Өнгөрөгч өдрүүдэд цахим орчинд хүмүүс “Ид шидийн орон”-оор амьсгалав. За даа, өнгөрөгч өдрүүд ч гэж, өнгөрсөн хэдэн сарын туршид гэхэд хилсдэхгүй биз ээ. Хүүхэд хамгааллын цогцолбор төв барина, барилгын ажлаа эхлүүлж байна гэж Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус зарласнаас хойш ердөө 5 сарын дараа “Ид шидийн орон” Зүүн Салааны гэр хороолол дунд сүндэрлэн боссон юм. Өнгөрөгч гурван өдөр тус төвийн нээлтийн “нээлттэй” арга хэмжээ болж, олон хүн зочлон, олон ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээ бэлтгэв. Unread-ийн бид уг нь бусдын сурвалжилж мэдээлсэн сэдвийг давхцуулж бэлтгэх сонирхолгүй байдаг. Гэлээ ч энэ бол үнэхээр онцгой тохиолдол. Олны хүч оломгүй далай гэдгийг харуулсан энэ төсөл хүмүүсийн зүрх сэтгэлийг соронздон татсанд учир бий. Хэн хүнгүй энэ төслийг ярьж шагших шалтгаан бий. Тийм ч учраас бид “Онцлох бизнес” ярилцлага гардаг даваа гарагийн дугаартаа "Онцлох төсөл" хэмээх хэсгийг нэмж, анхдугаарыг нь “Ид шидийн орон”-д зориуллаа.

ТӨСЛИЙН САНАА АНХ ХЭРХЭН ТӨРӨВ?
2012 оноос эхлэн Ч.Ганжавхлан гэх залуу хүний наймааны талаар дуугарч эхэлсэн билээ. Гадаадад суралцсан тэрээр Монголдоо ирэн ажиллаж байхдаа санаандгүй байдлаар хүний наймааны асуудал хурцадсаныг ойлгож, “Лантуун дохио” ТББ-ыг байгуулан ажилласан нь нийгэмд эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийг олны анхааралд аваачсан юм. Энэ үйл хэрэг нь удалгүй манай улсад хүүхэд хамгааллын ажил системгүй явж ирснийг, дорвитой ажил хийхгүй бол нөхцөл байдал бишидсэнийг түүнд ойлгуулжээ. Энэ хооронд тус байгууллага хүүхдийн хүчирхийллийн олон кэйстэй учирч, олон бэрхшээлтэй тулгарч, тэдгээрийг давах явцдаа “системийн” гарц шийдлийг нь хайсаар байжээ. Ингээд тэд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, хүүхэд хамгааллын төв, хүүхэд хөгжлийн төв гэсэн хоёр гол барилга бүхий цогцолбор төвийг байгуулах нь хамгийн үр дүнтэй юм байна гэж шийдээд, энэхүү төслийг эхлүүлсэн байна. "Ид шидийн орон" төслийн санаа 2016 оны нэгдүгээр сард төрж, Лантуу дохиогийнхон төслөө бичих, газар хайх зэрэг бэлтгэл ажлуудыг хангаж байгаад 2017 оны 4 сарын 18-нд барилгын ажлаа эхлүүлжээ.
"Ид шидийн орон" цогцолбор төв нь хүүхэд хамгааллын холбон зуучлах, түр хамгаалах үйлчилгээ явуулж, сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө өгч, нийгмийн ажилтны үйлчилгээ, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан (өдөр өнжүүлэх төв) цэцэрлэг болон нийтийн номын сан үйл ажиллагаагаа явуулах юм. Түүнчлэн дунд сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдэд зориулсан боловсрол, хөгжлийн хөтөлбөрүүдийг, гар урлал амьдрах ухааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАГИЙН ТУХАЙ
Энэ төсөл маш олон хүний хүч хөдөлмөр, дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжсэн. Лантуун дохио, Ид шидийн орон гэхээр санаанд шууд буудаг Ч.Ганжавхлангаас гадна гурван залуу "Ид шидийн орон"-ы барилгын ажлыг удирдан явуулжээ. Тэдний нэг Б.Тэлмэн биднийг хүлээн авч цогцолбороо танилцуулсан юм. Уг төсөлд “Лантуун дохио” ТББ-ын удирдах зөвлөлийн 7 гишүүн, 50 орчим сайн дурын ажилтан шаргуу ажилласныг тэмдэглэх учиртай. Энэ хэдэн сарын хугацаанд мөн 1500 орчим хүн барилгын ажилд халуун сэтгэлээр тусалжээ.
Дэлхийн олон хотод салбартай, олон зуун дэмжигчийг хамарсан хүчтэй байгууллага болж чадсан нь Лантуун дохиогийн нэг онцлог. Төслийн явцад нэгэн харамсалтай хэрэг тохиолдсон нь, тус байгууллагын Солонгос дахь салбарын тэргүүн, төслийн санаачлагчдын нэг С.Гүлсара хэмээх эмэгтэй Монголд ирээд байхдаа автын ослоор өөд болсон явдал юм. Баяр хөөртэйгээр ажлаа нугалж байсан төслийн багийнханд энэ гэнэтийн явдал хүндээр туссан ч буянтай ажлын эхлэлийг тавилцсан эгчийнхээ утга учиртай амьдарсныг гэрчлэх учиртай цогцолборын бүтээн байгуулалтад улам бүр шамдах хүсэл зоригоор өөрсдийгөө хурцалжээ.


ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРХЭН ШИЙДЭВ?
Анхны санхүүжилтээ тэд 1000 төгрөгний түлхүүрний оосор зарж эхлүүлсэн байна. Үүний дараа Лантуун дохиогийн идэвхтэй гишүүд болох Анук, Очко нар ковер дууны тоглолт хийн 3 сая төгрөг босгож, “Эко цэцэрлэг”-ийн багачууд ангидаа зурсан зургуудаар үзэсгэлэн гарган, аав ээждээ зараад, 620 мянган төгрөг авчирч өгсөн нь анхны хандивуудын нэг болжээ. Лантуу дохиогийн залуучууд хандив мөнгө гуйхаа урьтал болгосонгүй, эхлээд бүх л нөөц боломжийг эрэлхийлж, өөрсдөөс хамаарах бүхнийг хийх гэж хичээж зүтгэсэн юм. Төд удалгүй энэ чармайлтыг нь хүмүүс анзаарч эхлэв.
Барилгын ажлаа анх 5 сая төгрөгтэй эхлүүлтэл 2 хоноод л дууссан хэмээн Б.Тэлмэн хөгжилтэйгээр дурсав. Бага багаар цуглаж байсан хандиваа тэр дор нь л нүдний өмнө биежүүлэн босгож, ажлыг яралзуулж байсан тэдэнд хүмүүс ч улам бүр итгэн үнэмших болж, дэмжлэг эрчимтэй нэмэгдэх болжээ. 100 айл дээрх барилгын материалынхан боломжоороо хөнгөлөлт үзүүлж, компаниуд барилгын материалаа илүүчилж, зарим нь худаг гаргах, зарим нь чимэглэлийн зураг хийж өгөх, Candy зэрэг үйлчилгээгээр хандивын үйл явцыг дэмжих гэх мэтээр “Юу байна, түүгээрээ дайлна” гэдэгчлэн иргэд ч, байгууллагууд ч эрвийх дэрвийхээрээ дэм үзүүлж эхэлсэн байна.
Санхүүжилт дээр ч төслийн багийнхан хариуцлагатай хандаж, шилэн данс хөтлөн хандивлагчдынхаа мэдээллийг сайт дээрээ өдөр цагаар шинэчилж, олон улсын нэр хүндтэй компани Ernst & Young-ийн дэмжлэгээр аудитын үйлчилгээ нь авах болсон нь хандивлагчдыг мөнгөний зарцуулалт дээр санаа зовох зүйлгүй болгосон гэхэд болно. Нээлтийн үеэр тэд нийт 1 тэрбум 21 сая төгрөгөөр боссон бүтээн байгуулалтынхаа санхүүгийн бүдүүвч задаргааг инфографик байдлаар, томоор хэвлэж тавьсан нь шууд л нүдэнд тусаж байв. Эдгээрээс жишээ болгон цөөн тоо хэлэхэд, гадаад дахь монголчуудаас 182 сая төгрөг хандивлаж, төслийн Хаан банкны дансанд 4400 орчим удаагийн шилжүүлгэ хийгдэж, шимтгэлд л гэхэд 440,000 төгрөгийн зардал гарчээ.


ТӨСЛИЙН ОНЦЛОГ ТАЛУУД
“Ид шидийн орон” төсөл бол бүхэлдээ шинэ санал санаачилгын, шинэ бүхний нийлбэр юм. Хүүхдийн хүчирхийллийн хэрэг хамгийн их гардаг гэр хороолол дунд ийм төв барина гэдэг шинэлэг санаа. Цогцолборыг бүтээх санхүүжилтийг цэвэр олон нийтийн санхүүжилтээр (crowdfunding) шийдсэн нь хөрөнгө босгох орчин цагийн шинэ хандлага. Цогцолбор баригдсаны дараа үйл ажиллагааны санхүүжилтээ ч нэн шинэлэг моделиор шийдэх санаачилгыг тэд гаргасан. Түүгээр ч зогсохгүй бүтээн байгуулалтаа нээн харуулах арга хэмжээн дээр бяцхан хүүхдүүд тууз хайчилж байх жишээтэй. Ерөөс Лантуун дохио хэмээх энэ байгууллага бүтэц, үйл ажиллагаагаараа шинэ цагийн ТББ-ыг тодорхойлж, сайн дурын ажилтны үнэлэмжийг нийгэмд нэмэгдүүлж, хожим магад сурах бичигт тэмдэглэгдэх кэйсийг бий болгож яваа гэлтэй. Төслийн талаар санал сэтгэгдлээ хуваалцаж буй хүмүүсийг анзаарахад, энэ төсөл тэр чигтээ шинэ үеийнхний бодол санаа, үзэл хандлагыг тунхаглах хамгийн том ажил боллоо хэмээн тэд дүгнэж байна.


БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БҮРДЭЛ ХЭСГҮҮД
"Ид шидийн орон" цогцолбор нийт 9 обьектоос бүрдэх аж. 8x15 метрийн харьцаатай хоёр барилга, 50 хүүхэд тойрч суух саравч, 6 ханатай гэр, тоглоомын талбай, сагсны талбай, хүлэмж, харуулын сууц бүхий автобус багтах гарааш, гурван айлын жижиг гэр хотхоноос бүрдсэн энэ цогцолбор яг л анх гаргасан зургийнхаа дагуу бэлэн болжээ. Хүүхэд хамгааллын төвийн байранд амьдрах өрөөнүүд, хөгжмийн өрөө, дунды өрөө, Лантуун дохиогийн оффис, харин хүүхэд хөгжлийн төвийн байранд номын сан, сургалтын танхим, цэцэрлэг гэх мэт хэсгүүд бий.
Өөр нэг анхаарал татсан зүйл бол цогцолбор бүхэлдээ байгальд ч, хүнд ч ээлтэй бүтээн байгуулалт болж чаджээ. Дээвэр дээр нарны эрчим хүч үйлдвэрлэх хавтангууд байрлаж, гэрүүдийн дулааныг шалны халаалтаар шийдэж, хог хаягдлын ухаалаг шийдлүүдийг гаргасан байна. Гүний усыг 75 метрээс татаж, сайтар цэвэршүүлэх технологи ашиглаж байгаа аж. Эдгээр технологийг холбогдох компаниуд, аж ахуйн нэгжүүд бэлэглэх буюу хөнгөлөлттэй үнээр өгчээ. Дээр нь мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй зам талбай, орц гарцууд энд бий.

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА, ХЭТИЙН ЗОРИЛГО?
Ийм том хэмжээний төслийг хэсэг залуус бие даан хэрэгжүүлж ард нь гарсны нэг нууц нь тэдний романтик байдал гэдэгт би итгэж байна. Романтик хүмүүс л ийм хэмжээний ажлын ард ийм хурдан хугацаанд гарч чадна. Одоо тэднийг үйл ажиллагаагаа жигдрүүлэх томоохон сорилт хүлээж буй. Гэхдээ тэд чадамжид үл эргэлзэнэ. “Хүүхдийн хүчирхийлэл бүх л улсад байдаг. Бид ирээдүйд зөвхөн Монголд гэлтгүй өөр улсуудад ч үйл ажиллагаагаа явуулна гэж мөрөөдөж байна” хэмээн Б.Тэлмэн дурдсан. Тийм ээ, тэд энэ мөрөөдөлдөө хүрэх эхний алхмаа хийчихсэн шүү дээ. Хүүхэд хамгааллын тал дээр, "Ид шидийн орон" дэлхийн хэмжээний жишээ болж бүртгэгдэх биз. Тэгэхээр яагаад болохгүй гэж. Think globally, act locally гэдэг дээ.

НААДМЫН ДАРАА НАМАР, НЭЭЛТИЙН ДАРАА ҮЙЛ АЖИЛЛАГАА
Лантуун дохиогийнхон ирэх 10 сарын 1-нээс төвийнхөө үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй аж. Тохижилтоо бүрэн гүйцээх, хүүхдүүдээ хүлээж авах, сургалт, хөтөлбөрүүдээ эхлүүлэх гээд мундахгүй их ажил тэднийг хүлээж буй. Хүүхэд хамгааллын байрныхаа үйл ажиллагаан дээр тэд 21 жилийн туршлагатай "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв" ТББ-тай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа бидэнд дуулгасан юм. Бас л шинэ үеийн хандлага мөн дөө. Тэдний энэ шийдвэрээс хийсэн ажлаа өмчлөх, нэр хүнд олохоос илүүтэй бусдыг татаж оролцуулах гэсэн, нийгэмд эерэг нөлөө л үзүүлэх гэсэн хандлага харагдана. Хэрвээ тэдний найдсанаар энэ хамтын ажиллагаа хэрэгжвэл тэд өөрсдөө хүүхдүүдийг сургах, хүмүүжүүлэх хөгжлийн төвийнхөө үйл ажиллагаанд илүүтэй анхаарах хандуулах аж.
За яахав барилга босчихдог юм байж, цаашдын үйл ажиллагаагаа яаж санхүүжүүлэх вэ гэж олон хүн сониучирхаж байгаа нь лавтай. Тэд үүнийг эртнээс тооцсон гэдгээ онцолж байлаа. Ч.Ганжавхлан өөрийн зардлаар АНУ-ын хотуудаар явахдаа 420 орчим хүнээс, хэрвээ бид цогцолбороо бариад босгочихвол та бүхэн үйл ажиллагааных нь зардалд туслах уу гэж асуужээ. Ингэхдээ нэг хүн өдөрт нэг доллар хандивлахыг санал болгосон байна. Үүний дүнд 140 хүн үйл ажиллагааг авч явах санхүүжилтийн энэ модельд нэгдэхийг зөвшөөрсөн гэнэ. Тэгэхээр АНУ дахь монголчуудаас сар бүр илгээх 9 орчим сая төгрөгийн хандив "Ид шидийн орон"-ы ажилтнуудын цалин, үйл ажиллагааны урсгал зардалд зарцуулагдах аж. Гэхдээ энэ бол нэг л барилгаар бодож хийсэн тооцоо, хоёр барилга барьчихсан тул энэ санхүүжилтээ нэмэгдүүлэх аргыг эрэлхийлж байна хэмээн Ч.Ганжавхлан ярив. Үнэхээр ч бүтээн байгуулалт хийгдсэний дараа үйл ажиллагаа, менежмент гэдэг л хамгийн чухал болж ирнэ. Одоо бол бид гайхаж шагшаад л өнгөрнө, харин тэд ажлаа цааш хийнэ.

ТӨСЛӨӨС ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ
Ид шидийн оронтой танилцахад олон л зүйл бодогдож байлаа. Бид энэ мэт сэтгэл зүрхээ зориулсан, бүтээлч, далайцтай ажлаар ямар их цангадаг юм бэ. Зөв сэтгэлтэй, зөв менежменттэй шинэ санаачилгуудыг хүмүүс дэмжсэн шиг дэмждэг аж. Сошиал медиа гэдэг эергээр ашиглавал, хөөх, үнэхээр тустай эд юм байна шүү. Сэтгэл зүтгэл, зүрх зориг байхад залуус бид ёстой уулыг өргөж усыг эргүүлж чадах нь. Гадаадад байгаа монголчуудын маань Монголоо гэсэн сэтгэл үнэхээр сайхан юм аа. Зөв ажил үйлийг санаачлаад ил тод байвал тэд тусламжийн гараа сунгасаар л байх юм байна. Гэх мэтээр энэ төслийн өндөр ач холбогдол, өргөн үр нөлөөг сэтгэлдээ тээсээр, хүмүүст л сайн таниулж ойлгуулах хэрэгтэй юм байна хэмээн өөдрөг гэгч нь буцсан билээ.

Гэрэл зургийг Ш.Хаш-Эрдэнэ, Д.Ганзул
Сэтгэгдэл бичих (6)


Сараа 2017.09.21 202.170.80.25
Аль чулуун доор амьдарч байснаа мэдэхгүй ч, энэ төслийн талаар бараг сонсоогүй л юм байна. Ямар гоё нийтлэл вэ. Бөөн бахархал, манай мундаг залуучуудын өмнөөс. Ийм гоё сэтгэлгээтэй шинэ үеийн нэгэн хэсэг гэдэгтээ маш их баярлаж байна. Дараа дараагийн төслүүд нь улам л амжилттай болоосой.
Б Баасансүрэн 2017.09.19 66.181.166.10
Хүүхдийн эрх чөлөө аюулгүй байдалд тус нэмэр болж чадахуйц үнэхээр бахархам том ажлыг хийсэн, энэ олон сайхан сэтгэлтэй хүмүүсийг нэгтгэж чадсан Ганжавхлан чамд маш том баяр хүргэе. Мундаг залуугийн цаашдын амьдралд аз жаргалын дээдийг хүсье.
C Chiigii 2017.09.19 223.39.189.82
Баярлалаа unread Ид шидийн орон баригдаж дууслаа гэсэн гарчиг ганц нэг харагдаад хэд хоносонч олигтой мэдээлэл авч чадахгүй л яваад байсан юм гэтэл харин та нар ийм гоё мэдээ бэлдэж гаргаад сайхан байна аа.
З Зочин 2017.09.19 202.179.27.182
Бахархаад барахгүй нь энэ мундаг залуучууд мөн дэлхийн өнцөг булан бүрээс чадах чинээгээрээ хандив өргөсөн хүмүүсүүдээр. Хонгилийн үзүүрт гэрэл гэдэг шиг үнэхээр залуу үе маань гэрэл гэгээлэг юм хийж бүтээн үлгэр дууриалал болж байгаад хараад нүдний нулимс цийлэгнэж байна шүү.
З Зочин 2017.09.19 202.21.124.20
Unread-ийн бид уг нь бусдын сурвалжилж мэдээлсэн сэдвийг давхцуулж бэлтгэх сонирхолгүй байдаг. Гэлээ ч энэ бол үнэхээр онцгой тохиолдол. Олны хүч оломгүй далай гэдгийг харуулсан энэ төсөл хүмүүсийн зүрх сэтгэлийг соронздон татсанд учир бий. Хэн хүнгүй энэ төслийг ярьж шагших шалтгаан бий. Тийм ч учраас бид “Онцлох бизнес” ярилцлага гардаг даваа гарагийн дугаартаа "Онцлох төсөл" хэмээх хэсгийг нэмж, анхдугаарыг нь “Ид шидийн орон”-д зориуллаа.
O Oyunlkham 2017.09.19 103.9.90.130
Үнэхээр л бид энэ мэт сайхан ажлуудаар үнэхээр цангаж байсныгаа мэдэрсэн шүү. Ид шидийн орон төслийн багийнхан болон Unread-ийнхандаа баярлалаа. Гүлсара эгч тэнгэрээс хараад хэнээс ч илүү баярлаж суугаа байхаа. Ум сайн амгалан болтугай