Зуны XXXIII олимп зохион байгуулагдаж буй Парис хотоос дахин мэндчилж байна. Бид энэ удаа La Villette цэцэрлэгт хүрээлэнд соёл уламжлалаа танилцуулахын сацуу баг, тамирчдаа дэмжин тэдний амжилтыг бахархан тэмдэглэсэн орон зай бүхий “House” төслүүдээс арван улсыг онцоллоо.
Тэдний хувьд зуны олимп дуусахтай зэрэгцэн үйл ажиллагаагаа өндөрлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд ондоошил, ялгарлаа хэрхэн таниулж, сурталчилсан тухай хүлээн авна уу.
Fernando Contreras | Mexico House
Би “Mexico House”-ийн ложистикийн багт ажиллаж байгаа. Манай үйл ажиллагааны гол зорилго бол Мексик соёлыг Парист авчрах. Тиймдээ ч үндэсний хоол, урлагийн үзүүлбэрүүд, үзэсгэлэнгийн хэсэг, гар урлал гээд үүднээсээ эхлээд эх оронд маань хөл тавьж байгаа мэт уур амьсгал өгөхийг зорьсон. Бид эдгээр өдрүүдэд бусад орны соёл уламжлалтай харилцан танилцаж, яагаад бид өөр хоорондоо ялгаатай басхүү юуны учир энэ ондоошлыг хадгалах ёстой вэ гэдгийг хамгийн их ойлгож, ойлгуулж чадлаа хэмээн дүгнэж байна.
Манай хотхоныг тодорхойлох үг бол: Баяр баясал
Б.Өсөхбаяр | Mongolia House
Манай улс анх удаа “House” төслийн нэг хэсэг болж, энэ удаагийн зуны олимпод оролцлоо. Бидний чинхүү зорилго энд буй монголчуудыг эх орондоо ирсэн мэт, гаднын иргэдийг Монголд очсон юм шиг мэдрүүлэх байв. Үүний зэрэгцээ Монголын баг, тамирчдаа дэмжих, тэдний ялалтыг бахархан тэмдэглэх, дараа дараагийн Олимп, дэлхийн хэмжээний тэмцээнүүдээр дахин “Mongolia House” төслийг зохион байгуулах алсын хараатай оролцсон.
Өнгөрсөн 15 хоногийн хугацаанд манай хамт олон өдөрт 6-7 удаагийн язгуур урлаг, үндэсний спорт, уран нугаралтын үзүүлбэрийг толилуулж, уламжлалт болон орчин үеийн монгол гэрийн үзэсгэлэн, идээ зоог, сур харваа, уран бичлэг, мерч бүтээгдэхүүн тэргүүтэй үйлчилгээнүүдийг зорин ирсэн зочдодоо санал болгосон билээ.
Манай хотхоныг тодорхойлох үг бол: Нүүдэлчин
Juan Pablo Castro | Colombia House
Бидний үндсэн үйл ажиллагаа бол Олимпын тоглолтыг шууд дамжуулах бөгөөд хамгийн хүртээмжтэй байдлаар буюу нийт арван газар зэрэг дамжуулсан. Мэдээж соёлын онцлог болсон салса бүжгийн үзүүлбэр, алдартай уран бүтээлчдийн тоглолтыг хуран цугласан хүн бүр шимтэн сонирхож байгааг онцлууштай. Түүнчлэн уламжлалт хэв шинж бүхий гар урлал, мерч бүтээгдэхүүнийг худалдааллаа.
Манай хотхоныг тодорхойлох үг бол: Гоо үзэсгэлэн
Sue Wang | Chinese Taipei House
Тайвань улсын өвөрмөц шинж, тэгш байдал, эрх чөлөөг энэхүү хотхоноор дамжуулан дэлхийн иргэдэд таниулахыг зорилоо. Тэр ч утгаараа 150 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн “House” төсөлд оролцож байгаа бөгөөд өдөр бүр 18:00-22:00 цаг хүртэл тайзны хөтөлбөртэй байсан. Өөрсдийн хотхоныг “Зоримог” хэмээн тодорхойлсон нь ч учиртай. Яагаад гэвэл манай урлагийн хөтөлбөрт ямар ч хил хязгаар үгүй ба циркийн үзүүлбэрээс эхлээд Drag Queen шоу хүртэлх олныг алмайруулах олон зүйл бий.
Манай хотхоныг тодорхойлох үг бол: Зоримог
Anna Carolina Marcondes | Brazil House
Бид 2000 м.кв талбайд үйл ажиллагаа явуулж дууслаа. Тухайлбал, гадна талд сагсан бөмбөг, гарбөмбөгийн элсэн талбай, өдөрт дөрвөн удаагийн урлагийн тоглолт, хоол уух зүйлс, амралтын хэсэг гээд олон сонирхолтой зүйлс бий. Харин дотор талд дэмжигч байгууллагуудын үзэсгэлэнгээр зочилж, мерч бүтээгдэхүүнүүд худалдан авах боломжтойн сацуу үндсэн дэлгэцнээ Олимпын тоглолтыг шууд дамжуулсан.
Хүн бүр хүссэн үедээ Бразил руу ирж чадахгүй учраас бид хотхоноороо дамжуулж, энд байгаа эд хэсэг бүрд өөрсдийн соёл, уламжлалыг шингээлээ. Тиймдээ ч манай улсын хувьд энэхүү төсөл тун чухал төдийгүй Brazil House-аар зочилж буй хэн бүхэнд шүтэн биширдэг тамирчидтайгаа уулзах боломж болж чадсан гэж бодож байна.
Манай хотхоныг тодорхойлох үг бол: Аз жаргал
Ratka Pozarev | Serbian House
Серби улс анх удаа “House” төсөлд оролцож байгаа. Тийм ч учраас бидний хувьд энэ бол маш чухал үйл явдал. Ялангуяа өөрсдийн соёл уламжлал, итгэл үнэмшлийг тун ойроос харуулах боломж үүнээс өөр үгүй биз ээ.
Ресторан болон үзэсгэлэнгийн хэсгүүд маргаангүй манай хотхоны хамгийн алдартай газрууд. Бид уламжлалт хоол, шар айраг, дарс гээд олон төрлийн идэж, уух зүйлсийг санал болгосны сацуу орой бүр үндэсний урлагийн тоглолт зохион байгуулсан. Хамгийн онцлууштай нь үзэсгэлэнгийн хэсэгт бидний гарал үүслийг илтгэн тодорхойлох, Амьдралын модыг дүрсэлсэн 6.5 метр өндөртэй баримал бий бөгөөд дуу чимээ, үнэр, дижитал аргаар Сербийн жинхэнэ уур амьсгалыг зочдод мэдрүүлж чадлаа.
Манай хотхоныг тодорхойлох үг бол: Ер бусын
Leonie Geesink | Dutch House
Бид 2000 оны Сиднейн зуны олимпоос эхлэн “House” төслийн нэг хэсэг болж, баг, тамирчдаа дэмжин ажиллаж байна. Өдрийн цагаар манай хотхоны гадна талбайд олимпын тоглолтуудыг шууд хүлээн авах боломжтой бол оройн цагаар дотор танхимд тамирчдын ялалтыг тэмдэглэн үдэшлэгт оролцож болно. Хамгийн алдартай DJ, уран бүтээлчдийг урьж, орой бүр дуу хөгжмөөр амьсгалах нөхцөлийг бид бүрдүүлсэн.
Соёлоо танилцуулж, баг, тамирчдаа дэмжих үндсэн зорилгоос гадна гадаадад ажиллаж, амьдарч байгаа Голланд хүмүүст эх орныг нь энд авчирч байгаа гэдэг утгаараа энэ бол маш чухал үйл ажиллагаа. Олон хүн манай хотхонд ирж, гэртээ харьсан мэт мэдрэмж авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Манай хотхоныг тодорхойлох үг бол: Улбар шар
Daniela Jurion | Czech House
Тамирчдын хувьд бусад улс орон руу тэмцээн уралдаанд явна гэдэг чамгүй том үүрэг хариуцлага болдгийн зэрэгцээ эх орноо санах, элгэн саднаа үгүйлэх хүндхэн мэдрэмжүүдийг авахад хүрдэг. Тиймдээ ч манай хотхоны үндсэн зорилго бусад улсын адил Чех улсыг таниулан сурталчлахаас гадна баг, тамирчдад эх орондоо байгаа мэт тухтай, аюулгүй мэдрэмж өгөх томоохон зорилт дор ажилласан бөгөөд зөвхөн тамирчид болон тэдний гэр бүлд зориулсан тусгай хэсгийг тохижуулсан. Энд үндэсний хоол, амттанаас эхлээд амарч болох боломжийг бүрдүүлээд байна.
Манай хотхоныг тодорхойлох үг бол: Уур амьсгал
Zimasa Velaphi | South Africa House
Манай хотхоноос хамгийн онцлох хэсэг бол загварын үзэсгэлэн гэж бодож байна. Нийт ес орчим төрлийн үндэсний хувцас, гараар урласан эд хэрэглэлийг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулж байгаа. Мөн Өмнөд Африкийн түүхийг өгүүлэх богино хэмжээний кино, уламжлалт хоол, тоглолтын шууд дамжуулалт зэргийг Өмнөд Африкийн хотхоноос хүлээн авах боломжтой.
Бидний хувьд дараа дараагийн олимпод Африкийн бусад орнууд ч мөн адил баг, тамирчдаа дэмжин соёл уламжлалаа танилцуулахаар оролцоосой гэж хүсэж байна. Учир нь энэ бол манай улсыг зорих аялал жуулчлалын том хөшүүрэг билээ.
Манай хотхоныг тодорхойлох үг бол: Гэр орон
Nika Mocnik | Slovenia House
Бид өдөр бүр үндсэн тайзнаа урлагийн тоглолт зохион байгуулсан. Мөн манай улсын шар айраг, хоол зочдод маш их таалагдаж байсныг онцлууштай. Энд хамгийн алдартай хэсэг нь “IsLOVEnia” гэсэн наадаг шивээс байсан бөгөөд хүүхэд, том хүн гэлтгүй сонирхож, бие дээрээ наалгаж байсан.
Словени бол ундны усны ундарга арвинтай улс. Тиймдээ ч тэрхүү онцлогийг технологийн инновацтай хоршуулж тоглоом зохион бүтээсэн. Илүү тодруулбал, толгойдоо төхөөрөмж зүүгээд анхаарлаа төвлөрүүлж усны хоолойгоор ус гаргах ёстой. Тун хөгжилтэй шүү.
Манай хотхоныг тодорхойлох үг бол: Ногоон
Сэтгэгдэл бичих