ДДэш компани 2008 оноос эхлэн хиймэл дагуулаар телевизийн 18 суваг дамжуулж эхэлсэн бол өдгөө Монгол орны өнцөг булан бүрд 360 мянга гаруй хэрэглэгчтэй, 150 гаруй дотоод гадаадын телевизийн сувгийг албан ёсны эрхтэйгээр дамжуулагч, контент үйлдвэрлэлийн салбарт томоохон байр суурийг эзлэгч үндэсний том компани болон тэлжээ. 

Халуун дулаан, шинийг эрэлхийлэх гал эрмэлзэл дүүрэн хамт олны хөдөлмөр, зүтгэлээрээ босгосон амжилт хойморт тань гэрэлтсээр хэдийн 15 жил өнгөрчээ. Амжилт хэзээ ч нэг хүнийх байдаггүй агаад гагцхүү энэхүү хамт олны хүч, сэтгэл, нөр их хөдөлмөрөөр өнөөдрийн ДДэш ТВ оршин тогтнож буй юм. 

Технологи, төлөвлөлтийн инженер Б.Тэмүүлэн 

ДДэш болон Юнител компаниуд нэгдэх үеэр надаас гадна манай хэд хэдэн ажилчид ДДэш рүү анхааран ажиллаж эхэлсэн юм. Миний хувьд өнгөрсөн жилээс эхлэн гэр бүлээрээ Япон улсад амьдрахаар болж, жилийн хугацаанд зайнаас ажиллаж байна.

2017 онд бид Korea Sat 5A хиймэл дагуулд зөвхөн Монгол Улсын газар нутагт зориулсан хиймэл дагуулыг хөөргөснөөр, хэрэглэгчдэдээ илүү олон сувгийг өндөр чанартайгаар үзүүлэхийн тулд ажилчид төдийгүй нийт 360 мянга гаруй хэрэглэгчийг хамруулсан нүсэр ажил болж байлаа. Бүхнийг сууриас нь эхлэн шинэчлэн өөрчилж, эхний нэг сарын хугацаанд долоо хоногийн бүх өдөр өдрийн 16-18 цаг ажиллаж байсан. Өндөр ачаалалтай байсан ч эргээд бодоход хамгийн том дэвшлийн цаг үе байсан.

Японд ирснээс хойш ажил руугаа ирэх, буцах замын түгжрэл гэх мэт зүйлд цаг алдахгүй амар байдаг ч хамт олноо үргэлж санаж, тэдэнтэйгээ бүтээсэн дурсамжуудаа нэхэн боддог. Газрын станц дээр ажилладаг инженерүүдэд өдрийн хоолыг нь дотроосоо бэлдэж өгдөг учраас цайны цагаар 10 минутад л хоолоо идчихээд үлдсэн хугацаанд нь сагс тоглодог байлаа. Бүгд бов бор болчихсон л намрыг угтдаг байсан сан.


Биллинг хөгжүүлэгч Г.Бямбадорж 

Централ тауэр дахь салбар дээр ажлын ярилцлагад орсон болохоор тэнд л ажиллах юм байна гэж бодож байлаа. Гэхдээ Дата центр дээр бүх өгөгдлийн бааз, үйлчилгээнүүд байдаг учраас инженерүүд тэдгээртэйгээ ойрхон байхын тулд энэ оффис дээр ажилладаг болж таарсан.

360 мянга гаруй хэрэглэгчтэй учраас ДДэшийн биллингийн систем том бөгөөд олон өгөгдлөөс бүрддэг. Хэрэглэгчдийн мэдээлэл, гүйлгээ, сунгалт зэрэг бүхий л датаг программчлалын хэлээр логик дэс дараалалтай буулгаж, хэрэглэгчдэд чирэгдэлгүйгээр, цаг хугацаанд нь, ямар нэгэн алдаа мадаггүйгээр хүргэхийн төлөө бид хичээн ажилладаг.

Ажиллаж эхэлснээсээ хойш хамт олноороо хамгийн их бахархах болсон. ДДэш байгуулагдсан цагаас эхлэн өдийг хүртэл ажиллаж буй инженерүүд хэд хэд бий. Тэд өөрсдийн хэрхэн эхэлж байсан түүх, замд нь тулгарсан саад бэрхшээлүүд, түүнийг даван туулсан цаг хугацаагаа эргэн дурсаж, шинэ залуу ажилтнуудад хуваалцдаг болохоор бахархахгүй байхын аргагүй санагддаг.


Сансрын сүлжээ ашиглалтын ахлах инженер Б.Жигжидсүрэн 

Намайг холбооны инженер болгох гэдэг аавтайгаа их ч зөрчилддөг байж билээ. Учир нь би барилгын инженер болохыг хүсдэг байсан юм. Гэхдээ одоо аавынхаа үгэнд орж холбооны инженер гэх мэргэжлийг сонгосондоо баярладаг.

Хэзээд бэлэн байдалд утас унтрах эрхгүй, хариуцлагатай хийгээд аз жаргалтай энэхүү ажлаа хийсээр найман жил өнгөрчээ. 2015 онд Орбит дахь газрын станц дээр эхний өдрөө дагалдан хийж, тоног төхөөрөмжтэйгөө танилцан ажиллах горимыг нь мэдэж аваад ээлжийн инженерээр ажиллаж эхэлсэн.

Хиймэл дагуулын тусламжтайгаар улс төрийн айлчлал, спортын тэмцээнүүд зэрэг томоохон шууд дамжуулалтыг хийдэг учраас тэр үеэр хамгийн ачаалалтай ажилладаг. Сая болж өнгөрсөн Ромын Пап ламын айлчлалын үеэр хэдэн сарны хэдний өдөр, аль хиймэл дагуулыг ашиглан шууд дамжуулах талаар мэдээлэл авч, Степпе аренагийн гадаа тоног төхөөрөмжөө угсрах, суурилуулах, урьдчилан шалгах ажлуудыг гүйцэтгэсэн.

Ажил хийж байгаа хүн бүрд ажил руугаа очмооргүй санагдах үе хаа ганц тохиодог бол надад найман жилийн хугацаанд ажлаасаа уйдах, явмааргүй санагдах үе нэг ч тохиож байсангүй. Үргэлж ажил руугаа яардаг нь гэртээ байгаа мэт тухтай орчин, таатай хамт олонтой холбоотой болов уу.


Системийн шинжээч Т.Анударь 

Анх оффис руугаа орж ирээд ажил хэрэгч хувцасласан, ширээнийхээ ард ажлаа хийж байгаа хүмүүсийг хараад өөрийгөө тэдэнтэй яг л ижилхэн ажиллах юм шиг санаж, битүүхэндээ баярлаж байлаа. Шинэ ажилдаа зориулж өсгийтэй гудал худалдаж аваад их л ажил хэрэгч хувцаслаад очтол чөлөөт хувцастай, инженер ах нар угтаж, өмнө нь ярилцлагад орсон оффисоос тэс ондоо орчин байсан нь одоо бодоход тун инээдтэй.

Миний ажилладаг мэдээлэл технологийн хэлтэст бусад албуудаас хөгжүүлэлтийн захиалгууд ирнэ. Нэг дор олон захиалга ирэх үед “Хэзээ хийж дуусгах бол” гэж бодогдох ч нэг л мэдэхэд дуусчихсан, хэрэглээнд нэвтрээд хэрэглэгчид ашиглаад эхэлсэн байх үе хамгийн бахархалтай санагддаг.

Хүн бүхэнд л өөрийнх нь хамт олон хамгийн сайхан нь юм шиг санагддаг болов уу. Бидний хувьд албан тушаал, зэрэг дэв үл хамааран чөлөөтэй харилцаж, мэдэхгүй чадахгүй зүйлээ эсвэл ажилд нь бэрхшээлтэй байгаа асуудлаа ичиж, эмээлгүйгээр ярилцаж чаддаг нь хамгийн том онцлог гэж бодож байна.


Үндсэн систем ашиглалтын инженер Д.Жүгдэр 

2014 онд хөдөө орон нутгийн бүх сумдад телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг хүргэх зорилгоор тендер зарлаж, манайх уг ажлыг гүйцэтгэхээр болсон юм. Миний хувьд ажилд ороод хамгийн анхны томоохон хэмжээний ажил байсан болохоор юун дээр ажиллаж байгаагаа ч сайн ойлгоогүй байсан. Одоо бодоход 21 аймгийн бүх сумд ДДэшийн сүлжээг ашиглан, телевиз үзэх боломжтой болсон гэхээр тун бахархмаар, үнэ цэнтэй ажил хийсэн байгаа юм.

Есөн жилийн өмнө ажилд ороход хамт олны уур амьсгал яг л ийм байсан. Одоог хүртэл энэ уур амьсгал огт өөрчлөгдөөгүй харин ч улам халуун дулаан, найрсаг болсоор байна. Хамтарч ажиллахад түшигтэй, мэдэхгүй зүйлээ хэнээс ч асуусан цааргалалгүй зааж, зөвлөөд өгдөг нь хамгийн сайхан.


Контент хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Мөнгөнзул 

2015 оны аравдугаар сарын 7-ны өдөр ажилдаа орж байлаа. Тухайн үед манай оффис жижгэвтэр, ажилтнууд нь ойрхон суудаг бас зарим хүмүүсийг нь таньдаг байсан болохоор ойртож дотносоход тийм ч удаан хугацаа зарцуулаагүй. Миний хувьд кино бүтээгчидтэй гэрээ хийж, ДДэшийнхээ кино санд уран бүтээлийг нь оруулдаг. Баярын өдрүүдээр баяртай холбоотой шинэ кинонууд олон гардаг учраас ачаалал нэмэгддэг.

Санаанаас гардаггүй, айхтар “түргэн авч” байсан үе гэвэл, ДДэш лайв сувгаар Мартын 8-ны тоглолтыг шууд дамжуулахаар ажиллаж байлаа. Гэтэл яг өмнөхөн нь нийлүүлэгч талаас шууд дамжуулалт цуцлагдсан юм. Тухайн үед хэрэглэгчдэд цуцлагдсан тухай шуурхай мэдээлэл хүргэж, түрээсэлсэн хүмүүс рүү гомдлыг нь барагдуулж, төлбөрийг нь шилжүүлэх ажлыг яаралтай хийж байлаа.

Хамт олон болоод ажлаараа бахархах үе бишгүй тохиолдоно. Хамгийн сүүлд “Монгол” кинонд манай хамт олон продюсераар ажилласан. Кино маань ч амжилттай дуусаж, маш олон үзэгчдийн сайшаалыг хүртсэн нь бидний хувьд хамгийн бахархам мөч байсан.


Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул 

Монгол Улсад ковидын улмаас хөл хорио тогтоож, хүн бүр гэрээсээ гаралгүй, байгууллага бүхэн зайнаас ажиллаж байх тэр үед миний ажлын эхний өдөр тохиосон. Долоо хоногийн дотор ажлаа хүлээж авах шаардлагатай байсан учраас дүрэм, журмуудыг уншиж танилцах, шаардлагатай зүйлсийг нь тэмдэглэж авсаар эхний өдөр өнгөрч байлаа. 10 сар ажилласны дараа арваннэгдүгээр сарын 1-ээс хөл хорио суларч, бүгд оффис дээрээ цуглах үед хамт олонтойгоо танилцсан.

Хүний нөөцийн мэргэжилтний хувьд сонгон шалгаруулалт, ярилцлага ихтэй өдрүүд хамгийн ачаалалтай өнгөрдөг. Маш олон өөр төрлийн хүмүүстэй уулздаг учраас ядарлаа ч гэсэн “гоё” ядардаг. Ярилцлагын үеэр хүмүүсийн сонирхолтой хариу үйлдлүүдтэй олон таарна. Тухайлбал, сонгон шалгаруулалтын хариу гарч, татгалзсан хариу өгөх үед гомдох, уурлахын завсар хариу хэлэх хүн байхад “Хариулсанд баярлалаа” гээд зурвас илгээх нэгэн ч бий. Зарим тохиолдолд яагаад тэнцээгүй учир шалтгаанаа асууж, юуг цаашид сайжруулах хэрэгтэй вэ? гэдгээ мэдэхийг хүссэн хүмүүст аль болох хэрэгтэй зөвлөгөө өгөхийг хичээж, ирээдүйн ажилд нь амжилт хүсдэг.

Миний ажилд авсан хүн сайн ажиллах нь миний сайн ажилласны илрэл юм болов уу. Тухайн ажилтан дадлагын хугацаагаа амжилттай дуусгаад үндсэн ажилтан болж, өндөр гүйцэтгэлтэй ажиллаад, бүр шагнуулахыг харах мөчид ажлаараа хамгийн их бахархдаг.


Борлуулалт, суурилуулалтын ажилтан Б.Баасансүрэн 

ДДэш дэх ажлын гараа маань лавлах төвийн оператороор эхэлж байлаа. Дуудлага авахаас өмнө бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй хангалттай танилцсан ч гэсэн сандарч тулгамдах, юу гэж хариулахаа мэдэхгүй будилах үе олон байсан.

Оператороор жил орчим ажиллаад одоогийн хийж буй борлуулалт, суурилуулалтын ажил руу шилжсэн юм. Оффист суух бус айлуудаар очиж, хэрэглэгчидтэй нүүр тулж ажилладаг. Өглөө оффис руугаа очиж, борлуулах бараа бүтээгдэхүүнээ авч, хотын нэг захаас нөгөө зах хүртэл айлуудаар орж явсаар орой гэртээ харихдаа л өлсөж, ядарснаа мэдэрдэг.

Ажлаа хийгээд явж байх үед төрөл бүрийн зан араншинтай хүмүүс тааралдана. Нэг удаа настай эмээгийн гэрт очиж, зурагтыг нь гаргаж өгсөн юм. Өдөржин гэртээ байдаг тэр эмээд зурагт нь л хань болдог тухайгаа ярьж, хэд хоног зурагтаа үзэж чадаагүй, ашгүй зурагтыг минь гаргаж өглөө гээд баярын нулимс унагааж байсан. Гэх мэтчилэн айлууд баярласан, талархсанаа илэрхийлээд үддэг болохоор өдөр бүр л хийж буй ажлаараа бахархдаг. Харин ажлаа хийхэд тулгардаг эрсдэл гэвэл айлын нохой л байдаг юм.


Level 2 оператор А.Цэрэндолгор 

Дуудлагын оператор байх үед олон хүмүүстэй харилцаж, мэдээлэл өгч, асуудлыг нь шийдвэрлэдэг байсан болохоор цаг өнгөрч байгааг ч анзаарахгүй, нэг л мэдэхэд ажлын цаг дуусчихдаг байлаа. Хэрэглэгч утсаар мэдээлэл авч дуусмагцаа “Түргэн шуурхай ажиллаж, мэдээллээ тодорхой хэлж өгсөнд баярлалаа, өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэж хэлэхэд л тэр өдөржин сэтгэл санаа өөдрөг, таатай байдаг.

Манай хэрэглэгчдийн ихэнх нь тайван, хүлээцтэй, уужуу хүмүүс байдаг юм шиг санагддаг. Асуудал шийдэгдсэний дараа дахиж залгаад “Телевиз маань гарчихлаа” гээд баярласнаа илэрхийлнэ, зарим нь бүр “Хөдөө ирвэл манайд ирээд хонь аваарай” гэх нь ч бий.


Салбарын үйлчилгээний ажилтан Б.Уянгаа 

Шинэхэн төгсөгч байхдаа ажилд ороод бүгдийг нь л “Ахаа, эгчээ” гэдэг байсан бол одоо өөрөө эгч болчихсон шинэ ажилтнууддаа зааж, зөвлөөд л явж байна. Бүхий л ажилд онцлог, давуу тал байхын хажуугаар сөрөг тал ч бас бий. Жирэмсэн байхдаа утасны цаанаас хэлэх үггүй болтлоо загнуулаад “Баярлалаа, баяртай” гээд утсаа салгаад амралтын өрөөндөө ороод уйлж байсан. Цаг хугацаа өнгөрч, удаан ажиллахын хэрээр бүхий л үйлчилгээгээ арван хуруу шигээ мэддэг болж, сэтгэлийн хаттай ч болсон.

Манай салбар өдөр бүр ачаалалтай ажилладаг бөгөөд тэр тундаа баяр наадам дөхсөн эсвэл урамшуулал зарласан үеэр бүр их завгүй ажилладаг. Өглөө салбараа нээх үед бүгд нэг автобуснаас буугаад ирэв үү гэмээр их хүн ирж, үйлчилгээгээ авахаар дараалан зогсдог. Сар тутмынхаа сунгалтыг хийлгэхээр ирэх өвөө, эмээ нартай хэдийн танил болчихсон.

Хөдөө орон нутагт явж байхдаа ДДэшд ажилладаг тухайгаа хэлэхэд бүх л айл манай хэрэглэгч болж таардаг. Сүлжээгүй газар явж байгаад айлд ороход ч гэсэн ДДэшийг үзээд сууж байхыг нь хараад ажлаараа бахархах сэтгэл төрдөг.