Боловсролын яамнаас гаргасан судалгаанд дурдсанаар өнгөрөгч хичээлийн жилд бизнес, хууль эрхзүйн чиглэлээр 28,503, эрүүл мэнд, нийгмийн халамжийн чиглэлээр 20,179, боловсролын чиглэлээр 12,021 оюутан тус тус суралцжээ. Харин байгалийн шинжлэх ухааны чиглэлээр 2,582, хөдөө аж ахуйн чиглэлээр 1,248 оюутан суралцаж байгаа аж.
Эндээс манай орны хүний нөөцийн илүүдэлтэй болон хомсдолтой салбарууд бэлээхэн харагдаж байна. Дээрх тэгш бус хүний нөөц хөдөлмөрийн зах зээлд үүсэж буй шалтгаануудын нэг нь зарим онц содон мэргэжлүүдийн талаарх мэдээлэл нийгэмд хомс байдагтай холбоотой байж мэдэх юм. Тиймээс хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан ЕБС төгсөгчдийн тэр бүр сонгоод байдаггүй, магадгүй мэргэжлийн чиг баримжаа олгохуйц мэдээлэл эх хэл дээр олоход хүндрэлтэй дараах 10 мэргэжлийг онцлон хүргэж байна.
Биоинформатикч Г.Намуунбаяр - Тохокүгийн Их сургууль
Сурагч байхдаа хими, физикийн хичээлдээ сонирхолтой хүүхэд байсан болохоор инженер хавьцаа мэргэжил сонгоно гэсэн бодолтой байсан ч яг энэ чиглэлээр явна гэсэн “барьц” огт байгаагүй. Төгсөх ангидаа робот голлон сонирхох болж, механик инженерээр суралцъя гэсэн ч үнэндээ эмэгтэй хүнд тийм ч тохиромжтой мэргэжил биш мэт санагдсан.
Харин химийн инженерээр суралцвал хүнс, эмийн ургамал зэрэг Монгол орныхоо онцлогийг танин мэдэх боломжтой ч биед хортой нөхцөлд ажиллана гэх шалтгаанаар эцэг эх маань эсэргүүцэж, эдгээр мэргэжил миний сонголтоос хасагдсан юм. Оронд нь “Юу ч гэсэн сонгоод орчихвол сурах явцдаа таалагдсан чиглэл рүүгээ хөрвье” гэж тооцоолоод цахилгааны инженерээр тэр дундаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерээр гүнзгийрч сурахаар шийдэж, Япон орныг зорьж байлаа.
Дөрөвдүгээр курсдээ лазер хэт авианы оношилгооноос эхлээд хүний дуу хоолой таних хиймэл оюун ухаан зэрэг олон төрлийн лабораторт очиж үзсэн. Тэдгээрээс хүний сэтгэлзүй тархины геньтэй холбогддог талаар олж мэдээд энэ чиглэлээр гүнзгийрүүлэн судалвал уйдамгүй сонирхолтойн дээр програм хангамж, мэдээллийн шинжлэх ухааны талаар мэдлэгтэй болох учир ажлын байрны олдоц, ажиллах салбарын хүрээ ч өргөн. Мөн оюутан байх хугацаандаа мэргэжлээрээ цагийн ажил хийх боломжтой юм байна гэсэн итгэл төрсөн учраас энэ чиглэлээр магистр хамгаалахаар шийдсэн.
Тусгай хэрэгцээт боловсролын багш М.Гүндалай - МУБИС
12-р ангиа төгсөж, мэргэжил сонголттой нүүр тулахад ЭЕШ-ын оноо, ур чадварын шалгалтаар СУИС-ийн жүжигчний ангид тэнцэж орсон юм. Харамсалтай нь ажлын байрны олдоц, өсөн дэвших боломж, цалин зэргийг бодолцож үзэлгүй сонгосон болоод ч тэр үү, нэг семестр суралцаад л сонирхол буурч, сургуулиа орхисон. Эхэндээ эцэг эхдээ хэлэхээс бэргэж, давхар өөр сургуулийн эрэлд гарч явахдаа өмнө нь бүртгүүлсэн МУБИС өвлийн нэмэлт элсэлт авч байгааг мэдээд судлаад үзлээ. Ингэхдээ тусгай хэрэгцээт боловсролын багшийн мэргэжил нийгэмд эрэлттэй байдаг учраас ажилд ороход санаа зовох зүйлгүй гэж аав ээжийгээ ятгасан минь амжилт олсон юм.
Нэгдүгээр курсийн танилцах дадлагын үеэр 186-р цэцэрлэгт очиж аутизм, хэт хөдөлгөөнших эмгэг, OCD зэрэг олон төрлийн эмгэгтэй хүүхдүүдийг харж, “Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах нь миний хийж чадах зүйл мөн байж болох юм” гэсэн итгэлийг авсан. Өвөөгийн дүү цэргийн албанд явахдаа бэртэл авч, олон жил тэргэнцэр дээр суусан хүн байдаг юм. Багаасаа эмээ түүнийг асарч байхыг харж өссөн болохоор ч тэр үү, бусдад туслах нь надад их ойр зүйл шиг санагддаг болсон.
Агрономич Ш.Хулан - чунгнамын Их сургууль
Докторын хөтөлбөрт суралцахаар Солонгосын Их дээд сургуулийн профессоруудтай уулзаж, өөрийн чиглэл таарсан лаборатори нэг л олохгүй явж байгаад судлаач оюутан хайж буй докторын удирдагч багштай таарч, өмнө нь хийсэн судалгааны ажил болон сэдвийн талаар ярилцаж, эцэст нь би лабораторид нь нэг жилийн хугацаатай судлаачаар ажиллахаар шийдэв.
Тухайн үед агрономи буюу газар тариалангийн салбарт судалгаа хийнэ гэхээр нэг л ой тойнд багтахгүй байсан ч цагаан будааг өөрсдөө үрслүүлэн талбайд тарьж, хэмжилт хийж, намар ургацаа хурааж аваад цагаан будааны үрийн чанарыг шалгаж, ногоон хэсгийнх нь тэжээлийн гол үзүүлэлтүүд болох ndf, adf, crude protein зэргийг нь хэмжих энэ бүх үйл явцад би эрхгүй татагдаж, энэ чиглэлээр сурах, цаашлаад судалгаа хийх сэдэлтэй болж байлаа. Судалгааны явцад ургамлын үр суулгаж, ургах явцад ямар нэг асуудал байгаа эсэхийг олж тогтоон, түүнийгээ бүрэн бүтэн ургуулж, ургацаа хураах үе хамгийн сайхан.
Агрономич гэдэг зөвхөн ногоо тарьдаг хүнийг хэлэхгүй. Дотроо генийн инженерчлэл, молекул физиологи, цэцэрлэгжүүлэлт зэрэг олон салбарт хуваагддаг шинжлэх ухаан юм.
Редактор Пүрэвдорж - Үдин хотын Их сургууль
Миний хувьд ахлах ангиа төгсөх хүртлээ хөгжмийн зохиолч болно гэдэгтээ бат итгэлтэй байсан болохоор бусад сурагч шиг түгшиж, тэвдэх нь харьцангуй бага байсан. Гэтэл угаас мэргэжлийн багшийн удирдлага дор биш бие дааж суралцсан болохоор төлөвлөөд байсан Итали дахь сургуулийнхаа шалгалтад оролцох боломжгүй болоход ёстой л “Одоо би яах уу?” гэхчлэн бөөн асуулт дунд эргэлдэж эхэлсэн.
Нэлээд удаан бодсоны эцэст сурагч солилцоогоор Япон яваад ирэхдээ шинэ хоббитой болсноо мэдсэн юм. Тэр нь хэл сурах. Мөн багаасаа элдэв янзын үлгэр, домог зохиох дуртай, төсөөллийн ертөнцдөө амьдардаг хүүхэд байсан болохоор жаал жуул юм бичих дадалтай байж. Ингээд хэл шинжлэл, уран зохиол гэх хоёр шинэ сонголтын өмнө тулаад байтал миний сонгосон сургуульд редакторын анги шинээр нээгдсэн гэв. Ямар учиртай мэргэжил гэдгийг нь ч сайн мэдэлгүй, багшийнхаа зөвлөснөөр редакторын ангийг сонгоод явж байлаа.
Харин мэргэжлийнхээ хичээлийг судалж эхлээд л бага багаар учрыг нь олсон. Товчхондоо хөгжим, уран зохиол, хэл шинжлэл гээд миний сонирхдог бүхнийг нэг дор багтаасан мэргэжил байлаа. Бид редактор гэхээр хүний бичсэн зүйлийг засдаг, уйтгартай мэргэжил гэж боддог ч үнэндээ тийм биш. Редактор гэдэг хуучны бичвэр, түүхэн сурвалжуудын уугуул төрхийг нээн илрүүлдэг, бичгийн археологич болж таарсан. Нуулгүй хэлэхэд, манайд л энэ мэргэжлийг сайн мэддэггүй болохоос бусад оронд хэдэн зууны түүхт, хүндтэй мэргэжилд тооцогддог юм билээ.
Геохимич Г.Баасансүрэн - Каназава Их сургууль
Сурагч байхдаа бусад хичээлийг тэр бүр онцолж сонирхдоггүй ч газарзүйн хичээлдээ л тун дуртай хүүхэд байсан болохоор МУИС-ийн газарзүйн ангид элсэн орлоо. Харин магистрын чиглэлээ хэрхэн сонгосон минь үнэндээ их зоримог шалтгаантай. 2015 онд Монголд уул уурхайн салбар ид хүчээ авч эхэлж байсан үе. Хар тугалга, кадми зэрэг хүнд металлууд арьс ширний үйлдвэрийн болон уурхайн хог хаягдал зэргээс байгальд тархах нь их бөгөөд эдгээрийн хөрс, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, хөдлөлзүй зэргийг судалбал улсынхаа нэг ч гэсэн салбарын асуудлыг шийдэж чадах юм байна гэсэн бодол өвөртлөн магистрын зэрэгт суралцахаар Япон орныг зорьж байлаа.
Магистр, бүр цаашлаад докторын зэрэг хамгаалаад ирсэн ч геохимич мэргэжлийнхээ хэргийг хараахан бүрэн гаргаж амжаагүй л байна. Гэхдээ төгссөнийхөө дараа юу хийх вэ? гэж санаа зовох бус, урдах зүйлдээ л төвлөрөн суралцвал хийх ажил их бий гэдгийг одоо хийж буй ажлаасаа ойлгосон.
Гутлын хэвлүүр зохион бүтээгч, эмчилгээний гутлын техник М.Тэмүүлэн - Уго Майрих
2020 он буюу цар тахлын үед их сургуулийн хичээл завсарлаж, аав, авга ахын хамт гутал хэвлүүрийн үйлдвэрт нь ажиллаж эхэллээ.
Бараа бүтээгдэхүүний түүхий эд ховордож байсан үе таарсныг ч хэлэх үү, өөрийн хийж буй ажлаа дараагийн түвшинд гаргах талаар бодож эхэлсэн. Тухайн үед Герман болон Хятад Улс энэ салбартаа дээгүүр үнэлэгддэг гэдгийг авга ахаасаа сонсоод, эмчилгээний гутал зохион бүтээх чиглэлээр суралцаж, туршлага хуримтлуулахаар Герман Улсад ирээд сар гаруйн хугацаа өнгөрсөн байна.
Товчхондоо, таны хөлд 100 хувь нийцүүлэн зохион бүтээсэн гутлыг эмчилгээний гутал гэнэ. Магадгүй хөлд чинь ямар нэг зовиур, эмзэглэл байдаг бол миний эзэмших гэж буй мэргэжил тэрхүү зовуурь бүрийг харгалзан үзэж, танд хамгийн тухтай гутлыг зохион бүтээнэ гэсэн үг.
Үнэт эдлэлийн дизайнер Хонгорзул - Хико Мизуно үнэт эдлэлийн коллеж
Японд хэлний бэлтгэлд суралцаж байхдаа Шибүяад зохион байгуулагдсан Их дээд сургуулиудын өдөрлөгт оролцсон минь миний амьдралыг эрс өөрчилсөн. Асар олон сургуулийн танилцуулга дунд төөрч явахдаа эрдэнийн чулуу мэт гялтганасан нэгэн танилцуулга номыг олж харлаа.
Тэр нь унадаг дугуй, цүнх, гутал, сүши, үнэт эдлэл зэргийн дизайнер бэлтгэдэг сургууль байсан бөгөөд нээлттэй өдөрлөгт нь оролцож, өөрийн гараар бөгж урлахдаа “Энэ л миний сурах ёстой зүйл юм байна” гэдэг бодол толгойд харван орж ирсэн. Ээж минь үнэт эдлэл, байгалийн чулуу зэрэгт дуртай болохоор бага байхад маань янз бүрийн чулуу, сувд хэлхэж, ээмэг зүүлт урлаж өгдөг байсан нь миний дотор үнэт эдлэл, гоёл чимэглэлд эрхгүй татагдах үр суулгасан байж мэдэх юм. Үнэт эдлэлийн дизайн бол дотор минь байгаа нарийн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээг илэрхийлэх хамгийн оновчтой арга зам гэдгийг суралцах явцдаа ойлгосон.
Гүүр ба туннелийн инженер Ц.Цогбадрах - Вонкванг Их сургууль
Уг нь урлагийн чиглэлийг горилон Солонгост ирсэн ч өөр нэг сонголт гарч ирсэн нь иргэний ба байгаль орчны инженер. Намайг очих үеэр энэ чиглэлийн тэтгэлэг зарлагдаж байснаас гадна Монголд энэ салбарын мэргэжилтэн дутмаг гэдгийг бодолцож үзээд мэргэжлээ сонгосон.
Төгсөх курстээ “Hyundai Engineering” компаниас ажлын урилга авч ,тэндээ туршлага хуримтлуулах явцдаа гүүр ба туннелийн инженерийн чиглэлээр шалгалт өгч, цаашид энэ чиглэлээр мэргэшиж ажиллахаар шийдсэн. Миний ажилласан анхны томоохон төсөл бол Гимпо хотоос Пажу хот хүртэлх хурдны зам дахь 42 гүүр, туннелийн байгууламж. Үүнд би Зөвлөх инженерийн Туслах инженерээр ажилласан.
Статистик Э.Мандуул - МУИС
12-р ангийн хавар хаяанд тулж иртэл ямар чиглэлээр суралцахаа хараахан шийдэж чадахгүй л байв. Харин ЭЕШ-д бэлдэх үеэр магадлал, комбинаторикийн бодлого бодох нь надад их сонирхолтой байгааг анзаарч, тоон өгөгдөлтэй ажиллаж, тооцоолол хийхэд суралцдаг мэргэжил сонгохоор шийдсэн. Нөгөөтээгүүр, дата аналист нь дэлхий дахинд өндөр эрэлттэй мэргэжилд тооцогддог учир их сургуулийн хөтөлбөрүүдийг судалж үзээд МУИС-ийн статистик хөтөлбөрийг сонгон суралцаж байна.
Статистикч мэргэжил нь дан ганц ҮСХ-д ажил горилох биш банк санхүү, даатгалын салбарт дата аналистаар ажиллах боломжтой. Хэрэглээний математик, статистик нь хиймэл оюун ухааны суурь салбарт тооцогддог тул тоон мэдээлэл, статистик өгөгдөлтэй бүхий л салбар холбогддог болсон энэ цаг үед хүссэн салбартаа хөрвөж ажиллах боломжтой нь энэ мэргэжлийг сонгох бас нэгэн шалтгаан болсон.
Дууны найруулагч Б.Арвинжаргал - СУИС
Миний дуу хөгжимд дуртай болсон түүх 2010 оноос эхлэлтэй. Хоёрдугаар ангидаа анх удаа гар утастай болж, үеэл ах маань Micheal Jackson, Lady Gaga, Maroon 5, Linkin Park зэрэг гадаад уран бүтээлчдийн 100 гаруй дууг утсан дээр суулгаж өглөө. Дууных нь утга санааг огт ойлгохгүй хэдий ч ихэд жаргалтай сонсдог байснаа сайн санадаг юм.
Манай гэр бүлд урлагийн хүн байгаагүй ч үеэл ах маань намайг дуу хөгжим, кино зэрэгтэй ихэд ойрхон өсгөсөн болохоор зургаадугаар ангиасаа эхлэн сургуулийнхаа ардын хөгжмийн хамтлагт ятга хөгжим тоглох болж, алхам алхмаар мэргэжил рүүгээ ойртсоор л байв. Яваандаа цахим орчинд дуу хөгжмийн хуудас хөтөлдөг болж, уран бүтээлчдээс ярилцлага авдаг боллоо. Маш олон уран бүтээлчдээс дуу төрсөн түүх, үйл явц зэргийн талаар мэдээлэл авч, өөрийгөө уран бүтээлч биш харин уран бүтээл бий болоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг продюсер болох ёстой юм байна гэдгийг ойлгосон.