Уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ "Mining Week 2022" энэ долоо хоногийн турш үргэлжилж байна. Засгийн газар, хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагч, иргэний нийгмийн байгууллага, салбарын эрдэмтэн судлаач зэрэг олон оролцогч тал асуудал, шийдлээ хэлэлцсээр өндөрлөх цаг дөхжээ. Уг арга хэмжээг зорин ирсэн олон төлөөллийн байр суурь, үзэл бодол, хэрэгжүүлж буй бодит төслүүдийн тухай товч ярилцлаа. 


I. ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХАРИУЦСАН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Э.ЛХАГВА 


Дэлхийн хөрөнгө оруулалтын сангийн зургаас Монгол Улс бүдгэрсээр л байна. Манай улсад 2012 оноос хойш гаднын хөрөнгө оруулалт тогтмол буурсан. Гэхдээ энэ салбар хөгжих үү, үгүй юу гэдэг мэтгэлцээнийг хагалах хэрэгтэй.

Орон нутагт уул уурхай хэрэггүй гэдэг ч төсвийн дэмжлэг авсан уул уурхайтай аймгууд өрсөлдөх чадвар өндөртэй байдаг. Булган, Өмнөговь Дорноговь зэрэг аймаг эхийн эндэгдэл багатай, эрчим хүчний нөөц сайтай, хүүхдүүдийн боловсрол сайн, багш нар нь англи хэлтэй.

Бид үндэстнийхээ хувьд эрдэс баялгийн салбарыг хэрхэн тогтвортой хөгжүүлэх, хариуцлагатай уул уурхайг албан бус үйл ажиллагаанаас ангилж харах, төр нь хэрхэн оролцохыг нэг талд нь гаргахгүй бол их удаан ярилаа.

Бидэнд уул уурхайгүй хөгжинө гэх ирээдүй харагдахгүй байна. Тэгвэл яаж хариуцлагатай бөгөөд ойлгомжтой болгох, төрийн өмчит компаниуд эсвэл хувийн хэвшил манлайлах уу гэдгийг нэг талдаа гаргах шаардлагатай. Үүнийг дангаараа шийдэх аргагүй. Төр засаг салбараа, оролцогчдоо сонсохгүй бол явахгүй. Тиймээс энэ арга хэмжээг зохион байгуулж байна.

Хувь хүний зүгээс сүүлийн жилүүдэд чөлөөт хэвлэл хумигдаж байна уу даа гэж хардаг. Нөгөө талдаа эрдэс баялгийн салбарыг зөвөөр ойлгуулах үүрэг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд бий. Сэтгүүл зүйн сургуулиуд эдийн засаг, санхүү, уул уурхай, чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх шаардлага зайлшгүй үүссэн. Тиймээс бид “Тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагын зөвлөл”-тэй хамтран сэтгүүлчдийг мэргэшүүлэх хоёр, гурван жилийн урт хугацааны хөтөлбөр явуулж ирсэн.

Сэтгүүлчдийг мэргэшүүлэх, бусад сайн жишгүүдийг харуулах, мэдээллийг ил тод болгох байдлаар хамтарч ажиллаж ирсэн. Цаашид ч үргэлжлүүлнэ. Бид сэтгүүл зүйн таван их сургуультай хамтарч ажиллахаар урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Сошиал медиа, хуурамч мэдээлэл дунд хүн болгон нийтлэгч болсон энэ үед сэтгүүлчид салбараа ойлгох, зөв асуулт тавих, биднийг хариуцлагатай үйл ажиллагаа явуулахад хянах үүрэг бий. Түүнийгээ сайн гүйцэтгэх ёстой.


Хэвлэл мэдээлэл бол ардчиллын тулгуур элементийн нэг. Мэдээлэл хангалттай олон эх сурвалжтай түгснээр олон нийт сайн шийдвэр гаргана. Манай орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компанийн эзэн хэн бэ, хаанаас хөрөнгө оруулалттай вэ, байгаль орчны үнэлгээ хэр гарсан бэ гэх зэрэг мэдээлэлтэй байх хэрэгтэй.

Unread


Уул уурхай хүнд үйлдвэрийн яам Геологийн газрын дарга Б.Уянга


Гаднын зочид нэг долоо хоногийн турш манай салбарын талаарх цогц мэдээлэл авах боломжтой арга хэмжээ болж байна. Геологийн газрын хувьд хөрөнгө оруулалт шаардлагатай, цаашдаа уул уурхай болж хөгжих боломжтой төслүүдийн танилцуулгыг бэлтгэж оролцлоо.

Газрын хэвлийгээс олборлолт хийхээс гадна өөрөөр хөгжүүлж болох шийдэл нь гео-парк юм. Энэ сэдвийг хүмүүс ярилцдаг ч газар авдаггүй. Энгийнээр тайлбарлавал, хүүхдүүдэд динозаврын амьдарч байсан газрыг нь үзүүлье гэвэл дуртайяа дагаад явах байх. Аялангаа суралцах боломжийг гео-аялал жуулчлал олгодог.

Энэ нь байгалийн унаган төрхийг хадгалж авч үлдэх, тухайн орон нутагтаа ажлын байр бий болгохоос гадна хэрхэн бий болсныг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах үндсэн гурван концепттэй. Үүнийг БНХАУ маш сайн хөгжүүлж, дагаад орон нутгийн эдийн засаг нь хөгжсөн.

Манайд одоогоор ТББ, судалгааны байгууллагууд боломжит өнцгөөс харж, тус тусдаа хөгжүүлж буй оролдлогууд бий. Өв соёлоор тулгуурлан аялал жуулчлал хөгжиж л ирсэн. Тэгвэл заяагдмал боломж буюу байгалийг гео-парк байдлаар хөгжүүлбэл гаднын болон дотоодын аялагч нэмэгдэж, аялал жуулчлал тэлэх, энэ чиглэлээр сонирхон судалдаг судлаачдыг урих боломжтой.



Рио Тинто Монгол ХХК Гадаад харилцаа, Хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Даваасүрэн


Дэлхий даяар ашигт малтмалын нөөц, орд газрууд ил хэлбэрээр олдох нь ховордсон. Тиймээс уул уурхайн ирээдүй далд уурхай руу шилжиж байна. Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 хувь далд уурхайд байдаг. Далд уурхайг олборлох олон арга байдаг ч хамгийн сүүлийн үеийн, шинэлэг арга нь блоклон олборлох арга юм.

Энэ технологийг дэлхийд хоёрхон компани эзэмшдэгийн нэг нь “Рио Тинто” компани. Оюу толгойн далд уурхайг хэрэгжүүлж буй компанийн хувьд Монгол Улсад уг аргыг танилцуулах, ирээдүйн уул уурхайн мэргэжилтнүүд, салбарын судлаачдын дунд хоёр дахь удаагийн олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Блоклон олборлох арга сүүлийн 20 жилд идэвхжиж, олны анхааралд өртөж эхэлсэн. Өнгөрсөн жил эхний хэлэлцүүлгийг зохиоход эрдэмтэн, судлаач, салбарын мэргэжилтнүүд зэрэг 1200 гаруй хүн оролцсон. Рио Тинто компани далд уурхайн блоклон нураах аргын мэргэжилтнүүд, олон улсын зөвлөхүүдийг авчирсан.

Мэдээлэл авах сонирхол, эрэлт маш их байсан. Зөвхөн уул уурхайн үйл ажиллагаанаас гадна Рио Тинто компани монголын залуус, уурхайчдыг блоклон олборлох чиглэлээр дэлхийн хэмжээний мэргэжилтэн болгох боловсон хүчнийг бэлдэх зорилготой. Энэ хүрээнд бид ШУТИС-тэй хамтран таван жилийн хугацаанд 2.4 сая ам.долларын хөрөнгөөр геотехникийн чиглэлийн бакалавр, магистрын хөтөлбөр нээсэн.


Монгол Улсыг бүсийн хэмжээний далд уурхайн судалгаа, шинжилгээний төв болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр гадаад оюутнууд ирж суралцах, Оюу толгойн далд уурхайд дадлага хийж мэргэжлээ дээшлүүлэх боломж олгохыг зорьж байна.

Unread


“Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын үүсгэн байгуулагч О.Туяа 


“Эрдэнэт” ТӨҮГ-ын 40 жилийн ойн хүрээнд 2018 онд "Уул уурхай ба эмэгтэйчүүд" чуулганд орон нутаг бүрээс уурхайчин эмэгтэйчүүдийн 400 гаруй төлөөлөл ирж байсан. Дараа жил нь “Эрдэс баялаг ба эмэгтэйчүүд” үндэсний чуулган болон өргөжиж, 600 гаруй оролцогчидтой зохион байгуулсан. Уг чуулганаар эмэгтэйчүүд бид дуу хоолойгоо нэгтгэх санаачилга гарсан.

Миний хувьд Багануурын уурхайн нүүрс, судалгаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаад салбарынхаа эмэгтэйчүүдийн дуу хоолой болох үүргийг хүлээж Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоог хамтран байгуулсан. Анхны төсөл маань уул уурхайн салбарын 98 жилийн түүхэнд хэн, хаана, юу хийж байсан тухай номыг зохиолч Бат-Уянгатай хамтран бүтээсэн.

Бид эрдэс баялгийн салбарт эмэгтэйчүүд өөрсдийн ур чадвараар амжилтад хүрдэг тогтолцоог бүрдүүлэх эрхэм зорилготой. Үүний тулд эмэгтэйчүүд бүтээдэг, чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй. Хариуцлагатай уул уурхайг манлайлахад эмэгтэйчүүдийн оролцоо юу болох, том зургаар уурхайчин бүрийн дуу хоолой болохоор ажиллаж байна.

Налайхын нүүрсний уурхайд 1931 онд анх эмэгтэй хүн ажиллаж байсан. Гэтэл 1985 оноос уул уурхайн салбар нь эмэгтэйчүүдэд ажиллахад хүнд хэмээн үзсэн тул хүнд машин барихыг хязгаарлах тушаал гарч 2000 оны эхээр эмэгтэй операторчин бэлдэх үед уг тушаал өөрчлөгдсөн.

Мэдээж тухайн үеийн техник, технологи өөр байсан. Эмэгтэй хүн операторчин хийхэд машины жолоо нь хүнд байсан бол одоо хөнгөн болсон. Уул уурхайн салбарт техникийн шинэчлэлийн дөрөв дэх үе явж байна.

Манайд 30, 40 жилийн өмнө хязгаарлаж байсан ашигт малтмалын баяжуулалтын мэргэжил нь металлургич болсон. Энэ мэргэжил металл орсон бүх юмсыг судлан шинжилдэг. Магадгүй сансар судлалаар НАСА-д ажиллах боломжтой болсон. Орчин нөхцөл хүндээ ээлтэйгээр загварчлагдаж буй хэрэг.


Орчин цагийн техник технологи нь хүйсэд биш хүндээ ээлтэй болж шинэчлэгдсэн. Уул уурхайн ажил биеийн хүчээр бус ур чадварын хүчээр хийхээр өөрчлөгдөж байгаа тул мэргэжлийн чиглэл, мэргэжил сонголт асар өргөжиж байна.

Unread


Оюу толгой ХХК-ийн орон нутаг хариуцсан Ерөнхий менежер С.Сугар


Оюу толгой компани орон нутгийн харилцаа нийгмийн гүйцэтгэлийн тогтолцоог сүүлийн 20 жилийн хугацаанд сайжруулан хэрэгжүүлсээр байна. Энэхүү тогтолцооны дагуу орон нутгийн онцлог, ялгаатай байдалд тулгуурлан орон нутгийн харилцааг загварчлан хэрэгжүүлдэг.

Компанийн нийгмийн харилцаа үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй. Орон нутагт үйл ажиллагаа явуулахдаа хамтын ажиллагааг хэрхэн өрнүүлэх, танин мэдэх, тухайн үйл ажиллагаанаас гарах нөлөөлөл зэргийг үнэлдэг. Үүнээс иргэдтэй мэдээлэл солилцох, эргэх холбоотой ажиллах төлөвлөгөө гаргадаг. Энэ нь мэдээлэл хүргэх, зөвшилцөх, санал авах, тайлагнах процесс юм.

Компанийн үйл ажиллагааг орон нутагт танилцуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг үйл ажиллагаандаа тусган өөрчилж болно. Энэ нь найрсаг харилцаа үүсэх суурь алхам юм. Тэндээс хамтарч ажиллах ерөнхий төлөвлөгөө гарч ирнэ. Жишээ нь, Оюу толгой компани орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, ханган нийлүүлэлтийн хамтарсан ажлын хэсгүүд байгуулж, гомдол санал шийдэх механизм бүрдүүлсэн.

Мөн орон нутагт нийгэм эдийн засгийн суурь судалгаа, нийгмийн нөлөөллийн үнэлгээ заавал хийх ёстой. Бид Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн суурь судалгаа, байгаль орчны үнэлгээг цогцоор нь хийж таван жилийн хугацаатай шинэчилдэг.


Бидний үйл ажиллагаанаас орон нутгийн нийгэм, эдийн засаг, соёлд бий болгож буй өөрчлөлт, түүнийг арилгах үйл явцад иргэдийн оролцоог хамруулахаар ажилладаг.

Unread


Монгол нүүрс ассиоциацийн Гүйцэтгэх захирал  Ж.Золжаргал 


Тавантолгойн орд коксожсон нүүрс үйлдвэрлэдэг. Кокстой нүүрсийг дангаар нь олборлох боломжгүй тул эрчим хүчний нүүрс гарч ирдэг. Гэвч тээвэрлэх боломж, хүчин чадал тааруу тул гадагш борлуулж чаддаггүй. Хүчин чадал нэмэгдэхийн хэрээр борлуулах боломжгүй олон сая тн эрчим хүчний нүүрс үүсдэг. Тиймээс ямар нэгэн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй.

Юу хийх вэ гэхээр хийжүүлээд шингэн түлш, хуванцар өндөр үнэтэй материал гаргаж болно. Түүнийг Хятадаас гадна гуравдагч орнууд руу өндөр үнэтэй борлуулах боломжтой. Ийм том төслийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын жишгээр эхлээд туршилтын үйлдвэр заавал барьдаг. Тиймээс туршилтын үйлдвэр барих тухай “Эрдэнэс Тавантолгой” компанийн бизнес төлөвлөгөөнд орсон.

Тэр хүрээнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт технологийн хэлтэс хариуцаж, МУИС, ШУТИС, ШУА, нүүрс ассоциаци баг болж хамтран ажилласан. Жилдээ 900 тонн нүүрс боловсруулж, 300 орчим тонн бүтээгдэхүүн гаргах туршилтын үйлдвэрийн технологийн схем зохион, урьдчилсан 3D зураг зурж, хөрөнгө оруулалтын тооцоо болон борлуулалтын орлогыг ойролцоогоор тооцсон. Үргэлжлүүлэн дараагийн шатандаа орох ёстой.



АУМ алт ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавзандорж


Уул уурхай ба орон нутгийн харилцаанд тулгамдаж буй олон асуудал бий. Гэхдээ өнөөдрийн бидний амьдарч буй нийгэм 1980, 1990-ээд оноос огт өөр болсон. Залуус 50, 60 жилийн дараа Монгол Улсыг ямар болгох вэ гэдэгт дор бүрнээ хариуцлагатай байх ёстой.

Норвеги, Швед зэрэг оронд ашигт малтмал олборлогч компаниуд орон нутгийн сандаа тодорхой зардлуудыг тооцсон байдаг. Эрдсийн санг нэмэгдүүлэх буюу тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд орлого эсвэл олборлолтынхоо хоёр хувийг тухайн сандаа урьдчилж байршуулдаг. Энэ бол зөв гарц.

Төрөөс тусгай зөвшөөрлөөр хайгуул хийж хөрөнгө олж байгаа бол баг, сум, аймгийн хөгжүүлэх санд ашигт малтмалын хоёр хувийг үлдээх ёстой. Энэ бол хууль гэлтгүй компанийн хариуцлагын асуудал юм. Мэдээж уул уурхайн салбар зургаа, долоон сарын турш богино хугацаанд ажилладаг тул компаниудад хүндрэлтэй.

Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд хийж эхэлбэл сайн жишиг тогтоно. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд нэгдүгээр нөхөн сэргээлт, хоёрдугаарт нийгмийн хариуцлагаа ухамсарлах нь чухал.



“Mining Insight” сэтгүүлийн хамтран үүсгэн байгуулагч, Тогтвортой хөгжил, Нийгмийн хариуцлагын зөвлөлийн УЗ-ийн дарга О.Батболд 


Өнгөрсөн жилийн наймдугаар сард хамтрагчидтайгаа нийлэн “Mining Insight” сэтгүүлийг үүсгэн байгуулсан. Уул уурхайн салбарт мэргэжлийн сэтгүүлчид болон редакцууд цөөн бий. Сэтгүүлчид мэргэшсэн сэдвээрээ тогтмол бичдэг, дүн шинжилгээ, анализ хийдэг байх үүднээс үүсгэн байгуулсан. Жил гаруйн хугацаанд 10 дугаар гаргасан байна.

Уул уурхай бол хайгуул, олборлолт, бүтээн байгуулалтын олон үе шат дамждаг амаргүй салбар. Үйлдвэрлэл нь олон нийтэд ил байдаг тул хүн болгон мэддэг, ойлгодог юм шиг ярьдаг. Хуулийн дагуу болон хууль бусаар олборлож нөхөн сэргээлт хийлгүй орхисон муу жишээ олон бий.

Уул уурхайн тухай бодоход тэдгээр дүр зургууд нүдэнд харагддаг. Хууль бус, хариуцлагагүй ажилласан хүмүүсийн балгаас болж олон нийт тэр муу өнцгөөс хардаг. Гэтэл улсын орлогын ¼ хувь уул уурхайгаас шууд орж ирдэг.

Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд дунд эхлүүлсэн төсөл сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгдэнэ. Энэ салбарын 15.6 хувьд эмэгтэйчүүд ажилладаг. Ялангуяа удирдах түвшинд маш цөөн. Мэдээж эмэгтэйчүүд давамгайлах боломжгүй салбар гэдэг нь үнэн. Гэхдээ салбарын олон давуу тал бий.

Эмэгтэйчүүд энэ салбарын мэргэжлийг сонгож ажиллахыг уриалах зорилгоор уг төсөл хэрэгжиж байна.Үүний хүрээнд энэ салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн мэргэжлээ сонгосон шалтгаан, онцлог зэргийг сурталчилж, таниулах ажлыг ирэх дугаараас хийхээр төлөвлөж байна. Энэ сард нүүрсний салбарыг онцолсон бол дараа сард “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээг дүгнэж дугаараа бэлдэнэ.

Хуучны түүх бол муу түүх. Хамгийн гол нь хэрхэн өөрчлөх вэ гэдэгт талууд хамтарч ажиллах шаардлагатай. Түүний нэг тал нь хэвлэл мэдээллийн байгууллага. Сурталчлах гэхээс илүү болж буйг нь дэмжиж, болохгүй талд нь шүгэл үлээх хэрэгтэй.

Unread


Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа


Олон улсад Австрали, Канад, АНУ зэрэг орон хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татсан хэвээр байна. Манайхтай адил хөгжиж буй Перу, Чили зэрэг орон анхаарлын төвд орж байна. Харин гадаад зах зээлд бид хөрөнгө оруулагчдын сонирхлын гадна байна.Хөрөнгө оруулагчид юу хүсэж буйг бид харах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалт хийх хүн тухайн төсөл цаашдаа хэр тогтвортой байх тухайд анхаарлаа хандуулдаг. Гэтэл манайд хөрөнгө оруулалт татах хууль эрх зүйн орчин, эдийн засгийн боломж, дэд бүтцийн асуудал хүндрэлтэй хэвээр байна. Хамгийн том хэрэглэгч, импортлогч, үйлдвэрлэгч орны дэргэд байгаа нь давуу тал боловч нөгөө талдаа тээвэр логистик усан боомтоос ч үнэтэй тусах жишээтэй.

Томоохон төсөл хэрэгжүүлж, гаднын хөрөнгө оруулалт татахад дэд бүтэц, хууль эрх зүйн асуудал хамгийн чухал. Манайд хангалттай хууль, дүрэм журам бий. Нэг хууль байсаар атал дахиад өөр хууль батлах нь хөрөнгө оруулагч нарт ойлгомжгүй болдог.

Хөрөнгө оруулалт бол гадаад зах зээлд өрсөлдөж л олж авах зүйл. Тэр өрсөлдөөнд юу санал болгох вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Бид одоо байгаа хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч, бизнесийн шударга, тэгш орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.


Монгол Улсад 830 хууль хэрэгжиж буйгаас манай салбарт 93 гаруй хууль, 1200 стандарт энэ салбарын үйл ажиллагаанд хамаатай байна. Эдгээрийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй.

Unread


“Монполимент” группийн Гүйцэтгэх захирал С.Энхтуяа


Сүүлийн үед нөхөн сэргээлт өргөн хүрээнд яригдаж буйтай холбоотойгоор уул уурхайн компанид анхаарал хандуулдаг болсон. Үүний үр дүнд техникийн нөхөн сэргээлт нэлээд хийгдэж байна. Тухайлбал, Заамар сумын компаниуд бүгд нийлэн орхигдсон газраа дүйцүүлэн хамгаалахаар нөхөн сэргээлт хийж байна. Ойрын хэдэн жилдээ уул уурхайг муухай харагдуулж буй энэ асуудал шийдэгдэнэ гэж харж байна.

Гэхдээ дизель түлш, сэлбэгийн үнэ ханш өндөр байгаа энэ үед техник, биологийн нөхөн сэргээлт аль аль нь зардал өндөртэй. Нөгөө талдаа үйлдвэрлэлээ үргэлжлүүлэх эсвэл нөхөн сэргээлтээ хийх үү гэдэг давхар асуулттай тулгарна.

Уул уурхайн олборлолт хийсэн газар орд нь олон шалтгаанаас хамааран тодорхой хугацаанд нөхөн сэргээхгүй байж болно. Хоёр, гурван жилийн дараа ч нөхөн сэргээж болох талбай байдаг. Гэхдээ цаг хугацаанд нь хийх учиртай.

Монполимет групп БНСУ-ын усалгааны систем нэвтрүүлсэн. Бидний тарьсан моднууд 90 гаруй хувьтай ургасан нь үүний үр дүн. Өөр нэгэн баяртай мэдээ нь зүүн бүсийн нэн ховор ургамлыг судалдаг агрономич доктор, профессор Жамъяндорж гуай өөрийн цуглуулсан үрийнхээ фондыг биднийг ургуулж чадна гэсэн итгэлээр дурсгасан. Түүнээс хамгийн амжилттай хэрэгжиж буй нь алтайн зэрлэг сонгино байна.