Өмнө нь бид "10 ертөнц, 10 өнцөг" цуврал буландаа "Baby Boomer"  болон "Z" үеийн төлөөллийг онцолж байсан бол энэ удаа миллениал буюу "Y" үеийн төлөөллөөс урин, өөрчлөлт болон үеүдийн онцлогийн тухай ярилцсан юм. 
Олон улсад миллениал (GenY) үеийнхнийг ихэвчлэн 1981-1996 он хэмээн тодорхойлсон байдаг ч одоогоор Монголд хийгдсэн энэ төрлийн судалгаа болох "Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгаа"-нд 1983-1994 онд төрөгсдийг "Шилжилтийн үеийнхэн" хэмээжээ. 

I. н.Гомбосүрэн

Бусад хүмүүсийг хэлж мэдэхгүй ээ, гэхдээ миний хувьд их сургуулиа төгсөх хүртлээ эх орондоо, ээж аавтайгаа амьдарч жинхэнэ эрх дураараа өссөн хүн. Их сургуулиа төгсөөд арлын Япон улсад "амжилт" гаргах гэж ирээд л үнэхээр их өөрчлөгдсөн дөө. Хүмүүс ярьдаг даа, амьдрал үзээгүй, ажил мэдэхгүй гээд л. Үнэндээ бол залуу хүн тийм л байна шүү дээ. Харин ч бага байхаасаа амьдрал үзээд, ажил мэдээд байвал гунигтай. Гэхдээ нөгөө талаас биеэ даах цаг нь болчихоод байхад түүнд бэлтгэгдээгүй, тийм сэтгэлийн тэнхээгүй байвал бүр ч илүү гунигтай. Харин би яг л цагтаа энд ирээд, яг л цагтаа өөртэйгээ бас амьдралтай, ачаалалтай нүүр тулсан нь азтай.

Зорилгоо биелүүлэхийн тулд идэх хоол, унтах нойроо хасаж сурсан, хэдэн давхар ажил хийсэн, хүмүүстэй танилцсан, шалгалтдаа бэлдсэн, өөрийгөө ч хөгжүүлсэн. Буцмаар, бууж өгмөөр санагдсан үеүд байсан ч зорилго минь хүчтэй болохоор айлын эрх хүү хэнд ч гомдоллолгүйгээр хөдөлмөрлөсөн. Үр дүнд нь би хүмүүсийн 4-5 жил сурч байж авдаг N1 хэлний шалгалтад жилийн дотор бэлдээд л тэнцсэн, тэр хугацаандаа овоо ч хөлөө олсон.

Гэхдээ амьдарч л байгаа бол асуудал хэзээ ч дуусахгүй. Харь нутагт байгаа хүний ганц хүүхдэд нэг л өдөр "Аав нь өөд болчихлоо" гэдэг дуудлага ирж, Монгол руугаа очиж ажил явдлыг нь дуусгаад ирэхэд Япон дахь гэр минь юу ч үгүй шатчихсан. Өөрсдөөсөө өөр юу ч үгүй үлдээд эхнэртэйгээ хөтлөлцөөд л ахиад бүгдийг эхнээс нь эхлүүлсэн. Япон улс надад зорилготой, хүчтэй байх ёстойг, унасан ч босох ёстойг, амаа хамхиж хэрэгтэй үед дуугүй байхыг, хааяа нэг доромжлуулахыг, түргэн уураа дарж буулт хийхийн чухлыг, хэрхэн ажил амьдралынхаа сайн менежер байхыг зааж өгсөн. Амьдралд ирсэн алдаа оноо, баяр хөөр, гуниг гутрал бүр хүнийг өөрчилж хөгжүүлдэг. Түүнийг л би ойлгосон. Одоо би энд хувийн компаниа байгуулж, ажилтнуудаа цалинжуулж, ээж эхнэр хоёрынхоо хамгийн том итгэл найдвар болж явна. Энэ хэвээрээ ч урагшилна.


Японд ирээд ажигласан нэг зүйл нь эндхийг төр нь, удирдлагууд нь хөгжүүлээгүй. Японыг япон хүмүүс нь, ард иргэд нь хөгжүүлдэг. Тэд бүгд "Энэ бол миний гудамж, миний дүүрэг, миний Япон" гэдэг сэтгэлээр бүх зүйлд ханддаг. Элэг нэгтнүүд минь ийм л болчихвол гэсэн бодол толгойд минь байнга эргэлддэг. Миний хувьд өөрчлөлт бол шаардлага, хариуцлага, тэвчээр юм.

II. Б.хангай

Бид яг л нийгмийн шилжилтийн үед нэгдүгээр ангид орж байсан. Бүрэн утгаараа өөрчлөлтийн сонгодог жишээ болсон үеийнхэн гэж боддог. Хүн болох хамгийн чухал үеэ социализмд, хүмүүжил төлөвшлөө нийгмийн ороо бусгаа үед, амьдрал зохиож, хувь хүн болохдоо бас нэг өөр үед гээд л. Эргээд харахад азтай ч юм шиг. Учир нь тэр цаг үе биднийг илүү дасан зохицох чадвартай болгосон шиг санагддаг.

Одоогийн миллениал үеийнхний амьдралд хамгийн их нөлөөлж буй бас нэг нийтлэг нэг зүйл нь нийгмээс гадна гэр бүл болов уу. Учир нь намайг өссөн төрсөн нийгмээс минь гадна гэр бүл, ялангуяа хоёр хүү маань ихээхэн өөрчилсөн. Тэд маань хоёул аутизмын хүрээний эмгэг гэсэн оноштой л доо. Бидний амьдралд, ялангуяа гэр бүлд маань энэ мэт ямар нэг хүнд асуудал тулгарахад "Энэнээс дор юм гэж юм байх уу даа" гэж бодогддог. Туулаад гарсны дараа эргээд харахад анхнаасаа л давах нь ойлгомжтой байсан зүйл шиг санагддаг юм. Тиймээс нас, туршлага, хүмүүжил төлөвшил гээд аль ч талаасаа бид өөрийгөө өрөвдөж, гомдол мэдүүлдэг үеэ өнгөрөөгөөд юуг ч хүлээн авч, уян хатан байхад суралцаж байх шиг байна.


Өөрчлөлт гэдэг нь миний бодлоор өнгөрснөө хүлээн зөвшөөрч, одоотойгоо нүүр тулж, ирээдүйг өөрт нь үлдээх тухай ойлголт юм. Ирээдүйд хүүхдүүдийн маань амьдрах тэр нийгэмд хүмүүс хүнийг байгаагаар нь хүлээж авч чаддаг, аливаа асуудалд өнгөцхөнөөр "болохгүй байна" гэж уцаарлахаас илүүтэй жаахан ч гэсэн шийдлийг санал болгож ёс зүйтэй шүүмжилдэг болж өөрчлөгдсөн байгаасай.

III. З.Энхмөнх

Хүн бол оюунлаг оршихуй. Тиймээс л байнга урагш өөд тэмүүлж, шинийг эрэлхийлж байдаг онцлогтой. Фридрих Ницшегийн оршихуйн тухай үзлээс үзэхэд өөрчлөлт нь өөрийгөө таних, оршихуйн учир шалтгааны тухай бодрол, эргэлзээнээс эхэлдэг гэж би хардаг. Хоёрдугаарт хөгжин дэвшиж өөрчлөгдөх нь шинжлэх ухааны үзэж байгаагаар гарцаагүй болох учиртай зүйл. Энэ нь ч үнэн санагддаг юм. Учир нь миний хувьд ч өөрчлөлт хийх хүслийг өдөөж, намайг бий болгодог зүйл нь сониуч зан, өөртөө тавих асуултууд болдог. Тэдгээр асуултдаа хариулахын тулд, мэдэхгүйгээ мэдэж авахын тулд, илүү утга учиртай амьдрахын тулд цөөнгүй зүйлсийг хийж, туршиж, суралцах хэрэгтэй болно. Ийм сэдлээр хийсэн, эрж хайсан тэдгээр бүх зүйлс эргээд намайг бүтээж, ахиулж байдаг учраас өөрчлөлтийг сайн зүйл гэж ойлгохоос аргагүй.

Бас үүнд урлагийн гэр бүлд төрж, аавынхаа өгсөн урмаар хөгжмийн чиглэлээр сурсан нь их нөлөөлсөн гэж боддог. Ер нь хөгжмийн ачаар өөрийгөө нээж чадсан шиг санагддаг юм. Аав ээжийн маань тэр шийдвэр одоо харахад зөв байжээ. Энэ талаас нь бодоход ч тэр, нийтлэлд тодотгосон шиг сүүлийн үед үе хоорондын ялгааг их ярьдаг болсон нь жаахан явцуу санагддаг. Насаар нь ангилаад бүгдийг нь нэг малгайнд хийж хайрцаглаад бөөнд нь магтаж, эсвэл шүүмжилж байгааг жаахан эмзэг хүлээж авдаг гэх үү дээ. Нийгмийн тогтолцоо, өссөн орчноор нь тодорхой хэмжээнд ангилан, онцлог онцлогийг нь тодорхойлж судлах нэг их буруу биш ч арай лавшрах гээд байна уу даа гэж хардаг юм. Хуучин бүхэн муу, шинэ бүхэн сайн гэсэн үг огтоос биш. Бид "Baby boomer" ээж аав нарынхаа ачаар л миллениал үеийнхэн болж төрсөн шүү дээ. Угтаа бол хүн хоорондын харилцаа, бие биесээ хүндэтгэх тухай л асуудал л даа.


Сүүлийн үед хийж буй ажил, өдөр тутмын амьдралын хэв маягаасаа үүдээд иргэн хүнийхээ хувьд нийгэмдээ өөрийнхөө дуу хоолойг хүргэх хэрэгтэйг, тийм чадвартай болохыг, ерөөс өөрчлөлтийг бий болгохын тулд би өөрөө оролцох ёстой юм байна гэдгийг илүү ихээр ойлгох болсон.

IV. Б.Мягмарсүрэн

Нэлээд хэдэн жилийн өмнө фэйсбүүкт бичсэн бичвэрээсээ болоод хүндэлж явдаг хүнээсээ зэмлэл ч юм шиг, зөвлөгөө ч юм шиг жинтэйхэн үг сонсож билээ. “Би чамайг ямар хүн гэдгийг мэднэ. Чиний бичсэн чинь ч үнэн. Гэхдээ аливаа юмны мууг нь түрүүлж хардаг хүмүүс юмыг хэзээ ч бүрэн дүүрэн ойлгодоггүй юм. Тиймээс өөрийн зөв гэж үзээд, итгэж үнэмшсэн зүйлээ фэйсбүүкд бичиж биш харин үйлдлээрээ үзүүлж үзэл бодлоо бодитоор хамгаалж бай.” гэж хэлсэн. Түүнээс хойш би сошиал медиаг сэтгэл хөдлөлөөрөө хөтлөхөө больж, аливаа зүйлд бодитой хандахыг хичээдэг болсон. Энэ үгс өнөөдрийн миний амьдралд өөрчлөлт авч ирсэн хамгийн том нөлөөллүүдийн нэг.

Ер нь манай үеийнхний нэг онцлог бол Baby boomer, X үеийнхэн болон одоогийн хэлж заншсанаар Z үеийнхний холбоос болдог. Монгол орон зах зээлийн шилжилтэд орж байх үед бага насаа өнгөрүүлсэн учраас бусад үеийнхнийг бодвол илүү өөрчлөлтөд бэлэн, бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, өөртөө дүгнэлт хийх тал дээр хөгжсөн шиг санагддаг. Тиймээс үг даах, түүнийг зөвөөр хүлээж авахдаа муугүй болов уу. Сул тал гэвэл үеийн онцлогоос үл хамааран сэтгэл зүтгэлгүй, зөв хандлагагүйгээсээ болоод бахархам үүх түүх, үзэсгэлэнт байгаль, оюуны өндөр чадамж гээд бүх л давуу талуудаа үр дүнтэй ашиглаж чаддаггүй нь. Тийм болохоор бүх нийтээрээ зөв хандлагатай, сэтгэлтэй, хариуцлагатай болоосой л гэж хүсдэг.


Өөрчлөлт гэдэг нь өөр зүйлийг хүлээн авч, зөвшөөрнө гэсэн үг. Бусдыг өөрчлөх гэж зүтгэснээс өөртөө өөрчлөлтийг зөвшөөрөөд, бусдаас хамааралгүй эхлүүлээд явж байх нь илүү хялбархан юм шиг. Тиймээс өөрчлөлт гэдэг нь миний бодлоор судлах, хөгжих, хүлээн зөвшөөрөх үйл явц.

V. Л.Давхарбаяр

Туулж өнгөрүүлсэн, одоо ч туулж яваа зам болгон нь тухайн хүнийхээ түүх байдаг. Өчигдөрхөн болоод өнгөрсөн үйл явдал өнөөдөр яг ижилхэн давтагдах боломжгүй байхад он жилүүдийн ялгаа бол бүр ч том сэдэв байх нь гарцаагүй. Тиймээс үе хоорондын ялгаа их бага хэмжээгээр байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү ялгаатай гээд хоорондын харилцаан дээрээ хана босгоод "Та нар угаасаа л ийм, чамайг ойлгохгүй юм байна" гээд хэт нэг талыг бариад байж боломгүй. Нэг цаг үе, нэг л нийгмийн системд одоо хамт амьдарч байгаа тул зөвөөр ойлголцож, бие биесээ дэмжиж, бага нь томоосоо суралцаж, ах нар нь дүү үеийнхнээ ойлгож туслаад, бие биедээ хүндлэлтэй, буулттай байхад л болчихно шүү дээ. Сайн харвал үе хоорондын ялгаа гээд байгаа зүйл өнгөцхөн юм шиг санагддаг.

Жишээ нь, бидний хувьд хоёр өөр нийгмийн үед төрж өссөн гэдэг нь хүний мөн чанар, хүнлэг энэрэнгүй байх сэтгэхүйд маань нөлөөлөх хүчтэй шалтгаан болж чадаагүй л болов уу. Аль ч цаг үед амьдарч байсан бүгд л ижилхэн суралцаж, ажил хөдөлмөр хийгээд, хүсэл зорилго, гэр бүлийнхээ төлөө үнэт цагаа зарцуулдаг. Хоёр нийгмийн бага зэргийн ялгаа харагддаг ч энэ нь өнгөн хэсгийн ялгаа буюу соёл урлаг, техник технологи, уншиж харж сэтгэж байгаа зүйлсэд л бий. Түүнээс бол дотоод мөн чанарын хэсэг буюу үндсэн хүн байх, хүнлэг байх зарчим өөрчлөгдөөгүй хэвээр л байгаа.

Харин ямар цаг үед төрсөн, ямар хүмүүсийн дунд өсөж хүмүүжсэнээс үл хамаараад хүн бүхэнд сониуч зан байгаасай гэж хүсдэг. Сониуч зан минь л өнөөдрийн намайг бүтээсэн гэж боддог. Хүүхэд байхдаа ааваасаа "Яагаад энэ зүйл ийм байгаа юм, ямар учир шалтгаантай юм бэ" гэх мэтээр асууж шалгаадаг байсан би том болох тусмаа асуултынхаа хэмжээ, сэдвийг өөрчилсөн ч байнга асуусаар, судалсаар л байсан. Одоо бол гаднаас гэхээс илүүтэй өөрөөсөө, дотроосоо оршихуйн тухай маш их асуудаг, эрэлхийлдэг болсон байна. Энэ л сониучхан, буй зүйлсийн гол учир шалтгааныг мэдэхийг хүсдэг зан хүнийг жинхэнээс нь өөрчилдөг.


Бүгдээрээ дотоод ухамсартаа эрэл хайгуул хийдэг байгаасай. Энэ явцдаа шантарч унтралгүйгээр, өдөр тутмын ажил, үүрэг хариуцлага дотроо хэт төөрөлгүйгээр дотоод эрэлхийллээ олохын төлөө байнга сониуч байж, хүн байх хөгжилдөө зориулж цаг гаргадаг байгаасай гэж хүсдэг. Миний бодлоор жинхэнэ өөрчлөлт өөрөө өөртөө зөв асуулт тавихаас эхэлнэ.

vi. Н.Хулан

Миний ажлын үүх түүх тэр чигтээ миллениал үеийнхний амьдралын гэрч юм шиг санагддаг. Их сургуулиас хойш хэдэн жил корпорацын шатлалтай уламжлалт ажлын байранд орж ажилласан. Тэндээ удаад, уйдаад сүүлдээ бүр ядраад хувиараа бизнес эрхлэх болсон. Бизнес эрхэлж хэсэг яваад бас л олон шатлал, татвар, түрээслүүлэгчийн дарамт шахалтыг мэдрээд одоо бол сошиал медиа дээр 100 хувь төвлөрөн ажиллаж байгаа. Ер нь манай миллениалууд л олноороо карьерын ийм өөрчлөлтийг үзэж яваа байх. Z үеийнхэн одоо корпорацын шатлалтай ажлыг нэг их сонирхохгүй л болов уу.

Надад нээрэн бас яг интернэт шилжилтийн үеэр амьдарсан маань их сонирхолтой санагддаг шүү. Хүүхэд байхад интернэттэй хамгийн төстэй нь кабелийн суваг, тамагочи тоглоом л байсан. Өсвөр насанд интернэт кафе, Hi5 гарч ирсэн. Ажлын байранд гараад байнга Yahoo Messenger хэрэглэдэг байсан. Харин одоо үүлэн технологи дотор амьдарч, ажиллаж байна гээд л… Ингээд бодохоор өөрчлөлт гэдэг чинь манай үеийнхний амьдралын хэв маяг юм биш үү?


Өөрчлөлт бол миний хувьд шинэ зүйл сурах, шинийг эрэлхийлэх, шинэд тэмүүлэх аялал.

vii. С.Отгонбат

Ер нь би 2-3 жил тутамд амьдралдаа ямар нэгэн шинэ алхам хийдгээ анзаарсан. Ээлжит нэгэн жил нь 2020 он байлаа. Хувиараа бизнес эрхлэхээр шийдсэн минь сүүлийн хэдэн жилд тохиолдсон чухал өөрчлөлтийн нэг байсан юм. Урьд нь зөвхөн сайн гүйцэтгэгч байхыг л хичээдэг байсан бол одоо өөрийгөө боломжит дээд хэмжээнд тултал нь дайчилж, өдөр бүр зогсолтгүй суралцаж, илүү хариуцлагатай, тэвчээртэй, няхуур байх шаардлагатай болж байна. Хувийнх болохоор хүссэн үедээ өөртөө чөлөө өгч, цаг гаргаж болохоор мэт санагдавч бизнесийн орчин надаас өдөр бүр ийм л байхыг шаардаад, шахаад байх шиг санагддаг. Энэ салбарт хөл тавьснаас хойш яг л "Матрикс" кинонд гардаг ертөнцөд амьдарч байгаа мэт санагдаад байх болсон доо.

Ер нь сурч хөгжих, боловсрох тал дээр манай үеийнхэн чанаргүй, эмх цэгцгүй, завсрын боловсролын системтэй үед суралцчихсан нь харамсалтай санагддаг. Тиймээс тэр дутуу боловсрол, мэдлэг, чадвараа маш хурдтайгаар нөхөхийг цаг үргэлж хичээж явна. Ингэж боддог болохоор ч тэр үү бүх нийтийн боловсролын чанарыг дээшлүүлэхийг хүсдэг. Миний бодлоор үүний шийдэл нь энэ цаг үед онлайн боловсролын чанар дээр төвлөрөх болов уу.


Өөрчлөлт гэдэг бол хүнд амьдрах эрч хүчийг өгдөг зүйл. Үүнийг хийхэд чин хүсэл, бас багахан зориг л хэрэгтэй.

viii. Г.эрдэнэбилгүүн

Өнгөрсөн жилийг хүртэл амьдралд минь, ер нь гаргасан шийдвэр болгонд минь бусдын үг, бусдын бодол хүчтэй нөлөөлдөг байлаа. ЕБС-аа төгсөөд завсар жил (Gap year) авахыг хүсэж байсан ч "Гантулгын бага охин их сургуульд орж чадаагүйдээ гэртээ суугаад, цагийн ажил хийгээд явна гэнэ" гэж хэлүүлэх вий гэж айсан. "Үеийнхэн маань бүгд их сургуульд орчихлоо, би л ганцаараа үлдчихлээ" гээд өөрийгөө зүхэж, харамсахаас бас айсан. Ажлын талбар дээр гараад ч мөн адил, "Хүмүүс юу гэж бодох юм" гэдэг үгийг сонсож өссөн сэтгэхүйгээрээ хандсан даа.

Биеэ даах, шинэ соёлд суралцах, хэлний чадвараа ахиулах, өөр ертөнцтэй танилцах зорилгоор соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдаж АНУ-д хоёр жил орчим ирэн очин, үүнээс сүүлийн нэг жилд нь суурин байж олон өөр орноос ирсэн үеийн залуустай зэрэгцэн ажиллаж амьдарч байна. Энэ жил гарсан цар тахлын асуудлаас болоод хөтөлбөр маань дундаа цуцлагдаж, мөнгөгүй, бүр байрлах газаргүй болсон ч үе бий. Тэр үед өмнө нь танилцаад, хэдхэн удаа л юм ярьж байсан Атина хэмээх нутгийн эмч бүсгүй надад тусалж, улмаар би хэсэг хугацаанд гэрт нь хамт амьдарсан юм. Тэр богинохон хугацаанд Атина намайг өдийг хүртэл өөртэйгээ хамт салгалгүй авч явсан нийгмийн хүлээс, уламжлалт сэтгэлгээнээс чөлөөлөөд өгөх шиг л болсон. Учир нь тэр, бусдыг халамжилж, ямар ч шүүмжлэлгүйгээр анхааралтай сонсож, урам зоригоор тэтгэж хамгийн гол нь өөрийгөө хайрлаж, хүндэлж чаддаг хүн байсан. Түүнээс би өөртөө үнэнч хийгээд зөөлөн хандаж байх нь хэчнээн чухал болохыг ойлгож авсан юм. Яг үеэр нь яривал Атина "Baby boomer" хүн шүү дээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ би Атинагаас илүү "Boomer" байсан. Тэгэхээр үеийн ялгаа насанд биш сэтгэхүйд байдаг юм билээ.

Одоо би өмнөх шигээ бусдыг гомдоохоос бэргэсэндээ хэлснийг нь хүлцэнгүй дагадаг биш, харин өөрийгөө зөвөөр илэрхийлж ойлгуулахад анхаардаг болсон. Өөрийнхөө явах зам, өөрийнхөө гаргасан шйидвэрээ бусдын хэл амнаас ангид байлгаж сурч байгаа. Өдөр өдрөөр улам мундаг болж байгаа үеийнхнээ харж шаналалгүй, амьдралыг уралдаан биш гэдгийг ухаарч байгаа. Өөрийгөө таньж, ойлгож мэдрэх уг чухал өөрчлөлт надад ирэх энэ үеийг хүртлээ өөрийгөө хүнтэй суугаагүй, бусдын өмнө хариуцлага үүрээгүй байгаадаа үнэхээр их талархсан шүү. Эрт хүнтэй суух буруу гэж байгаа юм биш шүү. Зүгээр л эрт гэр бүл зохиож, эцэг эх болоход хэтэрхий түүхий, ямар ч бэлтгэлгүй над шиг төрлийн хүмүүс байдаг юм. Залуу гэр бүлүүд салаад байдаг нь ч үүнтэй холбоотой байх гэж боддог. Одоо бол ойрын хагас жилдээ багтаад харих төлөвлөгөөтэй байгаа. Учир нь АНУ-аас авах хамгийн том зүйлээ, хамгийн том хичээлээ авч чадсан гэж бодож байна.


Манай нийгэм хүнийг зүгээр л хүн гэж хүлээж авдаг болоосой гэж хүсдэг. Сонголт бүрийн цаана өөр өөр түүх, өөр хүн бий. Тэр болгоныг өөрийнхөө стандартад нийцүүлэх гэж дайрдаггүй, шүүдэггүй, бусдын орон зайг хүндэлдэг болоосой. Залруулж хэлэхэд, бидний үеийнхэн бусдын ярьж байгаа шиг залхуу, шантрамтгай биш ээ. Зүгээр л дундаас нь орхисон тэр бүхнээсээ ашигтай, давуу талыг нь олж харахгүй, эргээд цагаа хий дэмий зүйлд гарздах вий гэж л болгоомжилсон хэрэг. Манай үеийнхнийг зөвөөр ойлгож, бас өөрсдөө зөвөөр ойлгогдохыг хүсвэл бидэнд зүгээр л энэ зүйл үнэхээр хэрэгтэй үгүйг уурлаж уцаарлалгүй, хорон үг ашиглалгүй нөхөрсгөөр ойлгуулахад болно. Тэр л хангалттай. Бидэнд одоо "юм сурна шүү дээ" гэдэг тодорхойгүй үгээр халхалсан субъектив хандлага бус, харин маш тодорхой объектив, хэмжигдэхүйц үнэ цэн хэрэгтэй байна. Учир нь ирээдүй маань биднээс үүнийг л шаардаад, шахаад байгаа юм.

ix. Ц.Баянбат

Хүүхэд байхад аав минь надад цагаан толгой унших, бичихийг заадаг байсан юм. Нэг удаа би "Үхэр хариулав" гэдэг өгүүлбэрийг үсэглэн унших даалгавар аваад "аав...үх...үхээ..." гээд л үг үсгээ урд хойно нь оруулаад, хамаа замбараагүй уншиж гарлаа. Тэгсэн аав буруу ойлгоод "Юу гэнэ ээ, чи намайг үх гэж байгаа юм уу?" гээд хоёр гарыг минь удтал өргүүлээд зогсоож билээ. Хүүхдийн эрхийг заримдаа хэт гэмээр хөөсрүүлж ойлгох болсон өнөөгийн нийгэмд хэрцгий санагдаж магадгүй л юм. Гэхдээ тухайн үедээ бол би аав надад хайртайг мэддэг, өөрөө ч алдаа гаргаснаа ойлгож байсан болохоор үгэнд нь ороод зүгээр л гараа өргөөд зогссон.

Одоо ч тэр үеийг эргээд бодохоор аавдаа уурлаж гомдох нь битгий хэл харин ч хариуцаж авсан үүрэг даалгавраа сайн гүйцэтгэж байхгүй бол дараа нь түүнийхээ горыг хэд дахин, бүр илүү чангаар мэдрэх юм байна гэдгийг эртнээс ойлгуулсанд нь талархдаг юм. Ер нь тэр үйл явдал намайг цаашид юуг ч хойш тавилгүй өгөгдсөн цаг хугацаанд нь чанартай сайн хийж байхыг ойлгуулж чадсан санагддаг. Тиймээс өөрчлөлт ямар ч хэлбэрээр ирж болно, түүнийг зөвөөр л хүлээн авч чадвал ирээдүйд амьдралын том хөрөнгө оруулалт болно шүү.


Аливаа юмс цаг минут тутам хувьсан өөрчлөгдөж байдаг. Харин хувь хүний ухамсар хүмүүжлээс хамаараад тэр өөрчлөлт сайн эсвэл саар байх эсэх нь шийдэгдэнэ.

Х. П.Номинбилэг

Миний бодлоор хүнийг өөрчилдөг гол хүчин зүйл нь хүрээлэл юм шиг. Анх их сургуульд суралцахаар Москваг зорихдоо бүрэгдүү, зожиг хүүхэд байсан бол төгсөөд ирэхдээ өөр хүн шиг л болсон байсан. Тэс өөр орчинд, тэс өөр байдлаар сэтгэдэг, өөрийгөө илэрхийлдэг хүмүүс, тэр дундаа латин америк, грекүүдийн дунд орж амьдарсан минь байрныхаа хүүхдүүдтэй ч тоглодоггүй, ном уншихаас өөрийг хийдэггүй охины хувьд том өөрчлөлт байж билээ. Аливааг өөр өнцгөөс харна гэдэг тал талын ашигтай зүйл. Түүний ачаар өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрч, ямар ч үед өөрийгөө илэрхийлэхээс эмээдэггүй, илүү тайван болсондоо баярлаж, хувь заяанд (ер нь бол ээждээ) талархаж явдаг даа. Төгсөж ирээд сонинд ажиллах болсноор өөр нэг хэсэг “нөлөө бүхий” нөхдөөр хүрээлүүлж авсан. Тэд минь одоо ч намайг бүтээлцэж байгаа.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд амьдралд гарсан гол өөрчлөлт гэвэл тусдаа гарсан минь юм уу даа. Тавдугаар сарын сүүлчээр санагдана, нэг л өглөө ингэхэд хэзээ болтол төрсөн гэртээ байх билээ гэж бодож сэрсэн. Тэр даруйхан хөөцөлдөж эхлээд, хоёр сарын дараа гэхэд өөрийн гэсэн орон гэртэй хүн, нүүгээд орчихсон сууж байлаа. Үеийнхний хувьд мэдээжийн санагдаж болох энэ алхам миний хувьд тэр өдрийг хүртэл санаанд ч ороогүй зүйл байлаа.

Хүн олон чадварыг зэрэгцүүлж мэргэших шаардлагатай болж байгаа нь магад өнөөгийн нийгмийн хамгийн том өөрчлөлт байх. Бүх л мэргэжлийн хүрээнд тэр шүү дээ. Хэдий тийм ч гэлээ нэг л ур чадвараа тултал нь гаргаж, гүйцэтгэж чаддаг байхад хүн алзахгүй гэж боддог. Бас, энэ настай холбоотой хошигнолоо больцгоомоор. 1000 хэлбэл үнэн болно гэдэг шиг, өөрсдийгөө хөгшин гэж үнэхээр бодоод яваа залуухан улстай тааралдах юм. Түүнээсээ болоод бүгд битүүхэн айдастай, тэр нь комплекс болсоор л.

Өөрчлөлт бол зайлшгүй зүйл. Түүнийг хийх зориг, эрмэлзэл байх үгүй нь тусдаа хэрэг. Өөрчлөлтөөс эмээдэг хүн өндөр амжилтад барагтай хүрдэггүй гэлцдэг шүү дээ.Тэгэхээр хурдацтай ахиж дэвшье гэвэл урагшгүй байгаа зүйлсээ өөрчлөх зориг эрмэлзэлтэй байх ёстой юм болов уу.

"Голомт" банкны "SocialPay" аппликэйшний #SoEasy аян зорилгодоо тууштай, хүссэнээрээ амьдарч мөрөөдлөө бодит болгон амжилттай яваа залуусын төлөөллийг онцлон танилцуулахаар “Монгол залуус” төслийг эхлүүлээд буй. Уг төслийн хүрээнд залуу мэргэжилтнүүдийг дэмжих зорилгоор энэхүү контентыг бүтээлээ.