Монголын мэдээлэл, харилцаа холбооны салбарт түүхийг бүтээж буй "Юнител" групп 20 жилийн ойн хүрээндээ олон нийтэд зориулан Монголын анхны бөгөөд хамгийн том “Urtuu” immersive experience-ийг энэ сарын 5-ны өдөр нээсэн билээ. Ийнхүү бид Улаанбаатар хотынхоо төв цэгт цаг хугацааны цоо шинэ аяллыг хүлээн авах боломжтой боллоо. Энэхүү үзвэр нь хүн төрөлхтний харилцаа холбооны хөгжлийг хүй нэгдлийн үеэс өнөөгийн дижитал экосистем хүртэл Монголын өв соёлтой уялдуулан, дуу дүрсний дэвшилтэт технологиор амилуулснаараа онцлог юм.
Бид 10 ертөнц, 10 өнцөг нийтлэлийнхээ шинэ дугаарт 6-р сарын 30-ны өдөр хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрын талбайд байрлах энэхүү үзэсгэлэнг бүтээхэд гар бие оролцсон эрхмүүдийн хөшигний ардах түүх, нарийн судалгаанаас эхлээд түүхэн орчинд уусан аялж цоо шинэ мэдрэмж авсан үзэгчдийн сэтгэгдлийг хүргэж байна.
Сонирхуулахад, энэхүү нүсэр бүтээлийг олон улсын түвшинд хүргэхийн тулд Дэлхийн 7 орны 300 гаруй мэргэжилтэн, түүхчид хамтран ажилласнаас гадна монгол уран бүтээлчид 5,925 зураглал бүхий анимейшнийг гараар зурж бүтээжээ.
Юнител группийн судалгаа инновац хариуцсан менежер Б.Анар
2019 онд Сингапурт TeamLab-ийн технологи, урлагийг хослуулсан immersive үзэсгэлэнг үзсэн минь мартагдашгүй дурсамж үлдээж, үүнийг Монголд нэвтрүүлэх хүслийг төрүүлсэн юм. Шинэ санааг үргэлж дэмждэг багийнхаа ачаар энэхүү хүсэл маань бодит төсөл болон хэрэгжсэн билээ.
Монголд өмнө нь хэрэгжиж байгаагүй цоо шинэ ажил байсан тул туршлага хомс, цаг агаарын нөлөөнд тэсвэртэй түр байгууламж барихаас эхлээд техникийн болон дэд бүтцийн олон сорилт бидэнд тулгарсан. Мөн уламжлалт дэлгэцийн бүтээлээс огт өөр сэтгэлгээ шаардсан, орон зайн дуу дүрслэлээр түүх өгүүлэх контент бүтээх нь бидний бүтээлч чадварыг ихээхэн сорьсон юм.
Шинэ замыг нээж, бусдаас түрүүлж алхана гэдэг үргэлж салхи сөрөхтэй адил. Бид сорилт бүрийг хамтдаа даван туулж, бие биенээ хурцалж, урам өгч, нэг баг болж ажиллаж чадсанаар өнөөдрийн үр дүнд хүрч чадсан гэж бодож байна. Энэхүү төслийг Монголын хүүхэд залуусын хүртээл болгож байгаадаа манай маркетингийн баг болон хамтрагчид маань чин сэтгэлээсээ баяртай байна.

Шинэ замыг нээж, бусдаас түрүүлж алхана гэдэг үргэлж салхи сөрөхтэй адил. Бид сорилт бүрийг хамтдаа даван туулж, бие биенээ хурцалж, урам өгч, нэг баг болж ажиллаж чадсанаар өнөөдрийн үр дүнд хүрч чадсан гэж бодож байна.
Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын эрхлэгч, түүхийн ухааны доктор (Ph.D) Г.Алтансүх
Миний хувьд “Urtuu” үзэсгэлэнгийн түүхэн агуулгыг археологи, түүх, хэл шинжлэлийн бодит сурвалжид тулгуурлан боловсруулсан. Үзэсгэлэн маань Монгол нутаг дахь чулуун зэвсгийн үеэс эхлэн Хүннү гүрэн, эзэнт улсуудын үеийг дамжин, орчин үеийн харилцаа холбооны түүхийг цогцоор нь өгүүлдэг.
Монголын морин өртөө болон Гэрэгэний систем нь дэлхийн түүхэнд хурд болон логистикийн анхны том хувьсгал байлаа. Өргөн уудам газар нутагт мэдээллийг түргэн шуурхай түгээж, өрнө, дорныг холбосон энэ сүлжээг зарим судлаач тухайн үеийн интернэт ч гэж нэрлэдэг. Их хаадын шийдвэр, төрийн бодлого энэ л системээр дамжин амьдралд шуурхай хэрэгждэг байв.
Энэхүү баялаг түүхийг орчин үеийн Immersive буюу дуу дүрс, гэрлийн технологиор дамжуулан залууст хүргэж байгаа нь түүхэн баримтыг амьд мэдрэмж болгон хувиргаж буй хэрэг юм. Мэдээж энэ нь хүүхэд залуусын түүхийн тухай ой санамжийг бэхжүүлж, үндэсний өв соёлоо дээдлэх ухамсрыг төлөвшүүлэх үр дүнтэй арга билээ.

Монголын морин өртөө болон Гэрэгэний систем нь дэлхийн түүхэнд хурд болон логистикийн анхны том хувьсгал байлаа. Өргөн уудам газар нутагт мэдээллийг түргэн шуурхай түгээж, өрнө, дорныг холбосон энэ сүлжээг зарим судлаач тухайн үеийн интернэт ч гэж нэрлэдэг.
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор М.Жавхлан
Хүннүгийн тамга тэмдэг, монгол бичиг зэрэг эртний соёлыг харилцаа холбооны хэрэглүүр, оюун сэтгэлгээний гоо зүй талаас нь МУИС-ийн мэргэжлийн багш, уран бүтээлчидтэй хамтран шинжлэх ухааны үндэслэлтэй дижитал хэлбэрт шилжүүллээ. Үзэсгэлэнгийн тайлбарын тухайд Хүннүгээс эхтэй түүхэн үеүдийн харилцааны онцлогийг орчин цагийн бичгийн хэлний хэм хэмжээ, шинжлэх ухааны хялбаршуулсан найруулгаар боловсруулсан. Эртний үсэг бичиг, зурлага бүр нь зуун зууны монгол хүний оюун сэтгэлгээ, гоо зүйн илэрхийлэл төдийгүй түүхийн баталгаа гэдгийг судалгаанд суурилан дижитал орчинд амилуулав.
Ном судраас уншиж, ам дамжуулан сонсдог байсан эх хэл, өв соёлыг ийнхүү харах нүд, сонсох чихнээ буулгасан нь Монголын тухай үнэн мэдлэг, зөв төсөөллийг бий болгох нь гарцаагүй. Олон улсын контент давамгайлсан өнөө үед шинжлэх ухаан, урлагийн нийлэмжээр үндэсний ижилсэл, бахархлыг таниулж, эх хэлний дархлааг хамгаалах гарц шийдлийг харуулснаараа энэхүү бүтээл асар том үнэ цэнтэй юм.

Ном судраас уншиж, ам дамжуулан сонсдог байсан эх хэл, өв соёлыг ийнхүү харах нүд, сонсох чихнээ буулгасан нь Монголын тухай үнэн мэдлэг, зөв төсөөллийг бий болгох нь гарцаагүй.
Ардын жүжигчин Ж.Оюундарь
Анх зөвхөн нэг чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан компани өдгөө ийм өргөн дэлгэр, олон талтай үйл ажиллагаа явуулж буй том бүтэц болж хөгжсөнийг харах гайхалтай байна.
Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаас эхлээд өнөөдрийг хүртэл харилцаа холбоо, мэдээлэл технологи ямар хугацаанд, аль түвшинд, хэрхэн хөгжиж ирсэн түүхэн замналыг энэхүү үзэсгэлэнгээс шууд, маш ойлгомжтой байдлаар харж болохоор байна. Өмнө нь энд тэнд янз бүрийн үзвэр, үзэсгэлэн үзэж байсан ч ийм өвөрмөц шийдэлтэй, гайхалтай үзэсгэлэнтэй таарч байсангүй.
Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон бид бүгдээрээ ирж, энэхүү гайхалтай ертөнцөөр аяллаа. Монгол хүн бүр зорьж ирж үзээсэй, энэхүү шинэлэг, сайхан бүтээлийг нүдээрээ харж, мэдрээсэй гэж хүсэж байна.

Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаас эхлээд өнөөдрийг хүртэл харилцаа холбоо, мэдээлэл технологи ямар хугацаанд, аль түвшинд, хэрхэн хөгжиж ирсэн түүхэн замналыг энэхүү үзэсгэлэнгээс шууд, маш ойлгомжтой байдлаар харж болохоор байна.
Хан Монгол морин циркийн холбооны тэргүүн Ш.Цогтхүү
Монголчуудын, тэр тусмаа нүүдэлчин ард түмний харилцаа холбооны анхдагч нь гарцаа байхгүй өртөө улаач нар билээ. Анх Юнител группээс ийм арга хэмжээ зохион байгуулж байгааг дуулаад, зүгээр л нэг технологийн дэвшлийг харуулсан жирийн үзэсгэлэн болов уу, түүхийг маань дутуу дулимаг харуулчихсан байх вий дээ гэсэн эмээлт дотроо тээсээр ирсэн юм. Гэтэл бодит байдал дээр огт өөр бөгөөд технологийн гайхамшгийг түүхчлэн харуулсан нь үнэхээр сонирхолтой, бахархмаар сайхан шийдэл болжээ.
Бид бүхэн морин циркийнхэн, морьтой хувь заяагаа холбосон улсууд учраас өртөө улаачдынхаа бэлгэдлийг бодож, Өлзийт хорооллоосоо морьдоо унаж, түүхэн хувцас хэрэглэлээ өмсөөд ирлээ. Эртний элч нар "Гэрэгэ"-тэй зорчдог байсны адил би ч бас өнөөдөр өөрт байгаа түүхтэй нэгэн гэрэгэгээ бариад ирсэн юм. Энэхүү гэрэгэ нь Европ хүртэл аялж, өрнө дахины үүд хаалгыг татаж байсан түүхтэй. Бат хааны тухай кинонд би элчийн дүрд тоглож байлаа. Өгөдэй хааныг тэнгэрт хальсан тухай мэдээг баруун зүгт дайлаар мордож явсан Бат хаанд улаагаар хүргэж, улмаар хан хөвгүүдийн аяныг зогсоож байсан түүхэн үйл явдал байдаг даа. Энэ бүхэн миний уран бүтээл, ажил амьдралтай салшгүй холбоотой мэт санагддаг.
Юнител шиг ийм том групп түүх соёлоо сэргээхэд түүчээлэн оролцож байгаад баяртай байна. Бидэн шиг нүүдэлчин өв соёлоо тээж, уламжлуулан үлдээхийг хүсэж яваа хүмүүст заримдаа дэмжлэг их дутагддаг юм. Энэ үзэсгэлэн доторх энэ сайхан зүйлсийг үзчихээд, цаашид ийм том байгууллагуудтай хамтран ажиллаж, дэмжлэг авч чадвал өв соёлоо залууст хүргэхэд улам их хувь нэмэр оруулж чадах юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж суулаа.

Бид бүхэн морин циркийнхэн, морьтой хувь заяагаа холбосон улсууд учраас өртөө улаачдынхаа бэлгэдлийг бодож, Өлзийт хорооллоосоо морьдоо унаж, түүхэн хувцас хэрэглэлээ өмсөөд ирлээ. Эртний элч нар "Гэрэгэ"-тэй зорчдог байсны адил би ч бас өнөөдөр өөрт байгаа түүхтэй нэгэн гэрэгэгээ бариад ирсэн юм.
Зураач С.Цогтбаяр
Урьд нь гаднын орнуудад ийм төрлийн виртуал үзвэр үзээд сэтгэл хөдөлж явсан бол яг тэрхүү мэдрэмжийг хотынхоо төвөөс авна гэдэг гайхалтай хэрэг юм. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн цаг хугацааны гурван хэмжээсийг гайхалтайгаар зангидсан энэ контентыг үзэж байхдаа би бараг л өөр хэмжээст шилжиж, өнгөрүүлсэн амьдралаа нүдний өмнүүр урсган харах шиг боллоо. Алдарт “Interstellar” кинон дээр гардаг шилэн давхаргууд дунд орчихсон мэт тийм гүн мэдрэмж, транс орчноос би одоо ч бүрэн гарч чадаагүй явна.
Би өөрөө зургийн мэргэжлийн хүн, тэр дундаа анимэйшн, комик, манга чиглэлээр олон жил ажиллаж байгаа. Энэ салбарт олон шавь нараа бэлтгэсэн хүний хувьд эл бүтээлийн ард асар их хөдөлмөр, хичээл зүтгэл шингэснийг маш сайн ойлгож байна. Энэ төсөл дээр бүтэн жилийн турш ажилласан гэж сонслоо. Тэгэхээр энэ бол зүгээр нэг үзвэр биш, маш том хөдөлмөр, ур чадварын уулзвар юм.
Энэхүү виртуал байгууламжийг цаашид байнгын ажиллагаатай үзвэр болгоосой гэж хүсэж байна. Магадгүй тогтмол байгууламжтай болоод, доторх контентуудыг нь үе үе солиод байвал тун догь болох байх. Зарим үед нь "Монголын нууц товчоо"-ны түүхэн ертөнцөөр аялуулдаг, эсвэл Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Үлэг гүрвэлийн ертөнцийг хүүхдүүдэд мэдрүүлдэг байвал өгөөжтэй байна байх даа гэж бодлоо.

Энэхүү виртуал байгууламжийг цаашид байнгын ажиллагаатай үзвэр болгоосой гэж хүсэж байна. Магадгүй тогтмол байгууламжтай болоод, доторх контентуудыг нь үе үе солиод байвал тун догь болох байх.
Temple of Light-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жан Бори де Варин
Энэхүү төсөл нь Монголын соёлын салбарт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалт болж байна. Immersive experience гэдэг нь үзэгч бүтээлийг хавтгай дэлгэцээр алсаас харах биш, 360 градус орчинд бүх мэдрэхүйгээрээ уусан мэдрэхийг хэлдэг.
Бид Францын студиэс хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, стандартыг тээвэрлэн авчирч, өөрсдийн баг хамт олон болон Юнител групптэй хамтран Монголд анх удаа өргөн хэмжээнд нутагшуулсан нь энэ болж байна. Дэлхийн бусад жишгийн хувьд голдуу бэлэн уран зургийг дижитал хэлбэрт шилжүүлдэг бол эл төсөл нь Монголын харилцаа холбооны түүх, өв соёлд зориулсан, цоо шинэ монгол контентыг бүтээснээрээ онцлогтой.

Бид Францын студиэс хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, стандартыг тээвэрлэн авчирч, өөрсдийн баг хамт олон болон Юнител групптэй хамтран Монголд анх удаа өргөн хэмжээнд нутагшуулсан нь энэ болж байна.
Flamebros Animation студийн үүсгэн байгуулагч, артист Б.Төгөлдөр
Хагас жилийн хугацаанд төслийг гардан удирдаж, голлон зурсан 15 орчим үндсэн уран бүтээлчээс гадна гүйцээн будалт, clean-up зэрэг бүх шатны ажлыг гүйцэтгэсэн нийт 50 гаруй артист бүхий маш том баг ажилласан. Хамгийн сонирхолтой нь, эдгээр 50 гаруй уран бүтээлчид бүгд Монгол хүмүүс бөгөөд тэд зөвхөн нэг дор цуглаагүй, зарим нь Хятад, зарим нь Герман, зарим нь Монголынхоо хөдөө орон нутагт гээд дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар нэгдэн, энэхүү том бүтээлийг хамтран босгосон явдал юм.
Бүтээлийн түүхэн агуулгыг үнэн зөв, бодитой гаргахын тулд бид мэргэжлийн түүхчидтэй нягт хамтран ажилласан. Жишээ нь, Хүннүгийн үеийн ордны олдворууд гэхэд өнөөдөр яг бэлэн, тодорхой зураг сэлт ховор. Мэдээж тэр болгоныг бид өөрсдөө зохиогоод зурчхаж болохгүй учраас түүхчид маань тухайн үеийн хээ угалз, баганын харьцаа, хийц ямар байх ёстой зэрэг Их Монгол улсын үе хүртэлх бүх цаг үеийн нарийн деталь, чухал мэдээллүүдийг бидэнд өгч, санаагаа байнга солилцсоны үндсэн дээр энэ бүхэн бэлэн болсон.
Flamebros Animation студийн зүгээс Монголын залуу уран бүтээлч, артистуудаа илүү чанартай, зөв менежменттэй ажиллаж, өөрсдийнхөө хөдөлмөрийг дэлхийн хэмжээнд зүй ёсоор үнэлүүлж сураасай гэж хүсдэг. Манай залуучууд өөрсдийгөө дутуу үнэлэх гээд байдаг талтай. Ерөөсөө тэгж бодохгүйгээр, хэдүүлээ олон улсын түвшинд ч хийж чаддаг гэдгээ харуулж, бусдадаа үлгэрлэхийг уриалж байна.

Flamebros Animation студийн зүгээс Монголын залуу уран бүтээлч, артистуудаа илүү чанартай, зөв менежменттэй ажиллаж, өөрсдийнхөө хөдөлмөрийг дэлхийн хэмжээнд зүй ёсоор үнэлүүлж сураасай гэж хүсдэг.
Комедиан Төөгөө /Б.төгөлдөр/
Иммерсив урлагийн тод жишээ бол алдартай "teamLab". Миний хувьд Японд очихдоо энэхүү үзэсгэлэнг үзэхээр гурван ч удаа оролдсон боловч тасалбар нь дуусаад үзэж чадаагүй юм. Тэр цагаас хойш "Монголд маань яагаад залуучууд эсвэл аль нэгэн байгууллага, компани ийм төрлийн бүтээлч зүйлийг санаачилж хийдэггүй юм бол доо" гэж дотроо их боддог байлаа.
Тэгтэл манай оффисын хойд талд энэхүү үзэсгэлэнгийн барилгыг босгох үйл явцыг ажлынхаа цонхоор анхнаас нь харж байж. Тухайн үед "Энд яг юу болох гээд байна вэ, ямар ч байсан энэ том хайрцаг саван дотор технологийн нэгэн гоё зүйл хийгдэх нь дээ" гэж сонирхон ажиглаж байсан ч эхэндээ хэний, ямар төсөл болохыг нь мэдээгүй явсан хэрэг. Харин барилгын булан дээр "Юнител"-ийн лого байршихыг хараад "За, эдний хамт олон ямар ч байсан гоё, чанартай зүйл бүтээх нь гарцаагүй" гэж дотроо бодсон.
Технологийг урлагтай хослуулж, дүрслэлийг дуу хөгжимтэй нь зэрэгцүүлэн маш гоё мэдрэмжийг бэлэглэж байгаа энэхүү бүтээлийг "гайхалтай дөрвөлжин хар сав" гэж тодорхойлмоор байна.

Технологийг урлагтай хослуулж, дүрслэлийг дуу хөгжимтэй нь зэрэгцүүлэн маш гоё мэдрэмжийг бэлэглэж байгаа энэхүү бүтээлийг "гайхалтай дөрвөлжин хар сав" гэж тодорхойлмоор байна.
Ханмонгол морин циркийн уран бүтээлч Ц.Тэмүүжин
Дээхэн үед, холбоо сүлжээ, интернэт гэж байхгүй байх цагт манай Монголын ард түмэн мориор өртөөчлөн нэгэндээ мэдээ хүргэдэг байсан сайхан уламжлалтай. Тэрхүү түүхэн уламжлалыг бэлгэдэж, "Хан Монгол" морин циркийн хамт олон маань энэхүү "Өртөө" үзэсгэлэн дээр өртөөлөн ирээд байна. Олон ч сайхан зүйл бодогдлоо.
Миний хувьд 2023 оноос энэхүү морин циркт ажиллаж байгаа бөгөөд тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл морьтой нөхөрлөж байна. Манай морин циркийнхэн БНХАУ-ын Шинжаан болон бусад улс орон руу явж, гэрээгээр ажиллан, дэлхийн тавцанд Монголын морин циркийн гайхамшгийг үзүүлж, бахдуулж явдаг. Монголын түүх, өв соёл гэдэг утгаараа морин циркийн урлагаар дамжуулан гадаадын иргэдэд эх орноо сурталчилж явах нь үнэхээр бахархмаар, омогшмоор сайхан байдаг шүү.

Түүхэн уламжлалыг бэлгэдэж, "Хан Монгол" морин циркийн хамт олон маань энэхүү "Өртөө" үзэсгэлэн дээр өртөөлөн ирээд байна. Олон ч сайхан зүйл бодогдлоо.

Сэтгэгдэл бичих

