Санхүүгийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны цаана бидний тэр бүр анзаардаггүй олон мэргэжилтний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр бий. Харилцагчдын санхүүгийн хэрэгцээнд тохирсон шийдэл санал болгохоос эхлээд эрсдэлийг тооцоолох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, технологийн шинэ шийдэл хөгжүүлэх гээд тэдний ажил үүрэг олон чиглэлд салаална.
Энэ удаагийн “Бид хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын буландаа 2008 оноос санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Очир Ундраа ОМЗ ББСБ-ын хамт олныг онцолж байна. Өдгөө 8 салбар, 80 гаруй ажилтан, 120 мянга орчим харилцагчтай тус байгууллага нь уламжлалт санхүүгийн үйлчилгээг технологитой хослуулан хөгжүүлж, 2026 оноос “Дараагийн алхмаа хий” уриатай OCHUN Finance нэрээр брэндээ шинэчлээд буй.
Томоохон өөрчлөлтийн үед тэд хэрхэн ажиллаж, аливаа асуудлыг ямар арга барилаар шийдвэрлэж, өөрсдийгөө хэрхэн хөгжүүлдэг бол? Тус байгууллагын хамт олны ажлын нэг өдөр, туршлага, сонирхолтой түүхүүдтэй танилцъя.
1. Танай байгууллагын замналаас бид юу юуг мэдэх ёстой вэ?

Манай байгууллага 2008 онд уламжлалт ББСБ-ын үйл ажиллагаагаар эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд бид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хүрээг тэлж, технологийн шийдлүүдийг үе шаттай нэвтрүүлэхийн зэрэгцээ дотоод үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоогоо сайжруулж, чанарын менежмент болон мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг хэрэгжүүлсэн.
Бид 2026 оноос OCHUN Finance нэрээр брэндээ шинэчилж байгаа нь зөвхөн нэр, логоны өөрчлөлт бус, хуримтлуулсан туршлага, технологийн боломждоо тулгуурлан илүү уян хатан, орчин үеийн санхүүгийн байгууллага болон хөгжих стратегийн нэгэн чухал үе шат юм.
Шинэ технологи, бүтээгдэхүүн, бизнесийн шийдлийг бодит үр дүнд хүргэдэг гол хүчин зүйл бол "хүмүүс". Технологийн хөгжил нь ажлын арга барил, шаардлагатай ур чадварыг өөрчилж буй энэ үед Хүний нөөц нь зөвхөн захиргааны чиг үүрэг хэрэгжүүлэгч бус, бизнесийн стратегийг хэрэгжүүлэхэд удирдлагуудтай хамтран ажилладаг стратегийн түнш байх ёстой. Өөрөөр хэлбэл, бизнесийн зорилгод хүрэхэд шаардлагатай бүтэц, хүний нөөцийн чадавх, ур чадвар, манлайллыг урьдчилан тодорхойлж, бүрдүүлэхийн зэрэгцээ ажилтнуудын хөгжил, гүйцэтгэл, оролцоог нэмэгдүүлэх замаар бизнесийн үр дүнд бодит хувь нэмэр оруулах нь Хүний нөөцийн стратегийн гол үүрэг юм. Миний хувьд Хүний нөөцийн үнэ цэнэ, цаашдын замнал нь ирээдүйн өөрчлөлтөд бэлтгэж, байгууллагын тогтвортой өсөлтийг бий болгох хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэхэд оршдог. Учир нь бизнесийн амжилт санхүүгийн үзүүлэлтээс гадна түүнийг бий болгож буй хүмүүсийн хөгжил, бүтээмж, манлайллаар тодорхойлогдоно.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Манай байгууллага уян хатан цагийн хуваарьтай. Бидэнд өглөөний 8-аас 10 цагийн хооронд ажилдаа ирж болох тул өглөө, оройн цагаа гэр бүлдээ үр ашигтай зарцуулах бүрэн боломжтой байдаг.
Ажилдаа ирээд хамгийн түрүүнд эрч хүчээ цэнэглэн кофегоо уугаад и-мэйл болон ажлын чатуудаа шалгаж, хариу өгч өдрийг эхлүүлдэг. Хэрэв яаралтай эсвэл төлөвлөсөн хурал, уулзалт байвал мэдээж түүндээ оролцоно. Манай ажилчид ихэнх нь харилцагчидтай хамгийн ойр ажиллаж, санхүүгийн зөвлөгөө өгч, тохирох бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байдаг. Миний хувьд салбарын захирал, зээлийн мэргэжилтнүүдтэйгээ тогтмол холбогдож, өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй хангуулах үүднээс тэднийг нэгдсэн удирдлагаар ханган чиглүүлж, тохирох заавар зөвлөмжийг өгч ажилладаг. Зарим үед ажилтнуудтайгаа хамт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх тохиолдол ч бий. Ийм учраас салбар нэгжүүдтэйгээ өдөр тутам ойр байж, ажилтнуудаасаа ч шинэ мэдлэг мэдээлэл аван байнга суралцсаар байдаг.
3. Таны ажлын нөү-хау?

Миний ажлын гол зарчим бол аливаа асуудлыг гарсны дараа шийдэхээс илүүтэй, гарахаас нь өмнө олж харах юм. Банк, санхүүгийн салбарт эрсдэлийн удирдлагаар ажилласан жилүүдэд эрсдэл гэдэг зөвхөн зайлсхийх ёстой зүйл бус харин зөв удирдаж чадвал бизнесийн өсөлт, хөгжлийн боломж болдгийг ойлгосон.
Нэгдүгээрт, өмнөх мэдээлэл бидэнд юу болсныг хэлдэг бол эрсдэлийн удирдлага ирээдүйд юу тохиолдож болохыг тооцоолохыг шаарддаг. Тиймээс зах зээл, харилцагчдын хандлага, зохицуулалтын орчны өөрчлөлтийг анзаарч, боломжит хувилбаруудыг урьдчилан тооцохыг хичээдэг.
Хоёрдугаарт, туршлага, зөн совин чухал ч дангаараа хангалтгүй. Ялангуяа ТУЗ, удирдлага, нэгжүүдийн хооронд мэдээлэл үнэн зөв, цаг тухайдаа солилцогдож байж оновчтой шийдвэр гаргах боломж бүрдэнэ. Мэдээллийн зөв урсгал бол сайн засаглалын үндэс гэж боддог.
Гуравдугаарт, зөв хяналт бизнесийг хурдасгах ёстой. Эрсдэлийн удирдлагыг бизнесийн өсөлтийн эсрэг тавьж болохгүй. Харин ТУЗ-ын идэвхтэй оролцоо, тодорхой үүрэг хариуцлага, зөв засаглалын тогтолцоо нь байгууллагад эрсдэлээ удирдахын зэрэгцээ шинэ боломжийг ашиглах нөхцөл бүрдүүлдэг.
Эцсийн дүндээ сайн эрсдэлийн удирдлага гэдэг бүх эрсдэлээс зайлсхийх бус, түүнийг ойлгож, зөв шийдвэр гарган, бизнесийнхээ урт хугацааны тогтвортой байдлыг хангахад оршдог гэж хардаг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Дийлэнхдээ Microsoft-ийн программуудыг хооронд нь уялдуулан ашиглахыг илүүд үздэг. Тухайлбал, Outlook-оор албан мэдээллээ солилцож, Teams-ээр багийнхантайгаа харилцаж, хурлаа зохион байгуулдаг. Microsoft Planner-ийг ажлын төлөвлөгөө гаргах, ажил хуваарилах, гүйцэтгэлийн явцыг хянахад ашиглахад их дэм болдог.
Мөн мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг хүний хувьд нууц үгийн менежерийг зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Систем бүрд урт, давтагдашгүй нууц үг ашиглаж, нэвтрэх мэдээллээ аюулгүй удирдах боломжтой. Мөн хиймэл оюунд суурилсан хэрэгслүүдийг мэдээлэл боловсруулах, санаа цэгцлэх, өдөр тутмын ажлаа хөнгөвчлөхөд ашигладаг. Аливаа хэрэгслийг сонгохдоо бүтээмжээс гадна мэдээллийн аюулгүй байдлыг үргэлж харгалздаг.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Миний хувьд цаг хэмнэх хамгийн сайн арга бол ажлаа зөв төлөвлөж, аль болох хялбарчлах юм. Ахлах нягтлан бодогчийн ажилд тоон мэдээлэл боловсруулах, тайлан гаргах, баримт бүртгэх гээд өдөр бүр давтагддаг ажил олон бий. Тэр болгонд бэлэн бэтлгэгдсэн Excel-ийн томъёо, загвар хүснэгт, автомат тайлангийн хэрэгслүүдийг ашиглах боломжийг манай байгууллага олгосон байдаг. Мөн сар бүрийн ажлын онцлогт тохируулан ажлын жагсаалт гаргаж, өглөө бүр хийх ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлдэг. Нэг дор олон ажил амжуулах гэж яарахаас илүү нэг зүйлдээ төвлөрч, дуусгасныхаа дараа дараагийн ажил руугаа шилжих нь надад илүү үр дүнтэй санагддаг. Энэ нь алдаа гаргах эрсдэлийг ч бууруулдаг.
Үүнээс гадна ажлын орчин бүтээмжид их нөлөөлдөг гэж боддог. Тав тухтай, эмх цэгцтэй оффис, анхаарал сарниулах зүйл багатай орчинд ажиллахад төвлөрөхөд амар байдаг. Ялангуяа нягтлан бодох бүртгэлийн ажил өндөр анхаарал, нягт нямбай байдлыг шаарддаг. Хэрэгтэй файл, мэдээллээ эмх цэгцтэй хадгалж, хамт олонтойгоо мэдээллээ цаг тухайд нь солилцох нь илүү ажил үүсэхээс сэргийлдэг.
Ер нь цаг хэмнэнэ гэдэг заавал хурдан ажиллахын нэр биш. Ажлаа зөв зохион байгуулж, өөрт тохирсон арга барилаа олох нь хамгийн чухал гэж боддог.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Миний хувьд ажлаа өдөр бүр яаралтай болон төлөвлөгөөт гэж хоёр ангилан, ач холбогдлоор нь эрэмбэлдэг. Зээлийн мэргэжилтний хувьд харилцагчидтай шууд ажилладаг учраас хамгийн түрүүнд тэднээс ирсэн хүсэлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаардаг. Өөрөө шийдэх боломжтой асуудлыг аль болох шуурхай шийдэж, бусад алба, нэгжийн оролцоо шаардлагатай бол холбогдох хүмүүст нь уламжилж, шийдвэрлэлтийн явцыг харилцагчдаа тухай бүр мэдээлдэг. Харилцагчид ихэвчлэн өглөө болон өдрийн цагаар салбарт ирж үйлчлүүлэх, утсаар мэдээлэл авах нь элбэг. Тиймээс энэ цагийг харилцагчдадаа түлхүү зориулж, үдээс хойш зээлийн судалгаа хийх, эргэн төлөлтийн мэдээлэл боловсруулах, дараагийн өдрийн зээлийн саналаа бэлтгэх зэрэг төвлөрөл шаардсан ажлуудаа амжуулдаг.
Ер нь миний ажлын хамгийн сайхан тал нь хүмүүстэй харилцаж, тэдэнд хэрэгтэй үед нь тусалж чаддаг байдал. Хүн бүр өөр өөр хэрэгцээ, нөхцөл байдалтай ирдэг учраас тэднийг сайн сонсож, аль болох ойлгомжтой мэдээлэл өгч, тохирох шийдлийг олоход нь туслахыг хичээдэг. Харилцагчийнхаа асуудлыг нь шийдвэрлэж, сэтгэл хангалуун буцаж байгааг нь харах хамгийн урамтай. Тиймдээ ч өдөр бүр ажилдаа эерэг хандлагатай ирж, хүмүүст тусалж байгаагаасаа урам авдаг.
7. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Зээлийн эргэн төлөлт нь доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон харилцагч бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй. Тиймээс эхлээд асуудлынх нь шалтгааныг ойлгож, ярилцсаны үндсэн дээр зээлээ төлөх боломжит хувилбаруудыг хамтдаа эрэлхийлдэг.
Ажлын маань хамгийн сайхан тал нь санхүүгийн хүндрэлтэй тулгарсан харилцагчийн нөхцөл байдал сайжирч, зээлийн төлөлт нь хэвийн болж байгааг харах. Харин зарим харилцагч хамтран ажиллахад бэлэн бус, эсвэл бухимдалтай хандах тохиолдол гардаг нь хүндрэлтэй. Ийм үед тайван байж, асуудлыг зөвөөр ойлгуулахын зэрэгцээ байгууллагынхаа эрх ашгийг хамгаалах шаардлагатай болдог.
Энэ ажилд зарчимч, тууштай байхаас гадна хүнийг ойлгож, хүнлэг хандах нь хамгийн чухал гэж боддог. Учир нь бид зөвхөн зээлийн төлбөр барагдуулах гэхээс илүү, харилцагчдад тулгарсан санхүүгийн хүндрэлээс гарах гарцыг хамтдаа олохын төлөө ажилладаг.
8. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Ажил мэргэжлийн маань онцлог нь байнга өөрчлөгдөж буй орчинд хурдан дасан зохицож, тасралтгүй суралцахыг шаардаж байна. Ялангуяа ажилчдаа ойлгож үр дүнтэй харилцах чадвар чухал учраас би бусадтай харилцах харилцаа бүрээсээ суралцаж, аливааг олон өнцгөөс харахыг хичээдэг. Мэдээж шинэ технологийг судалж, хиймэл оюуныг ашиглан шинэ боломж, шийдлүүдийг эрэлхийлж байгаа. Хиймэл оюуны тусламжтайгаар ажлын бүтээмжээ нэмэгдүүлж, цаг хугацаа, нөөцөө хэмнэх олон боломж бий. Хамгийн гол нь эдгээр хэрэгслийг үр дүнтэй ашиглахын зэрэгцээ өөрсдийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхээ орхигдуулж болохгүй. Бидний ажлыг хөнгөвчилж болох ч бидний өмнөөс суралцаж, аливаа зүйлийн учир шалтгааныг ойлгож чадахгүй шүү дээ.
Харин миний хөгжилд хамгийн их нөлөөлсөн зүйл бол хамт олон минь. Ажиллах хугацаандаа алдаа гаргаж, мэдэхгүй зүйлтэй тулгарах бүрд тэд надад суралцах, өөрийгөө сайжруулах боломж олгосон. Тэднээс мэргэжлийн мэдлэгээс гадна бусдыг ойлгох, үзэл бодлыг нь хүндэтгэх, асуудлыг олон талаас нь харахыг сурсан даа.
9. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Ажлынхаа хажуугаар шоо эвлүүлэх, дартс тоглох гэсэн хоёр хоббитой. Анх 3×3 хэмжээтэй Рубикийн шоо эвлүүлж сурсан юм. Түүнээс хойш өөр өөр хэлбэр, бүтэцтэй шоонууд байдгийг мэдээд сонирхож эхэлсэн. Одоо шинэ төрлийн шоо харах бүрдээ авч, эвлүүлж сурахыг хүсдэг. Ингэж явсаар нэлээд хэдэн төрлийн шооны цуглуулгатай болсон байна. Харин дартсаар хичээллээд жил орчим болж байна. Анх ажилд ороход маань дартсын спортын цол, зэрэгтэй, маш сайн тоглодог хүн хамт ажилладаг байлаа. Тоглож байгааг нь хараад өөрөө ч туршиж үзмээр санагдаж, хамт тоглосноор энэ спортод дуртай болсон. Сүүлдээ зүгээр нэг хобби гэхээсээ илүү нухацтай хичээллэж, тэмцээн уралдаанд оролцохыг зорьдог болсон. Одоогоор өөрийгөө тамирчин гэж хэлэхэд эрт ч клубын тэмцээнүүдэд оролцож, ур чадвараа ахиулахаар хичээж байгаа. Ажлын хажуугаар хоббитой байхын нэг давуу тал нь мэдээж стрессээ тайлах. Нөгөө талаар шинэ хүмүүстэй танилцаж, хүрээллээ тэлэх боломж олгодог. Тухайлбал, дартсын клубт элссэнээр зөвхөн өөрийн клубынхээ гишүүд гэлтгүй бусад клубын тоглогчидтой танилцаж, тэмцээнүүдээр дахин уулздаг болсон. Надаас олон жил тоглосон, туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авч, тэднээсээ суралцах нь ч бас их сонирхолтой байдаг.
10. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Миний хувьд эрч хүчээ сэлбэнэ гэдэг нь өөртөө эргэн төвлөрөхийг хэлдэг. Би өмнө нь уулын спортын тамирчин байсан болохоор байгальд ойр байж, аялах дуртай. Уулын спорт надад тэсвэр хатуужилтай байх, эрсдэлийг урьдчилан олж харах, тууштай байхын үнэ цэнийг ойлгуулсан гэж боддог. Мөн шинэ зүйл сурч мэдэх, өмнө нь анзаарч байгаагүй зүйлээ олж харах, аливааг өөр өнцгөөс ойлгох нь надад сонирхолтой санагддаг. Алдаа гаргасан үедээ ч өөрийгөө буруутгахаас илүү юуг өөрөөр хийж болох байснаа эргэцүүлж, түүнээсээ суралцахыг хичээдэг. Өмнө нь мэддэггүй байсан зүйлээ ойлгож, өчигдрийнхөөсөө бага ч гэсэн ахиц гаргаснаа мэдрэх нь надад урам зориг өгдөг.
Ер нь ажлаа сайн хийхийн зэрэгцээ ажлаас гадуурх өөрийн гэсэн ертөнцөө ч илүү сайхнаар бүтээхийг хичээдэг. Тэрхүү ертөнцийг бүтээж буй өдөр тутмын жижиг дадал, өөртөө гаргаж буй цаг хугацаанаасаа би эрч хүч авдаг даа.
11. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Ажилд анх орж байхдаа хүн бүрийн санал бодлыг дагаж, бүгдийн сэтгэлд нийцүүлэх гэж их хичээдэг байлаа. Нэг хүний хэлснээр хийхэд нөгөө нь өөр санал хэлнэ. Тэр болгонд санаа зовж, өөрийгөө буруутгадаг байсан юм. Нэг удаа ажлын тайлан боловсруулахдаа хүн бүрээс асууж, тодруулсаар багагүй хугацаа алдаж, ажлаа хугацаанд нь амжуулахгүй шахсан. Тэр үед ахлах маань надад “Бүгдийн сэтгэлд нийцүүлэх гэж биш, ажлаа зөв, хариуцлагатай хийхэд төвлөр. Хүн бүрийн бодол өөр байдаг” гэж зөвлөсөн юм.
Энэ зөвлөгөө надад бусдад таалагдахыг хичээхээс илүү өөрийн хариуцсан ажлыг зөв, чанартай хийх нь чухал гэдгийг ойлгуулсан. Одоо ч ажилдаа баримталдаг зарчмуудын минь нэг болсон доо.
12. Санал болгох ном, хөгжим, кино?

1. Хөгжим: The Chainsmokers, All We Know
“All We Know” дууг санал болгоё. Анх сонсоод л шууд таалагдаж байсан. Түүнээс хойш бараг арваад жилийн турш тасралтгүй сонсож байна. Олон жил сонссон ч одоо хүртэл дуртай хэвээрээ байдаг дуунуудын минь нэг.
2. Кино: 3 Idiots
Инээдтэй, хөгжилтэй хэсэг ихтэй ч цаанаа л нэгийг бодогдуулах зүйлтэй кино. Бусдын хүлээлтээр амьдрах уу, эсвэл өөрийн хүссэн зүйлээ олж, түүндээ дуртайгаар суралцаж, ажиллах уу гэдэг талаар хөнддөг. Бас нөхөрлөл, гэр бүл, амжилтын тухай ч сэтгэл хөдөлгөсөн хэсгүүдтэй.
3. Ном: Аз жаргалд хүргэх философи
Энэхүү номонд аз жаргалын тухай бидний боддог зүйлсийг өөр өнцгөөс харуулдаг. Хүн заавал нийгмийн тогтсон жишгээр амьдарч, бусдын зөв гэж үздэг зүйлсийг дагаж байж аз жаргалтай болох албагүй. Бид заримдаа өөрсдөө хүссэндээ биш, харин бусад хүн тэгэх ёстой гэж боддог учраас тодорхой зорилгын төлөө явж, амжилтыг ч бусадтай харьцуулж хэмждэг. Гэтэл тэр бүхэнд хүрсэн ч сэтгэл хангалуун байна гэсэн баталгаа байхгүй. Унших явцдаа өөрийнхөө хүсэл, үнэт зүйлсийг ойлгож, амьдралд тохиолдож буй зүйлсийг өөр өнцгөөс харахад тус болсон.
13. Танай байгууллага одоо юун дээр төвлөрч байгаа вэ?

Бидний зорилго бол хэрэглэгчдэдээ улам ойртож, санхүүгийн хэрэгцээ гарсан тэрхүү үеэс эхлэн хурдан шуурхай үйлчилдэг, хамтран ажиллах боломжтой экосистем бүтээх юм. Үүний тулд дижитал шилжилтийг өдөр тутмын үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгохыг хичээж байна. Одоогоор хоёр төсөл дээр голчлон ажиллаж байгаа.
Эхнийх нь машин барьцаалсан зээлийн апп. Монголд зээлийн апп ашиглах хэрэглээ нэлээд өндөр, хүмүүс ч ашиглаад сурчихсан байгаа. Гэтэл барьцаат зээлийн хувьд зайлшгүй машинаа үнэлүүлж, бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай хэвээр. Иймээс бид энэхүү асуудлыг шийдэхээр, ердөө 5 минутын дотор зайнаас зээлийн эрх болон санхүүгийн боломжоо тооцоолох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Хоёр дахь нь зээл олголтын систем буюу LOS. Салбар дээр биеэр ирж үйлчлүүлдэг хэрэглэгчдийнхээ цагийг хэмнэхийн тулд уламжлалт зээлийн судалгааг системжүүлэн, шийдвэр гаргах хугацааг богиносгохоор ажиллаж байна. Олон жил дадал болсон шат дамжлага шинэчлэгдэж, үйл ажиллагаанд маань ихээхэн өөрчлөлт орж байгаа ч эрхэм зорилго, ирээдүйн төлөө нэг зүгт харсан баг хамт олонтой тул ажил үр дүнтэй явагдаж байгаа.
14. Бусдад шидэх санаа?

Хэрэв бусдад нэг санаа хуваалцах бол аль болох тодорхой байгаарай гэж хэлмээр байна. Тодорхой байна гэдэг хатуу байх биш, нөгөө хүнээ хүндэлж буйн нэг хэлбэр гэж боддог. Би ажилдаа зорилго, хүлээлт, хариуцлагыг эхнээс нь ойлгомжтой болгож, хамт ажилладаг хүмүүстэйгээ нэг ойлголтод хүрэхийг хичээдэг. Хүлээлтээ хэлэлгүй орхичхоод дараа нь үр дүнг шүүмжлэх нь хэн хэндээ шударга бус.
Маркетерийн хувьд энэ зарчим брэндэд ч адилхан үйлчилдэг гэж боддог. Байгууллагын амлалт хэрэглэгчийн бодит туршлагатай нийцэж байж брэнд үнэ цэнтэй болно. OCHUN Finance-ийн “Дараагийн алхмаа хий” уриа бол харилцагчийн зорилгыг сонсож, түүнд хүрэх алхмыг нь хамтдаа тодорхойлоход туслах тухай бидний амлалт.

