Бидний эргэн тойронд хүссэн зүйлсээ хийж, бодит баялаг бүтээж буй бүтээлч бүсгүйчүүд ямар олон байдаг гэж санана. Тэдгээр бүсгүйчүүдийн төлөөлөл болсон бахархам, баялаг түүхтэй бүтээлч ээжүүд бол бидний ээлжит дугаарын гол дүрүүд юм.

Эмэгтэйчүүдийг өөрийн хүссэн бизнесээ хөгжүүлэхэд нь чиглүүлэх үүрэгтэй цахим, танхимын уулзалт хосолсон “Гоолингоо ментор клуб”-ээр холбогдсон эдгээр ээжүүд та бүхэнд бизнес эрхлэхийн жаргал зовлон хийгээд хүсэл мөрөөдлөө хэрхэн зоригтой дагах тухай өөрсдийн түүхийг энэхүү нийтлэлээр дамжуулан  хуваалцсан билээ.


1. "ҮР МИНЬ" БРЭНДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ А.УЯНГА


СОШИАЛ ХАЯГ: Фейсбүүк, Инстаграм

ТУЛГАРСАН СОРИЛТ

Шантарсан үе гэвэл эргээд харахад тод санаанд орохгүй байгаа ч бизнес эрхэлнэ гэдэг ямар хэцүү юм бэ гэж бодох үе олон байдаг. Яаж ч шантарсан болилоо гэх сонголтыг өөртөө сануулдаггүй байсантай холбоотой болов уу. Нөгөө талаас надад болих сонголт байгаагүй гэх юм уу. Надад итгээд багт маань нэгдсэн хүмүүсийг бодохоор багийн гишүүн бүрдээ илүү боломж бий болгох ёстой гэсэн бодол тээж явдаг. Тиймээс хэцүү бэрхшээлтэй үед яавал боломж бий болгох вэ гэж л бодохоос биш хэцүү байгаа дээрээ төвлөрдөггүй юм байна. 

Өөрөөрөө бахархсан мөч гэвэл манай баг Турк улсын томоохон үйлдвэртэй өнгөрсөн жилээс хамтын ажиллагаа эхлүүлсэн. Уг үйл явдал туршлага судлах, олон улсад гарахад томоохон түлхэц үзүүлсэн. Хамтран ажиллаж буй үйлдвэр маань дэлхийн 13 улсад бүтээгдэхүүнээ экспортолдог, GOTS стандарт хэрэгжүүлэгч байгууллага. 

Тухайн улсдаа ч дээгүүрт ордог ч манай оёдлын чанар нь тэднийхээс илүү байдаг. Тухайн үед бид үнэхээр супер газартай хамтарчихлаа гээд өөрсдийгөө голж байсан бол оёдлын чанарыг нь хараад бид дэлхийд хангалттай өрсөлдөхүйц баг бүтээжээ хэмээн бодож, баг хамт олноороо, анхнаас энэ багийг бүрдүүлсэн өөрөөрөө бахархах мэдрэмж төрж байсан.

ОДОО ХҮРСЭН АМЖИЛТ

500 мянган төгрөгөөс эхэлсэн бизнес маань одоогоор гурван тэрбумын үнэлгээтэй болсон байна. Анх нэг оёдолчин эгчтэйгээ л эхэлж байсан бол одоо 20 гаруй хүнийг цалинжуулж Монголдоо борлуулалтын 20+, олон улсад дөрвөн гэрээт борлуулагчтай болж чаджээ.

БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Эрх чөлөө гэж хүн өөрийн хүссэн зовлонгоо сонгох боломжтой байхыг хэлнэ гэж нэг үг байдаг. Бид дуртай зүйлээ хийсэн ч зовлонтой үеүд тохиолддог. Тиймээс ганцхан дуртай зүйлээ хийхийн тулд 1000 дургүй зүйлээ хийж чадах тэр зүйлээ өөрийн бизнес болгож сонгоорой. 

Тэгж чадвал бидний толгойд ч ороогүй асуудлууд тулж ирэхэд илүү хялбараар давах боломжтой болно. Мөн ганцаараа л бүхнийг хийх ёстой гэж битгий зүтгээрэй. Бусдаас тусламж авч сураарай. Ингэхийн тулд эерэг зөв хамт олон, хүрээлэл маш чухал үүрэгтэй байдаг шүү. Өөрийг чинь дэмждэг, тусалдаг хамт олныг бий болговол бизнес яг л үе давдаг тоглоом шиг сонирхолтой ертөнц шүү гэж хэлье.  

ЗурагТайлбар





2. "ЭРДЭМТ ПАБЛИШИНГ" ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ЛХАМСҮРЭН


СОШИАЛ ХАЯГ: Фейсбүүк, Инстаграм

БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛСЭН ШАЛТГААН

Эрдэмт паблишингийн хамтрагч Э.Саруул найзтайгаа анх 2015 онд сайн дурын ажлаар дамжуулан танилцаж байлаа. Саруулынхаа үүсгэн байгуулсан "Эрдэмт" ТББ-ын гишүүн болж, залуусын боловсролд чиглэсэн уулзалт арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулж байсны дотор орчуулгын ном бүтээл эрхлэн гаргах ажил багтдаг юм. 

Багаасаа л ном унших дуртай, хэзээ нэгэн цагт өөрөө ном бичнэ дээ гэж боддог байсны хувьд ном бүтээх үйл явцад оролцох нь мөрөөдлийн ажил байв. Манай анхны номуудын орчуулагч, редактор, дизайнер гээд бүх оролцогчид цаанаа үндсэн ажилтай ч хүсэл тэмүүлэл, мөрөөдлөөрөө ном бүтээхдээ ажлын бус цагаар сэтгэл, цагаа зориулдаг хүмүүс байсан. Ингэж явсаар тав дахь ном дээрээ ажиллаж эхлэх үед одоо энэ ажил төрийн бус байгууллагын хийдэг зүйл биш болж, бизнес болох түвшиндээ ирсэн нь мэдрэгдэж эхэлсэн.

ХЭРХЭН ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ 

Анх бизнес болгож компани байгуулаад, санхүүгээ тусад нь салгахаас л бүх юм эхэлж байгаа юм. Өмнө нь өөрсдийнхөө үндсэн цалингаас хөрөнгө оруулаад л, орж ирсэн орлогоо шууд хувь хүний орлого болгож аваад явдаг байсан хүмүүс бизнесийнхээ бодит орлого, зардал, ашгийг үнэндээ олж хараагүй байсан. Олон мэдэхгүй зүйл, хүндрэлтэй тулж эхэлдэг юм билээ.

ТУЛГАРСАН СОРИЛТ 

Ном бүтээнэ гэдэг хэвлэх хүртлээ маш их зардал, цаг хугацаа зарцуулдаг мөртөө орлого нь эргээд маш багаар, урт хугацаанд орж ирдэг онцлогтой. Жижиг, үргүй зардал гаргахгүй, орж ирсэн орлого болгоныг дахиад нэг ном болгочих юм сан гэж өөрсдөөсөө харамлан хурааж явахад “Би цалин авъя” гэж хэлэх зориг үнэндээ хэнд нь ч байгаагүй. Тэр болгонд үнэхээр хүсэж, дурлаж хийдэг ажил минь болохоор л шантрахгүй зүтгэж, ирээдүйгээ өөдрөгөөр харж ажилласаар иржээ.

Нэгнийхээ гэрт хуралдаж, гэр, гэрээсээ оноогдсон ажлаа хийж, номоо гэртээ хадгалж байгаад дэлгүүр ном авъя гэхэд нь үүргэвчиндээ хийгээд алхдаг үе ч байлаа. Шөнийн 3 цагт хуралдаж дуусаад гарахдаа хэн нь ч ядарсан шинжгүй “Нойр хүрдэггүй байсан бол ахиад ч суухаар байна шүү” гээд инээлдээд харьдаг нь сайн найзтайгаа, мөрөөдлийн ажлаа хийж байсны хүч гэж боддог.

ОДОО ХҮРСЭН АМЖИЛТ

Бид анх өөрсдийгөө захирал гэж дуудахаас ичдэг байлаа. Ямар ч ажилтангүй, зөвхөн захирлуудтай компани гээд өөрсдийгөө шоолно. Тэр үеэ бодвол одоо өөрсдөдөө цалин тогтоочихсон, хэмжээндээ таарсан жижигхэн оффистой болчихсон сууж байна. Эрдэмт паблишинг маань 2020 онд компани болсон ба уран зохиолын хоёр ном, хувь хүний хөгжлийн долоон ном эрхлэн гаргажээ. 

Хүүхдийн номын “Нахиа” редакц маань 16 ном гаргаснаас, 3 зурагт номыг өөрсдөө зохиож, зурж бүтээсэн нь хамгийн том сорилт, туршлага байлаа. Бүх хэвлэчихсэн номоо тоолоод үзвэл 3750 нүүр бүтээлийн үг, үсэг бүрд сэтгэл, оюунаа зориулсан байна. “Сиддхарта”,Шийдвэр хэрхэн гаргах вэ?”, “Эгэл амьдрах ухаан”,Хаулын нүүдэг цайз”, “Мөрөөдөл гэж юу юм бол?” номууд маань бестселлер болсон нь бидний хувьд амжилт юм.

БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Бидний хувьд энэ ажил үнэхээр дурлаж хийх ажил мөн гэдгээ ойлгосныхоо дараа бизнес болгосон нь том давуу тал болсон гэж боддог. Хүмүүс өдөр бүр найман цаг ажиллахаасаа залхаад чөлөөтэй, сайхан амьдрах гээд “хувийн юм хийе” гээд бизнес эхлүүлдэг шүү дээ. Бодит байдал дээр ямар ч амралтын цаг байхгүй 24/7 бодогдож, ажиллаж эхэлдэг юм билээ.

Тиймээс ямар ч төрлийн бизнес хийхээр зориглож буй хүмүүс эхлээд багаар хийж үзээд, овоо хэдэн жил нойр муутай явна гэдгээ хүлээн зөвшөөрөөд эхлэх нь зүйтэй санагдсан. Түүнчлэн, бизнесийн багахан ч атугай хичээл авч, бизнес эрхэлдэг хүмүүстэй санаагаа ярилцаж, өөрийн ментортой болбол олон алдааг алгасаж, товчлох байжээ гэж одоо бодогддог шүү.


ЗурагТайлбар





3. "GERGIE INTIMATES" БРЭНДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Г.ОЮУНДАРЬ, 2 ХҮҮХДИЙН ЭЭЖ


СОШИАЛ ХАЯГ: Фейсбүүк,Инстаграм

БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛСЭН ШАЛТГААН

Олон шалтгаан бий ч хамгийн онцлох нь “гэр бүл салалт” гэх эмзэг сэдэв надад тун хүчтэй нөлөөлсөн юм. Энэ талаар судалж байхад сексологич болон гэр бүл судлаачид дуу нэгтэйгээр “Бие болон сэтгэлийн харилцааг тэнцүү авч явснаар гэр бүл амжилттай тогтох суурь болдог” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл,  зөвхөн хайрлах сэтгэлээс гадна бэлгийн амьдралаа идэвхтэй байлгаж анхаарснаар илүү бат бөх гэр бүл бий болдог аж. Миний эмзэглэж явдаг дээрх сэдэв болон нийгэмдээ хувь нэмрээ оруулах гэсэн хүслийн маань заагаас “Gergie Intimates” үүссэн билээ.
 
Gergie Intimates нь өдөр тутамд болон бэлгийн харилцааны үед ч өмсөх боломжтой бүтэн сет бүтээгдэхүүн болгож гаргадаг чамин, тансаг дотуур хувцасны марк юм. Бидний гол зорилго бол эмэгтэйчүүдэд өөртөө итгэлтэй болоход нь дэмжиж, дур булаам тачаангуй гэдгийг нь мэдрүүлэх цаашлаад гэр бүлийн аз жаргал, элэг бүтэн байлгахыг хүсдэг. Мөн бэлгийн боловсрол түгээх, гэр бүлийн сэтгэл зүйн ач холбогдлыг дэлгэрүүлэх зорилготой.

ХЭРХЭН ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ

Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард бага хүүхдээ төрүүлээд удаагүй байсан үе. Өмнө нь бизнес эхлүүлэх тухай  олон жил бодсон ч эхлэлтийн хөрөнгө өндөр байх ёстой гэх тун буруу ойлголттой байж. Хүүгээ том болсны дараа ажилдаа эргэн орж, цалингаа хуримтлуулаад түүгээрээ оёдлын үйлдвэр түрээсэлнэ гэх зэргээр бодож, дор хаяж таван жилийн дараа л мөрөөдлийн ажлаа эхлүүлэх юм байна гэж төлөвлөдөг байлаа.
 
Харин Гоолингоо ментор клубт ороод анхны хичээлээ сонссоны маргааш шуудхан л хадгаламждаа байсан 800 мянган төгрөгөөрөө материал аваад, ажлын өрөөндөө үйлдвэрлэлээ эхлүүлсэн түүхтэй.  Анхны хичээлээсээ бизнесийг багаас нь эхлүүлж болдог гэдгийг ойлгоод сайжиртлаа зургаан сарын турш ажилласны эцэст нь зоригтойгоор анхны цуглуулгаа гаргахад итгэмээргүй олон захиалга орж ирсэн.

ТУЛГАРСАН СОРИЛТ 

Бизнесээ эхлүүлсний дараахан хамтрагчтай болж, ажлын байр хүртэл түрээслээд тун урагштай байсан ч төд удалгүй хамтрагчийн маань хүүхэд харах чөлөөний хугацаа нь дуусан ажилдаа эргэж орохоор болсон юм. Хамтрагчгүй болсон тул түрээсээ ч дийлэхгүй болж, буцаад л гэр лүүгээ бизнесээ нүүлгэсэн.
 
Тухайн үед нэг алхам урагшлаад хоёр алхам ухарсан юм шиг санагдаж, маш их шантарсан ч нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхийн сацуу цаашлах хэрэгтэйг ойлгосон доо.

ОДООГ ХҮРТЭЛХ АМЖИЛТ

Нийтдээ 20 гаруй төрлийн загвар гаргаж, 100+ бүтээгдэхүүн борлуулж, үнэнч хэрэглэгчидтэй болсон. Одоогоор ажилтан нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашлаад бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмж, бүх хосуудад хүртээмжтэй болохыг зорин ажиллаж байна. Энэ бүгдийг мөрөөдөл зорилгодоо хөтлөгдсөн энгийн нэг ээж гэртээ суунгаа хийж чадсан гэхээр өөрөөрөө маш их бахархдаг. 

БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Өөрийн давуу талыг олох
  • Хэчнээн их цаг зарцуулсан ч залхахгүй байх зорилго, чиглэлээ тодорхойлох
  • Хэрэглэгчдэд юу өгч чадахаа тодорхойлох


Тайлбар





4. "ҮНЭГ" БРЭНДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ А.ЭНХЦЭЦЭГ


СОШИАЛ ХАЯГ:Фейсбүүк, Инстаграм

БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛСЭН ШАЛТГААН

Би ер нь хүүтэйгээ тоглохдоо эв дүйгүй төрлийн ээж. Хүүгийнхээ цөөхөн хэдхэн янзаар хувирдаг тоглоомынх нь учрыг олж чаддаггүй, эсрэгээрээ миний эвлүүлсэн тоглоом хүүд маань үргэлж гологддог гэх зэрэг шалтгаанаар хүүтэйгээ хүссэнээрээ тоглож чаддаггүй байлаа. Харин цар тахлаас шалтгаалан хэдэн сарын турш Тайваньд хүүтэйгээ бүтэн өдөржин хамт байхдаа “open-ended” тоглоомын ид шидийг мэдэрсэн гэхэд хилсдэхгүй. Энэ төрлийн тоглоомыг нас, хүйсийн хязгааргүйгээр тоглох боломжтой төдийгүй хүүхдийн хөгжил, суурь ур чадваруудад өндөр нөлөө үзүүлдэг.


Ингээд Хүүгээ ой хүрэх үед буюу 2017 онд би модон тоглоомын талаар анх судалж эхэлсэн боловч мэргэжлийн ажилдаа эргэн ороод тэр талаар мартчихсан юм л даа. Харин тэрхүү үйл явдлаас гурван жилийн дараа ахин бүтээлч, хязгааргүй үйлдэлт тоглоомын ач холбогдлыг гүнзгийрүүлэн судалж эхэлснээр “Үүнийг л би хийх ёстой юм байна” хэмээн бодож, эх орондоо энэ төрлийн тоглоомын соёлыг суулгах, мэдлэг хэрэглээг нь тэлэх зорилготой болсон.

ХЭРХЭН ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ

Нөхөртэйгөө хоёулхнаа гэрийнхээ гараашийг засаж янзлаад л эхлүүлж байсан. Анхны хөрөнгө оруулалт маань манай нөхрийн магистрын төлбөр. Би чинь нөхрийнхөө магистрын дипломыг модон тоглоомоор сольж орхисон хүн (инээв).

ТУЛГАРСАН СОРИЛТ

Модон тоглоом бүр ач холбогдолтой, зөв гэсэн үг биш. Анхнаасаа л сонирхон судалдаг төрөл маань "building block" байсан. "Open-ended" тоглоомын үндсэн төлөөлөгч, төвлөрөл, бүтээлч байдал зэрэг хамгийн чухал ур чадваруудыг олгох боломжтой. Гэвч гар ажиллагаа ихтэйн улмаас бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөөнд дөнгөж энэ зун л багтаж, долоодугаар сард худалдаанд гарсан юм. 

Анхнаасаа хүсэж мөрөөдөж байсан тоглоомоо бодит болгох тэр мөчид юуны тулд энэ бүхнийг эхлүүлсэн зорилгоо улам илүү ойлгох шиг болсон. Ер нь жижигхэн ч хамаагүй асуудлыг даван гарсан мөч бүрдээ өөрөөрөө бахархаж, хүч өгөхийг хичээдэг. Нэг сав баглаа боодол, нэг бяцхан загвар эцэслэснийхээ дараа ч тэр бүхэнд үнэхээр хайр хүрч талархдаг.

ОДООГ ХҮРТЭЛХ АМЖИЛТ

Хүсэж байгаа бүтээгдэхүүнүүдээ биет болохыг харах нь нэг төрлийн донтолт эсвэл амжилтын мэдрэмж шиг санагддаг. Энэ салбарт туршлагагүй орж ирсэн ч үйлдвэр доголдолгүй явж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт маань тогтвортой байгаагаа амжилт гэж хэлж чадна.

БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Зүгээр л эхэл. Гар дор байгаа зүйлээ бариад туршилтынхаа загвар бүтээгдэхүүнээ хий. Гартаа бариад үнэхээр үргэлжлүүлмээр байгаа эсэхээ ахиад бодоод үз. Нэгэнт шийдсэн бол асуудал бэрхшээл бүрээс ч аз жаргал, сэтгэл ханамж мэдрэхийг хичээгээрэй.


ЗурагТайлбар



5. "RIZA" БРЭНДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.РИЗА


СОШИАЛ ХАЯГ: Фейсбүүк, Инстаграм

БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛСЭН ШАЛТГААН

Их сургуульд байхдаа би үндэстний, нүүдэлчдийн зан заншил, өв соёлыг өөрийн судалгааны ажлаар дамжуулан таниулж, бусад улс оронд сурталчилна гэх зорилго өмнөө тавьсан юм. Ийнхүү зорилгынхоо дагуу санасан зүйлээ хийсээр өөрийнхөө хэмжээнд бичиж, судалсаар 14 жил өнгөрчээ. Энэ зорилгын маань шууд үргэлжлэл нь Riza брэнд. 

Би зөвхөн судалгааны ажил бичсэнээр өөрийн санаагаа бусдад хангалттай сурталчилж чадахгүй учраас чадах зүйлээ нэмж хөгжүүлэн “Өдөр тутмын хувцсанд нүүдэлчдийн хээ угалзыг шингээн чимж, түүнийхээ утга бэлгэдлийг тайлбарлан таниулъя” хэмээн зорьсон.

Хамгийн анх казах хананы аравч дээрх хээг л хувцас болгомоор санагдаад байж чадахгүй байсан болохоор ханан дээр байсан аравчаа авч, шууд оёдолчин ороод юпка болгоод өмссөн маань албан ёсны анхны алхам болсон гэх үү дээ.
Одоо Riza брэндийнхээ бүх хувцсан дээр буй хээний бэлгэдэл утгыг өөрийн судалгаан дээр үндэслэн тайлбарлаж, хувцасныхаа хамт захиа болгон илгээдэг. Энэ маань ч хэрэглэгчдэд үнэхээр  сэтгэл ханамжийг өгдөг манай брэндийн нэгэн онцлог болжээ.

ХЭРХЭН ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ

Хамгийн анх дотнын хоёр найздаа өөрийн санааны тухай цухуйлгатал тун их дэмжсэн тул нэгэнтэй нь хамтраад анхны "protype" буюу танилцуулах загвараа гаргаж байлаа. Харин түүнээс хоёр жилийн дараа буюу өнгөрөгч онд албан ёсны бизнес болгон эхлэхдээ сая төгрөгийн бараа материал худалдан авч, хоёр оёдолчны хамт ажиллаж эхэлсэн.

ТУЛГАРСАН СОРИЛТ

Дуртай зүйлээ хийж байгаа болохоор одоогоор тэгтлээ шантармаар зүйл болоогүй л байна. Хамгийн их өөрөөрөө бахархсан үе гэвэл хийж буй ажлаа яг “бизнес” гэх өнцгөөс харж эхэлснээс ердөө гуравхан сарын дараа “Гоолингоо ментор” клубийнхэнтэйгээ хамтран дундын дэлгүүрээ нээх мөч байсан.

ОДООГ ХҮРТЭЛХ АМЖИЛТ

Одоогоор бид дэлгүүрээ нээгээд яг нэг жилийн хугацаа өнгөрч, нийтдээ дөрвөн ажилтантай болжээ. Энэ хугацаанд дөрвөн цуврал загварыг хэрэглэгчдийнхээ гарт хүргэж, тав дахь цувралынхаа ажил руу ханцуй шамлан орчхоод байна.

БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Өөртэйгөө адил хийе бүтээе гэсэн эерэг хүрээлэлд заавал нэгдээрэй. Энэ нь чамайг шантрах, буцах эсвэл асуудал үүссэн үед хамгийн их дэм, түлхэх хүч болдог шүү. Цаг нь болохоор гэх биш “Яг одоо л цаг нь” хэмээн шууд эхлүүлээрэй.


ЗурагТайлбар





6."MAMABEE" БРЭНДИЙН  ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Э.ЗОЛМАРАЛ


СОШИАЛ ХАЯГ: Фейсбүүк, Инстаграм

БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛСЭН ШАЛТГААН

Би эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй. Резидент эмч байх хугацаандаа дүүргийн эмнэлгийн жирэмсний хяналтад ажиллах явцад дийлэнх ээжүүдэд эмчээс асууж лавлах зүйл маш их гардгийг, тэр бүхнийг дор дор нь тодруулах боломжгүйг анзаарсан юм. Энэ шалтгаанаас үүдэн хамгийн анх жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, ээжүүдийг дэмжих, урам зориг өгөх зорилготой MamaBee пейжийг одоогоос гурван жилийн өмнө нээх сэдэл төрсөн билээ.

Эрүүл мэндийн зөвлөгөө бичдэг олон эмч, эмнэлэг байдаг ч тэдгээр зөвлөгөө хүмүүст сайн хүрэхгүй байгааг анзаарсан учраас яавал зөвлөгөөгөө хүмүүст илүү хүргэх вэ? гэж бодсоор өөрөө зураад үзье гэж шийдсэн. Ингээд зөвлөгөө бүрдээ тохирсон зургуудыг өөрөө зурж нийтэлдэг байсан нь богино хугацаанд олон хүнд хүрэх шалтгаан болсон байх. 

Тэдгээр зургуудыг зурах явцад өөртөө нэгэн шинэ зүйл олж нээсэн нь ямарваа нэгэн зүйлийг бүтээх мөч надад маш их урам зориг өгч байгааг мэдэрсэн явдал. Энэ бүтээх хүсэлдээ хөтлөгдөн бага хүүгээ тээж байх үедээ ээж болон хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдсэн. 

Хамгийн анхны гаргасан бүтээгдэхүүн маань хүүхэд үүрэх зориулалт бүхий имж ороолт юм. Монголд төдийлөн сайн танигдаагүй, хэрэглээнд нэвтрээгүй бүтээгдэхүүн хэдий ч олон талын ашиг тустай, хэрэглэхэд үнэхээр эвтэйхэн байдлыг нь бодохоор ээжүүдэд таниулмаар санагдсан.

ХЭРХЭН ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ

Тухайн үед хүүхдийн эмч найзтайгаа хамтран онлайнаар жирэмсний сургалт явуулдаг байсан. Сургалтаас олсон ашиг буюу 90 мянган төгрөгөөр даавуу аваад эгчийнхээ найзын ажил дээр очиж имж ороолтоо оёулаад анх эхэлж байлаа.

ТУЛГАРСАН СОРИЛТ

Хөл хорионы үе бизнес эрхэлж байгаа хүн бүхэнд хүндээр туссан биз ээ.  Манайх ч бас хөл хорионы өмнөхөн эхэлсэн бизнес тул тэрхүү хугацаанд бараа материал олдохгүй байх, хүргэлт хийх боломжгүй болох гээд олон асуудал тулгарсан.

Мөн эхлэхдээ ямар ч бизнесийн мэдлэггүй учраас есөн имж ороолт хийлгэчхээд яаж борлуулна даа хэмээн эмээж байлаа. Гэхдээ энэ бүхнийг даваад хүүхдээ харангаа бизнесээ үргэлжлүүлж байгаа өөрөөрөө тун их бахархаж байна.

ОДООГ ХҮРТЭЛХ АМЖИЛТ

MamaBee пейж маань одоо 65,000 (фэйсбүүк 45,000 инстаграм 20800) гаруй дагагчтай болсон. Брэнд маань үндсэн гурван бүтээгдэхүүн гаргаж, амжилттай борлуулж байна. Манай брэндийн хувьд олон бүтээгдэхүүн гаргаж зэрэг борлуулна гэхээс илүү нэг бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулж, хэрэглээнд нэвтрүүлэхийг илүүд үздэг.

БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Чиний дотор ямар нэгэн шинэ зүйл эхлүүлье гэсэн санаа байгаа л бол шууд эхлүүл. Тохиромжтой цагийг хүлээнэ гэвэл хэзээ ч тийм цаг ирэхгүй. Тийм болохоор шууд эхлүүлээд хийгээд үзчих. Хийж үзсэний дараа л болох болохгүй нь мэдэгдэнэ. Хүн аливаа зүйлийг хийх үйл явц дундаасаа маш их зүйлийг сурдаг, бас өөрийгөө олдог.

ЗурагТайлбар





7. "ЭНХРИЙ БРЭНД" ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.МАРАЛ


СОШИАЛ ХАЯГ: Фейсбүүк, Инстаграм

БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛСЭН ШАЛТГААН

Манай гэр бүлийн хүн бид хоёр АНУ-д амьдарч байхдаа том охиноо өлгийдөн авсан юм. Тэнд байхад нярай болон бага насны хүүхдэд зориулсан хувцас хэрэглэл өргөн сонголттой, боломжийн үнэтэй байсан боловч Монголд эргэж ирэхэд импортын бүтээгдэхүүнүүд хэт өндөр үнэтэй, олдоц нь ч тааруу болохыг анзаарснаас үүдэн өөрсдийн бизнесийг эхлүүлэх талаар нухацтай бодож эхэлсэн.

ХЭРХЭН ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ

Анх нярай хүүхдэд зориулсан, өнгө будаг гарахгүй, хүүхдийн биед хог наалдахгүй сайн чанарын алчуур гаргаж байлаа. Дараа нь даавуун дээрээ монгол ахуйг тусган гэр, үнэгний зураг оруулан илүү үзэмжтэй болгоод, тухайн хүүхдийн нэрийг бичдэг болсон. Одоогоор "Энхрий" брэнд маань алчуур, баривч, малгай, ороолт, бээлий, нярайн өмд, дэр, өлгий гэх мэт 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

ТУЛГАРСАН СОРИЛТ

Брэндийнхээ дэлгүүрийг нээх үед хөл хорио таарсан. Тухайн үед байр нь түрээснийх болохоор төлбөр нь гараад байдаг. Орлогогүй байхгүй дэлгүүрээ хааж байх үед хүндхэн байсан ч одоо бол ард нь гарч чадсан байна. 

ОДООГ ХҮРТЭЛХ АМЖИЛТ 

Гэрийнхээ нэг өрөөнөөс эхлүүлсэн бизнес маань одоо өөрийн гэсэн үйлдвэрийн байртай, долоон хүнийг ажлын байраар хангаад явж байна. 

БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ


Эхлүүлэх цаггүй болсон хойноо харамсаж сууснаас алдах сэтгэлзүйн бэлтгэлтэйгээр заавал мөрөөдлийнхөө төлөө хичээгээд үзээрэй.


ЗурагТайлбар




8. "BIOMOM" БРЭНДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ О.УРАНГОО


СОШИАЛ ХАЯГ: Фейсбүүк, Инстаграм

БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛСЭН ШАЛТГААН

Би маш эмзэг хуурай арьстай болохоор баргийн гоо сайхны бүтээгдэхүүн таардаггүй, арьс арчилгааны бүтээгдэхүүн авна гэдэг азын сугалаатай адил байсан юм. Тиймээс өөртэйгөө адилхан асуудалтай ээжүүдэд ялангуяа хүүхдүүдэд, тэр эмзэг шинэ нялх арьсанд хүрэх даавуу, хувцас, саван, шампунь, тос гэх мэт бүгд эрүүл органик байгаасай гэж хүссэн ээжийн сэтгэлээс “Bio Mom” брэнд үүссэн.

ХЭРХЭН ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ

Хамгийн анх үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бас гэр бүлийнхэн хэрэглээд л сэтгэл өег, их урамтай байсан ч яг зах зээлд гаргах тал дээр маш их эргэлзсэн. Тухайн үед хоёр дахь хүүхдээ тээж байсан болоод ч тэрүү эх хүүхдийн органик бүтээгдэхүүн рүү л бүх зүрх сэтгэл чиглээд байсан юм.  

Гэхдээ анхны бүтээгдэхүүн маань аливаа асуудлыг шийдсэн шинэ соргог бүтээгдэхүүн байж гэмээнэ хэрэглэгчийн сэтгэлд хүрнэ гэж үзсэн тул өөрийн бяцхан туршилт, "формулэшн" болох хөмсөг, сормуус ургуулах серум, хумсны тэжээлийн серум хоёроо түрүүлж гаргасан. Мэдээж араас нь үндсэн зорилго болох арьс арчилгааны бүтээгдэхүүн, хүүхдийн органик бүтээгдэхүүн гаргасан. Гэвч гурван жилийн хугацаанд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс маань дээрх хоёр бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн хэвээр байгаа. 

ТУЛГАРСАН СОРИЛТ 

Хоёр хүүхдээ асрахын хажуугаар ажил амжуулна гэдэг амар биш. Хүүхэд өвдөнө. Харж өгөх хүн олдохгүй үе цөөнгүй. Хил гаалийн асуудал гээд санаагаар болохгүй зүйлс бишгүй байдаг ч хэрэглэгчид маань үр дүнгээ хуваалцах, талархсан сэтгэлээ илэрхийлэхэд хамгийн сайхан мэдрэмж авдаг даа.

ОДООГ ХҮРТЭЛХ АМЖИЛТ

“Гоолингоо Boutique” дундын дэлгүүрт нэрийн бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Мөн Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт хэд хэдэн органик дэлгүүрүүдтэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Анх эхэлж байснаа бодвол бүтээгдэхүүнүүд маань харьцангуй танигдаж үнэнч хэрэглэгчидтэй болж байгаад маш их баяртай байгаа.

БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Танд жижиг ч хамаагүй мөрөөдөл байдаг бол түүндээ цаг гаргаарай. Түүнийхээ төлөө үйлдэл хийгээрэй. Маргааш гэж хойш тавилгүй өнөөдөр эхлээрэй.


ЗурагТайлбар



9. "THEА GIFT BOX" ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.ЭНХЖИН


СОШИАЛ ХАЯГ: Фейсбүүк,Инстаграм

БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛСЭН ШАЛТГААН

БНХАУ-д их сургуульд сурдаг байхдаа сошиал орох боломжгүй, гэр бүл найз нөхдөдөө мэнд хүргэж, бэлэг өгөх боломж тааруу байсан. Тэр үед бусдад ч бас ийм асуудал үүсдэг байх гэж бодоод өнгөрч байсан юм. 2018 онд төгсөж ирээд ажилд ороод үнэхээр завгүй болж эхэлсэн. Ажил-гэр гэсэн маршруттай, завгүй гэдэг шалтгаанаар найз нөхөд гэр бүлийнхээ баярт мөчийг тэр цагаас хойш тавиад л.

Гэвч удалгүй өөрийгөө утга учиргүй ажиллаж байгааг ойлгон, ажлаас гадна хоббигоороо нэмэлт орлого олж болох зүйл юу байж болох вэ хэмээн бодсон. Ингээд гар утсаараа бэлэг захиалмагц нөгөө хүнийх нь байгаа газар хүргэж өгдөг бизнесийн санаа олж, тухайн үеийн найз залуу буюу нөхөр маань ч энэ санааг дэмжих нь тэр. Магадгүй тэр үед нөхөр маань ганц сөрөг шалтгаан хэлсэн бол нээрээ ч тийм юм уу гэж бодоод мартах байсан биз ээ.

ХЭРХЭН ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ

Хагас сарын цалин буюу 450 мянган төгрөгөөр Хятадаас бэлгийн хайрцаг тууз, дүүргэгч болон эрэгтэй, эмэгтэй, өсвөр нас, нярай гэсэн сонголттойгоор бэлэг цуглуулж байсан. Анх ганцаараа эхлүүлж байсан бол одоо гэр бүлээрээ хийж байгаа.

ТУЛГАРСАН СОРИЛТ

Бэлэг хүргэлтийн нэг гоё мөч нь үйлчилгээ үзүүлж буй хүнийхээ баярт мөчийг хамт хуваалцах. Санаанд ороогүй хүнээс нь (гадаадад болон орон нутагт байдаг, олон жил харьцаагүй нэгнээс, таалагддаг хүнээс, хүүхдээс нь) бэлэг ирснийг мэдээд үнэхээр их баярлаж байгаа нь босгоны наана цаанаас л мэдрэгддэг. 

Цар тахлын хатуу хөл хорионы үеэр боломж бололцоогоороо хүргэлтээ хийхэд үйлчлүүлэгчдээс маш их эерэг сэтгэгдлүүд ирж байсан. Гэрээсээ гарч чадахгүй хүнд хэцүү цагт нэгнээ баярлуулах гэсэн сэтгэлийг нь дамжуулсан нь бидний хувьд маш бахархалтай цаг мөч байсан.

ОДООГ ХҮРТЭЛХ АМЖИЛТ

Бүх хүнд амжилтыг тодорхойлох хэмжүүр өөр өөр байдаг. Миний хувьд хоёр хүүхдээ өсгөхийн хажуугаар хоббигоороо ажиллаж, бусдыг баярлуулж тэр мэдрэмжээр өөрийгөө тэтгэж байгаа нь миний амжилт юм уу даа.

БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Эмэгтэйчүүд, ээжүүдэд хиймээр санагддаг маш олон санаа байдаг. Зарим нь мартагддаг, зарим нь давтагддаг. Харин бодлоос огт гардаггүй, үргэлж өөрийгөө хийж буйгаар төсөөлж байхад нүүрэнд чинь аз жаргал, инээмсэглэл бэлэглэж буй тэр зүйлээ олоорой. Шантарч болно, орхихгүй байхад л болно.


ЗурагТайлбар




10. "3E" ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ө.ЦОГЗОЛМАА


СОШИАЛ ХАЯГ: Фейсбүүк, Инстаграм

БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛСЭН ШАЛТГААН

Би багаасаа байгальд ээлтэй бүтээгдэхүүнд дуртай, энэ төрлийн бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгч нь байлаа. Төрснийхөө дараа хүүхдээ асрангаа хийж болох олон санаан дундаас өөрийн дуртай зүйлээ оролдож үзэхийг хүссэн юм. Улмаар үйлдвэрлэл, худалдаа хосолсон бяцхан бизнес маань боссон түүхтэй.

ХЭРХЭН ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ

Анхлан нэг сая 500 мянган төгрөгөөр эхэлж байсан. Энэ салбарт ямар ч туршлагагүй байсан би шуудхан үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэлтэй тул эхэндээ бэлэн бүтээгдэхүүн худалдаалж байгаад яваандаа мэргэжлийн хүнтэй хамтран хүссэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Товчхондоо, манай бизнес бол эко органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа.

ТУЛГАРСАН СОРИЛТ

Худалдан авагчдын сэтгэгдэл гэдэг ямар ч бизнес эрхлэгчид цааш урагшлах хүч өгдөг хамгийн том урам зориг юм. Хэцүү үе тулгарсан ч манай бүтээгдэхүүнийг хэрэглээд үр дүн гарсан гэх сэтгэгдэл ирүүлж байгаа үйлчлүүлэгчдийнхээ эерэг үгсээр цэнэглэгдэж, тэр бүхнийг даваад гардаг даа.

ОДООГ ХҮРТЭЛХ АМЖИЛТ 

Одоогийн байдлаар манайх давхардсан тоогоор 5000 орчим бэлгийн багц гаргаж, 100 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй болсон байна. Том бизнесүүдтэй харьцуулахад асар бага тоо байж болох хэдий ч миний хувьд өөрийн хүрсэн амжилтаараа бахархаж явдаг шүү. 

БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Хөндлөнгийн хүний зөвлөгөөг харанхуй дагахаас илүүтэй өөрийн дотор байгаа бяцхан охины хүсэж мөрөөдөж байгаа зүйлийг ойлгож, тэр жимээр урагшилбал чи илүү жаргалтай, илүү амжилттай нэгэн болох болно шүү.


ЗурагТайлбар




Ташрамд сонирхуулахад, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлтэй ээжүүдийг нийгмийн манлайлал болсон эмэгтэйчүүдтэй холбох гүүр болж буй "Momento 2022" арга хэмжээг Unread медиа компани болон "Гоолингоо" ментор клуб хамтран энэ сарын 10-нд буюу ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байгаа билээ. 

Хөгжин дэвших хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийн нэгдэл, мэдлэг туршлагаа хуваалцах талбар болсон бүтэн өдрийн энэхүү эвентэд хүрэлцэн ирснээр та санхүү, хувь хүний хөгжил, дотоод гоо үзэсгэлэн гээд маш олон сэдвийн илтгэл, панелд оролцох боломжтой юм шүү.

Фэйсбүүк эвент: MOMENTO 2022

Тасалбар авах: Ardshop