Нисэхийн салбар бол өчүүхэн алдааг ч үл зөвшөөрөх хатуу дүрэм журам, секундээр хэмжигдэх шуурхай шийдвэр, хязгааргүй итгэлцэл дээр тогтдог талбар билээ. Энэхүү хариуцлагатай салбарт шинэ өнгө төрх нэмэн, үйл ажиллагаагаа эхлээд тун удаагүй байгаа “Chingis Airlines Unity” компанийн хамт олны төлөөллийг бид "10 ертөнц 10 өнцөг" нийтлэлийнхээ шинэ дугаарт урилаа.

Тэнгэрт тулах цэггүй ч хариуцлагаа үүрэн хөөрөх нисгэгчээс эхлээд, нойр хоолоо хасан онгоцны бүрэн бүтэн байдлыг 24/7 манадаг инженерүүд, секундын алдаагүй тооцоолол хийх диспатчер, зорчигчидтой хамгийн түрүүнд уулздаг бүртгэлийн болон бүхээгийн ажилтнууд, шинэ брэндийн өнгө төрхийг тодорхойлогч маркетерууд гээд нэг нислэгийн цаана асар олон хүний хүч хөдөлмөр байдаг ажээ. 

Ингээд тэдний ажил мэргэжлийн онцлог, арга барил, зорилго зорилтын талаар хөөрөлдсөн энэхүү ярилцлагыг хүлээн авна уу.

Агаарын хөлгийн авионик систем хариуцсан инженер Л.Энхдалай


Инженерийн ажил нислэгийн аюулгүй байдалтай шууд холбогддог учраас аливаа алдаа дутагдлаас бүрэн зайлсхийж, олон улсын аюулгүй байдлын зөвлөмж, Монгол Улсын Иргэний нисэхийн дүрэм, агаарын хөлгийн техникийн зааврыг чанд сахих ёстой. Ажлын маань эерэг тал нь тасралтгүй хөгжиж, шинэ мэдлэг хуримтлуулах боломж юм. Тэрчлэн Монголдоо болон олон улсын түвшинд хөрвөн ажиллах үүд хаалга үргэлж нээлттэй байдаг.

Харин бэрхшээлтэй тал нь агаарын хөлөгт ямар нэгэн доголдол гарсан үед ажлын ачаалал эрс нэмэгддэг. Нислэг саатуулахгүй, хөлгийн бэлэн байдлыг цаг алдалгүй хангахын тулд өдөр шөнө, цаг агаарын ямар ч хүнд нөхцөлд байсан тухайн асуудлыг шийдэх ёстой.

Одоогоор миний хувьд агаарын хөлгийн урт хугацааны техник үйлчилгээг төлөвлөх ажилд төвлөрч байна. Үүний хүрээнд шаардлагатай хүн хүч, тоног төхөөрөмж, багаж сэлбэг болон материалыг урьдчилан нарийн тооцоолж, бэлтгэлээ базааж байгаа. Мэдээж авионик системийн мэдлэг, ур чадвараа ахиулах тал дээр тасралтгүй суралцсаар байна.

Нисэхийн аюулгүй байдлын менежер Э.Дөлгөөн


Агаарын тээврийн салбарт нислэгийн аюулгүй байдлыг хангах нь туйлын өндөр хариуцлага. Тэр ч утгаараа үүнд шууд хувь нэмэр оруулан ажиллаж байгаа нь миний мэргэжлийн гол онцлог болов уу. Мөн олон улсын стандарт, шинэ мэдлэг, туршлагаас тогтмол суралцаж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх боломж олгодог нь их гоё. Эрсдэл тогтмол хувьсан өөрчлөгдөж байдаг тул нөхцөл байдлыг цаг тухай бүрд нь бодитойгоор үнэлж, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах шаардлага тулгардаг.

Одоогоор би компанийн аюулгүй байдлын тогтолцоог боловсронгуй болгож, олон улсын стандартад нийцүүлэхэд төвлөрч байна. Ялангуяа шинэ чиглэл, үйл ажиллагааны эрсдэлийг нарийвчлан үнэлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулахаар ажиллаж байгаа.

Нисэхийн салбарт жижиг алдаа ч том үр дагаварт хүргэж болзошгүй тул дүрэм журам, стандартыг чанд мөрдөх нь миний ажлын хамгийн чухал үнэт зүйл. Тиймээс хамт олонтойгоо нягт хамтран ажиллаж, аюулгүй байдлын соёлыг бэхжүүлэхээр зорьж байна. Бидний эцсийн зорилго нь зорчигч, ажилтан болон компанийн үйл ажиллагааг ямар ч эрсдэлгүй, найдвартай байлгахад оршдог.

Бүхээгийн ажилтан П.Урангуа


Ажил маань аюулгүй байдал 70%, үйлчилгээ 30% гэсэн бүтэцтэй. Бид зөвхөн ая тухтай үйлчилгээ үзүүлэхээс гадна ослын үед хүний амь аврах үүрэг ч хүлээх нь бий. Олон орны зорчигчтой харилцах, улсынхаа нүүр царай болж найрсаг сэтгэгдэл үлдээх нь ажлын бахархалтай тал. Харин аюулгүй байдлын дүрэм журам мөрддөггүй зорчигчидтой ажиллах нь гол бэрхшээл болдог.

Миний хувьд ахмад үеийнхнээсээ туршлага судалж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлснээр шинэ хамт олныхоо амжилт, компанийн үнэ цэнд бодитой хувь нэмэр оруулна гэж зорьж байгаа. Ажлын орчинд баримталдаг гол зарчим бол багаар ажиллах чадвар болон харилцааны өндөр соёл юм. Нэг нислэгийг аюулгүй үйлдэхийн тулд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг нэг хүн шиг ажиллах шаардлага гардаг. Үүний зэрэгцээ харилцааны соёлтой байж, найрсаг дулаан үгээр зорчигчдыг тайвшруулж, ая тухтай зорчуулах нь нэн тэргүүнд учраас эдгээр чанарыг ажлынхаа үндсэн тулгуур гэж боддог.

Зорчигч бүртгэлийн ажилтан Д.Эрдэнэцэцэг


Миний ажил нисэх буудалд зорчигчидтой хамгийн түрүүнд уулзаж, бичиг баримт шалгах, суудал хуваарилах, ачаа хүлээн авах, нислэгийн мэдээллээр хангах юм. Зорчигчдыг хурдан шуурхай чиглүүлж, талархал хүлээх нь ажлын хамгийн сайхан тал боловч цаг агаар болон бусад шалтгаанаар нислэг саатах үед зорчигчдын бухимдал, сэтгэлзүйн дарамтыг зөв зохицуулах бэрхшээл тулгарах нь бий.

Манай компани үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй тул одоогоор би нислэгийн аюулгүй байдлыг хангах, зорчигчидтой эелдэг найрсаг харилцах соёл дээрээ түлхүү төвлөрч байна. Ингэснээр шинэ хамт олныхоо үйлчилгээний нүүр царай болж, компанийнхаа соёл, чанарыг бататгахад хувь нэмрээ оруулах зорилготой.

Ажлын байрандаа баримталдаг хамгийн чухал гурван үнэт зүйл бол зөв харилцаа, аюулгүй байдал, өндөр анхаарал буюу сонор сэрэмж юм. Зорчигч бүртгэлийн ажилтан нь нэг хүнд үйлчилж байхдаа ч дараагийн зорчигчдын аж байдал, орчин тойрноо тогтмол ажиглаж, хянах чадвартай байх ёстой тул эдгээр тулгуур чанарыг чанд баримтлан ажилладаг даа.

Нисгэгч Б.Анхбат


Нисгэгч бол хүний амь нас, компанийн эд хөрөнгийг бүрэн хариуцдаг, өндөр итгэлцэл дээр тогтдог мэргэжил. Агаарт биднийг тулах ямар ч цэг байхгүй шүү дээ. Өндрийн даралт ихтэй, урьдчилан таамаглах аргагүй орчинд богино хугацаанд хүнд шийдвэр гаргах шаардлага тулгардаг нь ажлын гол сорилттой тал юм. Тэр хэрээрээ хувийн сахилга бат, сэтгэлзүйн асар өндөр тэвчээр шаарддаг.

Хамгийн гоё мэдрэмж нь зурвас дээр хурд авч хөөрөх мөч болон амжилттай газардах үеийн сэтгэл ханамж. Мөн хайртай хүмүүсийг хооронд нь уулзуулж, зорчигчдыг гэрт нь аюулгүй авчирч байгаагаа бодох их урамтай.

Шинэ нисгэгчийн хувьд би ахмад багш нарынхаа арвин туршлагыг яг л спонж шиг шингээн авч, мэргэжлийн ур чадвараа ахиулна гэж байгаа. Иээдүйд агаарын хөлгийн дарга болох зорилгынхоо хүрээнд аюулгүй байдал, зарчимч чанарыг гол тулгуураа болгон ажиллах болно.



Нислэгийн Диспатчер А.Билгүүдэй


Би АНУ-ын Техас мужид нислэгийн диспатчер мэргэжлээр сурч төгссөнөөс хойш нисэхийн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна. Миний мэргэжил нислэгийг аюулгүй, цагийн хуваарийн дагуу төлөвлөх үүрэгтэй. Бид цаг агаар, шатахууны норм, маршрут, агаарын замын хязгаарлалт зэрэг олон хүчин зүйлд дүн шинжилгээ хийж, нисэх багийг бодит мэдээллээр ханган, нислэгийн үйл явцыг эхнээс нь дуустал хянадаг.

Гарч болох эрсдэлийг хэдэн цаг, өдрийн өмнөөс урьдчилан тооцоолж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй болдог. Цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, техникийн саатал зэрэг хүндрэлүүд тогтмол үүсдэг тул богино хугацаанд асар их мэдээлэлд дүн шинжилгээ хийж, секундын алдаагүй шийдвэр гаргах шаардлага тулгардаг. Мэдээж энэ нь стресс менежмент болон цаг ашиглалтын өндөр ур чадвар шаарддаг шүү.

Ажлын маань гол зарчим бол олон улсын дүрэм журмыг ягштал мөрдөх явдал юм. Нислэг зохицуулалтын төв нь нисгэгч, инженерүүд, газрын алба гээд бүх талыг холбосон гол цөм учраас мэдээллийг үнэн зөв, хурдтай дамжуулж, оновчтой шийдвэр гаргахыг ажлынхаа гол үнэт зүйл гэж үздэг.



Агаарын хөлгийн инженер Т.Пүрэвсүрэн


Өвөл, зун, өдөр шөнийг үл харгалзан онгоцон дээр ажиллаж, доголдол гарвал нойр хоолоо хасан зүтгэдэг нь ажлын гол бэрхшээл боловч нэгнийхээ алдааг давхар хянаж, нөхдөг багийн систем маань энэ ажлын хамгийн том давуу тал болов уу.

Одоогоор би хувь хүний хөгжил болон агаарын хөлгийн найдвартай ажиллагааны чиглэлээр илүү мэргэшиж байгаа. Саяхан Нидерландын Амстердам хотыг зорьж, агаарын хөлгийн найдвартай ажиллагааны тусгай сургалтад сууж мэргэшээд ирсэн. Энэхүү мэдлэгээрээ онгоцны нислэгт тэмцэх чадварыг дээд цэгт нь байлгаж, техникийн алдаа мадгийг хамгийн бага түвшинд барихаар ажиллаж байна.

Инженерийн ажлын хамгийн чухал хэсэг бол үйлдэл бүрийг маш нарийн давхар шалгах явдал юм. Хэн нэгний анзаараагүй үлдээсэн жижиг дутагдлыг ч илрүүлэн сайжруулахыг ажлынхаа гол зарчим болгодог. Цаашид 13-14 хүнтэй манай инженер техникийн алба нислэгийн тоо, агаарын хөлгийн эгнээ өргөжихөд компанийнхаа аюулгүй байдлыг бүрэн батлан даана гэж харж байна.

Бүхээгийн ажилтан Д.Баярмаа


Ихэнх охид онгоцны бүхээгийн ажилтан болох нууцхан хүсэл тээн явдаг байх. Би ч бас энэхүү хүсэл мөрөөдлөө биелүүлж эл мэргэжлээр ажиллаж явна. Бүхээгийн ажилтан нь зорчигчдын аюулгүй байдлыг хангахаас гадна нислэгийн үеийн үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, аюултай ачаа тээштэй харьцах, ослын үеийн арга хэмжээг дүрэм журмын дагуу авах зэрэг маш олон талын мэдлэг чадвар, байнгын бэлэн байдалд байхыг шаарддаг. Мөн дээрээс нь бид агаарын хөлгийн хязгаарлагдмал орчинд ажил үүргээ гүйцэтгэдэг тул асар өндөр хариуцлага, сонор сэрэмжтэй байх ёстой.

Гадаад дотоодын олон газар орноор аялж, нүд тайлах боломж олгодог нь сайхан. Үүнээс гадна хагас цэрэгжилтийн зохион байгуулалтад орж, цаг баримтлах соёлд суралцан, тушаал шийдвэрийг ягштал биелүүлдэг асар өндөр хариуцлагатай нэгэн болж төлөвшдөг юм.

Тогтсон цаг наргүй, ээлжийн хуваариар ажилладаг оффисын бус орчин тул цагийн зохицуулалт хийхэд тодорхой хэмжээний сул тал бий. Өдөр бүр маш олон төрлийн зорчигчтой харилцах шаардлага гардаг ч энэ нь эргээд ямар ч нөхцөл байдалд тухайн хүний зан араншинд тохируулан харилцах ур чадварыг дээшлүүлдэг.

Миний ажлын хамгийн чухал хэсэг бол зорчигчдыг А цэгээс Б цэг хүртэл аюулгүй, найдвартай хүргэх явдал. Нислэгийн явцад үйлчилгээ үзүүлэх нь хоёрдугаар асуудал бөгөөд хамгийн гол нь агаарын даралт, орчны нөлөөнөөс шалтгаалж зорчигчдын бие өвдөх, эсвэл гэнэтийн зан араншин гаргах зэрэг ямар ч тохиолдолд үргэлж сэтгэлзүй болон ур чадварын бэлтгэлтэй байхыг ажлынхаа гол зарчим болгон баримталдаг.

Газрын үйл ажиллагааны хэлтсийн дарга Н.Номгон


Би нислэгийн өмнөх болон дараах бүх газрын үйлчилгээг аюулгүй, шуурхай, чанартай зохион байгуулах үндсэн үүрэгтэй. Миний ажил зорчигч болон ачаа тээшний үйлчилгээ, нисэх онгоцны газар дээрх техникийн үйлчилгээг удирдахаас гадна холбогдох бусад байгууллагын уялдаа холбоог хангах зэрэг өргөн хүрээний үйл ажиллагааг хамардаг. Олон хүний хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, нислэг бүрийг амжилттай үйлдэхэд бодит хувь нэмэр оруулах нь ажлын маань хамгийн эерэг бөгөөд бахархууштай тал. Нислэг аюулгүй, саадгүй үйлдэгдэж, зорчигчид сэтгэл хангалуун үлдэх нь бидний хөдөлмөрийн гол үр дүн байдаг.

Нөгөөтээгүүр, өндөр хариуцлага шаарддаг учраас цаг агаарын төлөв байдал, техникийн саатал, нислэгийн хуваарийн өөрчлөлт зэрэг урьдчилан таамаглахад хүндрэлтэй нөхцөл байнга тулгардаг. Ийм үед түргэн шуурхай шийдвэр гаргаж, баг хамт олноо зөв удирдах нь нэн чухал. Тиймдээ ч одоогоор газрын үйл ажиллагааны чанар, бүтээмжийг сайжруулах, үйлчилгээний үр ашиг, аюулгүй ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.

Цаашид олон улсын стандарт, шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх замаар компанийн нэр хүнд, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр зорих болно.

Борлуулалт маркетингийн менежер А.Оюу-Эрдэнэ


Миний мэргэжил тоон үзүүлэлтээс гадна хүмүүсийн зан төлөв, зах зээлийн чиг хандлагыг судалж, бүтээлч стратеги болон амьд харилцааг хослуулдгаараа онцлогтой. Зах зээл маш хурдан өөрчлөгддөг учраас үргэлж мэдээллийн түрүүнд алхаж, хэрэглэгчийн өндөр хүлээлтэд нийцэх нь ажлын гол сорилт. Энэ хурдтай хэмнэл надад улам чадваржих урам зориг өгдөг.

Манай компани зах зээлд шинээр гарч буй авиа компани учраас хэрэглэгчдэд зөвөөр танигдах нь хамгийн чухал байна. Үүний тулд зорчигчдын хүлээлтийг нарийн тооцоолж, уян хатан үнэ, борлуулалтын хамгийн дөхөм сувгуудыг санал болгоход түлхүү төвлөрч байгаа. Цаашид борлуулалтын өсөлтийг хангаж, брэндийн үнэ цэнийг бататгах маркетингийн стратегийг хэрэгжүүлэх зорилготой.

Аюулгүй байдал, нарийн стандарт дээр тогтдог нисэхийн салбарт хэрэглэгчийн итгэлийг хүлээхийн тулд хэлтэс хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоо шуурхай байх ёстой. Тиймээс багийн ажиллагааг сайжруулах, цаг үетэйгээ суралцах, хэрэглэгчийн хэрэгцээг зөв үнэлэхийг ажлынхаа гол тулгуур үнэт зүйл гэж үздэг.