19 дэх удаагийн Азийн наадмын албан ёсны хаалтын арга хэмжээ болж, энд хуран цугласан дотоод гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнууд нутгийн зүг хүлгийн жолоо залж буй эл цагт энэхүү нийтлэлээ бичиж сууна. 

Уг наадмыг спортын тэмцээнээс илүүтэй медиа эвент гэдэг талаас нь хараарай гэх редакцын зөвлөгөөний дагуу миний хувьд дэлхийн хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажиллаж байгааг дэргэдээс нь харж, басхүү тэдний нөү-хау, ур чадвараас суралцсан олз омог арвинтай өдрүүд өнгөрлөө. Наадам өндөрлөж, ажил шувтарсан эдгээр хоногуудад ижил талбарт давшиж яваа мэргэжил нэгтнүүдтэйгээ ярилцах боломж гарсан нь энэ билээ. Бие биетэйгээ бус цаг хугацаатай уралдан ажилласан тэдний наадам хэрхэн өнгөрсөн бол?

I. Avineshwaran | The Star media group

Малайз
Өдөрт ажилласан дундаж цаг 12
Анхны Азийн наадам

Бид энэ удаагийн Азийн наадамд гурван хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Өдөрт 4-5 цагийг үндсэн хэвлэл мэдээллийн төв дээр төвлөрч суухад зарцуулж байлаа. Үүнээс бусад цагт цэнгэлдэх хооронд гүйсээр өдрийг бардаг гэхээр багадаа 12 цагийг мэдээ, сурвалжилга бэлтгэхэд зориулсан байна. Тухайн өдрийн тэмцээнээс хамаарч өдөрт гаргах мэдээний тоо харилцан адилгүй ч дунджаар 8-10 нийтлэл бэлддэг байв.

Манай улсын хувьд өнгөрсөн 17 жилийн хугацаанд хөнгөн атлетикийн төрөлд огт медаль хүртээгүй байсан ч энэ наадамд гурван хүрэл медаль хүртсэн. Энэ бол яах аргагүй онцлох үйл явдал. Мэргэжлийнхээ ачаар дэлхийн шилдэг тамирчдын чанар чансааг дэргэдээс нь үзэх завшаан гарсан нь баярлууштай бас бахархууштай.


Мэргэжлийнхээ ачаар дэлхийн шилдэг тамирчдын чанар чансааг дэргэдээс нь үзэх завшаан гарсан нь баярлууштай бас бахархууштай.

II. Amy Yang | Guangzhou Daily

Хятад
Өдөрт ажилласан дундаж цаг 20
Дөрөв дэх Азийн наадам

Бид зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн наадмыг зорин ирсэн. Миний хувьд өдөрт дунджаар арван мэдээ бэлдэж байв. Тухайн өдөр хэдэн медалийн тоглолт байна, ямар спортын тэмцээнүүд өрнөхөөс хамаарч өдөр бүр харилцан адилгүй. Хамгийн ачаалалтай өдрөө 20 гаруй цаг ажиллах үе ч байсан.

Өнгөрсөн 14 хоногийг эргээд дүгнэхэд бидэнд чухал мөчүүдийг алдах эрх огт байгаагүй. Улсад маань зохион байгуулагдаж байгаа гурав дахь Азийн наадам гэдэг утгаараа дотоодын хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд өндөр хариуцлага ирсэн гэж хэлж болно.


Төрөлх улсад маань зохион байгуулагдаж байгаа гурав дахь Азийн наадам гэдэг утгаараа дотоодын хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд өндөр хариуцлага ирсэн гэж хэлж болно.

III. Stephen Wade | Associated Press

Япон
Өдөрт ажилласан дундаж цаг 10
Хоёр дахь Азийн наадам

Миний хувьд эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпыг арвантаа зорьж, дөврөн ч удаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Жакартад зохион байгуулагдсан 18 дахь Азийн наадмыг сурвалжилж байлаа. Азийн наадам цар хүрээ, тамирчдын чанар чансаагаараа Олимпын наадмыг гүйцэхгүй ч эл наадмыг зорин ирж байгаа жижиг улсын тамирчдын хувьд өөрсдийгөө баталж харуулах, ур чадвараа нотолж үзүүлэх талбар болдог. Тиймээс аль болох хэн нэгний тухай, ямар нэг соёлын талаар сонирхолтой түүх өгүүлэхийг хичээж, эрэн хайсан. Үр дүнд нь уншигч миний нийтлэлүүдээс ямар нэг зүйлийг шинээр мэдэн авч, цааш үргэлжлүүлэн судлах урам зоригийг олж аваасай гэж хүссэн.

Тэдгээр түүхүүдийн нэг нь орчин цагийн Монгол Улс. Дэлхий нийт танай улсыг өргөн уудам тал нутаг, их эзэн Чингис хаанаар л мэддэг байсан цаг үе хэдийн ард хоцорч, мэл гайхахаар зүйл олон болжээ. Жишээлбэл, 3х3 сагсан бөмбөг, и-спорт, брейк бүжиг гээд орчин үеийн спортын төрөлд монгол тамирчид амжилт үзүүлсэн нь онцлохгүй өнгөрч боломгүй үйл явдал.

Түүний бичсэн нийтлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Азийн наадам цар хүрээ, тамирчдын чанар чансаагаараа Олимпын наадмыг гүйцэхгүй ч эл наадмыг зорин ирж байгаа жижиг улсын тамирчдын хувьд өөрсдийгөө баталж харуулах, ур чадвараа нотолж үзүүлэх талбар болдог.

IV. О.Ариунтуул | ТэнГэр телевиз 

Монгол
Өдөрт ажилласан дундаж цаг 14
Анхны Азийн наадам

Телевизийн нэвтрүүлэгч учраас эфирээр гарахад үргэлж бэлэн байх ёстой. Тиймдээ ч өглөө бүр хэн бүхнээс урьтан өөрийгөө бэлдэхээс миний ажлын өдөр эхэлдэг гэж хэлж болно. Өдөрт дунджаар 14 цаг ажилласан.

Манай телевиз Ханжоугийн наадамд 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Спортын наадмыг сурвалжлахаар нэг редакцаас ийм тооны хүн ирнэ гэдэг манай улсын хувьд чамлахааргүй том тоо. Бид 07:10 мэдээллийн хөтөлбөр болон оройн 22:00 цагийн “Азийн наадамд хамтдаа” шууд нэвтрүүлэгт зориулан өдөрт 30-40 мэдээ, сурвалжилга, ярилцлага бэлтгэж байсан. Эцэст нь дүгнээд хэлэхэд спорт бол эв нэгдэл, мэдрэмж юм байна гэдгийг анхны Азийн наадмаасаа хамгийн ихээр ойлгож авлаа.


Спорт бол эв нэгдэл, мэдрэмж юм байна гэдгийг анхны Азийн наадмаасаа хамгийн ихээр ойлгож авлаа.

V. Salim Awada | Mayadeen TV 

Ливан
Өдөрт ажилласан дундаж цаг 14
Дөрөв дэх Азийн наадам

Миний ажил өглөөний найман цагт эхэлж, шөнийн 12 цагт дуусдаг. Телевиз учраас спортын гол төрлүүдээр мэдээ, сурвалжилгаа хийж, өдөрт хамгийн багадаа арван мэдээ бэлтгэсэн. Бид телевизээсээ хоёр хүний бүрэлдэхүүнтэй ирсэн ч бүх төрлийн спортын мэдээ мэдээллийг бэлтгэхийг зорьсон.

Би өмнө нь гурван Азийн наадмыг сурвалжилж байсан ч Ханжоугийн наадам хамгийн үзэсгэлэнтэй нь боллоо. Аргагүй л цар хүрээ, чанар чансаагаараа Олимпын наадмын дараа орох спортын тэмцээн шүү.


Телевиз учраас спортын гол төрлүүдээр мэдээ, сурвалжилгаа хийж, өдөрт хамгийн багадаа арван мэдээ бэлтгэсэн.

VI. Cui Xueyang | Henan Broadcasting System 

Хятад
Өдөрт ажилласан дундаж цаг 8
Анхны Азийн наадам

Ажлын талбарт гараад хоёр жил болж яваа залуу сэтгүүлч миний хувьд 19 дэх удаагийн Азийн наадам бүхэлдээ шинэлэг санагдлаа. Спортын талаар төдийлөн их зүйл мэдэхгүй учраас эхний өдрүүд тун бэрх байсныг нуух юун. Гэсэн хэдий ч бидний мэргэжил хаана ч дасан зохицохыг шаарддаг тул наадмын сүүлийн өдрүүдэд ур чадварын хувьд нэлээн сайжирснаа мэдэрсэн. Би өдөрт гурван нийтлэл бэлдэж, нэг нийтлэлд дунджаар хоёр цаг зарцуулж байв.

Ханжоугийн наадмыг нэг үгээр “завгүй” гэж тодорхойлбол зүйтэй. Эргэн тойронд суугаа энэ олон хэвлэл мэдээллийн ажилтнууд болон эх орныхоо медаль хүртэж байгаа тамирчдаас тун их урам зориг авсан.


Бидний мэргэжил хаана ч дасан зохицохыг шаарддаг тул наадмын сүүлийн өдрүүдэд ур чадварын хувьд нэлээн сайжирснаа мэдэрсэн.

VII. Zhang Huanming | Жэйжан телевиз

Хятад
Өдөрт ажилласан дундаж цаг 3-4
Анхны Азийн наадам

Манай хот бэлтгэл ажлаа хэрхэн хангасныг дэргэдээс нь харсан хүний хувьд 19 дэх удаагийн Азийн наадам Ханжоугийн дүр төрхийг ихээхэн өөрчилсөн гэж бодож байна. Үүнд хотын иргэн бүрийн хичээл зүтгэл, урам зориг ч нөлөөлсөн. Уг наадмыг зорин ирсэн олон улсын хэвлэл мэдээллийнхэн, гаднын жуулчид, шинээр танилцсан гадаад найзууд маань ч Ханжоуг дижитал хот гэдгээ харуулж чадсаныг хэлж байлаа.

Жэйжан телевизийн хувьд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Үүнээс бусад цагт шинэлэг, содон мэдээ мэдээллийг эрэн хайж, хэвлэл мэдээллийн төв дээр төвлөрч сууж байсан. Манай багийн надаас бусад гишүүдийн хоёр дахь эсвэл гурав дахь Азийн наадам нь байсан болохоор хүндрэл бэрхшээл гарах нь ховор байлаа.


Манай хот бэлтгэл ажлаа хэрхэн хангасныг дэргэдээс нь харсан хүний хувьд 19 дэх удаагийн Азийн наадам Ханжоугийн дүр төрхийг ихээхэн өөрчилсөн гэж бодож байна. Шинээр танилцсан гадаад найзууд маань ч Ханжоуг дижитал хот гэдгээ харуулж чадсаныг хэлж байсан.

VIII. Bhagiyalakshmi Ayyavoo | Гэрээт гэрэл зурагчин

Энэтхэг
Өдөрт ажилласан дундаж цаг 10
Хоёр дахь Азийн наадам

12 мянган тамирчин спортын 45 төрөлд өрсөлдөж байгаа энэ наадмын нэг тоглолтод хамгийн багадаа 100 зураг авсан. Мэдээж үүнээс цөөн байлгахыг хичээдэг ч агшин бүрийг алдалгүй дарах нь миний үүрэг.

Энэ бол миний ажиллаж байгаа хоёр дахь Азийн наадам. Бусад олон улсын чанартай тэмцээн уралдаануудаас зохион байгуулалт, дэд бүтцийн шийдлүүдээрээ хол илүү санагдлаа. Зөвхөн нэг наадамд зориулж ийм том бүтээн байгуулалтыг хийнэ гэдэг үнэнхүү гайхалтай. Ялангуяа хот даяараа хичээсэн нь иргэдийн наад захын харилцаа, хүндэтгэлээс илт мэдрэгдэж байсан.


Зөвхөн нэг наадамд зориулж ийм том бүтээн байгуулалтыг хийнэ гэдэг үнэнхүү гайхалтай.

IX. Raed Abdeldayem | Иорданы Олимпын Хороо

Иордан
Өдөрт ажилласан дундаж цаг 10
Гурав дахь Азийн наадам

Манай багийн хувьд хоёр гэрэл зурагчин, гурван сурвалжлагчтай ирсэн. Өдөрт дунджаар таван нийтлэл, 30-50 сошиал пост оруулж байв. Бидний ажилд тус болсон зүйл олон байсны нэг нь хэвлэл мэдээллийнхэнд зориулсан вэбсайт. Тун ойлгомжтой, хүртээмжтэй шийдэл байсан.

Ханжоу 2022 Азийн наадмын бүх зүйлийг маш нарийн, өндөр түвшинд зохион байгуулжээ. Тэр тусмаа сайн дурын ажилтнуудыг заавал онцлох хэрэгтэй. Бидэнд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээлэл, эд зүйл, тав тухаар хангаж, аль ч үед цаг заваа гарган бидний ажлыг бүтээхийн төлөө ажиллаж байлаа. Олон хүн амтай улсын давуу тал нь энэ болов уу.


Бидний ажилд тус болсон зүйл олон байсны нэг нь хэвлэл мэдээллийнхэнд зориулсан вэбсайт. Тун ойлгомжтой, хүртээмжтэй шийдэл байсан.

X. Cheng Dengyu | Tide news

Хятад
Өдөрт ажилласан дундаж цаг 8
Анхны Азийн наадам

Энэ удаагийн Азийн наадамд манай компаниас 600 гаруй ажилтан оролцсон. Дотоодын хэвлэл мэдээллийн компани гэдэг утгаараа бид спортын тэмцээнүүдээс гадна Азийн наадмын эргэн тойронд болж байгаа онцлох зүйлсийг орхигдуулахгүй байхыг хичээлээ. Тиймдээ ч хэвлэл мэдээллийн төв, тамирчдын тосгон, медиа тосгон гээд гаднын уншигчдадаа сонирхолтой санагдахуйц мэдээ, ярилцлага, сурвалжлагуудыг бэлтгэж байв.

Уг наадам цар тахлын улмаас нэг жил хойшилсон нь олон бэрхшээлийг авчирсан ч гэлээ хийснээ дахин нягтлах, бодсоноо ахин туршиж үзэх боломж бүхий цаг хугацаа байлаа гэж харж байна. Нөгөөтээгүүр, Ханжоугийн наадам жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, түүх соёлоо сурталчлан таниулах завшаан боллоо.


Дотоодын хэвлэл мэдээллийн компани гэдэг утгаараа бид спортын тэмцээнүүдээс гадна Азийн наадмын эргэн тойронд болж байгаа онцлох зүйлсийг орхигдуулахгүй байхыг хичээлээ.