Монголчууд бид технологийг ашиглаж чаддаг уу? Өдөр тутамдаа хиймэл оюун ухааныг ашиглаж, үр шимийг нь хүртэж яваа хүмүүс хэр олон бол?
ChatGPT, DALL-E тэргүүтэй AI хэрэгслүүдийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо үлэмж нэмэгдэж буй энэ цаг үед бид хиймэл оюун ухааныг өдөр тутмын ажлынхаа үнэнч хамтрагчаа болгосон эрхмүүдтэй ярилцсан юм.
MOST Fintech ХК-ийн Бизнесийн газрын захирал Г.Бадамханд - ChatGPT
Миний хувьд ChatGPT ашиглах нь яг л дэлхий дахины бүх мэдээллээр тархиа цэнэглэсэн ухаалаг нэгэнтэй ярилцаж буй мэт санагддаг. Тиймдээ ч ChatGPT-г олон улсад өрнөж буй шинэ соргог мэдээллээс хоцрохгүйн тулд ашиглахаас гадна зүгээр л гүнзгийрүүлэн мэдэхийг хүсэж буй сэдвийнхээ тухай сониучирхан асуух үе ч бий.
ChatGPT олон баталгаат эх сурвалжуудаас мэдээллийн сангаа бүрдүүлж, хэрэглэгчдэд тэдгээрийг нэгтгэн дүгнэхэд тусалдаг ч энэ нь нэг талаараа сул тал ч байж мэдэх юм. Учир нь, хэчнээн чухал эсвэл үнэн байгаад ч тэрхүү мэдээлэл нь цахим орчинд урьдчилан нийтлэгдээгүй л бол ChatGPT-ээс олох боломжгүй.
Тэнгэрсофт ХХК-ийн Программист Х.Дашням - Copilot
Манай компани ERP системийн хөгжүүлэлт хийдэг бөгөөд ихэвчлэн Python, PostgreSQL, CSS, HTML хэлнүүдийг ашигладаг. Ингэхдээ код бичих цагаа хэмнэж, ажлаа хөнгөвчлөхийн тулд ChatGPT, Jetbrain IDE, Copilot зэрэг нэмэлт модуль ашиглах нь олонтаа.
Жишээ нь, манайх одоогоор АК98 диализийн машины сервер холболтыг хийж байгаа бөгөөд энэхүү ажлыг гүйцэтгэхийн тулд Python дээр HL7(Health Level Seven) хэмээх тусгай сан ашиглаж, өвчтөний товч мэдээлэл, эмчилгээний түүх, цусны даралт зэрэг өгөгдлийг харах боломж бүхий тусгай сегментүүдтэй код бичих шаардлагатай. Энэ тохиолдолд хиймэл оюун ухаанаар ноорог код гаргуулж, түүн дээрээ нэмж код бичээд явж байна.
Хиймэл оюун ухааны виртуал туслах үйлчилгээ энгийн хэрэглээнд нэвтэрснээс хойш миний ажлын бүтээмж 20-30 хувиар дээшилсэн. Энгийн боловч цаг их ордог үйлдлүүдийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар маш хурдан гүйцэтгэдэг болсон нь тун авууштай.
Гэрэл зурагчин Г.Ууган-эрдэнэ - Photoshop
Миний хувьд дийлэнхдээ захиалагчдад зургийн санаагаа өөрөө зурж үзүүлдэг. Гэхдээ илүү ярвигтай, өвөрмөц зураглалуудын хувьд гол санаагаа хиймэл оюун ухааны тусламжтайгаар урьдчилаад гаргачихвал харилцагч талдаа зургийнхаа санааг илүү хялбар бөгөөд зөв ойлгуулахад дөхөмтэй. Ажиллах зарчим нь тун энгийн. Тухайн зурагт ямар обьект, ямар өнгө дүрс, хэлбэр хэмжээгээр орших, мөн ямар дурангаар авах зэрэг нарийн мэдээллүүдийг бичихэд л хангалттай байдаг.
Unread Media-ийн Сошиал медиа менежер, контент бүтээгч Ч.Шинийннэгэн - Gemini
Контентын сэдэв гаргах, тухайн сэдвийн хүрээн дэх түгээмэл асуултуудыг тодорхойлох зэрэгт хиймэл оюун ухаан хамгийн сайн хамтрагч байж чаддаг. Мөн контентын зорилтот бүлгээс хамааран хэв маяг, өнгө аясыг нь солонгоруулж, олон өөр уур амьсгал шингээхэд хиймэл оюун ухаан тусалдаг.
Миний бодлоор ChatGPT цөөн тооны түлхүүр үгстэй, түүн дотроо хариултын өнгө аяс нь эргэлддэг бол Gemini тэрхүү сул талыг нь нөхөж чаддаг. Өөрөөр хэлбэл, Gemini илүү “хүнлэг” мэдрэмж төрүүлдэг гэх үү дээ. Мөн Юүтүбийн холбоос оруулахад товч агуулгыг нь боловсруулж өгдөг тул хураангуйлж, нэгтгэн дүгнэсэн контент хийхэд тун хэрэгтэй.
График дизайнер Э.Билгүүн - Logic Pro
Миний үндсэн мэргэжил график дизайнер боловч сонирхлоороо хөгжим хийдэг. Logic Pro нь хөгжим бүтээгчдэд хэд хэдэн арга замаар тусалдаг. Тодруулбал, хөгжмөөс хоолойг салгах, хөгжмийн түлхүүр олох, хөгжим зохиох зэргийг Logic Pro-ийн тусламжтай илүү хялбар эсвэл илүү шинэ түвшинд гүйцэтгэдэг.
Apple нэг жилийн өмнө Logic Pro-д сешион хөгжимчид (session musician)-ийн функцийг нэвтрүүлсэн бөгөөд хэрэглэгч өөрийн зохиосон хөгжмөө уг функцээр дамжуулан арван өөр янзын арга барил, өнгө аястай хөгжимчдөөс тохируулан тоглуулж, хослуулан эгшиглүүлэх боломжтой гэсэн үг. Харин хөгжмийн найруулгын шинэчилсэн хувилбар бүтээх үед надад хөгжмийн түлхүүр (Товчхондо дууны ая, хэмнэл, нотны дарааллыг тодорхойлох гэсэн утгатай)-ийг олж өгснөөр би түүнд нь дүгнэлт хийхийн сацуу өөрчилж, хөгжүүлэх боломжтой болдог.
Заримдаа огт санамсаргүй үед хөгжмийн санаа гялсхийн орж ирэх нь цөөнгүй. Тэр үед миний аялсан аялгууг тэр дор нь хөгжимдөх боломжтой болохоор “Сайхан санаа байсан юм, даана ч мартчихлаа” гэж харамсах шаардлагагүй гэсэн үг. Гол нь энэ бүгдийг интернэтгүй үед ч хоёрхон цагийн дотор хийх боломжтой.
ТЭСО инвестмент Группийн Төслийн удирдагч Б.Цацрал - ChatGPT (for project) & Copy AI
ChatGPT-ийн зөвхөн төсөлд зориулсан хувилбараар дамжуулан шаардлагатай мэдээллүүдээ цэгцтэйгээр авч чаддаг. Миний хувьд төслийн менежмент талаасаа үйл явцдаа түлхүү анхаарч, олон системүүд дээр ажилладаг.
Мөн дотоод, гадаадын харилцагчидтай мэдээлэл солилцох, танилцуулга бэлтгэх үедээ англи хэлний найруулга болон утгын алдаагүй, уншихэд эвтэйхэн текст бэлтгэх үүднээс Copy AI-г ашиглаж байгаа. Гэх мэт заавал хэн нэгэн хүнээс асуух шаардлагагүй, технологиор шийдэх боломжтой ажлуудад хиймэл оюун ухааны хэрэгцээ тун их хэрэг болдог.
“Honmono comics” стартапын Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Баттамир - Honmono AI
Манай баг "Super hero" жанрын “Хонмоно Дайчин” хэмээх комик ном бүтээдэг бөгөөд саяхан тавдахь цувралаа олон нийтэд танилцууллаа. Монголд энэ төрлийн зах зээл дөнгөж шинээр хөгжиж байгаа учраас бид санаагаа бодит болгохын тулд багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан.
Тиймдээ ч технологийн үсрэнгүй хөгжилтэй холбогдуулан энэ салбарт шинээр хөл тавьж буй залуусын туулах замыг дөтлөх, мөн өөрсдийнхөө хөдөлмөрийг хөнгөвчлөхийн тулд Honmono AI-г хөгжүүлээд байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь олон төрлийн Generative tools-ээс бүрдсэн платформ бөгөөд Honmono AI-ийн тусламжтай комик бүтээлийн амин сүнс болох зураглалыг бүтээх үйл явц илүү хялбаршиж, улмаар өөрийн санааг комик бүтээл болгох боломж бүгдэд нээлттэй болно хэмээн ойлгож болно.
iTrip ХХК-ийн Брэнд менежер О.Номин - Canva
Ажлын чиг үүргийн дагуу зурагт хуудас, богино бичлэг бэлтгэх, нийтлэл бичих зэрэгт хиймэл оюун ухааныг түлхүү ашигладаг. Canva-ийн хувьд ChatGPT-ээс ялгаатай нь ерөнхий агуулгын дагуу бэлтгэсэн зурагт хуудас дээр засвар хийх боломжтойгоороо давуу талтай.
Мөн зураг авалт хийх боломжгүй үед хүссэн зургаа хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээдэг. Жишээ нь, монгол гэрт байгаа хүүхдийн зураг шаардлагатай үед заавал бодит зураг авалт хийхийн оронд хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь хамгийн хурдан бөгөөд хялбар шийдэл.
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн Дата судалгаа эрхэлсэн захирал Ч.Алтан-Өлзий - Notion & Fireflies
Аливаа хурал, уулзалтад оролцох үед Notion болон Fireflies миний автомат хурлын тэмдэглэл хөтлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Fireflies-ийн тухайд хурлын тэмдэглэлээс гадна дуу хураагуурыг хамтад нь багтааснаараа давуу талтай.
“Infinite Solutions” ХХК-ийн Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн Л.Ууганбаяр - ChatGPT & Gemini
Хиймэл оюун ухаан бидний ажлыг хөнгөвчилж буй нь ойлгомжтой. Гэхдээ сүүлийн үед энэ ньурт хугацаандаа миний логик болон техник сэтгэлгээ хөгжихөд сөрөг нөлөөтэй мэт санагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрөө хөнгөвчлүүлж байгаа нэрийдлээр хиймэл оюун ухаанаас хэт хамааралтай болж болохгүй.
Хиймэл оюун ухаанд бид аливаа ажлыг бүрэн даатгаж, өөрийнхөө доод түвшний ажилтан мэт харьцах нь буруу л болов уу. Миний хувьд харин ч эсрэгээрээ багштайгаа ажиллаж байгаа мэт харилцахыг хүсдэг. Тухайлбал, ямар нэгэн код бичүүлэхдээ “Энэ мөр нь ямар утгатай вэ?", "Илүү гүнзгий түвшинд тайлбарлаж өгнө үү.” гэх мэтчлэн “ухаж” судалснаар гүйцэтгүүлж буй ажлаа өөрөө илүү сайн ойлгоно.