Unread-ийн Азийн сантай хамтран хэрэгжүүлсэн “AI Governance Fellowship” хөтөлбөрийн зарим оролцогчид хөтөлбөрөөс сурч мэдсэн зүйлээ болон хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан төслийнхээ талаар энэхүү ярилцлагаар бидэнтэй хуваалцлаа. Зохион байгуулагчдын зүгээс уг хөтөлбөрөөр хамгийн чухал нь хиймэл оюунтай хэрхэн зөв зохистой, аюулгүй хамтран ажиллахыг оролцогчдодоо ойлгуулахыг хүссэн билээ. Хөтөлбөрийн төгсгөлд энэхүү зорилго биелэхийг харах туйлын таатай байна.
Ингээд хөтөлбөрийн оролцогчид хиймэл оюуны засаглалтай холбоотой ямар шинэ мэдлэг, туршлага олж авсан талаар энэхүү нийтлэлээс уншаарай.
Интелмайд ХХК-ийн ахлах хуульч Ж. Лхагвасүрэн

Үнэнийг хэлэхэд би өөрийгөө энэ сэдвээр чамгүй ойлголттой гэж бодож явсан. Учир нь энэ оны эхээр компанийнхаа хиймэл оюуны хэрэглээний бодлогыг боловсруулсан юм. Нэр томьёог тодорхойлж, хориотой хэрэглээг жагсааж, мэдээллийн ангилал хийсэн.
Одоо эргээд харахад миний ойлголт хоёр талаараа дутуу байжээ. Нэгдүгээрт, би AI засаглалыг зөвхөн эрх зүйн баримт бичиг гэж харж, сайн баримт бичиг биччихвэл л асуудал шийдэгдэнэ гэж бодож байсан. Хоёрдугаарт, бодлогоо бодит хэрэглээний судалгаанд суурилаагүй, өөрийн мэргэжлийн туршлага, таамаг дээр бичсэн байж.
Тэгэхээр миний авсан эхний сургамж бол судалгаагүй бичсэн дүрэм хэрэгждэггүй ба дүрэм бичихэд хоёр л зам бий. Нэг нь юу болж байгааг мэдэхгүйгээр таамаглан бичих. Нөгөө нь бодитоор хэмжээд бичих. Эхний арга хурдан боловч хэт ерөнхий болж, хэрэгжилтгүй зүгээр л цаас болж үлдэнэ. Тиймээс төслийнхөө хүрээнд ажилтнуудаас нэргүй асуулга авч, ярилцлага хийж, бодит хэрэглээг хэмжээд үүний дараа гарсан үр дүн дээрээ бодлогын баримт бичгээ эцэслэхээр шийдсэн.
Хоёр дахь сургамж бол хүрээ хязгаараа тогтоох. Хөтөлбөрийн эхэнд би шинээр нэгэн зэрэг зургаан баримт бичиг боловсруулах санаатай байсан. Ментор маань хүрээгээ нарийсгахыг зөвлөсөн тул одоогоор хоёр баримт дээр төвлөрч байна. Хэрэгжихгүй зургаан нооргоос хэрэгжих хоёр баримт бичиг дээр шүү дээ.
AI&Society Lab-ийн судлаач Б. Батзаяа

Хөтөлбөрт хамрагдахаас өмнө хиймэл оюуны засаглалын чиглэлээр тодорхой суурь мэдлэгтэй байсан. Учир нь энэ оны тавдугаар сард АНУ-д Төрийн удирдлагаар магистрын хөтөлбөрөө төгсөхдөө хиймэл оюун, дижитал засаглалын чиглэлээр хичээл судалсан юм. Мөн сургуулийнхаа фелловшип хөтөлбөрт хамрагдаж, хиймэл оюун ашиглан вэбсайт хөгжүүлэх төсөл дээр ажиллаж байсан төдийгүй одоо AI Governance чиглэлээр олон улсын мэргэжлийн шалгалтад бэлдэж байгаа.
Харин энэ хөтөлбөр миний өмнө нь сурсан зүйлсийг Монголын бодит нөхцөл байдалтай холбож харах боломж олгосноороо хамгийн үнэ цэнтэй байлаа. Ялангуяа Монголын технологийн компаниудын үйл ажиллагаатай танилцаж, байгууллагууд хиймэл оюуныг хэрхэн ашиглаж байгаа, түүний засаглал болон хариуцлагатай хэрэглээний асуудлыг ямар түвшинд авч үзэж байгааг харах боломж олдсон.
Миний хувьд хамгийн чухал нь хиймэл оюуны засаглалыг зөвхөн технологийн асуудлаар хязгаарлах бус байгууллага болон нийгмийн түвшинд авч үзэх шаардлагатайг Монголын орчинд илүү тодорхой харсан явдал байлаа. Энэ чиглэлээр хийх ажил ч маш их байна.
УИХ-ын Тамгын газрын ахлах референт Б.Эрдэнэбаяр

Хөтөлбөрт оролцохоос өмнө хиймэл оюуны засаглалын талаарх ойлголт маруухан байсныг нуух юун. Харин хөтөлбөрийн төгсгөлд энэ талаарх мэдээлэл чамгүй өргөн болж, дэлхийн чиг хандлага болон бид хаашаа явах хэрэгтэйг илүү ойлгож авлаа. Мөн хиймэл оюуныг хэт хяналтгүй ашиглах нь тохиромжгүй, ялангуяа хувийн эмзэг мэдээллийг хэт их хуваалцах нь асуудалтай тул аль болох цензуртай хандаж, асуудлаа шийдэх хэрэгтэй юм байна.
Цаашлаад өөрийн зүгээс байгууллагадаа хиймэл оюуны талаарх мэдээллээ танилцуулж, бусадтайгаа хуваалцан, илүү их суралцахыг хүсэж байна. Энэхүү хөтөлбөрийг зохион байгуулсан Азийн сан болон Unread-ийнхэндээ баярлалаа.
Bytecode-ийн үүсгэн байгуулагч Г.Азжаргал

Хиймэл оюуныг зөв ашиглахын тулд технологиос гадна түүнийг дагасан бодлого, дүрэм хэрэгтэй. Бид хөтөлбөрт хамрагдахаас өмнө өөрсдийн хөгжүүлдэг агентаа яаж илүү сайжруулах вэ гэдэгтээ л анхаардаг байж. Харин хөтөлбөрийн үеэр хиймэл оюуныг хөгжүүлэхээс гадна бодлогын түвшинд шаардлагатай баримт бичгүүдийг хэрхэн боловсруулах, тэдгээрийг бизнесийн орчинтой хэрхэн уялдуулах талаар шинэ мэдлэг, ойлголттой боллоо.
Мөн байгууллагуудад хиймэл оюуны агентуудыг хөгжүүлэх гарын авлага боловсруулсан. Үүний зэрэгцээ цаашид судлах хоёр, гурван сэдэв тодорхой болсон бөгөөд эдгээр чиглэлээр судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Байгууллагын түвшинд хиймэл оюуныг хариуцлагатай хөгжүүлэхийн тулд удирдлагууд давуу болон сул тал, хязгаарлалт, эрсдэлийн талаар ажилтнууддаа ойлгомжтой мэдээлэл өгөх хэрэгтэй. Ингэснээр хяналтаас гадуурх далд хиймэл оюуны хэрэглээг бууруулах боломжтой юм.
Эдийн засгийн хөгжлийн төвийн Хөтөлбөрийн захирал Л.Даваажаргал

Азийн сан болон Unread-ээс зохион байгуулсан хиймэл оюуны засаглалын хөтөлбөрийн 27 оролцогчийн нэг болсондоо баяртай байна. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгцээтэй, чанартай мэдлэг, мэдээллийг богино хугацаанд олж авч чадлаа.
Ялангуяа хиймэл оюуныг зөв ашиглах, дата болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээллээ хиймэл оюунд хэт их өгөхөөс сэргийлэх талаар олон зүйл сурсан. Үүний зэрэгцээ бүтээмжээ нэмэгдүүлэх, ур чадвараа сайжруулах, шинэ мэдлэгийг илүү хурдан эзэмшихэд хиймэл оюуныг ашиглаж болохыг ойлгосондоо баяртай байна.
Цаашид олж авсан мэдлэгээ хамт олонтойгоо хуваалцаж, AI-ийг зөв, үр ашигтай ашиглах талаар бусдад таниулахаар зорьж байна. Мөн дата, мэдээлэл боловсруулахад зарцуулдаг цаг хугацааг AI-ийн тусламжтайгаар багасгаж, давхардсан болон их хэмжээний мэдээллийг хянах зэрэг ажлуудад ашиглахаар төлөвлөж байгаа.
MNCERT/CC-ийн Хуулийн зөвлөх Л.Галбаатар

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Монголд байгууллагууд хиймэл оюуныг ямар түвшинд ашиглаж байгаа, ямар асуудал тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгааг бодит жишээн дээрээс харах боломж олдсонд таатай байна.
Хиймэл оюун хэт хөгжвөл аюултай, хүмүүсийн ажлын байрыг булаана гэх ойлголт түгээмэл. Гэхдээ ямар хэмжээний өгөгдөл өгөх, тэдгээрийг хэрхэн ашиглах, ямар хүрээнд хязгаарлах зэрэг асуудлыг урьдчилан тооцоолж, зохих засаглалын тогтолцоог бүрдүүлсэн нөхцөлд ийм эрсдэлээс сэргийлэх боломжтой.
Би хуулийн хүн учраас хөтөлбөрөөс сурсан зүйлээрээ дамжуулан AI чатбот хөгжүүлэхэд анхаарч байна. Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүн бүр хуулийн тусламж авах эрхтэй ч өөрт тохирох өмгөөлөгчөө олох нь иргэдийн хувьд амаргүй байдаг. Манайд хуульч, өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо гаргадаг ч хүртээмж багатай, холбогдох мэдээлэл нь тодорхой бус байх нь бий. Тиймээс иргэд өөрийн асуудлыг бичиж, түүнд нь тохирох мэргэшсэн өмгөөлөгчийг хиймэл оюун санал болгох юм. Хэрэв энэ чатботыг хөгжүүлж чадвал иргэд заавал танил тал хайх шаардлагагүй, өөрт тохирох өмгөөлөгчийн мэдээллийг илүү хялбараар олох боломжтой.
Рио Тинто Монгол компанийн Төслийн ахлах аналист Б.Ганжаргал

Хөтөлбөрт оролцохоос өмнө миний хувьд хиймэл оюунаар бизнесийн үйл ажиллагааг автоматжуулах, бүтээмжийг сайжруулах тухайд дутуу мэдээлэлтэй байсан. Харин хөтөлбөрт оролцсоны дараа зөвхөн технологиор үл хязгаарлагдан, хууль эрх зүй, байгууллагын дотоод менежмент бүр томоор харвал нийгмийн асуудлыг өөрчилж байгаа шинэ хэлбэр гэж ойлгосон. Хөтөлбөрийн хүрээнд олон хүмүүстэй танилцаж туршлага судлан, тэр болгон уулзаж чадахгүй мэргэжилтнүүдтэй уулзаж, илүү нарийн мэдээлэл олж авсандаа баяртай байна.
Миний хувьд жижиг компаниуд хиймэл оюуныг хэрхэн ашиглавал зүгээр вэ? Яаж ашиглавал илүү үр бүтээмжтэй вэ? Нөгөө талаас ямар эрсдэл байгаа вэ гэдэг дээр тулгуурлан байгууллагын мэдээллийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх тухайд төсөл дээрээ ажилласан.
Байгууллагууд хэмжээнээсээ хамаараад хиймэл оюуныг харилцан адилгүй ашиглана. Гэхдээ хиймэл оюунаас айж аюул, осол гэж харалгүй, илүү нээлттэйгээр хандах хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Моносфарм Трейд ХХК-ийн Сургалтын менежер Б.Хатантуул

Бид хиймэл оюунтай холбоотой олон сөрөг мэдээлэл, эрсдэлийн талаар сонсож, тодорхой хэмжээнд болгоомжилдог шүү дээ. Эрсдэл байгаа нь үнэн. Гэхдээ зөв засаглалын тогтолцоог бий болгосноор эдгээр эрсдэлийг урьдчилан тодорхойлж, зохицуулах боломжтой гэдгийг энэ хөтөлбөрөөс ойлгож авлаа. Үүний сацуу хиймэл оюуныг илүү өөртөө итгэлтэй ашиглаж сурлаа.
Миний бодлоор байгууллагад хиймэл оюуныг нэвтрүүлэхдээ юуны төлөө, ямар шат дамжлагын хүрээнд, ямар хязгаарт ашиглах вэ гэдгийг бодлогын түвшинд тодорхойлох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хиймэл оюуныг ашиглахтай холбоотой бодлогоо эхлээд боловсруулж, дараа нь хэрэгжүүлэх нь чухал. Бодлогыг зөвхөн нэг баг дангаараа боловсруулах бус IT, хуулийн баг болон бусад холбогдох талууд хамтран ажиллах хэрэгтэй.
ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн Б.Замилан

Би хувь хүний хувийн мэдээлэл хамгаалах чиглэлээр ажилладаг. Хөтөлбөрт оролцохоос өмнө хиймэл оюуны эрсдэл гэдэг талаас нь хардаг байсан. Одоо бол боломж гэж харж эхэлсэн байна. Техник технологи бидэнд маш их боломж олгодог тул, үүнийг зөв хэрэглэж сурах нь чухал юм байна гэдгийг ойлгосон.
Хөтөлбөрийн хүрээнд хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийн 23-р заалтанд тулгуурлан хиймэл оюун хэрхэн үнэлгээ хийх талаар төслөө бичсэн. 90 хоногийн дотор хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Эрсдэлийг үнэлэхэд маш их мэдээллүүд боловсруулах шаардлагатай бөгөөд үүнийг хүмүүст илүү амар болгохын тулд ажиллаж байна.
Мөн байгууллагууд хиймэл оюуныг шууд нэвтрүүлэхээс илүү хэрэгцээгээ тодорхойлж, тогтолцоогоо боловсруулсны дараа хэрэгжүүлж эхэлбэл тохиромжтой санагдсан. Учир нь энэ бүхний ард хэрхэн хяналт тавих уу, хариуцлагыг хэн хүлээх үү зэрэг маш өргөн цар хүрээний асуудал байдаг учраас орхигдуулахгүй анхаарах хэрэгтэй.
Дата инженер Б. Мөнхнасан

Би голчлон дата буюу өгөгдөл дээр төвлөрч ажилладаг юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хиймэл оюун ашиглах үед мэдээлэл зөв, найдвартай байх нь хангалтгүй, тухайн мэдээлэл ямар шийдвэрт нөлөөлөх вэ, гарсан үр дүнг хэн хариуцах вэ гэдэг асуудал чухал болохыг ойлгосон.
Өмнө нь мэдээллийг хэн хариуцах вэ гэдэг нь тодорхой байдаг байсан. Харин хиймэл оюун ямар нэг ангилал хийх, санал гаргах үед тэр шийдвэрийг эцэст нь хэн шалгаж, баталгаажуулах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Миний төсөл энэ асуудлыг шийдэхэд чиглэсэн. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун зөвхөн санал гаргана, эцсийн шийдвэрийг хүн заавал шалгаж баталгаажуулна. Мөн хиймэл оюун ямар мэдээлэл ашигласан, ямар шийдвэр гаргасан зэрэг бүх үйл явцыг бүртгэж үлдээнэ.

