ирэх жил ДАШТ-ийг явуулах ОХУ тэмцээн үзэхээр ирэх фенүүдэд зориулан тоглолт зохион байгуулах 11 хотын хооронд галт тэргээр үнэгүй аялах боломж олгож байгаагаа зарлалаа. Тасалбар эзэмшигчид зөвхөн галт тэргээр үнэгүй зорчихоос гадна тухайн улс руу визгүй нэвтрэх эрх бүхий ID картыг авах боломжтой болох юм. Дугуйн ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Тур Де Францын аваргаар Британийн тамирчин Крис Фрүүм тодрох нь тодорхой боллоо. Тэрээр 3 дахь жилдээ дараалан, нийт 4 дэх удаагаа энэ тэмцээнд аваргалж байна.

JapanTimes: Хакухогийн түүхэн амжилт үргэлжилсээр
Tennis Channel: Рожер Федерер - 19 түрүү, 19 стат

Их аварга Хакухог Японы хэвлэл Уэйн Грэцки, Майкл Жордан, Усайн Болттой адилтгаж байна.

Алдалгүй унших арван мэдээ

IMO: Монголын математикчид 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
FB: Монголын физикчид бүгд медальтай!
CNN: Польшийн парламентийн дуулиант шийдвэр
The Verge: Баяртай ЛИЗА: Таталцлын долгионыг илрүүлэх аяны гол баатар
BBC: Венесуэлийн хямрал улам бүр дордсоор
NPR: Австрали эмэгтэйг буудсан цагдаагийн асуудлаас болж дарга нь огцров
The Atlantic: Жэйн Остин бол бүх зүйл!
Recode: Lyft жолоочгүй машины бизнес хөл тавилаа
QZ: Африкийн цомыг 24 багтай болгох нь үнэхээр зөв шийдвэр гэж үү?
Techcrunch: Англид бүх дроноо бүртгэлжүүлж эхэллээ

Рио Де Жанейрод болсон Олон Улсын Математикийн 58-р олимпиадаас манай улс 3 медаль хүртжээ.

7 хоногийн тоймын өмнөх дугаарууд

7 хоногийн тойм: Шуугиан дүүрэн Монгол наадам + Алхаж сурсан хиймэл оюун ухаан + Бүхнийг ангайлгасан телепортын туршилт
7 хоногийн тойм: Тав дахь ерөнхийлөгч - Х.Баттулга + Дэлхийн лидерүүдийн дуулиант уулзалт + 11 сартай хүүгийн сүүлчийн хүсэл
7 хоногийн тойм: 20 настай Харри Поттер + 1000 стартаптай Парисын зогсоол + 201 саяын үнэтэй Стеф Карри
7 хоногийн тойм: О.Уормбирийн гунигт аялал + Т.Каланикийн хүсээгүй төгсгөл + Саудын хааны гэнэтийн шийдвэр
7 хоногийн тойм: Гал + Ихрүүд + Цом