Хөдөлмөрийн зах зээл гэх хөлгүй далайг замчлах нэгэн гүүр бий. Бид энэ гүүрний нэг талд зогсон аль салбарт чиглэж, ямар карьерт зорихоо шийдэх нь амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг болдог. Гагцхүү энэ гүүр бат бөх, түшиг тулгууртай байх нь нэн чухал билээ.
“10 ертөнц 10 өнцөг” булангийн шинэ дугаарт “Монголын иргэн бүрд ажлын байр” уриатай Zangia.mn-ийн хамт олныг онцолж байна. Хүний нөөцийн салбарын хүчирхэг эрэг шураг болон ажиллах ямар байдаг бол?
1. ХАРИЛЦАГЧ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР Н.САЙНБУЯН
Салбар бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Тэр ч утгаараа тухайн салбарын үнэ цэн, утга учирт нийцүүлэн чөлөөтэй ойлголцохын тулд харилцааны өндөр чадвар шаардлагатай байдаг. Харилцагч байгууллагуудын тухайд цар хүрээ, үйл ажиллагааны чиглэл, салбараасаа хамааран ажлын байрны сонгон шалгаруулалт нь ч мөн өөр өөрийн онцлогтой явагдана. Жишээ нь, технологийн салбарт техникийн мэдлэгтэй хүн хэрэгтэй байхад үйлчилгээний салбарт харилцааны ур чадвар, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, самбаачлагатай ажилтан хэрэгтэй байдаг. Гэхдээ аль ч салбарт нэн чухал нь ур чадвар байдаг бөгөөд үүний дараа мэдлэг боловсрол, харилцаа хандлага, хариуцлага гээд олон шаардлага бий.
2. ПРОГРАММ ХӨГЖҮҮЛЭГЧ А.АЛТАН-ОЧИР
Zangia.mn-д ажиллаж эхэлснээс хойш өдий хүртэл маш их зүйлийг сурч мэдсэн гэж бодож байна. Хүмүүсийг ажилд ороход нь тусалдаг ажил хийх, тэр тусмаа тэр нь миний анхны ажил байх үнэхээр сайхан санагдаж билээ. Шинэ төгсөгч болохоор анхандаа туршлага дутна гэж эмээж байсан ч компанийн дотоод соёл, ажлын зохион байгуулалт, туршлагатай хамт олныхоо дэмжлэгээр ажилдаа хурдан дасан зохицсон.
Ажилд орсон даруйд өмнө минь олон сорилт тулгарсан ч тэр бүгдийг даван туулахын тулд гарц хайж, шийдэл олж сурсан нь миний сурсан хамгийн том хичээл. Мөн зөвхөн би гэлгүйгээр хамт олонтойгоо эвлэлдэн нэгдэж байж илүү амжилтад хүрдгийг ойлгосон. Одоо бодоход, энэ бүх туршлагын ачаар ирээдүйд ямар орчинд ажиллахаас үл хамааран өөртөө итгэлтэй, зөв хандлагатай байж сурсан гэж боддог.
Манай Z үеийнхэн шинэ зүйл сурахдаа хурдан, технологид ойрхон байдгаараа давуу талтай. Энэ ч утгаараа миний үеийн залуус өөрийгөө хөгжүүлэх, ажил хайх, ажил хийхдээ орчин үеийн технологийг ухаалгаар ашиглах нь чухал гэж хэлнэ.
3. БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЕНЕЖЕР А.ДОЛГОРМАА
Би урт хугацааны амралтын дараа нэг газраа тогтвортой ажиллан, туршлага хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн. Азтай тохиолоор ч гэх үү, яг л хүсэж байсан компанидаа орж, гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд удирдлагууд маань зөвхөн ажил олгогч байгаад зогсохгүй сурч хөгжих, өсөж дэвших боломжоор хангасны үндсэн дээр би нэгэн томоохон технологийн төсөлд өөрийгөө сорин ажиллаж буй.
Миний хувьд байгууллагын соёл, эерэг хамт олон, удирдлагын арга барилыг чухалчилдаг. Ажлын эхний өдрөөс л найрсаг, халуун дулаан хамт олон угтан авсан нь Zangia.mn-ийн нэг хэсэг болох хүсэл тэмүүллийг минь улам батжуулсан хэрэг. Хувийн туршлагаас үзэхэд, бид зөв ажлын байраа олохоос гадна зөв хамт олноо олно гэдэг их чухал санагдсан.
Монголын нөхцөлд ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах нь ялангуяа эмэгтэй хүнд амаргүй байх нь олонтоо. Гэхдээ уян хатан цагийн хуваарь, ажилтнаа ойлгодог удирдлагуудтай байснаар гэр бүлдээ цаг гаргах, хувийн ажлаа амжуулах, хоббигоо орхигдуулахгүй байх бүрэн боломжтой болсон.
Мөн байгууллага доторх Sports club, Movie club, Hiking club зэрэг сонирхлын бүлгүүдэд хамрагдаж, хамт олонтойгоо ажил, амьдралынхаа олон талбарт нэгэн гэр бүл мэт байдаг.
Компанийн маань алсын хараа, эрхэм зорилго нь миний үнэт зүйлтэй нийцдэг бөгөөд олон зуун мянган хүний ажил, амьдралын гүүр болж, нийгэмд бодитой хувь нэмэр оруулж яваадаа сэтгэл хангалуун, урам зориг дүүрэн ажилладаг.
4. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Б.ХОСЧИМЭГ
Zangia.mn 2.0 шинэчлэлт нь өнгө төрхөөс илүүтэй утга агуулгад чиглэх ба хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг шингээсэн гэдгийг онцлууштай. Тэр ч утгаараа тус шинэчлэлт зөвхөн UI сайжруулалтаар үл тогтох ба 16 жилийн турш хүний нөөцийн салбарт үйлчилж ирсэн системийг дараагийн түвшинд хүргэсэн нөлөө бүхий дэвшил боллоо гэж харж байна. Тодруулбал, шинэчлэгдсэн Zangia.mn ажил горилогчдыг илүү сайн таньж мэдэхэд тань туслах ба ажлын зар болон CV-ийн нийцлийг хиймэл оюунаар дүгнэх, карьерийн зөвлөмж өгөх, шүүлтүүр, сорил, үнэлгээ, CV боловсруулагч, тайлангийн систем гээд олон шинэ функц бүхий цогц системээр тоноглогдсон. Бид энэ хичээл зүтгэл, тэмүүлэл бүрийнхээ эцэст авдаг хамгийн сайхан “шагнал” бол хэрэглэгчдийн маань карьерын эхлэл, ахиц дэвшил бидэнтэй холбогдох явдал. “Танайхаар дамжуулаад анхны ажлаа олсон”, “Дараагийнхаа карьерын боломжийг Zangia.mn-ээс олсон” гэх мэт үгс бидний авч болох хамгийн том урам зориг.
Хүний нөөцийн салбар тухайн орны эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрдэг. Шинэ үеийнхний оролцоо нэмэгдэхийн хэрээр байгууллагын бодлого, ажлын нөхцөл, соёл философи шинэчлэгдэх шаардлага үүсэх нь тодорхой. Энэ бүхний ард хүний нөөцийн менежерүүд шинэ стратеги гаргах, технологитой уялдуулах, илүү уян хатан, ил тод, ээлтэй системийг бүтээх шаардлагатай болдог. Миний хувьд энэ салбарт технологийн шинэчлэлийн салхи оруулах нь зүгээр нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлт бус монголчуудын ажлын байр, ажлын орчныг илүү ухаалаг болгох, ажил амьдралын чанарыг сайжруулах эрхэм зорилго гэж үздэг. Тиймдээ ч Zangia.mn-ийн шинэчлэл хүний нөөцийн салбарын хөгжилд оруулж буй урт хугацааны хувь нэмэр юм.
5. БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Т.ДӨЛГӨӨН
Миний хувьд Zangia.mn-д ажилд ороод хоёр жил долоон сар болж байгаа бөгөөд дөрөв дэх төслийнхөө бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Чиг үүргийн тухайд хариуцсан төслүүдийнхээ программ хангамжийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг шалгах, хөгжүүлэлтийн үеийн тест хийж, нэвтрүүлэлтэд гаргах чиглэлээр ажилладаг. 2023 оны хоёрдугаар сараас Зангиа академи болон Зангиа аудио төслүүдэд ажиллаж эхэлсэн бол 2024 оноос эхлэн Testly.mn төсөл дээр ажиллаж байна. Харин одоо тун удахгүй шинэ төслөө нэвтрүүлэхээр ажил ид өрнөж байна даа.
Zangia.mn одоогоор 20 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, Монголын 10 мянга гаруй компанид нийлүүлдэг ба сүүлийн үеийн хөгжүүлэлтээс дурдвал Testly.mn-ийн түвшин тогтоох тестийн сан өнгөрөгч тавдугаар сард нээсэн. Мөн Zangia.mn платформ шинэчлэгдэж, Advanced AI нэвтрүүлсэн байгаа.
6. ДЭД ЗАХИРАЛ Г.ТӨРТОГТОХ
Би IT-ийн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос хойш Zangia.mn-д ажиллаж байна. Энэ хугацаанд биднээр дамжуулж ажилд орсон, ажлын санал авсан, илүү сайн нөхцөлтэй шинэ орчинд орсон гэх яриа бидний үйл хэргийг мялаасаар ирсэн нь бидэнд урам зориг, итгэл найдвар өгч, ажлын маань үнэ цэнийг улам гүн ойлгуулдаг гэдгийг онцлон дурдъя.
Zangia.mn-ийн хувьд “Монголын иргэн бүрд ажлын байр” уриан дор 16 дахь жилдээ Монголын хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжилд чиглэсэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Ингэхдээ бид хиймэл оюунд суурилсан цогц шийдлээр дамжуулан сурч хөгжих, ажиллах боломжийг хүн бүрд бүрдүүлж, байгууллагуудыг чадварлаг хүний нөөцөөр хангаж, бизнесийн өсөлтөд нь бодит хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгодог.
Манай платформд сард дунджаар 20 мянган ажлын байрны зар нийтлэгддэг. Нөгөөтээгүүр ажил хайж буй иргэдийн тоо өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байгаа нь нээлттэй ажлын байр их байгаа ч ажилд орж чадахгүй байгаа иргэд мөн маш их байгааг харуулж байгаа юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээсээ хуваалцвал, бид ажлын байр болон ажил горилогчдыг холбох гүүрээ улам батжуулах, хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцлийг хангах зорилгоор хиймэл оюунд суурилсан шинэ хувилбараа нэвтрүүлээд байна. Мөн ирэх жилүүдэд хэд хэдэн хиймэл оюунт агент хөгжүүлж, илүү нарийвчилсан, оновчтой шийдлүүдийг санал болгохоор төлөвлөж буй. Хиймэл оюуныг амжилттай нэвтрүүлэх нь датанаас шууд хамаардаг бол манай байгууллагын хувьд жилд дунджаар 260 мянга гаруй ажлын байрны зар нийтлэгддэг, 1.2 сая орчим хэрэглэгчтэй байгаа нь бидэнд томоохон давуу тал болж байгаа юм.
Ажилтан өөрийн зорилготой нийцсэн байгууллагад ажиллах, ингэхдээ ажлын орчин нөхцөл нь тав тухтай, санаа зовох зүйлгүй байх нь бүтээмжтэй, тогтвортой ажиллахын үндэс гэж удирдлагын хувьд үздэг. Иймд ажилтнууддаа зориулсан сургалт, спортын арга хэмжээ, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулдаг.
7. БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АХЛАХ МЕНЕЖЕР Т.ТЭЛМЭН
Миний хувьд хүний нөөц, санхүү, бизнес хөгжлийн чиглэлээр 28 жил ажилласан туршлагатай ба Зангиа портал компанидаа 7 дахь жилдээ залуу, эрч хүчтэй, чадварлаг багтай гар нийлэн ажиллаж байна. Би төрийн алба, Монголын томоохон хувийн групп компани болон зөвлөх компаниудад хүний нөөц, санхүүгийн чиглэлээр ажилласан туршлагатай байсан тул 2018 оны намар Zangia.mn-ээс хүний нөөцийн сонгон шалгаруулалтын менежерээр ажиллахыг санал болгосноор Zangia.mn компанитайгаа ажил, амьдралаа холбосон.
“Зангиа Портал” компани өнгөрсөн хугацаанд маш олон төсөл хэрэгжүүлснээс миний хариуцаж гүйцэтгэсэн томоохон төсөл гэвэл Careers.mcs.mn хүний нөөцийн сонгон шалгаруулалтын цогц систем. Энэ нь хүний нөөцийн бүрдүүлэлт, шалгалт, ярилцлага, нэмэлт сонгон шалгаруулалт, ажилд авах шийдвэр бүртгэх гээд бүх үйл явц нь системээр хийгдэхүйц хөгжүүлснээрээ онцлог. Мөн хүний нөөц, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бичиг баримтууд болох гэрээ, журам, ажлын байрны тодорхойлолт, тушаал зэргийн загварыг боловсруулж вебсайтдаа байршуулсан нь хүний нөөцийн ажилтнуудын ажлыг хөнгөвчилсөн, хэрэглээний давтамж өндөртэй ажил болсон гэж бид үздэг.
Zangia.mn олон мянган ААН, мянга мянган ажил горилогчийг холбох гүүр нь болдгоороо улсынхаа хөдөлмөрийн зах зээлд маш чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Ажил хөдөлмөр буцалсан энэхүү байгууллагын эд эс болж, залуусын сайхан энерги дунд бужигнан ажиллаж байгаадаа ихэд баяртай байдаг.
8. ҮЙЛЧЛЭГЧ Л.ОЮУНБИЛЭГ
Би байгууллагынхаа хамгийн ахмад ажилтан. Нас зүс холилдсон олон залуустай нэгэн гэр бүл болон ажиллаж байгаа нь надад нэн таатай байдаг. Учир нь миний насныхан гэртээ ач зээгээ хараад суух нь түгээмэл байдаг бол миний хувьд уйдах ч завгүй ажил хөдөлмөрт дурлаж, намайг хүндэлж, ойлгодог хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллаж байна шүү дээ. Хамт олон маань миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж уян хатан цагийн хуваарь санал болгодог.
Олон түмнээ ажил орлоготой байхад нь тусалдаг хамт олноороо би ямагт бахархаж, тухтай, цэмцгэр орчинд ажиллаасай хэмээн ихэд хичээнгүй ажилладаг.
9. АХЛАХ МОБАЙЛ ХӨГЖҮҮЛЭГЧ Б.ОТГОНЗАЯА
IT салбарын хамгийн том давуу тал бол олон төсөл дээр зэрэг ажиллах, шинэ технологийг туршиж хэрэгжүүлэх, ур чадвараа хурдан хөгжүүлэх боломж юм. Энэ боломжийг би Zangia.mn-д өнгөрүүлсэн дөрвөн жилдээ өдөр бүр мэдэрсээр ирсэн. Манай байгууллага олон төрлийн систем, бүтээгдэхүүнийг зэрэг хөгжүүлдэг тул би frontend ба backend хөгжүүлэлт, мобайл апп, интеграци ба DevOps гэх мэт олон талт төсөлд оролцох боломжтой. Улмаар богино хугацаанд олон талын мэдлэг, туршлага хуримтлуулж чадахаас гадна багийн хамтын ажиллагаа, Agile арга зүй, шинэ framework-үүдтэй танилцах өргөн боломж олддог.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд би таван төсөлд гар бие оролцсон бөгөөд ингэхдээ техник шийдэлд төвлөрөхөөс гадна хэрэглэгчийн туршлагад онцгойлон анхаарах, шинэлэг дизайн, ойлгомжтой интерфейс бий болгох, системийг уян хатан, ирээдүйд өргөжих боломжтойгоор хөгжүүлэх зориулалтаар ажилласан.
Харин сул тал гэвэл олон цагаар компьютерийн ард суудаг тул нуруу, нүд алжааж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Гэхдээ миний хувьд эрүүл мэндээ орхигдуулалгүй, ажлынхаа завсарлагаанаар дасгал хөдөлгөөн хийх, долоо хоног бүр зааланд тоглох, байгууллагынхаа фитнессийн хөнгөлөлтийг идэвхтэй ашиглах зэргээр өөртөө цаг гаргадаг.
IT салбарын үнэт зүйл нь зөвхөн код бичих чадвар бус хэрэглэгчийн бодит хэрэгцээг ойлгож, хүний нөөцийн салбарын өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх бүтээлч, уян хатан шийдэл бүтээхэд оршдог юм байна гэж би дүгнэсэн. Өнгөрсөн найман жилд IT салбарын олон сорилт, боломжийн дундуур туучиж, сүүлийн дөрвөн жилд хүний нөөцийн дижитал хувьсалд гар бие оролцсон минь надад нэг зүйлийг тодорхой ойлгуулсан нь “Технологи бол зөвхөн систем биш хүний амьдралыг хөнгөвчлөх, ажлыг илүү үр дүнтэй болгох хэрэгсэл юм”. Ирээдүйд би зөвхөн шинэ технологийг эзэмшээд зогсохгүй байгууллагын бодит хэрэгцээнд нийцсэн, олон хүний өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх шийдлүүдийг бүтээхийг зорьж байна. Багийн хамтын хүчээр илүү олон чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж, Монголын хүний нөөцийн болон IT-гийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах нь миний дараагийн том зорилго билээ.
10. МАРКЕТИНГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ЗОЛЖАРГАЛ
Хүмүүс маркетингийг зөвхөн борлуулалт нэмэгдүүлэх хэрэгсэл гэж ойлгох нь олонтоо ч миний хувьд маркетинг бол хүний амьдралд үнэ цэн нэмэх, өөрчлөлт авчрах хүчирхэг хэрэгсэл. Амьдралын бүхий л цаг үед хамтрагч хамгийн чухал байдаг шүү дээ. Үүний адил манай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдийн карьерын жинхэнэ хамтрагч нь байгаасай хэмээн хүсэж, гол зарчмаа болгон ажилладаг.
Манай албаны гишүүн бүр ажил горилогч, ажлын байр хоёрыг холбохоос гадна хүмүүсийн ажил амьдралын чанарт эерэгээр нөлөөлөх, үнэ цэн бүтээх, итгэл төрүүлэх зорилготой ажилладаг. Тиймдээ ч бидний маркетингийн бодлого борлуулалтад төвлөрөхөөс илүүтэй хэрэглэгч бүрийн итгэл, урам зориг, ирээдүйн карьерын боломжийн гүүр нь байхыг эрхэмлэдэг.
Мөн миний хувьд багийнхаа гишүүдийн өсөлт хөгжил, суралцах орон зай, шинэ зүйл турших эрмэлзлийг бүх талаар нь дэмжиж, хамтдаа суралцахыг зорьдог. Энэ бүхнийг манай удирдлагууд бүрэн дэмждэг тул бид нээлттэй санаачилга гаргаж, бодитоор хэрэгжүүлэх боломжтой байдаг.
Манай алба Zangiа.mn-ийн маркетинг, PR-ийг хариуцахаас гадна компанийн хэрэгжүүлж буй бүхий л төслүүдийн маркетингийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Үүнд цахим сургалтын платформ болох Zangia Academy, аудио номын сан болох Zangia Audio, тестийн нэгдсэн сан Testly зэрэг Zangia.mn-ээс нэвтрүүлж буй бүх шинэ төсөл багтдаг бөгөөд эдгээр нь бидэнд олон талын туршлага хуримтлуулах, өсөн дэвших томоохон боломжийг олгодог гэж хардаг.