Эрүүл бие махбодь гэдэг хүний хамгийн чухал өмч хөрөнгө билээ. Хүн төрөлхтөн олон зуун жилийн турш эрүүл амьдрах арга ухааныг хуримтлуулж, шинжлэх ухааны гайхам нээлтүүд хийсээр байгаа ч өдгөө 400 сая гаруй хүн эрүүл мэндийн наад захын үйлчилгээ авч чадахгүй хэвээр байгаа нь харамсалтай.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод халдварт бус өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувь бууруулах зорилт тавьсан билээ. Энэ хүрээнд бид ХААН Банктай хамтран бэлтгэдэг "Тогтвортой хөгжил 2030" цахим товхимлын энэ удаагийн дугаарт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжтэй холбоотой сэдвийг онцолж байна.
Бид салбарын мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөлөл болох 10 хүний эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжтэй холбоотой бүтээлч санал, шийдэл дэвшүүлснийг энэхүү дугаараар дамжуулан хуваалцаж буйг хүлээн авна уу.
i. Б.БАТЗАЯА, “ГАНЦХАН ШАЛТГААН” КИНОНЫ найруулагч

Би өмнө нь эмнэлгийн хаалга татах байтугай ханиад ч хүрч үзээгүй байлаа. Тиймээс Монголын эмнэлгийн салбарын хүртээмж, үйлчилгээний талаар ярих хэмжээний сайн мэдээлэлтэй биш байж магадгүй ч өөрийн туулсан туршлагаа хуваалцъя.
Би хэдэн жилийн өмнө цусны хорт хавдартай хэмээн оношлогдож, шууд БНХАУ-ын Бээжин хотыг зорьж эмчилгээ хийлгэсэн юм. Эмчилгээний өвдөлтөөсөө болоод өндийж ч чадахгүй, бүх үйлдлээ эмч сувилагчид даатгахаас өөр аргагүй нөхцөлд байсан. Тэр үед эмч, сувилагч нарын ажил ямар хүнд байдгийг ойлгосон юм. Энэ хэрээр тэд хөдөлмөрөө хангалттай үнэлүүлж, хийж буй ажилдаа тохирсон цалингаа авдаг юм шиг санагдсан. Харин Монголд энэ тал дээр сайжруулах зүйлс олон байгаа нь харагддаг. Тиймээс эмч нарыг зохих ёсоор хөдөлмөрөө үнэлүүлдэг байгаасай гэж хүсэж байна.
"Би эмчилгээний өвдөлтөөсөө болоод өндийж ч чадахгүй, бүх үйлдлээ эмч сувилагчдаа даатгахаас өөр аргагүй нөхцөл байдалд байсан. Тэр үед л эмч, сувилагч нарын ажил ямар хүнд болохыг ойлгосон юм."
ii. П.Алтангэрэл, Сувилагч

Жил ирэх тусам хувийн эмнэлгийн тоо нэмэгдэж, тэр хэмжээгээр хүний нөөцийн хүртээмжийн асуудал ч дагаад хөндөгдөх болсон. Сувилагч гэх мэргэжлийн үнэ цэнийг хүн бүр ойлгож, үнэлээсэй гэж хүсдэг. Хариуцлага өндөртэй мэргэжил боловч цалин бага, мэргэжлийн үнэлэмж доогуур учраас энэ чиглэлээр суралцах хүмүүс цөөрч, хүний нөөцийн дутагдал үүсэж байгааг үгүйсгэхгүй. Мэргэжил бүхэн өөрийн гэсэн давуу тал, үнэ цэнтэй шүү дээ.
Сувилагч гэх мэргэжлийн үнэ цэнийг хүн бүр ойлгож, үнэлээсэй.
iii. Б.АРИУНЗАЯА, ӨРХИЙН ЭМЧ

Аль ч шатны эмнэлгийн байгууллагад ачаалал өндөр байдаг. Манай хороонд 10 мянга орчим иргэн аж төрдөг бөгөөд нэг эмч 2000-3000 хүнд үйлчилж зөвлөгөө, тусламж өгч байна. Эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулахад нэн тэргүүнд эмнэлгийн байрны хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж боддог.
Заримдаа дүн өвлийн ханиад томуу дэгдсэн ачаалалтай үеэр эцэг эхчүүд хүүхдээ гадаа тэврэн хүлээн зогсох тохиолдол ч цөөнгүй. Энэ асуудлыг шийдэх гаргалгаа нь тун энгийн. Нэг хороонд ногдох өрхийн эмнэлгийн тоог нэмэгдүүлж, тав тухтай, хүртээмжтэй орчныг бий болгож чадвал үйлчлүүлж байгаа иргэд болон ажиллаж байгаа бид сэтгэл хангалуун байх болно.
"Миний хувьд нэн тэргүүнд эмнэлгийн байрны хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж бодож байна."
iv. В.Ойдов, "Рехтус" ХХК-ийн үүсгэн байгуулагч

Манайд нарийн мэргэшсэн үндэсний төв эмнэлгүүдэд хандах хүний тоо олон. Тэр хэрээр гуравдугаар шатлалын эмнэлгүүд ачаалал өндөртэй байна. Таван хүнд чанартай үйлчилгээ үзүүлэх нэг цагт 50 хүнд үйлчлэх шаардлага гарч байна гэсэн үг. Гэхдээ сүүлийн 15 жилд хувийн эмнэлгүүд олширч, эрүүл мэндийн үйлчилгээний салбар бага багаар зах зээлийн өрсөлдөөнтэй болж байна. Нэг ёсондоо улсын эмнэлгүүдийн ачааллыг багасгаж буй хэрэг л дээ.
Мөн үйлчлүүлэгчдийн урт дараалалд зогсох, эмчээ хүлээх асуудлыг бууруулж байна. Зарим эмнэлэг үйлчлүүлэгчтэйгээ илүү ойр байх үүднээс гэрээр үзэх үйлчилгээг бий болгож буй нь тун авууштай. Харин шийдэх ёстой асуудал гэвэл нэг сувилагчид ногдох ачааллыг багасгаж, дотоод орчныг үйлчлүүлэгчдээ ээлтэй, аюулгүй болгох хэрэгтэй гэж бодож байна. Ингэснээр сувилагч өөрийн үндсэн үүрэгтээ илүү төвлөрч чадах юм.
Сүүлийн 15 жилд хувийн эмнэлгүүд олширч, эрүүл мэндийн үйлчилгээний салбар бага багаар зах зээлийн өрсөлдөөнтэй болж байна.
v. Б.НЯМДУЛАМ, ТАРХВАР СУДЛААЧ

Ирэх тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлэх эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн шинжилгээний талаар өөрийн санал бодлоо хуваалцах гэсэн юм. Тус үзлэгийг зохион байгуулахтай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг орхигдуулж болохгүй.
Нэн тэргүүнд, тус үзлэгийг зайлшгүй зохион байгуулах ёстойг тогтоосон суурь судалгаа байгаа эсэхийг тодруулах нь чухал. Мөн халдварт, халдварт бус болон хавдрын хэчнээн тохиолдол илрүүлж, хаана, ямар эмчилгээ хийх талаар тооцоолох учиртай. Түүнчлэн илрүүлсэн бүх тохиолдлоо эмчилж чадах тухай үр дүнгийн тооцоолол сайтар гаргах хэрэгтэй юм. Ийм суурь судалгаагүйгээр энэ нүсэр ажлыг эхлүүлэх тун бэрх.
Хоёрдугаарт, энэхүү аянд эмнэлгийн байгууллагаас хангалттай хүний нөөц байгаа эсэхийг бодолцох нь зөв. Миний бодлоор энэ удаагийн томоохон интервенцийг эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдэд аль болох ачаалал бага үүсгэх талаас нь зохион байгуулж, зорилтот хүмүүстээ хүрсэн, эдийн засгийн хувьд үр ашигтай үйл ажиллагаа болоосой гэж хүсэж байна.
Миний бодлоор энэ удаагийн томоохон интервенцийг эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдэд аль болох ачаалал бага үүсгэх талаас нь зохион байгуулж, зорилтот хүмүүстээ хүрсэн, эдийн засгийн хувьд үр ашигтай үйл ажиллагаа болоосой гэж хүсэж байна.
vi. Г.Энхбат, эм зүйч

Монгол Улсын эмийн хүртээмж жил ирэх тусам сайжирч байгаа ч жинхэнэ буюу олон төрлийн судалгаа, туршилтаар баталгаажсан эмийн нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.
Цар тахал, хил гаалийн гацаанаас үүдэн эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нийлүүлэлт хомсдож, үнийн хөөрөгдөл ихсэж байгаа энэ үед хавдрын эмүүдийг ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгодог болсон нь авууштай санагдаж байна. Түүнчлэн эм ханган нийлүүлэх байгууллагууд олон болсноор Монгол Улсын эмийн нөөц дагаад ихсэж байгааг дурдах нь зүйтэй. Гэвч манай улсын эм хангамж импорт, хил гаальтай хэтэрхий хамааралтай юм шиг санагддаг. Нэн тэргүүнд, хил гаалийн төрөл бүрийн татвараас хөнгөлөх зохицуулалт хийж чадвал олон хүний эрүүл мэндэд тустай болов уу.
Цар тахал, хил гаалийн гацаанаас үүдэн эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нийлүүлэлт хомсдож, үнийн хөөрөгдөл ихсэж байгаа энэ үед хавдрын эмүүдийг ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгодог болсон нь авууштай санагдаж байна.
vii. э.мөнхцэцэг, ТУСГАЙ 70 дугааР СУРГУУЛИЙН ЭМЧ

Тусгай хэрэгцээт сургуульд суралцаж буй хүүхдүүдийн өвчлөл жил бүр хүндэрч, эмч мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Тухайлбал, манай сургуульд суралцаж буй 321 хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ганцхан эмч, хамтран ажилладаг дөрвөн согог зүйн багш бий. Тусгай сургуулийн хувьд нарийн мэргэжлийн эмч маш чухал үүрэгтэй.
Манай улсад тусгай гэх тодотголтой зургаан сургууль байдаг бөгөөд сүүлийн үед байр, тоног төхөөрөмжийн стандарт сайжирч, нөхөн сэргээх эмнэлгүүд харьцангуй нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэвч Монголд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэггүй учраас өнөөх л хүний нөөцийн дутагдал байсаар байна. Энэ чиглэлээр ажиллаж буй эмч нарт зориулан мэргэжлийн сургалт явуулах, ажиллах орчныг сайжруулах, цалин нэмэх зэргээр энэ салбарыг сонирхон ажиллах хүний тоог нэмэх хэрэгтэй.
Тусгай хэрэгцээт сургуульд суралцаж буй хүүхдүүдийн өвчлөл жил бүр хүндэрч, эмч мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна.
viii. Э.ЭНХТҮВШИН, “ECLINIC” ТЕХНОЛОГИ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын тоо бага, иргэд нь тархан суурьшсан манай улсын хувьд эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй авахад хүндрэлтэй хэвээр байгаа. Гэхдээ манай эмч нар олон талын ур чадвартай, нөхцөл байдалдаа тохируулан уян хатан ажиллаж буй нь бахархмаар. Хамгийн наад зах нь, аль нэг сумын эмч бүх төрлийн үзлэг, оношилгоо хийж, хүний нөөц, техник төхөөрөмжийн дутагдалтай байдлыг үл харгалзан тухайн нөхцөлд тохируулан ажиллаж байна. Хэдий давуу тал мэт харагдах боловч эсрэгээрээ ард иргэддээ хүртээмжтэй үйлчилж чадахгүй байгаагийн нэг жишээ гэдгийг анзаарах хэрэгтэй.
Үүнийг шийдэхийн тулд технологийн зүгээс эрүүл мэндийн байгууллагад дижитал дэд бүтэц бүхий экосистемийг бий болгох хэрэгтэй. Бид энэ зорилгын хүрээнд, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд тулгардаг суурь асуудлуудыг технологийн тусламжтай хялбаршуулах шийдэл гаргасан. Нөгөө талаас, иргэдэд хамгийн том бэрхшээл болж буй амбулаторийн үзлэгийн дугаар авахын тулд биеэр очиж хүлээх, шинжилгээний хариугаа авах гэж бүтэн өдрийн ажлаа алдах, хэрэгцээ гарсан үед сайн эмч, эмнэлэг хаана байдгийг мэдэхгүй байх зэрэг олон асуудлыг шийдэхэд туслах технологийг хөгжүүлж байна.
"Манай эмч нар олон талын ур чадвартай. Хамгийн наад зах нь аль нэг сумын эмч гэхэд л бүх төрлийн үзлэг, оношилгоо хийж, хүний нөөц, техник төхөөрөмжийн дутагдалтай байдлыг үл харгалзан тухайн нөхцөл байдалд тохируулан ажиллаж чаддаг. Энэ нь хэдий давуу тал мэт харагдах боловч эсрэгээрээ ард иргэддээ хүртээмжтэй үйлчилж чадахгүй байгаагийн нэг жишээ."
ix. Б.САРАНГЭРЭЛТ, ШҮДНИЙ ЭМЧ /БАЯНХОНГОР АЙМАГ/

Би их сургуулиа төгссөний дараа Улаанбаатар хотод үлдэж болох байсан ч төрсөн нутагтаа ажиллах сонголт хийсэн. Нэг талаас хувийн амьдралтай холбоотой ч нөгөө талаас хөдөө орон нутгийн хүний нөөцийг сайжруулах шаардлагатайг сайн ойлгож буй учраас ийм шийдвэрт хүрсэн. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетын 1-2 эмч нийт 80 мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлж байна. Тэгэхээр хүний нөөцийн эрэлт хэрэгцээ хэчнээн өндөр байгааг харж болно.
Хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах сонирхолтой боловсон хүчнийхээ нийгмийн асуудлыг шийдэж, ажиллах орчныг нь бүрдүүлэхэд анхаарч чадвал хүний нөөцийн асуудлыг түвэггүйхэн шийдэх боломжтой гэж санагддаг. Түүнчлэн одоо ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт хөтөлбөр тогтмол зохион байгуулах, шинэ үеийн тоног төхөөрөмж дээр дадлагажуулах, Улаанбаатар хотын эмнэлгүүдтэй туршлага солилцуулах зэрэг үйл ажиллагаанд анхаараасай гэж хүсэж байна.
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетын 1-2 эмч нийт 80 мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлж байна.
x. А.ПҮРЭВЦЭРЭН, ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ

Манай эрүүл мэндийн салбарын сэтгэл зүйн чиглэлийн үйл ажиллагаа харьцангуй сүүлд хөгжиж байна. Ялангуяа аливаа хууль, журамд сэтгэл зүйн үйлчилгээ болон манай мэргэжилтэй холбоотой нарийн зүйлсийг тусгаагүй хэвээр байгаа нь анхаарах ёстой чухал асуудлуудын нэг юм. Миний ажиллаж буй Гэмтэл согог судлалын үндэсний төв 2017 онд анх сэтгэл зүйчтэй болсон. Тухайн онд сэтгэл зүйн зөвлөгөө авсан 26 орчим үйлчлүүлэгч байсан бол энэ тоо 2020 онд 348, 2021 онд 472 болж нэмэгдсэн байна.
Манай эрүүл мэндийн салбарт сэтгэл судлаачдын хувьд шинээр хийх зүйлс, нөөц боломж, орон зай маш их. Мэргэжлийн талаас олон талд хөрвөж болно. Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ авах хүсэлтэй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед эмнэлгийн сэтгэл зүйчдийн хүний нөөцийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. Мөн сэтгэцийн эмч, сэтгэл зүйч хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлж, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг орхигдуулж болохгүй.
"Манай эрүүл мэндийн салбарт сэтгэл судлаачдад шинээр хийж бүтээх нөөц боломж, орон зай маш их байгаа".

Сэтгэгдэл бичих

