Он цаг улиран өнгөрсөөр, үзэж туулсан туршлага арвижсаар, алдаа оноо ээлжлэн хөвөрсөөр бид ахин нэг жилийг ардаа үдэх гэж байна. Жилийн төгсгөл үе хэн бүхний хувьд догдлол, ухаарал хосолсон цаг мөч байдаг нь эргэлзээгүй. Өнгөрч буй оноо эргэцүүлэн дүгнэж, айлчлан ирж буй шинэ ондоо юу хийж бүтээхээ төлөвлөн догдолдог энэ л үе бидэнд өөртэйгөө нүүр тулах завшаан, цааш урагшлах хүч болдог. Тиймээс бид "10 ертөнц, 10 өнцөг" цувралынхаа ээлжит дугаарт залуусын төлөөллийг урьж, бүтэлгүйтэл, ухаарлын түүхээс нь хуваалцлаа. Тэдний хувьд 2022 он хэрхэн өнгөрсөн бол?
С.МИШЭЭЛТ, КОНТЕНТ БҮТЭЭГЧ
Миний хувьд хувийн амьдрал, ажил карьерын тал дээр 2022 он шинэ эргэлтийн цэг боллоо. Үндсэн мэргэжлээрээ 2018 оноос хойш банканд ажиллаж байсан би энэ оноос тогтмол цалингаа орхиж, багаасаа мөрөөдөж ирсэн амьдралаа сонгох шийдвэр гаргасан. Влог хийж, контент бүтээн бусдад өөрийгөө таниулж, өөрийгөө өөрөөр бүтээж буй сонирхолтой үе тохиож байна. Хүндрэл бэрхшээл мэдээж олон байгаа.
Эргээд харахад корпорац соёлд дасахгүй цаг хугацаа алдсан байж болох ч хамгийн ихээр хүсэж буй зүйлээ яг одоо хийж, өдөр бүрийг ажилдаа дурлан өнгөрөөж байгаа. Тэгэхээр бүтэлгүйтэл бүхэн заавал зовлонгоор дуусах албагүй. Харин ч шинэ, илүү сайхан зүйлийн эхлэл байж ч болно. Хүн бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй ч ямар нэг бүтэлгүйтлийн ард заавал сайн сайхан зүйл хүлээж байгаа гэдэгт итгэдэг болсон.
YouTube суваг: Frenchkeeweejuice
Инстаграм: frenchkeeweejuice

“Бүтэлгүйтэл бүхэн заавал зовлонгоор дуусах албагүй. Харин ч шинэ, илүү сайхан зүйлийн эхлэл байж болно”.
Б.БАТЗОРИГ, СТАРТАП ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ
Карьерын хувьд эгзэгтэй, шилжилтийн үе тохиолоо гэж харж байна. Оюутан байхаасаа менежментийн түвшний цөөнгүй ажилд өөрийгөө сорин туршлага хуримтлуулж, цааш үргэлжлүүлэн хилийн чанадад суралцах төлөвлөгөөтэй байсан юм. Гэвч өөрийгөө илүү хөгжүүлэх ёстойг ойлгож, энэ онд бүтэн цагаар бизнес эрхэлж, стартапаа эхлүүлээд явж байна. Олон сорилт, бэрхшээл тулгарсан ч тэр дундаас хамгийн их сургамж үлдээсэн бүтэлгүйтлийг хуваалцъя.
Өнгөрсөн долдугаар сард зуны төлөвлөгөөгөө өөрчлөөд бид нэг байгууллагатай хамтран ажилласан юм. Хоёр сарын хугацаанд бэлтгэл ажлаас зохион байгуулалт хүртэлх бүх ажилд нь бүрэн оролцсон. Гэвч үр дүнд нь санхүүгийн хувьд биднээс шууд үл шалтгаалах том асуудлууд гарсан. Багийн ахлагчийн хувьд төлөвлөгөөгөө өөрчилж, хамтран ажиллах саналыг зөвшөөрсөн учраас ирэх хариуцлага миний нуруун дээр байх ёстой. Энэ үйл явдлаас өөрийн итгэл үнэмшилтэй, түүндээ бат зогсдог, бүх түвшний харилцаанд шударга, үнэн байх хэрэгтэйг ойлгосон.
Сошиал хаяг: Фэйсбүүк, Инстаграм

"Оюутан байхаасаа менежментийн түвшний цөөнгүй ажилд өөрийгөө сорин туршлага хуримтлуулж, цааш үргэлжлүүлэн хилийн чанадад суралцах төлөвлөгөөтэй байсан ч өөрийгөө илүү хөгжүүлэх ёстой".
Б.ГАНТУЛГА, УРАН БҮТЭЭЛЧ
Энэ онд албан ёсоор комедиан болсон нь хамгийн онцлох үйл явдал байлаа. Үүний сацуу олон бүтэлгүйтэлтэй нүүр тулсан. Тэр дундаас хамгийн хүнд байсан нь өвдөх. АНУ-д байхдаа ядаргаанд орсноос болоод өвдсөн. Сэтгэл санаа гээд бүх зүйлд нөлөөлсөн л дөө.
Дараагийнх нь дуучин, комедиан, лектороор ажиллах явцад карьерын хувьд ахих сорилттой нүүр тулсан. Гэвч тэс ондоо гурван салбарт надаас харилцан адилгүй чадварыг шаарддаг. Түүнээс гадна орчин цагт хүмүүс аливаа зүйлсээс хурдан уйддаг, түүнийг дагаад юмсын тренд байх хугацаа ч богино болчихсон. Тиймээс надад байгаагаасаа илүү сайжрах, дараагийн шатанд гарах зайлшгүй хэрэгцээ байна. Гол нь бид туулж буй туршлагаасаа олох ухаарал хамгийн чухал.
Инстаграм: sekstsagaanbogd

“Одоо үед хүмүүс аливаа зүйлсээс хурдан уйддаг, түүнийг дагаад юмсын тренд байх хугацаа ч богино болчихсон”.
Ё.ЧАёоду, ГЭРЭЛ ЗУРАГЧИН
Миний бодлоор бүтэлгүйтлийг сургамж гэж ойлгож байна. Тэгтлээ “эмороод” байдаг төрлийн хүн биш ч 2022 онд сэтгэл санааны савалгаатай жил байлаа. Ямар нэг зүйлээрээ хохирч, мөнгө сангүүгийн алдагдал хүлээгээгүй ч оюун бодол, сэтгэл санааны хувьд өнгөрсөн амьдралаа эргэцүүлэх, цаашдын хүслээ тунгаах тийм үе гэх үү дээ. Илүү өөртэйгөө нүүр тулсан жил байсан шиг санагдаж байна.
Жишээ нь би 40 насандаа хэн байхыг хүсэж байна, 80 насандаа хэн байхыг хүсэж байна гэдгээсээ хамаарч өнөөдөр юу хийх нь тодорхойлогдож байгаа юм. Зүрхэн дэх тэрхүү чин хүслээ мэдсэний дараах бүтэлгүйтэл бүхэн сургамж болж амьдрал илүү амттай байна.
Инстаграм: chayodu

"Ямар нэг зүйлээрээ хохирч, мөнгө сангүүгийн алдагдал хүлээгээгүй ч оюун бодол, сэтгэл санааны хувьд өнгөрсөн амьдралаа эргэцүүлэх, цаашддын хүслээ тунгаах тийм үе гэх үү дээ."
Ш.МӨНХИЙН-ОД, ДАСГАЛЖУУЛАГЧ
Жил бүр надад их, бага хэмжээгээр ахиц дэвшил гарсан санагддаг. Энэ оны тухайд эхний долоон сар АНУ-д ажиллаж, амьдарсан юм. Тэр хугацаанд англи хэл маань тийм ч хангалттай байгаагүйгээс эхлээд олон зүйл дээр өөрийгөө дутуу дулимаг байгааг ухаарсан л даа. Жишээлбэл, сагсан бөмбөгийн дасгалжуулагч хийж байхдаа сурагч хүүхдүүддээ хэлний асуудлаас болоод бүрэн ойлгуулж чадаагүй тохиолдол ч олон байсан.
Харин эх орондоо ирээд сошиал контент бүтээх ажилд орсон байгаа. Гэхдээ хэтэрхий сэтгэл хөдлөлөөрөө сайн төлөвлөгөөгүй эхлүүлж, олон бүтэлгүйтэлтэй нүүр тулсан. Үүний үр дүнд алс хэтийн ашиг тусыг нь харж байгаа ч түүндээ хүрэхэд шаардлагатай алхам бүрээ зөв төлөвлөж, тодорхой болгох нь чухал гэдгийг ойлгож байна.
2022 онд дэндүү сүүлд ойлгож авсан зүйл гэвэл бүх зүйл цаг хугацааны эрхээр өрнөдөг. Бид энэ ертөнцийн хувьд тоосонцор мэт бяцхан оршихуй боловч өөрсдөө энэ ертөнцтэй дүйцэхээр хэт их зүйлд санаа зовж амьдардаг. Гагцхүү ийм л үед бид амьдралын аз жаргалыг мэдрэхээ хэдийн больчихсон байдаг юм билээ. Эцэст нь миний дотоод амар амгаланг өөрөөс минь өөр юу ч зогсоохгүйг би ухаарсан.
YouTube суваг: The Star Bros
Инстаграм: etrnl_star

"Бид энэ ертөнцийн хувьд тоосонцор мэт бяцхан оршихуй боловч өөрсдөө энэ ертөнцтэй дүйцэхээр хэт их зүйлд санаа зовж амьдардаг."
З.НАРАНЗАЯА, YOUTUBER
Энэ он миний хувьд ажилгүйдлээр дүүрэн болж өнгөрлөө. Олон удаа ажлын ярилцлагад орж, тэнцээгүй гэх хариу авах надад үнэхээр хэцүү байсан. Нэг талаас ажлын туршлагагүй байсан учраас ажлын ярилцлагад алдах нь олон байсан. Нөгөө талаас миний суралцаж буй жендер судлалын мэргэжил нь энд тийм ч түгээмэл биш. Ийм шалтгаанаар гуниглах, бүтэлгүйтэх үе цөөнгүй байсан.
Хамгийн их анзаарсан нь дөнгөж ажлын байран дээр гараад анхны ажлаа хийж байгаа манай үеийнхэнд “царай алдах” зориг огт байдаггүй. Өөрөөр хэлбэл, мэдэхгүй чадахгүй зүйлээ бусдаас асуухаас санаа зовж ичдэгээсээ болоод Z үеийнхэн ажил хийж чаддаггүй гэж хэлүүлэхэд хүрч байгаа.
Харин хамгийн их ойлгосон нь бид ажлаасаа хэт хамааралтай байх ёсгүй юм билээ. Ажлаасаа болж стрессддэг, яг тэр сэтгэлгээгээрээ шийдвэр гаргадаг болчих юм бол өөрсдийнхөө дургүй ааштай ах, эгч нар шиг л болно. Тэгэхээр эргэн тойрныхоо хүмүүсээс хамааралгүйгээр өөрийгөө олох хэрэгтэй гэж бодож байна.
YouTube суваг: Naranzay aav
Инстаграм: naranzay_aav

“Дөнгөж ажлын байран дээр гараад анхны ажлаа хийж байгаа манай үеийнхэнд “царай алдах” зориг огт байдаггүй”.
Б.ТЭРГЭЛ, ЗАЛУУ ЭНТРЕПРЕНЕР
2022 онд олон зүйлийг шинээр эхлүүлж, туршиж үзсэн оролдлого дүүрэн жил байлаа. Нэг ёсондоо PIVOT жил байсан гэсэн үг. Өнөөдөр чамд болон танай багт тэр дундаа хүч сорихоор зэхэж буй салбарт чинь ямар боломж байгааг олж харж, мэдэхийн тулд хийж үзэхээс өөр сонголтгүй гэдгийг хамгийн их ойлгосон.
Ямар ч стартап эхний санаагаа эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах хүртлээ аль ч үед үүсгэн байгуулагчийнхаа нүдэнд өөгүй, сул талгүй мэт харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ асар олон сул тал, бодож тооцоолж үзээгүй зүйлс байдаг юм билээ.
Үүнийг би энэ жил стартап бойжуулах хөтөлбөрт хамрагдаад хамгийн ихээр ойлгож, мэдэрч байгаа. Үндсэндээ салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, туршлага дээр үндэслэн бидний бий болгож байгаа “хүүхэд” буюу стартап маань хэчнээн олон сул талтайг ойлгосны зэрэгцээ бодит байдал, бүтэлгүйтэлтэйгээ нүүр тулсан жил байлаа.
Инстаграм: teki.sama

“Өнөөдөр чамд болон танай багт тэр дундаа хүч сорихоор зэхэж буй салбарт чинь ямар боломж байгааг олж харж, мэдэхийн тулд хийж үзэхээс өөр сонголтгүй гэдгийг хамгийн их ойлгосон байна”.
Б.ЦЭЦЭГБАЛЖИД, БИЗНЕС ЭРХЛЭГЧ
Энэ онд ажилтнуудтайгаа харилцах харилцаан дээрээ нэг алдаж, нэг оносон. Бидэнд тогтсон хэвшмэл ойлголтоос болоод тэр үү, захирангуй, шаардангуй өнгө аясаар удирдагч хүнийг төсөөлж явсан юм билээ. Үр дүнд нь тэр зан байдлыг баг хамт олондоо гаргаж, маш том алдаа гаргасан. Ингээд бодохоор хүн өөрийг нь үнэлдэг, дэмждэг, эерэг уур амьсгалтай газар л өндөр бүтээмжтэй, өөриймсөг сэтгэлтэй ажилладаг гэдгийг маш сайн ойлгож авчээ.
Манай байгууллагын ажилтны 95 хувь нь оюутан залуус. Нэг талаараа ирээдүйд чадварлаг хүний нөөц болоход нь туслахын зэрэгцээ хүсэл зорилгыг нь мохоохгүй байхыг хүсдэг учраас тэднийг дэмжин ажиллахыг хүсдэг юм. Ирэх онд ч оюутан залуусыг ажлын байраар хангахад анхаарч, хоёрдугаар сард “Амита” бялууны студийг байгуулахаар зорьж байгаа.
Бизнес инстаграм: Camellia & Amita cake studio

“Хүн өөрийг нь үнэлдэг, дэмждэг, эерэг уур амьсгалтай газар л өндөр бүтээмжтэй, өөриймсөг сэтгэлтэй ажилладаг гэдгийг маш сайн ойлгож авчээ”.
А.ДОРЖПАЛАМ, ШИНЖЛЭХ УХААНЫ СЭТГҮҮЛЧ
Үндсэн мэргэжлээсээ тэс өөр салбарт ажиллаж эхэлсэн нь 2022 оны онцлох үйл явдал байлаа. Олон зүйлд өөрийгөө сорьж, тэр бүгдээсээ суралцан энэ салбарт илүү их дурласаар байна. Тэр дундаас Нобелийн шагнал гардуулах ёслолыг анх удаа Монголд шууд дамжуулах нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажилласнаас гадна өөрийн шинжлэх ухааны нэвтрүүлэгтэй болсон зэрэг олон зүйлд өөрийгөө туршсан жил байв.
Энэ оны хамгийн том бүтэлгүйтлийн тухайд миний хамгийн жижиг үйлдлээс болж гарсан. Надад шинжлэх ухааны сэтгүүлчээр мэргэшин туршлагажихад даацтай нөлөө үзүүлэх олон улсын хуралд оролцох боломж гарч ирсэн юм. Гэвч ердөө ажлынхаа цахим шууданг тогтмол шалгаагүйгээс болж энэ гайхалтай боломжийг алдчихсан. Энэ бол 2022 оны хамгийн том бүтэлгүйтэл байлаа.
YouTube суваг: Gej Yu Ve
Инстаграм: dorjoski_palmaster

“Энэ оны хамгийн том бүтэлгүйтэл миний хамгийн жижиг үйлдлээс болж гарсан”.
М.ОЮУНТҮЛХҮҮР, ОЮУТАН
Миний хувьд жилийн эцэст өөрийгөө дүгнэхээс илүү тухай бүрд нь болох болохгүйгээ тунгааж, юу хүсэж байгаагаа сонсдог. Энэ онд нэлээдгүй сэтгэлзүйн асуудалтай байснаас болоод бусадтай ойлголцох, хичээлдээ төвлөрөхөд бэрхшээл гарч, найзуудтайгаа хамт дурсамжтай өнгөрүүлж болох байсан цаг хугацаагаа алдчихсан. Нэг үгээр найз нөхдөөсөө хөндийрсөн нь энэ оны хамгийн том бүтэлгүйтэл байлаа.
Ангийнхаа залууг сэтгэлзүйн асуудлаа хэрхэн даван туулсан талаар ярих хүртэл би өөрт төрж байгаа мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрч чадахгүй явсаар л байв. Эцэст нь асуудалтайгаа нүүр тулах ёстойг, хүн өөрөө өөртөө л зовлон хураадаг гэдгийг ойлгож, бага багаар бодлуудаа цэгцэлж чадсан. Магадгүй асуудлуудаа арай бага дээр нь шийдсэн бол өдийд үр арай өөр байх байсан болов уу.
Инстаграм: oyuntulkhuur

“Ангийнхаа залууг сэтгэлзүйн асуудлаа хэрхэн даван туулсан талаар ярих хүртэл би өөрт төрж байгаа мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрч чадахгүй яваад л байв”.

Сэтгэгдэл бичих

