Улс төрийн оролцоо гэдэг нийгмийн бүх гишүүдэд хамааралтай, ирээдүйгээ цогцлооход нэн чухал үүрэгтэй зүйл гэдгийг залууст таниулж, улмаар тэдний дуу хоолойг олон нийтэд түгээж чадсан "B1D - БиНэгдий" өдөрлөгийн зочид бол энэ удаагийн дугаарын гол дүрүүд билээ.
Өөр өөрсдийнхөө чадах зүйлсээр нийгэмдээ хувь нэмрээ оруулж, дуу хоолойгоо өргөж буй тэдэнтэй эвентийн талаарх сэтгэгдэл болон улс төрийн оролцооны талаарх үзэл бодол, хэрэгжүүлж буй бодит төслүүдийнх нь ач холбогдлын тухай товчхон ярилцсаныг уншигч та хүлээн авна уу.
i. П.АЛТАНЧИМЭГ, "ЛИЙД" ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮН

Өнгөрөгч ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр би Солонгост сурч таарсан юм. Тухайн үед санал өгөхөөс гадна сайн дурын ажиглагчаар ажиллаж байх үедээ маш олон дутагдалтай зүйлсийг анзаарч байлаа. Нэгдүгээрт, гадаадад оршин суугаа иргэд нэрсийн жагсаалтад хэрхэн бүртгүүлэх талаар мэдээлэлгүйгээсээ үүдэн бүтэн өдрийг зарцуулж, санал авах байранд ирэхэд "таны нэр сонгогчийн жагсаалтад байхгүй учраас санал өгөх боломжгүй" гэх хариу сонсох нь элбэг. Үүнийг засахын тулд сошиал медиагаар мэдээлэл сайн түгээх, нэрийн жагсаалтад онлайнаар бүртгүүлэх боломжтой болгох гэх мэт зайлшгүй технологийн шийдлүүдийг сонгуулийн үйл явцад нэвтрүүлэх шаардлагатай байна. Одоогийн байдлаар гадаадад оршин суугаа сонгуульд санал өгөх эрхтэй нийт иргэдийн ердөө зургаа хүрэхгүй хувь нь сонгох эрхээ эдэлж байна шүү дээ.
Солонгос улсын тухайд сүүлийн жилүүдэд технологийн тусламжтай санал хураах үйл явцыг хялбаршуулж чадсан. Намайг суралцаж байх үед ихэнх залуус урьдчилсан санал хураалтаар саналаа өгч байлаа. Энэхүү боломжийг ашиглан хэрвээ сонгогч сонгуулийн өдөр санал өгөх боломжгүй болчихвол товлолт өдрөөс өмнөх гурав хоногийн хугацаанд өөрт ойр байрлах дурын санал хураах байранд хурууны хээгээ уншуулаад л бүртгэлтэй тойрогт нэр дэвшиж байгаа хүндээ саналаа өгөх боломжтой. Тэрхүү саналын хуудсыг нь давхар дугтуйнд хийгээд санал авах байр руу илгээж, тэндээ автоматаар тоологдчихно. Маш хялбар процесс байгаа биз дээ. Хэрэв энэ шийдэл манай улсад нэвтэрвэл залуусын улс төрийн оролцоо мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Гадаадад оршин суугаа иргэд нэрсийн жагсаалтад хэрхэн бүртгүүлэх талаар мэдээлэлгүйгээсээ үүдэн бүтэн өдрийг зарцуулж, санал авах байранд ирэхэд "таны нэр сонгогчийн жагсаалтад байхгүй учраас санал өгөх боломжгүй" гэх хариу сонсох нь элбэг.
unread.media
ii. б.болороо, хүний эрхийн активист

Эрх баригчид бүх нийтэд хүртээмжтэй орчныг бий болгож чадахгүй байгаагаа нэгэн төрлийн ялгаварлан гадуурхалт гэж үзэхгүй байгаа нь зайлшгүй шийдэх ёстой асуудал юм. Жишээлбэл, байгууллагын удирдах албан тушаалтан гаднах налуу замаа стандартын дагуу шийдвэл манайхаар хөгжлийн бэрхшээлтэй хүн чөлөөтэй нэвтрэх боломжтой юм байна гэх хандлагатай байхад л хүртээмжтэй орчныг бий болгоход хувь нэмэр оруулж чадна. Гэтэл Болороо шиг хүмүүсийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үйлчлүүлэгч, хэрэглэгч гэж харж чадахгүй байгаа хандлага өөрөө хамгийн том саадыг үүсгээд буй. Жишээлбэл, тэргэнцэртэй иргэд хүссэн их дэлгүүрээрээ үйлчлүүлээд дуртай хувцсаа сонгоод авах боломж манай хотод бүрдээгүй. Яагаад гэвэл ажил олгогч болон үйлчилгээ эрхлэгч хүмүүс одоог хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хэрэглэгч, үйлчлүүлэгч гэх өнцгөөс харахгүй байгаад учир нь байна.
Олон нийтийн зүгээс сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлах хандлага харьцангуй буурсан хэдий ч сургуулийн орчинд байдал эсрэгээрээ. Хамгийн наад зах нь эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хамт өөрийн хүүхдээ сургамааргүй байна аа гээд сургуулийн захиргаа руу гомдол гаргангуут нөгөө хүүхдийг өөр сургууль руу шилжүүлэх жишээний.
Түүнчлэн улс төрд нэр дэвшиж байгаа хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сонгогч хэмээн харж, тэр хүмүүст зориулан мөрийн хөтөлбөрөө хүртээмжтэй түгээж чаддаг эсэх тун эргэлзээтэй. Мөрийн хөтөлбөр дээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан тусгай ажил зохиож бичих нь тэдний эрхийг хангаж байгаа асуудал биш байхгүй юу. Угтаа бол нийтийн дунд баримтлах бодлого дунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс адилхан ороод явдаг байх нь зөв систем юм.
Улс төрчдийн нийтийн дунд баримтлах бодлого дунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс адилхан ороод явдаг байх нь зөв систем юм.
Unread.media
iii. б.МАРАЛЖИНГОО, ДУУЧИН

15,16 настай байх үедээ өөрөө ч мэдэлгүй намын дуу дуулж байсныг эс тооцвол аль ч сонгуулийн үеэр би нэр дэвшигчидтэй холбоотой шууд сурталчилгаа хийж үзээгүй. Мэдээж нийгэмд тодорхой хэмжээнд танигдсан, цахим орчинд олон дагагчтай хүмүүс нэр хүндээ ашиглан сайн дурын үйл ажиллагаанд оролцох, бизнесийн байгууллагатай хамтран ажиллах явдал байлгүй яахав.
Гэхдээ хувь хүнийхээ зүгээс олны танил хүмүүс улс төрийн шинж чанартай үйл ажиллагаанд оролцох явдлыг төдийлөн сайшаадаггүй. Жишээлбэл, урлагийн салбарт хөдөлмөрлөж байгаа бидний орлогын гол эх үүсвэр нэгэнтээ улс төрийн сурталчилгаа бишээс хойш иймэрхүү ажлын саналыг тэвчээд өнгөрүүлчихэж болох шүү дээ.
Улс төр хүмүүсийн амьдрах боломж, ирээдүйтэй шууд утгаараа холбогддог учраас олны танил хүмүүс асуудалд илүү бодитой, ёс зүйтэй хандах хэрэгтэй. Урлаг, улс төр хоёр өнгөн талдаа огт өөр зүйлс мэт боловч хоёулаа хүний хөгжих мэдрэх эрх чөлөө, амьдрах орчин гэхчлэн нийгэмд нөлөө үзүүлж байдгаараа ижил талтай. Тэр утгаараа олны танил урлагийн хүмүүс сонгуулийн шууд болон шууд бус сурталчилгаанд хариуцлагатай хандаасай, хувь хүнийхээ хувьд хэн нэгэн нэр дэвшигчийн үйл хэргийг зөв гэж итгэж үнэмшсэн байж болох ч бусдад өөрийн үзэл бодлоо тулгаасай гэж хүсдэг.
Улс төр хүмүүсийн амьдрах боломж, ирээдүйтэй шууд утгаараа холбогддог учраас олны танил хүмүүс асуудалд илүү бодитой, ёс зүйтэй хандах хэрэгтэй.
unread.media
iv. б.золзаяа, хүний эрхийн активист, комедиан

Уламжлалт улс төрийн оролцооны үед иргэд сонгуулийн үеэр төлөөлөгчөө сонгоод л, тэр хүнээрээ дамжуулан асуудлаа шийддэг байсан түүхтэй. Харин орчин цагт сонгуулиар төлөөлөгчөө сонгохоос гадна өөрийн санаа зовж буй, сайжруулахыг хүсдэг нийгмийн асуудлаа шийдвэрлэхийн тулд залуус нэгдэж аян өрнүүлэн, дуу хоолойгоо улс төрчдөд хүргэх боломжтой болсон нь олзуурхууштай.
Амьдарч буй нийгмээ илүү дээр болгохын төлөө залуус бид хэн нэгнийг шүүмжлэх бус өөрсдөө оролцох шаардлагатай. Улс төр гэхээр л өөрөөс чинь дэндүү хол, уйтгартай сэдэв мэт санагдаж магадгүй. Гэхдээ дуу дуулах, комеди хийх, хичээл заах гээд ямар ч байдлаар энэ нийгмийг сайжруулахын төлөө өөрийн чаддаг зүйлсээр хувь нэмрээ оруулж болох. Жишээ нь би гэхэд, комедиан хүний хувиар нийгмийн тэгш бус байдал, авлигын талаар хошигнох нь ч нэгэн төрлийн улс төрийн оролцоо юм. Түүнчлэн дөрвөн жилд нэг удаа сонгуульд очоод саналаа өгөхөөс гадна аль нэр дэвшигч миний өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэж, миний дуу хоолой болж чадах юм гэж асуулт асуудаг мэдлэгтэй, мэдээлэлтэй сонгогч байх хэрэгтэй. Хэрэв хүсвэл өөрсдөө ч шийдвэр гаргах түвшинд оролцож болно шүү дээ. Баруун Европ тэр тусмаа Скандинавын хойгийн орнуудад дөнгөж 30 хүрч байгаа залуус төрийн өндөр албан тушаалд ажиллаж, бодлого боловсруулж байна.
Хэрэв хүсвэл залуус бид өөрсдөө ч шийдвэр гаргах түвшинд оролцож болно шүү дээ. Баруун Европ тэр тусмаа Скандинавын хойгийн орнуудад дөнгөж 30 хүрч байгаа залуус төрийн өндөр албан тушаалд ажиллаж, бодлого боловсруулж байна.
unread.media
v. б.бат-оргил, зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагч

Монгол Улс даяар 15-29 насны 137 мянган залуус хөдөлмөр эрхлээгүй болон суралцаагүй байна гэсэн судалгааны дүн бий. Өөрөөр хэлбэл, залуучуудын таван хүн тутмын нэг нь ажилгүй байна аа гэсэн үг. Манай улсын хувьд залуусын дээд боловсрол эзэмшиж буй хувь харьцангуй өндөр ч ажлын байран дээр гарахад төрөл бүрийн бэрхшээл үүсдэг. Нийт төгсөгчдийн ажлын байран дээр гарах дундаж хугацаа бараг хоёр жил гаруй байдаг гэхээр төгсөнгүүтээ ажилтай золгох нь тун хүндхэн даваа байгаа биз.
Энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэхийн төлөө Зориг сангийн хамт олон 2018 оны сүүлчээс эхлэн "Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийг санаачлан, одоогийн байдлаар 121 залуусыг хөтөлбөртөө хамруулаад байна. Хөтөлбөрт хамрагдсан залуусын маань 89 хувь нь ажлын байртай болж чадсан амжилттай байгаа.
Манай хөтөлбөрийн онцлог нь голч дүн тааруу, хөдөө орон нутгийн харьяат, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшин доогуур гэх мэт ямар нэгэн бэрхшээлийн улмаас ажлын байран дээр гарах боломжгүй байсан залуустай тулж ажилласан явдал юм. Мэдээж эхэндээ олон асуудал тулгарсан ч хөтөлбөрийн явцад маш том өөрчлөлтүүд гарсан нь биднийг үнэхээр гайхшируулсан шүү. Эхний өдрүүдэд үргэлж хоцордог байсан залуус явцын дунд ягштал цаг барьдаг болсноос эхсүүлээд бүгд CV бичиж суран, ярилцлагад хэрхэн өөрийгөө танилцуулах тал дээр ч өргөн мэдлэгтэй болсон. Хөтөлбөрт элсэхээсээ өмнө 100 гаруй газар руу CV-гээ явуулаад ганц ч ярилцлагын санал авч чадахгүй байсан залуу хөтөлбөрийн эцэст хүссэн ажилдаа орж чадсан жишээтэй. Үүнээс харахад залуус их сургуульд онолын мэдлэг хангалттай олж авдаг ч яг ажлын байран дээр шаардлагатай "soft" ур чадваруудыг хангалттай эзэмшиж чадалгүй төгсөж байна. Хамгийн наад зах нь, CV болон ажлын и-мейл зөв бичих, ярилцлагад өөрийгөө бэлдэх тал дээр тун хангалтгүй.
Бид жилдээ 40 залууст эдгээр ур чадварыг эзэмшүүллээ ч ард нь 40 мянган залуус байгаа. Тиймдээ ч бидний зүгээс хөтөлбөрөө хүртээмжтэй байлгах үүднээс их сургуулиуд дээр "Карьер төв" байгуулах төслийг ажил хэрэг болгох тал дээр төвлөрөн ажиллаж байна. Одоогийн байдлаар МУИС, Хүмүүнлэгийн их сургуультай хамтарч ажиллахаар болсон.
Залуус их сургуульд онолын мэдлэг хангалттай олж авдаг ч яг ажлын байран дээр шаардлагатай "soft" ур чадваруудыг хангалттай эзэмшиж чадалгүй төгсөж байна.
unread.media
vi. ц.цэндпүрэв, уран бүтээлч

Энэхүү эвентийн хүрээнд бүтээсэн дөрвөн бүтээлийн нэг маань "Сонго гэхдээ яагаад" гэдэг нэртэй. Эмэгтэйчүүдийг улс төрд идэвхтэй байхыг дэмжих тухай, УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотын тоог нэмэх ёстой гэж бид байнга л ярьцгаадаг. Гэхдээ яг яагаад гэх асуултад хариулт өгч чаддаггүй мэт надад санагддаг юм. Эмэгтэй хүйс гэдэг дээр төвлөрөхөөс илүүтэй тухайн хүний ур чадвар, мэдлэг туршлага гээд чухам яагаад сонгох ёстой талаар олон шалтгаан бий шүү дээ.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүс бүтээлийн маань хоёр талд байгаа цагаан зайн дээр яагаад эмэгтэй хүмүүсийг улс төрд сонгох ёстой талаар өөрсдийн бодлыг бичих боломжтой. Олон нийтийн оролцоот байдлыг дэмжих зорилготойгоор энэхүү бүтээлээ шийдсэн гэсэн үг л дээ. Ер нь уран бүтээлчид нийгэмтэйгээ хамгийн ойрхон байх ёстой хүмүүс юм. Урлаг гэхээр л олон нийтээс хөндий, тусдаа зүйл гэх ойлголт манай нийгэмд хүчтэй суусан байдаг. Гэвч угтаа бол урлагийн бүтээл гэдэг тэр чигтээ жирийн иргэдийн үзэл бодол, нийгмийн тусгал байх учиртай.
Урлагийн бүтээл гэдэг тэр чигтээ жирийн иргэдийн үзэл бодол, нийгмийн тусгал байх учиртай.
Unread.media
vii. О.АНГАРАГ, САЙН ДУРЫН АЖИЛТАН, ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ ОУХ 2-Р КУРС

Миний хувьд анх удаа томоохон хэмжээний өдөрлөгт сайн дурын ажилтнаар ажиллаж байна. Тэр ч утгаараа энэ хугацаанд өөрийнхөө үеийн залуустай багаар хамтран ажиллах, харилцан санаа бодлоо солилцох, асуудал шийдвэрлэх гээд олон чадварт суралцсандаа олзуурхаж байгаа шүү.
Залуусын улс төрийн оролцоо бага байна гэх яриа хаа сайгүй сонсогддог. Ялангуяа миний үеийн залуус буюу 18-25 настай залуус сонгуульд саналаа өгөхгүй байна гээд л. Гэхдээ нэр дэвшиж байгаа хүмүүс зөвхөн сонгуулийн сурталчилгааны хэдхэн өдөрт өөрсдийнхөө үзэл бодол, хийж бүтээсэн ажлаа танилцуулдаг нь жаахан хангалтгүй юм шиг ээ. Сонгуульд анх удаа нэр дэвшиж байгаа шинэ улс төрчид зөвхөн сурталчилгааны хэдэн өдрөө бус илүү урт удаан хугацаанд залуусын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж байгаа асуудлын талаар илэн далангүй ярилцаад явбал бид ч тэр хүнийг анзаарч харна шүү дээ.
Сонгуульд анх удаа нэр дэвшиж байгаа шинэ улс төрчид сурталчилгааны хэдэн өдрөө бус илүү урт удаан хугацаанд залуусын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж байгаа асуудлын талаар илэн далангүй ярилцаад явбал бид ч тэр хүнийг анзаарч харна шүү дээ.
Unread.media
viii. Г.МӨНХЦЭЦЭГ, ДОХИОНЫ ХЭЛМЭРЧ

Иргэний нийгэмд ажиллаж байгаа залуус төдийгүй нийт иргэдэд маш үр өгөөжтэй эвент болж байна. Хамгийн гол нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш хүртээмжтэй өдөрлөг болж буйгаараа онцлогтой. Жишээлбэл, тэргэнцэртэй иргэдэд орж гарахад ямар нэгэн саад тотгор байхгүй, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы хэлмэрчийг нь хангаад өгчихсөн байгаа биз дээ. Энэ удаагийн эвент дээр би гэхэд бүх илтгэл, ярилцлагуудыг ажил мэргэжлийнхээ онцлогоор хэлмэрчлээд тухайн сонсож байгаа хүндээ хүргэх үүрэгтэй дохионы хэлмэрчээр ажиллаж байна. Хувь хүнийхээ зүгээс олон нийтийг хамарсан өөр бусад сургалт, өдөрлөгүүд яг энэ зарчмаар үйл ажиллагаагаа явуулбал ямар гоё вэ гэж өөрийн эрхгүй бодогдож байна шүү.
Олон нийтийг хамарсан сургалт, өдөрлөгүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш хүртээмжтэй үйл ажиллагаагаа явуулаасай хэмээн маш их хүсэж байна.
Unread.media
IX. б.ням-очир, өдөрлөгийн зочин

Өдөрлөгт хүрэлцэн ирснээрээ нийгмээ илүү сайн сайхан болгохын төлөө залуус өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж, оролцоотой байх ёстой гэдгийг маш сайн ойлголоо. Хэрэв бид нар л нийгмийн олон асуудалд санаагаа чилээхгүй бол өөрчлөлтийг авчрахад тун хүндрэлтэй.
Түүнчлэн илтгэгч нарын судалгааны ажлууд сонирхолтой санагдсан шүү. Залуусын хөдөлмөр эрхлэлт, тэр дундаа яг ямар шалтгаануудын улмаас бидэнд хөдөлмөр эрхлэхэд бэрхшээл тулгарч байгаа юм гээд дэлгэрэнгүй судалгаа бүхий илтгэл тун үр өгөөжтэй байлаа.
Хэрэв бид нар л нийгмийн олон асуудалд санаагаа чилээхгүй бол өөрчлөлтийг авчрахад тун хүндрэлтэй.
unread.media
x. н.саранзэв, онхс гэрээт ажилтан

Амьдарч буй орчинд маань шийдвэрлэх асуудал цөөнгүй бий. Явган хүний зам, гэрэлтүүлгийн асуудал, хүүхдийн тоглоомын талбай гэхчлэн алхам тутамд засаж шинэчлэх, шинээр бүтээн бий болгох ажлууд харагддаг гэдэгтэй хүн бүхэн л санал нийлэх байх. Яг энэ бодит хэрэгцээг тухайн орчинд амьдарч байгаа оршин суугчаас илүү сайн мэдэх хүн байхгүй. Орон нутгийн хөгжлийн сангийн үндсэн зорилго нь иргэдийн санал дээр үндэслэн өөрсдийнх нь амьдарч буй орчныг илүү тав тухтай, аюулгүй, хүртээмжтэй болгох юм.
ОНХС, улсын төсөв хоёрын ялгаа нь улсын төсвийн тусламжтай илүү далайцтай, олон хүнийг хамарсан бүтээн байгуулалтын ажлууд хэрэгждэг бол орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан тухайн баг, хороо, хэсэг дээр чухам ямар ажил хийвэл хамгийн үр дүнтэй болохыг иргэд өөрсдөө санал өгч, шийддэгээрээ давуу талтай. Та саналаа өгөхийн тулд ердөө E-mongolia эсвэл ОНХС гэх апп-д нэвтрэн ороод оршин суугаа газартаа тулгамдаж байгаа асуудлыг эрэмбэлэхэд л хангалттай. Амьдрах орчноо болохгүй, бүтэхгүй байна гээд зүгээр хараад суух бус Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан өөрчлөх боломжтой юм шүү. Сайн засаглалыг бүтээхийн тулд төрөөс гадна иргэдийн оролцоо тун чухал гэдгийг санаж, иргэдээ энэхүү санал хураалтад идэвхтэй оролцоорой хэмээн уриалъя.
Сайн засаглалыг бүтээхийн тулд төрөөс гадна иргэдийн оролцоо тун чухал.
unread.media


Сэтгэгдэл бичих

