Түм түжигнэж, бум бужигнасан завгүй хотын нэгэн өдрийг сэрүүлгийн дуунаар эхлүүлээд, цаг нартай уралдан ажилдаа ирэхэд шинэхэн кофены үнэр ханх тавьж, хөнгөн хошигнолтой халуун дулаан яриа өрнөх сонстоно.
Энэ бол “Нөмөр”-ийн нэг өдөр. Тэдний оффисыг тойруулж харвал ногоон ургамлаар чимэглэсэн хана туурга, уран зураг, өнгө өнгийн буйдан, шаргал гэрэлтүүлэг гээд тохилог харагдахын сацуу хэв байдал нь донжтой аж. Харин энэ байгууллагын залуустай ярилцахад дотно эерүү уур амьсгал мэдрэгдсэнийг хэлмээр байна.
Энэ удаагийн 10 ертөнц, 10 өнцөг булангаар “Нөмөр Кредит ББСБ”-ын хамт олон оролцож, сэтгэлд нь уяатай явдаг “нөмөртэй” түүхээсээ хуваалцлаа.
Анх ажилд ороход би туршлага багатай, ердөөсөө л их сургуульд эзэмшсэн мэдлэг чадвар, мэргэжлийн суурь ойлголттойгоо л байсан юм. Тиймээс хүний нөөцийн ажилтандаа учир байдлаа хэлж, итгэл алдалгүйгээр хичээж ажиллана гэдгээ амлаад, үндсэн ажилтан болох хүртлээ чиглүүлэгчийн заавар зөвлөгөөн дор ажлын гараагаа эхлүүлж байв.
Тийнхүү ажиллаж байгаад нэг өдөр алдаа гаргах нь тэр. Өнөөхөө засах гээд бүтэн өдөржин суусан ч юу ч өөрчлөгдсөнгүй. Аргаа бараад чиглүүлэгчээ дуудаад нөхцөл байдлаа хэлтэл “Дэвтрээ аваад, өрөөнд ороод ир. Чамд заах юм байна” гэсэн. Тэр хүн уурлаагүй, загнаагүй. Харин ч их тайвнаар хийж байгаа ажлын маань утга учрыг нарийвчлан тайлбарлаад, юун дээр алдсаныг зааж өгсөн юм. Би тэр өдөр чиглүүлэгчийнхээ заасныг бүгдийг нь нэгд нэгэнгүй тэмдэглэж авсан. Зарим хүмүүс алдаа гаргасан нэгнийг юу юугүй загнаж зандраад эхэлдэг шүү дээ. Гэтэл чиглүүлэгч (одоо бол манай ахлах) ер тэгээгүй нь үнэхээр сайхан санагдсан. Би тэр өдрийг огт мартдаггүй.
Түүнээс хойш жил гаран энд ажиллажээ. Хүн ер нь хаана тав тухтай байна, тэр газартаа л удаан байхыг хүсдэг юм билээ. Манай байгууллага ажилтнуудынхаа хичээл зүтгэлийг том бага гэлтгүй анзаарч, урамшуулдаг болохоор ажиллахад урамтай сайхан байдаг. Жишээ нь, би сүүлийн дөрвөн сард нэг ч удаа ажлаасаа хоцроогүй. Үүнийг маань мэдээд, “Сайн байсан шүү” гэсэн үгтэй зурагт хуудас бэлдээд компанийн зүгээс бяцхан бэлгээр шагнасан. Ер нь хийсэн зүйлээ үнэлүүлдэг, халуун дулаан уур амьсгалтай ийм орчинд хүн илүү бүтээмжтэй ажилладаг юм байна гэдгийг ойлгосон. Туршлага багатай надад итгэж, өөрөө ч мэдээгүй байсан потенциалыг минь нээн харуулсан хамт олондоо баярлалаа. Цаашид ч хэлсэн үгэндээ эзэн байна.
Анх ажилд ороход гүйцэтгэх захирал маань бидэнд байгууллагаа танилцуулж, ямар үнэт зүйлтэй, ямар философитой ажилладаг талаар ярьж өгч байлаа. Түүнээс хойш таван жил өнгөрөхөд би гэдэг хүн анх харилцагчийн зөвлөх байсан бол одоо харилцагчийн үйлчилгээний менежер болж, гүйцэтгэх захирлынхаа ярьж байсан зүйлийг шинэ ажилтнуудад танилцуулдаг болчихсон байна.
Манайхан хоорондоо их нээлттэй ярилцдаг. Сэтгэл санаа тавгүйрхсэн үеийг манай ажлынхан анддаггүй. Миний царай бүгдийг нь илчлээд өгчихдөг байх. Тэгээд л ойр байгаа хүмүүс “Чи яасан бэ, зүгээр үү?” гээд санаа тавьдаг нь сайхан. Би өөрөө ч хүний царайг хараад, сэтгэл санааны байдлыг нь гадарладаг болчихсон тул аль болох бусадтайгаа ярилцаж, дэмнэж явахыг боддог. Ерөөс уур амьсгал, харилцаа гэдэг хамгийн чухал шүү дээ. Баг дотор нэг хүн л бухимдалтай, сэтгэл санаагаар базаахгүй байхад тэр нь шууд л бусдадаа мэдрэгддэг, ажлын бүтээмжид нөлөөлдөг. Гэтэл бид чинь бүхэл бүтэн 500 мянга гаруй хэрэглэгчийн итгэлийг даан ажилладаг болохоор хариуцлагатай байх хэрэгтэй.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард бид Португал руу томилолтоор яваад ирсэн юм. Онгоцноосоо буугаад, өглөө долоон цагт оффис дээрээ иртэл багийнхан маань бялуу, цэцэг бэлдээд “Тавтай морил” гэсэн мэндчилгээ бариад зогсож байсан. Энэ мэт зөндөө л сайхан үйл явдал бий. Үргэлж бие биедээ анхаарал тавьж, нөмөр нөөлөгтэй байдаг ажлынхандаа хайртай шүү, баярлалаа гэж хэлмээр байна.
Харилцагчийн зөвлөхөөр ажилд ороод удаагүй байлаа. Өглөө ажлынхантайгаа тойрч суугаад кофегоо ууж сэргээд, эрч хүчтэй ажлаа эхлүүлэв. Дуудлага авч эхлээд байтал нэг “хэцүү” харилцагчтай таарчихлаа. Тэр хүн нэлээн бухимдалтай байсан бололтой, үгийн зөрүүгүй дайрч давшлаад, “Чи наад ажлаа мэддэг юм уу, хөөе” хэмээн намайг болох болохгүй муухай үгсээр харааж гарсан. Тэр үед надад үнэхээр хэцүү санагдаж байв. Ер нь тиймэрхүү дуудлага сайхан эхэлсэн нэг өдрийг тэр чигт нь нураачихдаг юм л даа. Гэхдээ тэр үед ажлынхан маань миний сэтгэл санааг дэмжиж, тухайн хүний нөхцөл байдлаас, тулгарсан асуудлыг шийдэх талаас нь харахыг зөвлөж байсан юм.
Нээрээ л тэр хүнд ямар нэг асуудал тулгарсан болоод ингэж бухимдаж байгаа даа хэмээн бодвол асуудал илүү хөнгөрчихдөг. Тэгээд хэлсэн үгийг нь өөр дээрээ хүлээж авалгүйгээр, тэр хүнд тулгарсан асуудлыг тодорхойлж, зөв шийдэл гаргахад аль чадахаараа хичээдэг болсон доо. Иймэрхүү үед хэрвээ ганцаараа байсан бол шантрах л байсан байх. Харин надад зааж зөвлөх, тусалж дэмжих хүмүүс байсан болохоор тэгээгүй.
Миний бодлоор ажилдаа хэчнээн сайн байгаад байгууллагын уур амьсгал таагүй бол онцгүй санагддаг. Ажилдаа дуртай байх, бүтээмжтэй байхад хамт олон хамгийн чухал. Харин тийм таатай орчныг бүрдүүлэхэд нэгдмэл нэг үнэт зүйлтэй, нэг философитой, түүнийгээ бүгд мэддэг, ойлгодог байх нь чухал юм шиг ээ. Манайх яг тийм хамт олон.
Анх ажлын ярилцлагад компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн даргатай уулзах байсан тул би нэлээн сандарч байлаа. Гэтэл захирал маань энэ байдлыг анзаарч тайван, нээлттэй ярилцах үүднээс болзоонд уригдсан гэж бодохыг хүссэнээр бидний яриа ажил мэргэжлийн тухай биш, харин гэр бүлийн тухай, амьдралын дурсамжуудаас эхэлсэн. Тэр уулзалт миний зүрх сэтгэлд мартагдашгүй ул мөр үлдээсэн. Ажлын ярилцлага гэхээс илүүтэй хүний сэтгэлийг мэдэрч, дотоод ертөнцөд нь хүндэтгэлтэй хандсан халуун дулаан уулзалт байсан юм. Ярилцлагын дараа гэр рүүгээ явах замдаа би “Энэ байгууллагад л ажиллая” гэж дотроо шийдсэн. Тухайн үед би банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байгаагүй, яг үнэндээ энэ салбарт орох сонирхол ч бага байсан. Гэсэн ч захирлын хандлага, харилцах ухаан намайг бодлоо өөрчлөхөд хүргэсэн.
Миний шийдвэрийг өөрчлөхөд нөлөөлсөн захирлын тэр зан чанар, бусдад хандах хандлага нь ерөөсөө л байгууллагын үнэт зүйл гэдгийг би компанидаа ажиллаж эхлээд мэдэрсэн юм. Бусад байгууллагад бол намайг илүү сайн ажиллуулахад ямар ур чадвар хэрэгтэй байна хэмээн бодож, түүнийг хөгжүүлэхэд анхааран, ажлын “машин” мэтээр үздэг бол “Нөмөр” аливаа ажилтныг хувь хүн талаас нь хөгжүүлэх, өөрийгөө таньж мэдэхэд нь тусалдаг нь юу юунаас илүү таалагдсан.
Оффис хүртэл их тухтай. Амралтын болон цайны хэсгүүдтэй болохоор бид хэд хоолоо хийж авчраад, тойрч суугаад хамт хоолоо идэж, ажил хэргээс илүүтэйгээр хоорондоо илүү дотно танилцаж, ярилцах боломжтой байдаг. Задгай оффисын зохион байгуулалт нь ялгарал үүсгэхгүй, бид бүгд тэгш эрхтэй, нэг баг гэдгийг мэдрүүлдэг. Ийнхүү би “Нөмөр”-ийн нэгэн хэсэг болсноос хойш аль хэдийн найман сар өнгөрчээ. Энэ хугацаанд би зөвхөн ажиллаагүй, өөрийгөө таньж мэдэж, өсөж хөгжсөн. Тиймээс ч дулаан уур амьсгалтай хамт олны нэгэн хэсэг болж, өдөр бүрийн сорилтыг боломж болгон нэгнээ дэмжин урагшлах энэ аялалд зүрх сэтгэлээрээ нэгдсэн. Хамтдаа өсөж, хөгжиж, илүү сайхан ирээдүйг бүтээх тэр тэмүүлэлтэй замыг баяртайгаар сонгосон минь өнөөдөр ч үнэн хэвээр.
Би нэг удаа хувийн асуудлаас болоод ажилдаа хэд хоног очоогүй юм. Тэгтэл ахлахын санаа зовоод, “Юу болсон бэ? Зүгээр үү?” гээд асуусан. Би өөрт тохиолдсон зүйлээ хэлээд, сэтгэл санаа сайнгүй байгааг дуулгатал ахлах маань манай гэрт хүрээд ирсэн. “Хүсвэл ярилцаж болно шүү. Туслалцаа дэмжлэг үзүүлж болно” гэж хэлсэн нь, тэгээд бүр хүрээд ирсэн нь ерөөсөө санаанаас гардаггүй юм. Маргааш нь бид хоёр ажил дээрээ ирээд нэлээд хэсэг хугацаанд ярилцсан. Тэр яриа тухайн үеийн хүнд нөхцөл байдлыг даван туулахад их дэм болсон доо.
Ийм дотно, дулаан харилцаатай байх нь эргээд бие биедээ итгэх үндэс болдог болов уу гэж би боддог. Ийм орчинд л хүн бодож санаж яваа зүйлээ чөлөөтэй илэрхийлнэ, ажилтай холбоотой сонин содон санаа байвал эмээлгүй хэлнэ. Бүр цаашилбал, тэр санааг хэрхэн хэрэгжүүлж болох талаас дор бүр нь хэлэлцээд явбал хийж байгаа ажилд ч үр өгөөжтэй. Энэ бүхэн нээлттэй харилцаанаас л эхтэй болов уу.
Миний хувьд ажилтантай “дээрээс” харьцдаг эсвэл тааламжгүй уур амьсгалтай газарт байхыг хүсдэггүй. Ер нь манай үеийнхэн нийтлэгээрээ ийм зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй байх. Харин “Нөмөр”-т бол би цаашид ч ажиллах болно оо. “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг болохоор бүгд нэг зорилгын төлөө хөдөлмөрлөвөл хүрэхгүй газар, бүтэхгүй зүйл гэж үгүй хэмээн итгэдэг.
Шинээр орж ирээд удаагүй үе. Нэг өдөр хөлөө гэмтээх нь тэр. Тухайн үедээ нэг их тоосонгүй. Сүртэй гэмтэл биш байх гэж бодоод өдөржин тоолгүй явсаар орой болоход өнөө хөл маань бүр ч илүү өвдөөд эхлэв. Тэгээд арга буюу эмнэлэгт очтол хугарсан байсан. Ажилд ороод удаагүй байсан болохоор хөлөө гипсдүүлэхгүй хэмээн гүрийсэн ч яах ч арга байсангүй. Ингээд учир байдлаа ахлахдаа хэлтэл “Аан за, ойлголоо. Чи биеэ эрүүл болгоод хурдан хүрээд ирээрэй” гэж хэлж байсан. Тийнхүү гэртээ байхад хамт олноороо зохион байгуулдаг нэг үйл ажиллагаа болж таараад, надаас “Явах уу?” гэж асуудаг юм байна. Би ч дотроо хугархай хөлтэй хүн бусдад төвөг дараа болчихно гэж санаад, хэлтэл “Юу гэж төвөг болох вэ? Ёстой тэгж бодож болохгүй” гээд л аваад явж байсан. Тэр өдөржингөө олон хүнээр халамжлуулж үнэхээр сайхан өдрийг өнгөрөөсөн дөө.
Тийнхүү гэртээ сууж хөлөө эдгээгээд ажилдаа буцаж ороход ч “Нөмөр”-ийнхөн бүгдээрээ цуглачихсан намайг угтаж авсныг ер мартдаггүй юм. Ахлах “Ажлыг нь цалгардуулаагүй шүү. Бид бүгдээрээ хувааж аваад хийж байсан. Одоо чамд хүлээлгэж өгье” гэхэд би яг уйлах шахсан. Маш гоё мэдрэмж төрсөн. Үнэхээр нөмөр нөөлөгтэй санагдсан даа.
Би энд ажиллахаасаа өмнө тийм ч нээлттэй хүн байгаагүй. Харин үзэл бодлоо илэрхийлэхэд чөлөөтэй уур амьсгал бүрдсэн, ийм хамт олны дунд ороод, өөрийгөө нэг гэр бүлийн хэсэг хэмээн мэдэрч, илүү өөртөө итгэлтэй, хэлэхийг хүссэн зүйлээ хэлдэг болсон. Ууртай ахлахын доор ажилладаг байсан бол үгээ хэлэх байтугай удаан байж ч чадахгүй шүү дээ.
Манайд 2024 оны хараат бус аудиторын шалгалт хийгдсэний дараа бид тайлангаа олон нийтэд мэдээлэхээр маш шахуу хуваарьтай ажиллаж байсан юм. Заасан хугацаа нь гуравдугаар сарын 31 байв. Гэтэл ажил дуусдаггүй, цаг хугацаа давчуу гэж жигтэйхэн байтал “дайран дээр давс” гэгчээр ашиглаж байсан программд асуудал үүсэж, оны эхээс хийсэн бүх зүйл маань устчихав. Тийм үед уйлах уу, яах уу л гэмээр болсон. Учир байдлаа хэлсэн ч дотоод асуудал болохоор аудиторын газраас халгаасангүй. Бүх зүйл цагтаа!
Ингээд би гэж цөхөрсөн амьтан яаж ч бодоод учрыг нь олохгүй болохоор арга буюу группийнхээ ахлах нягтланд хандлаа. Ийнхүү группийн бусад компанийн бүх нягтланг уриалан дуудаад тэр бүх ажлыг гурав хоногийн хугацаанд бид нугалж чадсан даа. Ид шидийн гэмээр ч юм шиг тийм үйл явдал болсон. Одоо тухайн үеийн өөрийгөө бодохоор тамд унаж байгаа юм шиг л санагдсан. Тийм л хэцүү нөхцөл байдалд байхад тэр олон хүн чин сэтгэлээсээ тусалсны үр дүнд даваад л гарсан. Санхүүгийн хамт олондоо маш их баярладаг.
Хэрвээ би ахлахдаа хэлэлгүй ганцаараа шаналаад суусан бол яагаад ч хийж дөнгөхгүй байсан. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэгчээр олны хүч гэдэг ямар үнэ цэнтэй болох нь эндээс харагдах байх. Өдөр тутамд ч ганцаараа бодоод шийдлийг нь олохгүй байвал бусдаасаа тусламж дэмжлэг аваад хурдан шуурхай ажлаа урагшлуулдаг. Байгууллагын энэ соёл бүтээмжтэй ажиллахад үнэхээр нөлөөлдөг юм шүү.
Анх би “Нөмөр”-т дадлагажигчаар орж байсан. Ажлын туршлагагүй, чадах болов уу гэсэн айдас эргэлзээгээр дүүрэн байхад манай багийнхан надад тусалж, дэмжээд ажиллаж эхэлсэн. Ингээд нэг сарын хугацаатай дадлагажаад дууссан ч хүний нөөцийн албанаас цагийн ажилтнаар үлдэх санал тавьсан. Тийнхүү би “Нөмөр” гэдэг энэ хамт олны нэг, маркетингийн мэргэжилтнээр ажиллаж байна.
Бид өглөө ирээд бүгд тойрч суугаад кофе уунгаа ярилцаж, ажлын өдрөө эхлүүлдэг. Ингээд хамт суух нь их дулаахан мэдрэмж төрүүлдэг юм. Тав тухтай байх үүднээс оффист маань буйдан их бий. Ер нь аливаа байгууллагыг цэцэрлэгт хүрээлэнтэй зүйрлэвэл, хөрс нь шимтэй байх тусам тэндээс олон сайхан ургамал ургана шүү дээ. Хамт олны уур амьсгал надад хөрс юм шиг санагддаг.
“Нөмөр” бол үнэхээр үржил шимтэй хөрстэй адилтгам сайхан уур амьсгалтай хамт олон. Ажлын гараагаа ийм байгууллагаас эхэлсэндээ би их баярладаг. Яагаад гэвэл ажилдаа дургүй, өглөө ирэхээсээ төвөгшөөх тохиолдол байдаг шүү дээ. Энд бол тийм биш. Хоорондоо чөлөөтэй харилцдаг, мэдэхгүй зүйл байвал асууж, гол нь суралцдаг байх нь чухал гэж үздэг.
Бас ажилчдад өөрсдийнхөөрөө ажиллах орон зайг нь олгож, тодорхой үр дүнд хүрч л байвал баг хамт олон хэрхэн бодох, ямар арга зам сэдэх нь чөлөөтэй. Энэ нь манай үеийнхний ажиллах сонирхолтой нийцдэг болов уу.
Миний төрсөн өдөр өвөл болсон юм. Цайны цаг болчихсон, би ширээгээ дэрлээд унтаж байтал нэг хүн “тог тог” гээд ширээг минь тогшив. Нүдээ нээгээд хартал өрөөний маань охид цэцэг, бэлэг, сэтгэлийн үгтэй мэндчилгээ барьчихсан надад төрсөн өдрийн мэнд хүргэхээр зогсож байсан. Тэгэхэд би ямар гоё хамт олонтой болсон юм бэ хэмээн баярлан бодож билээ.
Манайхан ер нь бие биеийнхээ төрсөн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болчихсон гэх үү дээ. Тэр нь их дулаахан санагддаг.
Нөгөө талаас “Нөмөр” ажилтны мэргэжлийн ур чадварыг сайжруулахын сацуу хувь хүний хөгжилд нь их анхаардаг, түүнд зориулан олон төрлийн сургалт, уулзалт зохион байгуулдаг нь надад их таалагддаг. Бас сард нэг удаа шууд удирдлагатайгаа ганцаарчлан уулзаж, ажлын явц болоод бусад зүйлийн талаар ярилцаж, хэрвээ ямар нэг асуудал байвал шуудхан хэлэх, шийдэл хайх боломжийг бүрдүүлдэг нь их сайхан санагддаг.
Бас өмнө нь удирдлагууд л шийдвэр гаргана, харин би өгсөн үүрэг даалгаврыг л гүйцэтгэх ёстой гэсэн өнцгөөс аливааг хардаг байснаа энд ирээд мэдсэн. “Нөмөр”-ийнхөн бол шийдэл хайх хэрэг гарахад хүн бүрийн санааг сонсдог. Энэ нь асуудлыг шийдвэрлэхэд, гарц шийдэл хайхад миний бодол санаа ч хэрэгтэй болохыг ойлгуулсан. Тиймээс одоо өмнөх шигээ өөрийгөө хайрцаглахаа больж, илүү бүтээлчээр ажиллах болсон.
Зургаан жилийн өмнө энэ байгууллагад ажилд орж байлаа. Санхүүгийн байгууллагад өмнө нь ажиллаж байгаагүй болохоор яах аргагүй туршлага дутаж, мэдэхгүй чадахгүй зүйл тохиолдож байсан.
Систем хөгжүүлэх үед алдаа мадаг их гарна аа. Тэр бүрд тухайн үеийн удирдлагууд маань сайн зөвлөж, учир шалтгааныг нь тайлбарлаж өгч байсан. Ер нь ахлахуудынхаа тусламжтай олон зүйл сурч мэдсэн дээ. Харин одоо өөрөө тийнхүү чиглүүлдэг нэгэн болчихсон байна. Манай байгууллага ажилтанд алдах, онох, өөрөөрөө сэтгэх орон зайг нь олгодог. Хэрэв асуудал тулгарвал тусалж дэмжихэд ямагт бэлэн байдаг болохоор алдаа гаргах вий гэж айхгүй, гаргасан ч загнуулах юм байхгүй, хоорондоо чөлөөтэй харилцаж, нэг гэр бүл шиг дотно дулаан уур амьсгалтай байхыг хичээдэг.
“Нөмөр” гэдэг нэр ч өөрөө тийм утгатай шүү дээ. Өвөл болохоор хүмүүс салхинаас нөмөрлөж уулын бэлд очиж өвөлжөөндөө буудгийн адилаар хэрэгтэй цагт нь бусдад нөмөр нөөлөг болох нь манай хамт олны гол зорилго юм.