Нэг сэдвийн тухай арван өөр харах өнцөг, үзэл бодол, үнэт зүйлийг дэлгэх зорилготой 10 ертөнц, 10 өнцөг нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт өнөө цагийн байгууллага, компаниуд ямар ажилтныг эрэн хайж буй талаар онцоллоо. 

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар манай улсад нийт 104.4 мянган ажилгүй хүн байна гэсэн тооцоо ҮСХ-ноос (Үндэсний Статистикийн Хороо) гарсан ба үүний 64 хувь нь эрэгтэйчүүд, 36 хувь нь эмэгтэйчүүд юм. Хамгийн онцлууштай нь 15-24 насны 18.6 мянган залуус ажилгүй байгаа бөгөөд энэ нь нийт ажилгүй хүмүүсийн 17.8 хувийг эзэлж буй. Бүр хачирхалтай нь нийт ажилгүйчүүдийн 64.6 хувийг мэргэжил эзэмших түвшний буюу техникийн болон мэргэжлийн, тусгай мэргэжлийн дунд болон дээд боловсролтой хүмүүс бүрдүүлж байна. Хөгжиж буй ихэнх оронд гол төлөв боловсрол доогуур буюу боловсролгүй хүн ам ажилгүй байдаг бол манай улсад эсрэгээрээ боловсролтой, нас залуу иргэд ажилгүй байгааг дээрх судалгаанаас харж болно. 

Тэгвэл асуудал яг хаана байна вэ? Эл асуултад Монголын томоохон хувийн хэвшлийн компаниудын хүний нөөцийн менежер, удирдах албан тушаалтнууд ийн хариулсан юм. 

Ташрамд дуулгахад, 9-р сарын 28-ны өдөр Zaisan Hill Complex-т Worki болон Unread-ийн хамтран зохион байгуулж буй “Talent Summit 2024” арга хэмжээ болох бөгөөд ажил хайх аргаа шинэчлэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй. Уг арга хэмжээнд дотоодын шилдэг компаниуд төрөл бүрийн воркшоп, ярилцлага зохион байгуулж, хүрэлцэн ирсэн шилдэг мэргэжилтнүүдэд газар дээр нь ажлын санал тавих болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах ба бүртгэлээ ЭНД дарж баталгаажуулаарай.

С.ХОНГОРЗУЛ | ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР, СКАЙТЕЛ ГРУПП

Ажилласан жил: 6 жил
Нийт ажилтны тоо: 700+
Байгууллагын дотоод харилцааны програм: Microsoft Teams
Хамт олноо тодорхойлох үг: Итгэлцэл
Байгууллагын соёлоо тодорхойлох үг: Хамтдаа


Манайхыг зориод ирсэн шинэ ажилтан, шинэ төгсөгчдөөс бид тийм ч их зүйл хүсдэггүй. Мэдээж тухайн албан тушаалд хамаарах суурь ур чадваруудыг харгалзан үзэх ч үүнээс илүү цаашид суралцаж, хөгжих хүсэл эрмэлзэл нь бидэнд чухал шалгуур болдог юм. Мөн шинэ ажилтанд ур чадварын үнэлгээ хийх замаар тэрхүү ажлын байранд нэмэлтээр шаардагдах hard болон soft чадваруудыг тогтоож, гадаад болон дотоод сургагч багшийн сургалтад хамруулдаг. Ер нь л шинэ ажилтнаа хамт олны нэг хэсэг болгох, байгууллагын соёлд уусган нэгтгэх тал дээр илүү анхаарч ажилладаг гэх үү дээ.

Чадварлаг ажилтнаа тогтоон барьж, урт хугацаанд тогтвортой ажиллуулах нь өнөө цагт компани бүрд тулгарч буй томоохон сорилт болжээ. Энэ тал дээр манай групп сар бүр ажилтнуудад чиглэсэн олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, ажил амьдралын тэнцвэрт байдлыг нь хангах зорилгоор уян хатан цагийн хуваарь, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, сэтгэлзүйн эрүүл мэндэд чиглэсэн уулзалтад хамрагдуулах, урлаг, спортын тэмцээн зохиодог.

“Тогтвортой ажиллах хүчнийг бий болгох нь манай салбарт тулгамдаж буй хамгийн том асуудал. Харин үүний шийдэл нь аз жаргалтай, сэтгэл ханамжтай ажилтныг бүтээхэд оршино.”

О.ОЮУНБАЯР | АЖИЛТНЫ ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АХЛАХ ТҮНШ, ХААН БАНК

Ажилласан жил: 17 жил
Нийт ажилтны тоо: 6000+
Байгууллагын дотоод харилцааны програм: Microsoft Teams, Skype, ERP
Хамт олноо тодорхойлох үг: Нэгдмэл
Байгууллагын соёлоо тодорхойлох үг: Эрх тэгш, нээлттэй, эерэг уур амьсгалтай


Миний хувьд ХААН Банк хэмээх их айлд Хүний нөөцийн стратегийн хөгжлийн газрыг шинээр байгуулагдахтай зэрэгцэн 2007 онд мэргэжилтнээр ажилд орж байлаа. Тэгэхээр байгууллагынхаа хүний нөөцийн бодлого төлөвлөлтөөс эхлээд өнөөг хүртэлх бүхий л шатанд гар бие оролцсон гэсэн үг.

Бид ажил горилогчдоос үнэнч шударга, ёс зүйтэй байдал, багаар ажиллах чадвар, идэвх оролцоо, зорилго тэмүүлэл, нээлттэй, бүтээлч байдлыг нэн тэргүүнд харгалздаг. Түүнчлэн манай хамт олны нэг хэсэг болсон л бол өндөр ёс зүйг эрхэмлэх хэрэгтэй. Бидний зүгээс ч үүнийг бүрдүүлэхийн тулд албан тушаалын зааг ялгаагүй ажлын орчныг бий болгон олон талт, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хамтдаа өсөж дэвшихэд нээлттэй, эрх тэгш боломжийг ажилтнууддаа олгохыг эрхэмлэдэг. Тухайлбал, уян хатан ажиллах цагийн хуваарь, гэрээс, зайнаас, гэрт ойр ХААН Банкны аль ч оффисоос ажиллах боломж, ажилтнаа үнэлж, хүндлэх хүний нөөцийн бодлого, цалин урамшуулал гээд аль болох цогц байдлаар хэрэгжүүлдэг.

“Залуусын дийлэнх нь гадагшаа явж суралцах, улмаар тэндээ ажиллаж амьдрах сонирхолтой болжээ. Мэдээж үүнийг буруу гэж байгаа юм биш. Тэдэнд ийм сонголт хийх шаардлага л гарч байгаа болов уу. Гагцхүү чадварлаг мэргэжилтнүүдээ гадагш явуулалгүй эх орондоо тогтоон барихын тулд таатай ажиллах орчныг бүрдүүлж, тогтвор суурьшилтай, амьдрал-ажлын тэнцвэрээ ханган сэтгэл ханамжтай, өндөр бүтээмжтэй ажиллах үндсэн нөхцөлүүдийг бүрдүүлэх нь ус агаар мэт чухал болжээ. Тиймдээ ч бид Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээрх “Тэргүүний ажил олгогч” (Employer of Choice) жишиг байгууллага болох зорилтыг тавин ажиллаж байна. Бид олон улсын сайн туршлагаас байнга суралцаж, ажилтан бүрийнхээ энэ бизнест оруулж буй үнэт хувь нэмрийг сайшаан үнэлж, хамгийн боломжит сайн багцуудыг санал болгохыг эрмэлздэг.”

Б.ОЮУНБОЛОР | ХҮНИЙ НӨӨЦ БОДЛОГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ, НОМИН ХОЛДИНГ ГРУПП

Ажилласан жил: 10 жил
Нийт ажилтны тоо: 6000+
Байгууллагын дотоод харилцааны програм: Google Workplace
Хамт олноо тодорхойлох үг: Найрсаг, оюунлаг, манлайлагч, итгэлтэй, ногоон
Байгууллагын соёлоо тодорхойлох үг: Аз жаргалтай ажлын байр


Номин Холдинг групп маань худалдаа, барилга, технологи, санхүү, гадаад худалдаа гэсэн таван чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тэр ч утгаараа хөдөлмөрийн зах зээлд 500 гаруй төрлийн 6000 орчим ажлын байрыг бий болгож байна. Бид ажилчдаа сэтгэл ханамжтай, бүтээмжтэй ажиллуулахын тулд дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүнд:

- Бүтээмжид суурилсан цалин хөлсний бодлого
- Карьер хөгжлийн хөтөлбөр
- Боловсролыг дэмжих хөтөлбөр
- Биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр
- Ажил, амьдралын зохистой харьцааг хадгалах хөтөлбөр багтана.

Тухайлбал, ажил амьдралын зохистой харьцааг хадгалах хөтөлбөрийн хүрээнд уян хатан ажлын цагт шилжиж, зайнаас ажиллах боломж олгодог. Ийнхүү өглөө 07-10 цагийн хооронд ажлын цагаа сонгодог болсноор хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх, авах асуудлууд шийдэгдэж, манай ажилтнууд сэтгэл ханамжтай ажиллаж байна.

Өмнө нь дурдсанчлан бид 500 орчим төрлийн албан тушаалд 6000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа. Үүнээс 5000 нь бүтэн цагаар, 1000 нь хагас цагаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, бүтэн цагаар ажиллах боломжгүй байгаа оюутнууд, хүүхдээ асарч буй ээж нар, ахмад настнууд гэсэн нийгмийн бүлгийг бид ажлын байраар хангаж байна гэсэн үг.

“Манай байгууллагын дундаж наслалт 32-33. Мэдээж үүнд нас насны хүмүүс бий. Жишээлбэл, 20 хувийг нь Z үеийнхэн бүрдүүлж байна. Үе бүр өөрсдийн гэсэн давуу болон сул талтай боловч үүнийг ажлын талбарт ялгаж, зааглахын оронд бие биенээ нөхөх байдлаар үр дүнтэй ажиллах нь чухал. Нөгөөтээгүүр, нэгэнт байгууллагын соёл нь тогтсон компанид үеүдийн ялгаа том асуудал бус харин ч эерэгээр ашиглаж болох давуу тал болдог.”

О.САРУУЛСАЙХАН | ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР, ТЭНГЭР ТЕЛЕВИЗ

Ажилласан жил: 2 жил
Нийт ажилтны тоо: 60+
Байгууллагын дотоод харилцааны програм: Slack
Хамт олноо тодорхойлох үг: Гал гал
Байгууллагын соёлоо тодорхойлох үг: Дулаахан


Манай байгууллага ажил олгогч, ажил горилогч аль аль талын харилцан ашигтай, сэтгэл ханамжтай байдлыг нэгдүгээрт тавьдаг. Тиймдээ ч академик шаардлагаас илүү зөөлөн ур чадварууд, тэр дундаа даасан ажилдаа хэр хариуцлагатай хандаж байна, хэлсэн үгэндээ хүрч байна уу үгүй юу гэдэгт анхаардаг юм.

Бид ажиллах хүчнээ тогтоон барих тал дээр цалин урамшуулал өгч тэрхэн зуур аргалаад өнгөрөхийн оронд урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэдэгт итгэдэг. Тэр ч утгаараа ажлын орчинд ч хувь хүнийх нь амьдралд ч тохиолдож болох бэрхшээл асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэхийг зорьдог гэх үү дээ.

“Өнөө цагт хүний нөөцийн салбарт тулгамдаж буй хамгийн том асуудал бол ажил олгогч, ажил горилогч хоорондын хүлээлт огтлолцохгүй байгаа явдал. Өөрөөр хэлбэл, нэг талаас ажил олгогч өндөр шаардлагуудын оронд хөгжих хүсэл эрмэлзэлтэй хүнийг хайж байхад нөгөө талаас ажил горилогчид “Намайг ч авахгүй байх даа” гэж бодоод өргөдөл илгээдэггүй. Тэгэхээр шийдэл нь та өөрийгөө гололгүй хүссэн газартаа ажилд орох хүсэлт илгээх л хэрэгтэй.”

Т.САНСАРЦЭЦЭГ | ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБАНЫ ДАРГА, МИЛКО ХХК

Ажилласан жил: 10 жил
Нийт ажилтны тоо: 1800+
Байгууллагын дотоод харилцааны програм: Office 365
Хамт олноо тодорхойлох үг: Найдвартай, дэмжлэгтэй, урам зоригтой 
Байгууллагын соёлоо тодорхойлох үг: Нээлттэй, нийтэч, зарчимч 


Аливаа албан тушаалын чиг үүргийн хүрээнд тавигдах шаардлагууд болон ур чадвар, туршлага нь ажлын байранд тухайн талентыг тодорхойлох гол үзүүлэлтүүд. Үүн дээр нэмэх нь хувь хүний харилцаа, хандлага мөн ижил чухал. Тухайлбал, Forbes, LinkedIn, Economic forum зэрэг олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаагаар 2025 он хүртэлх ажлын байранд шаардагдах гол ур чадварыг “Adaptability” буюу дасан зохицох чадвар хэмээн нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, цаг үетэйгээ зэрэгцэн хөгжихгүй л бол зах зээлд борлуулагдах боломжгүй болно гэсэн үг.

Хүний нөөцийн сүүлийн үеийн чиг хандлагаар хүн судлах нь өөрөө “hard skill” буюу мэргэжлийн ур чадварт тооцогдох болсон. Ялангуяа хүнээ татах ямар стратеги баримтлах вэ гэдэг нь байгууллагуудын хувьд томоохон сорилт болж байна. ТЭСО группийн тухайд бүх л бизнес, компанийн хөгжлийг хүний хөгжилтэй уялдуулан цогцоор хардаг бөгөөд ажилтны зүгээс ч, хувь хүний талаас ч сурч, хөгжих хэрэгцээг нь тасралтгүй хангахыг зорьдог. Учир нь энэхүү хэрэгцээг зөв тодорхойлоод, оновчтой системээр хөгжүүлж чадвал ажилтнаа тогтоон барих гол хүчин зүйл болно. Жишээ нь манай групп ТЭСО Академийн үйл ажиллагааг 2020 оноос хойш тогтмол хэрэгжүүлж байна.

“Одоогийн нийгэмд хүн зөвхөн цалингийн төлөө ажилладаг хандлага эрс өөрчлөгдсөн. Тухайн талент зах зээлээс юу хүсэж, эрмэлзэн ажлын байраа сонгож байна вэ гэдгийг олж харах хэрэгтэй. Илүү тодруулбал, ажиллах таатай орчин, хамт олны уур амьсгал, карьерийн өсөж дэвших боломжууд нь тухайн талентыг татах гол үзүүлэлт болоод байна.”

М.ХЭРЛЭН | ХҮНИЙ НӨӨЦИЙН АХЛАХ МЕНЕЖЕР ИНВЕСКОР ББСБ ХК

Ажилласан жил: 8 жил
Нийт ажилтны тоо: 200+
Байгууллагын дотоод харилцааны програм: Microsoft Outlook, Teams, Office 365, Yammer
Хамт олноо тодорхойлох үг: Чадварлаг
Байгууллагын соёлоо тодорхойлох үг: Шинэ зүйлд нээлттэй


Сүүлийн үед сайн талент олж авах, тэднийг тогтвортой ажиллуулах нь хүний нөөцийн салбарт гол асуудал болж байгааг нуух юун. Ийм нөхцөлд бид бусад компанийн адил ажилтанд чиглэсэн олон төрлийн хөнгөлөлт, хангамжийн багцыг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүний нөөцийн чиглэлээр олон улсын янз бүрийн чиг хандлагыг судалж, туршиж байна. Товчхондоо, бид “Employer brand” талдаа ирүү анхаарч, байгууллагын соёлыг олон улсын түвшинд гаргахаар шат дараалсан төлөвлөгөөтэй ажилладаг.

Олон үеийнхэн нэгэн цагт мөр зэрэгцэн ажиллаж байгаа тун сонирхолтой үед бид аж төрж байна. Манай байгууллагын хувьд үе хоорондын ялгаа үүсгэхээс илүүтэй бүгд л ижил “хүн” гэдэг утга утгаараа бусдын оронд өөрийгөө тавих, харилцан ойлголцож ярилцах, хамтран ажиллах соёлыг бий болгохоор зорьдог.

“Манай компани тухайн ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагаас гадна хувь хүний суурь хүмүүжил, харилцаа хандлагыг чухалчилж үздэг.”

С.ЯНЖМАА | ХҮНИЙ НӨӨЦ, ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ, М БАНК

Ажилласан жил: 13 жил
Нийт ажилтны тоо: 340+
Байгууллагын дотоод харилцааны програм: Office 365
Хамт олноо тодорхойлох үг: Challenger, дассанаас илүү
Байгууллагын соёлоо тодорхойлох үг: Мэргэжлийн, нээлттэй


Бид ямар ажлын байр вэ гэдгээс хамаараад тодорхой хэмжээний мэргэжлийн туршлага шаарддаг ч дийлэнхдээ тухайн ажил горилогчоос богино хугацаанд суралцах болон дасан зохицох чадвартай байна уу гэдгийг нь хардаг. Тэр тусмаа зах зээлд шинээр гарч ирсэн нео банкны нэг хэсэг болохдоо бэлэн эсэх, өөрийгөө дайчлах тэмүүлэлтэй, мэдэхгүй гэж хойш суулгүй мэрийдэг байх нь манай байгууллагын хувьд асар чухал.

Хүний нөөц болон менежментийн талаас байгууллагын соёл нь өөрөө тухайн ажилтныг тогтвортой ажиллуулах хамгийн том хүчин зүйл болдог. Тиймээс байгууллагын соёлоо эрүүл байлгаж, засаглалаа зөв бэхжүүлэх нь сэтгэл ханамжтай ажилтанг бий болгох үндэс суурь болно. Мэдээж үүний зэрэгцээ ажилтныхаа сурч, хөгжих хүсэл эрмэлзлийг нь дэмжин ажиллах хэрэгтэй.

“Магадгүй бүх хүний нөөцийн ажилтан энэ салбарт тулгамдаж буй асуудлыг ажиллах хүчний хомсдол гэж хэлэх байх. Ялангуяа сайн талентууд, мэргэжлийн хүмүүсээ бид гаднын зах зээлд алдаж байгаа. Энэ бол гарцаагүй Монголын хүний нөөцийн салбарт нүүрлээд буй гол асуудал. Нөгөөтээгүүр, боловсролын чанар ажил олгогчдын хүсдэг хэмжээнд хүрч чадахгүй байгаа. Үүнээс үүдэн ажил горилогч болон ажил олгогч хооронд хүлээлтийн зөрүү үүсэж байна.”

Г.ДӨЛГӨӨН | ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ДИЖИТАЛ КОНЦЕПТ ХХК

Ажилласан жил: 10 жил
Нийт ажилтны тоо: 2500+
Байгууллагын дотоод харилцааны програм: Microsoft Teams, Outlook, ERP, Viber
Хамт олноо тодорхойлох үг: Нийгэмд шинэ өнгө төрх, хэмнэлийг бэлэглэдэг хамт олон
Байгууллагын соёлоо тодорхойлох үг: Чөлөөт уур амьсгал, чөлөөт орчин


Манай компанийг GS25 дэлгүүрээр нь хүн бүр мэдэх биз ээ. Үүсгэн байгуулагдаад гуравхан жил болж байгаа ч бид жилд дунджаар 1000 ажилтнаар бүл нэмсэн байна. Одоогоор Улаанбаатар, Дархан , Эрдэнэт хотууд, Төв аймагт 270 салбар дэлгүүр үйл ажиллагаа явуулж буй.

Дэлгүүрийн хэсэгт бид элдэв ажлын туршлага гэлгүй хүн бүрд боломж олгохыг хүсдэг бол менежерийн түвшний ажил горилогчдод эзний сэтгэлээр хандах шаардлага тавьдаг. Яагаад гэвэл энэ ажлыг эхнээс нь сураад туршлагажих боломжтой учраас тэр юм. Харин төв оффисын түвшинд сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй хүмүүс бидэнд хэрэгтэй. Худалдаа, үйлчилгээний салбар биднээс тасралтгүй хурд шаарддаг учраас хэчнээн туршлагатай хүн байсан ч салбарын онцлогоос шалтгаалаад шинэ зүйлсэд суралцах шаардлага гардаг. Надад хүртэл цоо шинэ зүйл маш олон байсан. Тиймээс мэргэжлийн ур чадвараас илүүтэй хувь хүний зан чанар, хандлагыг таних аргуудыг сонгон шалгаруулалтдаа ашигладаг ба ажилд орсны дараа ямар давуу талыг нь өнгөлөх, аль сул талыг нь хүлээн зөвшөөрч сургах вэ гэдэг нь чухал. Мөн бид шинэ талентуудыг эрж хайхаас илүү одоо байгаа хүний нөөцөө чадваржуулаад сайн талент болгохыг хичээдэг. Үүний зэрэгцээ ажлын орчинд чөлөөтэй, нээлттэй байдлыг бий болгож, ажилтнуудаа юунд ч баригдалгүй задгай сэтгээсэй гэж хүсдэг юм.

“Манай компани байгуулагдсанаас хойших гурван жилийн хугацаанд нийт 17 мянган хүн ажилд орсон байна. Энэ бүхний дүнд эргээд харахад анх хүнтэй “Сайн байна уу, GS25 байна” гэж мэндэлж чаддаггүй байсан хүүхдүүдийг үйлчилгээний стандартад сургаж, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэсэн нь хамгийн бахархам санагдаж байна.”

Б.ДОРЖХАНД | ХҮНИЙ НӨӨЦИЙН АХЛАХ АЖИЛТАН, М-СИ-ЭС БЬЮЛДИНГ МЭЙНТЭНЭНС СЕРВИСЭС ХХК

Ажилласан жил: 5 жил

Нийт ажилтны тоо: 840

Байгууллагын дотоод харилцааны програм: MS Office 365

Хамт олноо тодорхойлох үг: Нэг зорилготой гэр бүл

Байгууллагын соёлоо тодорхойлох үг: Үнэт зүйл



Манай компани ажил горилогчдоос техник мэргэжлийн ур чадваруудаас гадна хандлага, цаашид өсөн дэвших, суралцах, манлайлах эрмэлзлийг голчлон хардаг. Мөн компанийн employee branding-ээр дамжуулан талент ажилтнуудыг олж авах, цаашид тогтвортой ажиллуулахын тулд компаниас олгох урамшуулал, хөнгөлөлт, хангамжид төвлөрдөг төдийгүй ажилтныг илүү мэргэшүүлэх үүднээс сургалт, карьерийн хөгжилд нь анхаарч ажилладаг юм.

Хүний нөөцийн менежерийн хувьд нас насны хүнтэй байнга харилцах шаардлага гардаг болохоор үеүдийн онцлогт тохируулан харилцах хэрэгтэй. Тухайлбал, Z үеийнхэн өөрсдийгөө илүү чөлөөтэй илэрхийлж, хүссэн цагаараа ажиллах сонирхолтой байдаг учраас ажлын уян хатан цагийн хуваарийг ашиглах жишээтэй. Ер нь л насны ангилал, үе хоорондын ялгааг анзаарч ажилах нь чухал.

“Богино хугацааны өндөр цалинтай ажлын байрууд улирлын шинжтэй ихэсдэг нь ажиллах хүчний эрэлтийг огцом нэмдэг. Энэ нь ажил горилогчдын хувьд сайн талтай байж болох ч ажилтнуудаа тогтмол ажлын байраар хангаж, ар гэр, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх хэтийн зорилготой манайх шиг байгууллагад хүний нөөцөө тогтоон барих томоохон сорилт болдог. Илүү тодруулбал, дээрх нөхцөл байдалтай уялдсан цалин хөлсний системийг бий болгож, хэрэгжүүлэх шаардлага бий болж байна.”

Б.ГАНЧИМЭГ | ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, АРД АКАДЕМИ НҮТББ

Ажилласан жил: 5 жил
Байгууллагын дотоод харилцааны програм: Telegram
Хамт олноо тодорхойлох үг: Түүчээлэгч
Байгууллагын соёлоо тодорхойлох үг: Хурдтай


Өнөө цагт хэн бүхний ажиллах арга барилд нөлөөлдөг гол зүйл нь компанийн соёл буюу ажиллах орчны уур амьсгал болжээ. Тухайн компанид ямар соёл, уур амьсгал ноёлж байгаа нь тэнд ажиллаж буй аль ч насны, ямар ч албан тушаалтны бүтээмж, сэтгэл ханамжид нөлөөлдөг. Манай компани яг л уриа шигээ “Хүчтэй, хамтдаа” уур амьсгалтай.

Бидний хувьд ажиллагсдынхаа хөгжил, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдсэнээр карьерын өсөлт гаргах нөхцөлийг бүрдүүлж, талентуудыг бий болгох боломжтой гэж үздэг. Тэр ч утгаараа бидэнтэй нэгдсэн эхний өдрөөсөө л өглөө бүр зорин ирэх компанийнхаа хүндэт хувьцаа эзэмшигч болж, өдөр бүр байгууллагынхаа ресторанд үнэ төлбөргүй хооллож эрүүл мэнд болоод цаг хугацаагаа хэмнэх боломжтой.

“Биднийг зорин ирсэн ажил горилогчоос хамгийн эхэнд “Та Ард апптай юу?” гэж асуудаг. Учир нь Ард бол 1.1 сая хэрэглэгчдэдээ энэхүү аппаар үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж байгаа финтек нэгдэл. Тиймээс бидэнтэй нэгдэхээр шийдсэн л бол ажил олгогч талаа сайтар судлаасай гэж зөвлөмөөр байна.”