Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийг хангаж, иргэдийн аж амьдралыг сайжруулж, нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхэд гадаадын хөрөнгө оруулалт амин чухал. Ялангуяа Монгол шиг хөгжиж буй оронд хөрөнгө оруулалт гэдэг ойлголт зөвхөн мөнгө, санхүүгээс гадна шинэ технологи, шинэ мэдлэг, шинэ хэв маяг болон орж ирдгээрээ давуу талтай. Тийм ч учраас 10 ертөнц, 10 өнцөг булан энэ удаагийн дугаартаа санхүү, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөгчдийг урьж "Яагаад гадаадын хөрөнгө оруулалт гэж?" гэсэн нэг асуултыг асууж, хариултыг нь сонссон юм.
1. Г.БАТЗОРИГ (MANDAL ASSET MANAGEMENT-ийн гүйцэтгэх захирал)
Эдийн засгийг хүний биеийн бүтцээр бодвол санхүү, мөнгө гэдэг бол цусны эргэлтийн системтэй адилхан зүйл юм. Цусны эргэлтийн систем асуудалгүй ажиллаж гэмээн сая хүний бие хэвийн, эрүүл ажиллах боломжтой болно. Манай улс банкны 18 хувьтай, 5 жилийн хугацаатай зээлээр цусны эргэлтийн системээ эргүүлсээр элдэв янзын ужиг өвчтэй хүн шиг болжээ. Өөрөөр хэлбэл, энэ их ачааг банкны салбар дангаараа үүрч чадахгүй байна. Ойлгомжтой шүү дээ, өндөр хүүгээр богино хугацаанд бид улсын хөгжлийн тулгуур болох томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилнэ гэдэг боломжгүй. Тиймээс гадаадаас хөрөнгө оруулалт татах, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар улс орон хөгждөг гэдэг нь батлагдсан зүйл юм.
2. Э.Анударь (capital markets mongolia-ийн PR хариуцсан захирал)
Монгол шиг хөгжиж буй оронд гаднын хөрөнгө оруулалт ус, агаар мэт хэрэгтэй. Учир нь хөрөнгө оруулалт зөвхөн мөнгөн дэмжлэг бус хөгжилтэй орнуудын “know how”-ийг авчирдаг. Монгол Улс маань цаашид хөрөнгө оруулалтын орчин болон эрх зүйн зохицуулалтаа сайжруулсаар байх хэрэгтэй төдийгүй гаднын хөрөнгө оруулагчдад харуулах олон сайн жишээтэй болох хэрэгтэй. Харин дотооддоо хөрөнгө оруулалтыг олон нийтэд зөвөөр таниулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх болон нээлттэй компаниудыг хувьцаа эзэмшигчидтэйгээ зөв стратегитай харилцдаг болгох ёстой гэж боддог.
Сүүлийн хоёр жилд гаднын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл нэмэгдсээр байгаа. Тиймээс ч манай Capital Markets Mongolia компани гадаад хөрөнгө оруулагчдыг монголтойгоо холбох ажлуудыг шат дараатай хийж, Нью Йорк болон Сингапурт Монголын хөрөнгө оруулалтын форумыг амжилттай зохион байгуулаад байгаа. Тухайн форумд гаднын томоохон бирж болон хөрөнгө оруулалтын сангийн төлөөллүүд ирж Монгол Улсын нөхцөл байдалтай танилцаж, чухал уулзалтуудыг хийдэг онцлогтой.
3. М.АНХБИЛЭГ (МУИС-ийн бодлогын судалгааны лабораторийн менежер)
Аливаа улс оронд, ялангуяа хөгжиж буй, жижиг нээлттэй эдийн засаг бүхий, уул уурхайгаас хэт хамааралтай манай орны хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, хүний капиталын хөгжилд хувь нэмэр оруулах, дотоодын зах зээлийн өрсөлдөх чадварыг сайжруулах үндсэн хүчин зүйлсийн нэг.
ГШХО нь дотоодын хөрөнгө оруулалтын дутагдлыг нөхөж, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг хурдасгах боломжийг бүрдүүлдэг. Технологи болон ноу-хаугийн шилжилт (капиталын дотогшлох урсгал) нь тухайн орны үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх нөхцөлийг бий болгоно. Үүнээс гадна, хүний нөөцийн хөгжлийг дэмжиж, олон улсын стандартын дагуу сургалт, чадавхжуулалтыг бий болгосноор ажиллах хүчний ур чадварыг сайжруулж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлдэг юм.
Нөгөөтээгүүр, ГШХО нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зэргээр эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжтой. Хувийн хэвшил болон бизнесийн салбарт ГШХО-тойгоор байгуулагдсан аж ахуйн нэгжүүд нь компанийн засаглал, санхүүгийн удирдлага, татварын сахилга батыг сайжруулснаар бизнесийн орчныг илүү боловсронгуй болгоход эерэг нөлөө үзүүлдэг. Гэсэн хэдий ч ГШХО-ыг татах, тогтвортой хадгалах үйл явц нь засгийн газрын бодлого, хууль эрх зүйн орчны тогтвортой байдал, авлигатай тэмцэх бодлого, дэд бүтцийн хөгжил, хүний нөөцийн чадавх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг гэдгийг мартаж болохгүй.
4. Х.билгүүн (ард секюритисийн гүйцэтгэх захирал)
ГШХО татах нь том жижиггүй бүх улсын хувьд чухал нөлөөтэйг хүн төрөлхтөн бидний түүх нотолно. ГШХО их хэмжээгээр татсанаар хөгжиж чадсан/чадаж буй Сингапур, Хятад, Энэтхэг зэрэг улсыг бид цээжээрээ л мэддэг. Яг энэ замаар Камбож, Филиппин, Азербайжан улсууд хойноос нь хөгжөөд эхэллээ. Товчхондоо хэн их хөрөнгө оруулалт татсан нь илүү хөгжиж байна. Хэдийгээр бид ихэнхидээ жижиг эдийн засагтай улсууд томуудаасаа хөрөнгө оруулалт татах талаар ойлгодог боловч томууд маань ч биенээсээ хөрөнгө оруулалт татах гэж оролддог. Үүнд АНУ, Их Британи, Япон зэрэг дэлхийн бүх томчууд багтана.
Нөгөө талд нь аль салбартаа, ямар компанидаа хөрөнгө оруулалт татахаа тухайн улс өөрийн геополитик, эдийн засгийн болон бусад онцлогоо харгалзан бодлогын түвшинд чиглүүлэхгүй бол нэгэнт л ашиг олох зорилгоор орж ирж байгаа хөрөнгө оруулагчид урт хугацаанд улсын хөгжлийг тодорхойлох бизнесийг эзлэх, бизнесийн ашиг дотоодод бага үлдэж хөрөнгө оруулагч талд ихээр шилжих, дотоодын бизнесийн өрсөлдөх чадварыг унагах зэрэг сөрөг нөлөө ч үзүүлэх боломжтой юм. Иймэрхий жишээ ч дэлхийд их бий. Ялангуяа Африкийн улсуудад хэрэгжүүлсэн олон төслүүд иймэрхүү үр дүнд хүргэсэн нь харамсалтай. Гэвч энэ бүх эрсдлийг урьдчилж тооцоолон, хамгаалах бүх боломж бий. Африкийн улсууд маань ч тааруу түүхээсээ суралцан шинэ арга барилаар ажиллаж, хөрөнгө оруулалт ихээр татаж хөгжих замдаа орж эхэлснийг бид Кенийн Найробигоос харж болно. Магадгүй дараагийн зуун Африкийн зуун ч болж мэдэх юм.
Тэгэхээр манай улс ч дэлхийгээр дүүрэн байгаа сайн муу жишээнээс суралцан ГШХО-ыг ихээр татаж чадвал энэ нь богино хугацаанд үсрэнгүй хөгжих хөгжлийн гарц байх болно. Өдийг хүртэл үндсэндээ ганцхан уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татаж, ганц гялтайх Оюу Толгойн төсөлтэй явж ирсэн манай улс ямар ч байсан гуравдагч хөршөөс орж ирэх Ураны нэг төсөлтэй болж байх шиг байна. Үүнийг хувь хүнийхээ хувьд сайшаан хүлээн авч, цаашид ч энэ мэт олон төсөл хэрэгжихийг хүсэж байна.
5. Ц.анхбаяр (Lemon Press-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал)
Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох зэрэг олон зүйл нэрлэж болох байх. Хамгийн гол нь гадаадын шууд хөрөнгө оруулалт нь зөвхөн санхүүгийн хэлбэрээр бус ноу-хау буюу бидний нэрлэдгээр сурц хэлбэрээр мөн орж ирдэг. Бусад улсын олон зуу, арван жил алдаа оноогоор олж авсан тэр ур чадвар, мэдлэгийг бид авснаар өөрсдийн бүтээмжийг богино хугацаанд, үнэмлэхүй хэмжээгээр ихэсгэх боломж гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжин орж ирдэг.
Бидний хувьд хараат бус, олон нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн компаниудад хөрөнгө оруулалт, грант олгодог сангаас санхүүжилт авсан. Уг хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн мөнгөн санхүүжилт авахаас гадна Financial Times Strategies компанитай хамтран бизнесийн төлөвлөлт, дотоод процессуудаа шинэчлэн ажиллаж байна.
6. М.ДАВААЖАРГАЛ (УЛААНБААТАР ҮНЭТ ЦААСНЫ БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ)
Эдийн засгаа төрөлжүүлж, үндэсний үйлдвэрлэгчдээ хөгжүүлэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт маш өндөр ач холбогдолтой. Дотоодод дутагдаж буй эх үүсвэрийг бид гаднаас татах нь зайлшгүй. Трамп ерөнхийлөгч ажлаа аваад хамгийн түрүүнд гадаадын хөрөнгө оруулалтуудыг татаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ганцхан мөнгө биш технологи, туршлага, ур чадвар гэх мэт хөгжилд шаардлагатай нөөцүүдийг хамт авч ирдэг. Бид цаашдаа уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч гээд олон салбаруудаа хөгжүүлэх хэрэгтэй байна.
Миний хувьд ажлын онцлогоор өдөр тутамдаа гадаадын хөрөнгө оруулалтын чухлыг шууд болон шууд бусаар мэдэрч байдаг. Жишээ нь манай хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдын эрэлтийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага маш өндөр байна. Гадаадын томоохон сангууд, урт хугацааны эрэлт талыг бүрдүүлэгч хөрөнгө оруулагчид орж ирвэл бид хоёрдогч зах зээлийн арилжааны идэвхийг нэмэгдүүлээд зогсохгүй хөрөнгө шаардлагатай байгаа үндэсний үйлдвэрлэгчдээ урт хугацааны найдвартай хөрөнгө оруулалт татах үйл явц, валютын ханшийг тогтвортой барих зэрэгт эерэг нөлөө үзүүлэх юм.
7. ц.номин-эрдэнэ (tenger tv-ийн эдийн засгийн сэтгүүлч)
ГШХО-ын ач холбогдол нь зөвхөн санхүүгийн эх үүсвэрээс хамаарахгүй. Хөрөнгө оруулалтын мэргэжилтний өнцгөөс харахад ГШХО нь технологи, туршлага, мэдлэгийг авчрах гол боломж юм. Үүний үр дүнд дотоодын ажлын байр нэмэгдэж, экспортын гарц өргөжихөөс гадна олон улсын тавцанд өрсөлдөх чадвар дээшилдэг. ГШХО-ын үр өгөөж өндөр байх тусам тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар ч нэмэгдэх хандлагатай.
Энэ үзэгдлийг батлах бодит жишээ бол "Оюу толгой" төсөл юм. Сүүлийн жилүүдэд уг төсөл Монголын эдийн засагт шууд болон шууд бусаар томоохон нөлөө үзүүлсэн. Төслийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь дотоодын тээвэр, үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн салбаруудыг хурдацтай хөгжүүлэхэд түлхэц болсон төдийгүй олон залуу мэргэжилтнүүдийг дэлхийн түвшний ур чадвартай болгон бэлтгэжээ.
Тухайлбал, далд уурхайн ашиглалтад орсноор 2028-2036 он хүртэл жил бүр 500 мянган тонн зэс борлуулах тооцоо гарсан. Одоогийн байдлаар зэсийн нэг тонн нь 9100 ам.доллар давсан нь сүүлийн таван жилийн үнийн дүнгээс өндөр үзүүлэлттэй байна. Цаашид дэлхийн зах зээлийн эрэлтээс хамааран үнэ өсөх магадлалтай гэж шинжээчид үзэж байгаа тул энэ нь Монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Дүгнэхэд, гадаадын хөрөнгө оруулалтыг оновчтой ашиглаж чадсан улс орнууд л хөгжлийн замдаа гарсан байдаг. Түүхэн жишээ дурдахад, АНУ өөрийгөө аж үйлдвэрийн томоохон үйлдвэрлэгч орон болгон хөгжүүлэхийн тулд гаднын хөрөнгө оруулалт, технологийг үр ашигтайгаар нэвтрүүлсэн туршлагатай. Монгол Улс ч энэ жимээр замнаж, ГШХО-ыг эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд ухаалгаар ашиглах нь чухал юм.
8. б.хулан (санхүүгийн шинжээч, cfa)
ГШХО нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, тэр дундаа уул уурхайн салбарт онцгой үүрэг гүйцэтгэсэн. Гэвч энэ нь зөвхөн санхүүжилт бус, харин дэвшилтэт технологи, мэргэжлийн ноу-хау, ажлын байр, олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг давхар авчирдаг. Эдгээр хүчин зүйлс нь байгалийн баялаг ихтэй ч санхүүгийн нөөц хязгаарлагдмал манай орны хувьд туйлын чухал. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалт байгаагүй бол томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх нь бараг боломжгүй байх байлаа.
Дэлхийн олон улс, тухайлбал Сингапур, Ирланд, Хятад зэрэг орнууд FDI-ийг урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах стратегийн арга хэрэгсэл болгон ашиглаж ирсэн. Монгол Улс ч энэ жишгийг дагах боломжтой. Гэхдээ хөрөнгө оруулалт нь зөвхөн түүхий эд олборлон экспортлоход бус, орон нутагт ажлын байр бий болгох, дотоодын бизнесийг хөгжүүлэх, бодит эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэх ёстой.
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар баялгийн үндсэрхэг үзэл эрчимтэй нэмэгдэж байна. Олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт, геополитикийн эрсдэл, баялгийн шударга хуваарилалттай холбоотой олон нийтийн бухимдал зэргээс шалтгаалан улс орнууд гадаадын хөрөнгө оруулагчдад тавих шаардлагаа чангатгах боллоо. Засгийн газрууд татварыг нэмэгдүүлэх, экспортыг хязгаарлах, зарим стратегийн салбарыг үндэсний болгох арга хэмжээг авч байна. Үүний тод жишээ нь Индонез никелийн экспортоо хориглосон, Мексик лити олборлолтыг төрийн мэдэлд авсан, Чили уул уурхайн татвараа нэмэгдүүлсэн явдал юм. Энэ хандлага нь зөвхөн тухайн улс орны бодлогоос гадна олон нийтийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалтаас илүү их үр өгөөж хүртэх шаардлагыг нэмэгдүүлж буйтай холбоотой.
Өнөөдөр хөрөнгө оруулагчид урт хугацааны тогтвортой байдал, шударга нөхцөлийг чухалчлахын зэрэгцээ олон нийт гадаадын хөрөнгө оруулалтаас илүү бодит үр өгөөж хүсэж байна. Монгол Улсын хувьд хамгийн чухал асуудал бол энэ хоёр талын ашиг сонирхлыг тэнцвэржүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг зөв чиглэлд хөгжүүлэх явдал юм. Энэ чиглэлээр Өмнөд Солонгос амжилттай туршлага хуримтлуулсан. Тэд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ технологи дамжуулалтыг хангаж, хөрөнгө оруулалтыг дахин нутагтаа чиглүүлснээр үндэсний аж үйлдвэрээ хүчирхэгжүүлж чадсан. Монгол Улс ч энэ туршлагаас суралцах нь зүйтэй.
9. Б.Хаш-Эрдэнэ (Улаанбаатар хотын худалдааны танхимын Гүйцэтгэх захирал)
ГШХО нь эдийн засгийн өсөлтийг хурдасгах гол хүчин зүйлсийн нэг. Үүний зэрэгцээ, дотоодын зах зээл дэх валютын ханшийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Ялангуяа, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ ихэнхийг импортоор авдаг манай улсын хувьд валютын ханшийн хэлбэлзэл нь инфляцийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг. Харин тогтвортой хөрөнгө оруулалт нь энэ эрсдэлийг бууруулах суурь нөхцөл юм.
Мөн энэ төрлийн хөрөнгө оруулалт нь тухайн улсын техник, технологийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, ажиллах хүчний ур чадвар, мэдлэг, бүтээмжийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой. Ялангуяа дотоодын бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартын түвшинг сайжруулахад хүчтэй нөлөө үзүүлдэг давуу талтай.
Жишээлбэл, "Оюу Толгой" төсөл хэрэгжиж эхлэхээс өмнөх болон өнөөдрийн жижиг, дунд үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг харьцуулахад асар их ялгаа бий. Тус компанид бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэхийг хүссэн аж ахуйн нэгжүүд олон улсын түвшний худалдан авалтын шаардлага, стандартыг хангахын тулд тасралтгүй хөгжиж, сайжирсан.
10. Г.ЖАВХЛАНТӨГС
Монгол Улсын ДНБ-ий өсөлт гадаадын хөрөнгө оруулалтын урсгалтай шууд хамааралтай. Нэн тэргүүнд, энэ төрлийн хөрөнгө оруулалт нь төсөвт өрийн дарамт үүсгэдэггүй гэдгээрээ онцлог давуу талтай. Харин бид сүүлийн хэдэн жил тасралтгүй алдагдалтай төсөв баталж ирлээ. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зөв ашиглаж чадвал төсвийн дарамтгүйгээр томоохон төслүүдээ хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг.
Одоо шинэчилж байгаа "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль" болгон өөрчилж буй нь гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгох нөхцөл, боломжийг илүү тодорхой болгож байгаа явдал юм. Энэ утгаараа зүгээр нэг нэр солих биш, бодлогын том шинэчлэл болж байгаа хэмээн ойлгож болно.
Шинэ хууль гадаадын хөрөнгө оруулагчдад “Монголд хамтран ажиллая” гэсэн тодорхой урилга болж гарах ёстой. Үүнээс гадна, дотоодын хөрөнгө оруулагчидтай адилхан боломж, нөхцөл олгох зарчим баримталж байна. Нөгөө талаас, тодорхой салбаруудад хязгаарлалт тавьсан “сөрөг жагсаалт” гаргаж, аль салбарт ямар хэмжээнд хөрөнгө оруулалт хийж болохыг нарийвчлан зохицуулна.
Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд ажиллах дүрмийг илүү ойлгомжтой болгож, бодлогоо цэгцэлж байгаа гэсэн үг. Ингэснээр хөрөнгө оруулагчид ч эргэлзэх зүйлгүй болно, бид ч өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж, эдийн засгаа дэмжих боломжтой болох юм.