Хүний амьдралын хамгийн гэнэн цагаахан хийгээд хариуцлагатай цаг хугацааг туулж буй ахлах ангийнхан бол бидний ээлжит дугаарын гол дүрүүд. Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, нийгмийн эмзэг сэдвүүдийн талаар тэдэнтэй товчхон хөөрөлдсөн яриаг маань уншигч та таалан болгооно уу.

i. б.оюу-эрдэнэ, хөгжим бүжгийн коллеж, төгөлдөр хуурын анги


Манай гэр бүлийнхэн бүгдээрээ урлагийн хүмүүс. Өвөө удирдаач, ээж бүжигчин, эмээ дуучин мэргэжилтэй. Ухаан орсон цагаасаа л би өвөөгийн төгөлдөр хуурын аян дээр эмээ дуулж байхыг харж өссөн болохоор хөгжим гэдэг тэр чигтээ миний амьдралын хамгийн эрхэм зүйлсийн нэг. Намайг дуу хөгжимд дуртай болохыг өвөө маань ажиглан хараад урлагтай ойр хүн болгоё хэмээн шийдэж ХБК-ийн төгөлдөр хуурын ангид оруулснаар 12 жил энэ мэргэжлээр суралцаж байна.

Манай сургууль нэгдүгээр ангиасаа л мэргэжлээ сонгоод явдаг онцлогтой. Миний хувьд гэвэл энэ жил ахлах ангиа төгсөөд ая зохиогч мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах болно. Ахлах ангиасаа би өөрийгөө мэргэжлийн төгөлдөр хуурчаас илүүтэй ая зохиох дуртай гэдгээ анзаарч харсан юм л даа. Ойрын жилүүдэд энэ мөрөөдлөө биелүүлж, чадварлаг хөгжмийн зохиолч болохын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөнө. Манай ээж үргэлж “Хүссэн зүйлдээ чин сэтгэлээ зориул” гэж хэлдэг юм. Олон зүйлд сатаарахгүйгээр мөрөөдлийнхөө төлөө зүрх сэтгэлээ зориулбал таван жилийн дараа гэхэд олон хүний аманд аялагдсан алдартай хөгжмийн бүтээл зохиож чадна гэдэгтээ итгэлтэй байна.

"Хүссэн зүйлдээ чин сэтгэлээ зориул."

unread.media

ii. А.ЭГШИГЛЭН, АШУҮИС-ИЙН ЛИЦЕЙ, 11-Р АНГИ 


Би багаасаа психологи, сэтгэл судлалд сонирхолтой байсан учраас Анагаахын их сургуульд сэтгэл заслын эмчээр суралцах хүсэлтэй байгаа. Хэрвээ их сургуульд элсэж орвол резидент эмчийнхээ хугацаатай нийлээд тасралтгүй найман жил суралцах тул ахлах ангиа төгсөөд заавал "gap year" авна гэж төлөвлөсөн. Тэр хугацаандаа өөрийгөө хувь хүн талаас нь хөгжүүлж, олон зүйлсийг туршиж үзмээр байна.

Хөл хорионы үеэр би урьд хожид үзэж байгаагүйгээр их анимэ үзсэн. Төрөл бүрийн сэдэвтэй анимэ үзэх тусам өөрийгөө зураг зурах, ялангуяа манга зурах сонирхолтой гэдгээ олж мэдсэн. Түрүү жилийн шинэ жилээр ipad бэлгэнд аваад дижитал зургийн онлайн сургалтад хамрагдаж, зурах чадвараа алхам алхмаар сайжруулаад л байгаа. Хэзээ нэгэн цагт сэтгэл заслын эмчээр суралцсаныхаа дараа манга зурах боломж тохиох ч юм бил үү. Японы ихэнх манга хүний сэтгэлийн нарийн асуудал дээр тулгуурласан байдаг болохоор сэтгэл зүйгээр мэргэших нь манга зураачийн хувьд харин ч давуу тал болж магад.

Энэ нийгмээс хамгийн жигшдэг зүйлс гэвэл хариуцлага алдсан хүнд тохирох шийтгэлийг нь оногдуулж чаддаггүй, хариуцлагагүй байдал болон авилгаар ямар ч муухай үйл явдлыг засаж залруулах боломжтой шударга бус тогтолцоо. Гэхдээ миний үеийн залуучууд их ухаалаг болсон болохоор төд удалгүй энэ мэтийн муухай зүйлс засагдаад, бид бүгдээрээ эх орондоо сайхан амьдрах цаг ирнэ ээ гэдэгт итгэлтэй байна.

"Миний үеийн залуучууд их ухаалаг болсон болохоор төд удалгүй бид бүгдээрээ эх орондоо сайхан амьдрах цаг ирнэ ээ гэдэгт итгэлтэй байна."

unread.media

iii. Б.АЛТАНГЭРЭЛ, БАЯНХОНГОР АЙМАГ, БАЯНХОНГОР СУМ, 12-Р АНГИ 



Багадаа гадаадын улс орнуудаар аялж, онгоцоор дүүлэн нисэхийг мөрөөддөг байснаа тодхон санадаг юм. Одоо ч тэр хүсэл мөрөөдлөө гээлгүй гадаадад амьдарч, ажиллахыг хүсдэг. Тиймдээ ч гадаад орон судлал, ялангуяа япон хэл шинжлэлийн чиглэлээр мэргэжил эзэмших төлөвлөгөөтэй байгаа. Мөн маркетингийн менежер гэх сонирхолтой мэргэжлээр заавал суралцаж, ажиллахыг хүсэж байна. Миний хувьд гадаад улсад тодорхой хэмжээний амьдралын туршлага, мэргэжлийн ур чадвар эзэмшээд эх орондоо сайхан амьдрах хүсэл, зорилготой. Ер нь өсөж томрох тусам эх орноо хайрлах, нутаг орондоо амьдрах хүсэл нэмэгдээд байгаа шүү.

Хөл хорионд байсан хоёр жил надад эсрэгээрээ таалагдсан. Хэдийгээр хичээл хийх эрч буурсан ч өөрийгөө танин мэдэх, шинэ хоббитой болох боломж байсан гэж хардаг. Гар утсан дээрээ бичлэг эвлүүлж олон төрлийн жижиг контент туршилтаар хийн, нийгмийг хамарсан аян болоод уралдаан тэмцээнүүдэд ч бүтээлээ хүргээд амжсан. Чин үнэнийг хэлэхэд үеийн найзуудад маань хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа. Өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч мэдлэг чадвартай боловсон хүчин болохоор тэмүүлж байгаа гэдэгт нь эргэлзэхгүй байна. Эцэст нь хэлэхэд ЭЕШ бол эцсийн зогсоол биш шүү найзууд аа! Оюутан болоод бүгд л ижил гараанаас эхэлнэ. Бид бүгдийг цоо шинэ ертөнц хүлээж байгаа.

“ЭЕШ бол эцсийн зогсоол биш шүү найзууд аа! Оюутан болоод бүгд л ижил гараанаас эхэлнэ. Бид бүгдийг цоо шинэ ертөнц хүлээж байгаа.”

unread.media

IV. б.энхтуяа, өвөрхангай аймаг, бат-өлзий сум, 12-р анги


Манай гэр бүлээс аав, эгч хоёр маань цагдаа мэргэжилтэй. Балчир охин байх үеэсээ л тэднийг дэргэдээс нь харж ажил мэргэжлийнх нь үнэ цэн, сайн сайхан болоод саар муу талыг нь мэдэрч өссөн. Тэдэн шигээ мэргэжилтэй болохыг хүссэн ч эмэгтэй элсэгч авахаа больсон учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиглэлээр суралцах шийдвэр гаргаад байгаа.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөл хорионы нөхцөл байдал биднийг чамгүй сорьсон гэж бодож байна. Теле хичээл тогтмол орж байсан ч би гэлтгүй манай үеийнхэн, биднээс дүү хүүхдүүд ч хичээлийн хоцрогдолд орсон нь үнэн. Хэдий танхимаар суралцаж хоцорсон агуулгаа нөхөхийн тулд сурагчдын зүгээс, багш сургуулийн талаас хамтран ажиллаж байгаа ч бүхэл бүтэн хоёр жил гэдэг бидний хувьд тийм ч хялбар биш байгаа. Хэрэв хоёр жилийн өмнөх өөртөө зөвлөгөө хэлэх боломж олдвол “Хийх зүйлээ цаг тухайд нь хийж, зорилгоо тодорхойлон цаг мөч бүрийг үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй” гэж хэлмээр байна.

Мөн энэхүү ярилцлагаар заавал хэлэхийг хүсэж байгаа нэг зүйл бий. Миний бодлоор хичээлээс урьтаж анхаарах ёстой зүйл бол төлөвшил. Тиймээс эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч гээд биднийг амьдралын ухаанд сургаж, хөтөлдөг та бүхнийг юун түрүүнд хүүхдийнхээ хувь хүний төлөвшил, хүмүүжилд анхаараасай гэж хүсэж байна. Сайн бие хүн болж төлөвшсөн цагт хичээн суралцах нь гарцаагүй шүү дээ.

“Миний бодлоор хичээлээс урьтаж анхаарах ёстой зүйл бол төлөвшил. Сайн бие хүн болж төлөвшсөн цагт хичээн суралцах нь гарцаагүй шүү дээ.”

unread.media

v. у.энхчимэг,  нийслэлийн 29-р сургууль, 12-р анги 


Би удахгүй сургуулиа төгсөөд зураглаач мэргэжлээр СУИС-д элсэн орно хэмээн зорьж байгаа. Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан гэвэл нэг талаас миний сонирхол, нөгөө талдаа миний онцлогт тохирсон мэргэжил гэж харж байгаа юм. Камертай ажиллах, дүрс эвлүүлэх гээд өдөр тутамдаа зураглаач хүн техниктэй харьцах нь элбэг болохоор сонсголын харилцаа харьцангуй бага байх болов уу.

Хэрвээ төлөвлөснийхөө дагуу энэ мэргэжлээрээ суралцаад ажлын байран дээр гарвал сонсголын бэрхшээлтэй хүмүүс дундаас анхны зураглаач мэргэжил эзэмшсэн хүн болох байх. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй ч гэсэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж чадвал хүссэн мэргэжлээ эзэмшиж болно гэдгийг сургуулийнхаа дүү нарт харуулахыг хүсэж байна.

"Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй ч гэсэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж чадвал хүссэн мэргэжлээ эзэмшиж болно гэдгийг сургуулийнхаа дүү нарт харуулахыг хүсэж байна."

unread.media

vi. ш.золбоо, НИЙСЛЭЛИЙН 29-Р СУРГУУЛЬ, 12-Р АНГИ 
 


Манай улсад аль хэдийнээ баригдаад дууссан болон шинээр баригдаж буй орон сууцны хотхон, оффисын барилгуудын бараг 99 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдаагүй, стандартын бус барилгууд байдаг. Би өөрөө тусгай хэрэгцээтэй иргэн учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлгүй эдгээр барилгуудыг хараад сэтгэл үнэхээр их өвддөг юм. Адаглаад л тусгай хэрэгцээт хүүхдүүд сурдаг 29, 116-р сургуулийн эргэн тойрны орчин сурагчдад үнэхээр ээлгүй. Хүүхэд ямар нэгэн том хүний тусламжгүй чөлөөтэй зам гараад гэр лүүгээ харих, сургалтад явах ямар ч боломжгүй.

Тийм ч болохоор би архитектур болохоор шийдсэн. Би шугам зураг, компьютерын хэрэглээний хичээлүүддээ сонирхолтой болохоор энэ мэргэжлээр сайн сурч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Ирээдүйд чадварлаг архитектур болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй орон сууцны хотхоны төсөлд гар бие оролцмоор байна.

"Ирээдүйд чадварлаг архитектур болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй орон сууцны хотхоны төсөлд гар бие оролцмоор байна."

unread.media

vii. г.тЭРГЭЛ, "шинэ-үе" сургууль, 11-р анги 



Хөл хорионы хоёр жилд хийж бүтээсэн хамгийн том зүйл маань миний хувийн бизнес. Дунд ангид би технологийн хичээл дээрээ анх хос зүүгээр нэхэж сурсан юм. Харин ковидын үеэр энэ чадвараа ашиглаад өөртөө зориулж ганц, хоёр зүйл нэхсэн чинь эргэн тойрны хүмүүс "Хаанаас авсан юм бэ, яасан хөөрхөн хэлбэр хийцтэй юм" гэж магтахаар нь тэрүүхэндээ урамшаад шууд нэхмэл бүтээгдэхүүн борлуулдаг жижигхэн бизнесээ эхлүүлсэн түүхтэй.

Анхандаа хангалттай захиалга орж ирэхгүй, хүмүүст сайн танигдаж чадахгүй гэх мэт бага зэргийн бэрхшээл тулгарч байсан бол одоо нэг жилийн ойн дээрээ манай дэлгүүр энэ зах зээл дээр хангалттай байр сууриа олж чадсан гэж бодож байгаа. Ээж аав хоёр миний сонирхлыг бүрэн дүүрэн дэмжээд эхлэлтийн хөрөнгө өгсөн болохоор тэднийхээ итгэлийг алдахгүй гэсэн тууштай хичээсэн хичээл зүтгэл маань ч бас нөлөөлсөн болов уу.

Хэрэглэгчидтэй харилцах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүргэлт хийх, материал татан авах гээд бизнесийнхээ бүх үйл явцыг би дангаараа хариуцдаг болохоор энэ нэг жилийн хугацаанд өөрийгөө олон талаас нь нээн хөгжүүлж, туршлага суусан. Цаашлаад ойрын ирээдүйд өөрийнхөө ЖДҮ-г илүү томруулах хүсэл сонирхолтой байгаа болохоор бизнес менежментийн чиглэлээр суралцана хэмээн төлөвлөж байна.

Боловсролын тэгш бус байдал бол намайг эмзэглүүлдэг зүйлсийн нэг. Дунд сургуулийн хүүхэд бүр хувийн сургуульд суралцаж чадахгүй, тийм боломж нь ч байхгүй. Гэтэл улсын сургуульд гадаад хэлний хичээл маш хангалтгүй ордог. Англи хэлээр чөлөөтэй мэдээлэл авч чадахгүй байгаа хүүхэд дэлхий даяар болж буй шинэ соргог бүх үйл явдлаас хоцрох нь ойлгомжтой. Улмаар зөвхөн монгол дотроо л сэтгэнэ гэсэн үг. Ирээдүйд арван жилийн бүх хүүхдүүдэд англи хэлний хичээлийг хангалттай өндөр ур чадвартай багш нар заагаасай гэж хүсэж байна.

"Ирээдүйд арван жилийн бүх хүүхдүүдэд англи хэлний хичээлийг хангалттай өндөр ур чадвартай багш нар заагаасай гэж хүсэж байна."

unread.media

viii. ө.хонгорзул, "томүжин"  сургууль, 11-р анги 


Би дунд ангиа төгсөх хүртлээ Говьсүмбэр аймагт суралцаж байгаад ахлах ангид ордог жилээ "Томүжин" сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн хотод орж ирсэн юм.

Тухайн үед ээж, аавдаа хэлэлгүй өөрөө толгой мэдээд өргөдөл илгээж байлаа. Харин сургуульдаа тэнцээд дээр нь тэтгэлэг авч чадсан учраас тэр хоёр маань охиныхоо мөрөөдлийг дэмжсэн дээ. Бусдаар бол дөнгөж 16 настай жаахан хүүхдийг хот руу ганцааранг нь явуулахаас санаа зовсон нь мэдээж. Ер нь бол Томүжинд тэнцэж чадсан нь миний амьдралд үнэхээр том өөрчлөлт авчирсан. Шинэ газар, шинэ амьдрал гээд өөрийгөө сорьсон үе олон байсан тул одоо би аливаа зүйлийг хийхдээ огт айдаггүй болсон юм шиг ээ.

Инээдтэй нь гэвэл, сургуульдаа ороод дөнгөж хоёр сар болов уу үгүй юу улс даяараа хөл хорионд орсны улмаас ирэх жилийнх нь хавар хүртэл би гэртээ байж, онлайнаар хичээлээ үзсэн. Уг нь бол хотод зөндөө олон найзуудтай болж, гоё газруудаар зугаална гэсэн төсөөлөлтэй ирсэн байхгүй юу. Сайн тал нь хөл хорионы тэрхүү хугацаанд англи хэлээ хангалттай сайжруулж чадсан шүү.

Би өөрийгөө эх оронч үзэлтэй гэж боддог. Нэгэнтээ л энэ улсад манай дүү нар, гэр бүлийнхэн амьдрах нь тодорхой тул гадаадад өндөр боловсрол эзэмшээд хайртай хүмүүсийнхээ амьдрах орчинг илүү сайхан болгохын төлөө хичээнэ. Япон, Солонгосчууд ядуу байх үедээ “Энэ бол миний газар нутаг, би өөрөө эзэн нь шүү” гэх сэтгэлээр улсаа хөгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөсөн гэдэг шүү дээ. Тэрэн шиг бид ч гэсэн хүний газар амьдарч байгаа мэт сэтгэлгээнээсээ салж гэмээнэ Монгол Улс хурдан хөгжинө.

"Нэгэнтээ л энэ улсад манай дүү нар, гэр бүлийнхэн амьдрах нь тодорхой тул гадаадад өндөр боловсрол эзэмшээд хайртай хүмүүсийнхээ амьдрах орчинг илүү сайхан болгохын төлөө хичээнэ."

unread.media

ix. г.эрхэмбилэг, нийслэлийн 5-р сургууль, 12-р анги 


Энэ жил ЭЕШ-аа өгөөд МУИС-д сэтгэл судлаачаар суралцах төлөвлөгөөтэй байгаа. Би асуудал шийдвэрлэх дуртай, тархи судлалд сонирхолтой. Дээрээс нь сургуулийнхаа мэтгэлцээний клубт явдаг байсан гэдэг утгаараа энэ мэргэжил их ойр санагдаад сонгосон.

Хэрвээ надад ахлах ангид дөнгөж орж буй өөртөө хэдхэн үг хэлэх боломж олдвол бүх юмыг томоор харж шаналалгүйгээр аз жаргалтай байгаарай л гэж хэлмээр байна. Хэзээ биелэх нь тодорхой бус алс холын зорилго тавьчхаад түүндээ хүрэх гэж шаналахгүйгээр хором мөч бүхнийг мэдрэхийг хичээгээрэй. Хичээлээс өөр юм бодохгүй, яг тэдэн жилийн дараа тийм хүн болно гэсэн яг таг зорилго тавьчхаад явж байтал ямар нэгэн золгүй зүйл тохиолдвол онцгүй биз дээ, тийм ээ.

Хэрэв миний хүслээр болдог бол ЕБС-ийн багш нар маань "Та нар энийг л сурах ёстой" гэж хайрцаглагдахгүйгээр хүүхдүүдтэйгээ нээлттэй харилцдаг байгаасай. Хүүхдүүд нь ч багш нарыгаа хүндэлдэг, харилцан хүндлэлтэй байвал гоё шдээ. Багш нар бас сурагч нартаа хэлж буй үгэндээ анхаардаг байвал... Заримдаа эцэг эхгүй, өнчин хүүхдэд багш нар гэр бүлийнхнийхээ тухай бичиж ир гэх мэт мэдрэмжгүй даалгавар өгөхөөр өмнөөс нь үнэхээр их санаа зовдог.

"Хэзээ биелэх нь тодорхой бус алс холын зорилго тавьчхаад түүндээ хүрэх гэж шаналаад байхгүйгээр хором мөч бүхнийг мэдрэхийг хичээгээрэй."

unread.media

x. ж.золбоо, gap year


Өөрийнхөө хүсэл сонирхлыг олохын тулд нөгөө талдаа өөрийгөө яг хэн юм бэ гэдгийг таньж мэдэхийн төлөө их сургуульд элсэн оролгүйгээр нэг жилийн завсарлага авсан. Арван жилдээ хими, физик, математик, нийгмийн ухаан гээд бараг бүх хичээлийн сонгонд явсан ч хоржоонтой нь одоог хүртэл ирээдүйд суралцах мэргэжлээ хараахан олоогүй л явна.

Одоогоор би гадаадад суралцах бэлтгэлээ хангахын зэрэгцээ МСҮТ-д суралцаж байгаа. Ангидаа би чинь хамгийн нялх нь. Манай сургуулийн онцлог гэвэл суралцахынхаа хажуугаар шууд эзэмшсэн мэдлэгээ ажлын байран дээр турших боломжтой. Урьд нь есдүгээр ангиа төгсөөд хотод орж ирснийхээ дараа төрөл бүрийн сургалтад хамрагдаж, хажуугаар нь цагийн ажил хийдэг байсан болохоор өөрийгөө хэрэндээ амьдрал мэддэг, амьдралын ухаантай гэж боддог байсан ч ёстой худлаа байсан юм билээ. Ганцаараа санхүүгээ зохицуулаад, ажлын байран дээр төрөл бүрийн хүмүүстэй харьцах үед л жинхэнээсээ хөрсөн дээрээ бууж байгаа юм чинь. Одоо л дөнгөж жинхэнэ утгаараа бие дааж, хувь хүн талаасаа төлөвшиж байна.

"Ганцаараа санхүүгээ зохицуулаад, ажлын байран дээр төрөл бүрийн хүмүүстэй харьцах үед жинхэнэ утгаараа бие дааж, хувь хүн талаасаа төлөвшиж байна."

unread.media