Бид өнгөрсөн долоо хоногт Нобелийн тусгай цуврал нийтлэлийнхээ эхний хоёр дугаарыг хүргэсэн билээ. Цувралын сүүлийн нийтлэлээр утга зохиол, энх тайван, эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрхмүүдийн бүтээл, туурвилын тоймыг салбарын монгол мэргэжилтнүүдийн сэтгэгдлийн хамт хүргэж байна.
Цувралын эхний нийтлэлийг унших: НОБЕЛИЙН ШАГНАЛ 2017 - ҮҮДЭЛ ТҮҮХ, УЧИР ШАЛТГААН, ТҮҮХЭН БАРИМТУУД #1
Цувралын хоёр дахь нийтлэлийг унших: НОБЕЛИЙН ШАГНАЛ 2017 - БАЙГАЛИЙН УХААНЫ 3 САЛБАРЫН ШАГНАЛТНУУД #2
Утга зохиол
Өнгөрөгч пүрэв гарагт утга зохиолын Нобелийн хороо контемпорари зохиолын гол төлөөлөгчдийн нэг Япон гаралтай Британи зохиолч Казүо Ишигүрог 2017 оны Нобелийн шагналтнаар тодруулснаа зарлалаа. Олон нийтийн дунд хамгийн их хүлээлт үүсгэдэг уг салбарын шагналын эзнээр тодорч магадгүй хэмээн Маргарет Этвүүд, Нгуги Ван Тхионги, Харуки Мураками зэрэг “том” нэрс яригдаж байсан ч Казүо Ишигүро тэдний дундуур цойлж Нобел хэмээх эрхэм шагналын эзэн болжээ. Нобелийн хороо түүнийг “Бидний хорвоо ертөнцийн талаарх хуурмаг мэдрэмжийн доорх гүн ангалыг нээж, сэтгэл хөдлөлийн агуу хүч бүхий бүтээлүүд туурвисан” хэмээн тодорхойлсон аж.
Казүо Ишигүро нь Японы Нагасаки хотод төрж, 5 настайдаа гэр бүлийн хамт Британид суурьшсан нь түүнийг англи хэл дээрх олон гайхалтай зохиол туурвих эхлэл болжээ. Тэрээр олон ном, зохиол хэвлүүлсний дотроос “Тэр өдрийн дурсамж”, “Намайг битгий тавьж явуулаач” зохиолууд нь хамгийн их алдаршиж, хожим кино дэлгэцнээ мөнхөрсөн. Нобелийн шагнал хүртсэн хэмээх мэдээг сонсоод Казүо Ишигүро “Бүхэлдээ гэнэтийн байлаа” хэмээсэн ба худлаа мэдээлэл байж магадгүй хэмээн сэрэмжилж байжээ. Нобелийн хороо шагналтнаа зарласны дараагаар түүнтэй утсаар холбогдоход тэрээр “Би өөрийн хамгийн агуу баатруудынхаа эгнээнд ирлээ. Учир нь утга зохиолын түүхэн дэх хамгийн агуу зохиолчид л энэ шагналыг хүртдэг. Өнгөрсөн жил гэхэд энэ шагналыг хүртсэн Боб Дилан миний хамгийн том баатар байв” гэж өгүүлжээ.
Казүо Ишигүро өөрийн гэсэн давтагдашгүй хэв маягтай нэгэн бөгөөд хэзээ ч шинэ зохиолууд нь өмнөхтэйгээ адилхан байдаггүй. Түүний зохиолууд 40 орны хэл дээр орчуулагдан гарсан ч танд нэг л ижил сэтгэл хөдлөл, мэдрэмжийг амтлуулах нь хамгийн сайхан, энэ нь ч түүний бусад зохиолчдоос ялгарах гол зүйл биз. Нобелийн шагналтныг зарласны дараагаар Шведийн академийн ерөнхий нарийн бичгийн дарга Сара Даниус түүнийг “шударга үнэний зохиолч” хэмээн тодорхойлж, Казүо Ишигүрогийн бичлэгийн хэв маягийг Жэйн Аустэн, Франц Кафкагийн хосолсон хувилбар хэмээн зүйрлэжээ."
ШИГТГЭЭ: Тэр бол утга зохиолын салбарт “идэр залуу”-гаараа
Казүо Ишигүро ийнхүү 62 насандаа Нобелийн шагналыг хүртэж байгаа нь утга зохиолын Нобелтнуудын эгнээнд залуудаа тооцогдох “гишүүн” болж байна. Утга зохиолын салбарт 60 насны босго гэдэг идэр залууханд тооцогдохуйц, ид хийж, бүтээж, туурвих нас аж. Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэж буй нийт эрхмүүдийн дундаж нас нь 65 бол энэ тоо сүүлийн жилүүдэд улам өндөр болсоор байгаа юм. 2011 оноос хойш Нобелийн шагнал хүртсэн зохиолчид шагнал хүртэх үедээ дунджаар 70 настай байжээ.
Салбарын монгол мэргэжилтнүүд юу хэлэв?
“Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан:
“Цаг хугацаагаар шалгагдсан суутантай харьцуулагдан ур чадвараараа эгнэж үнэлэгдэнэ гэдэг идэвхтэй туурвин бүтээж яваа урлан бүтээгчид тэр бүр олдоод байдаггүй “алдар”, дааж явахад хэцүү оноолт, ховор ч тохиолдол. Ишигүро Казүо бол суут Кафкатай ямагт харьцуулагдан жишигддэг, тийм л өндөр хэмжээний ур чадвартай, философитой, өөрийн гэсэн давтагдашгүй дотоод ертөнцтэй туурвилч. Кафкагийн “Хувирал” хүний дотор мөн чанарыг гадагш эргүүлээд үзүүлчихсэндээ онцгой бол Казүогийн “хувирал” бүтээлээс бүтээлийн хооронд тэс өөр хүн болж чаддаг туурвилчийн өөрийнх нь онцлогийг бахдуулна. Ямартаа л түүнийг тогоснуудын дундах хамелион гэж нэгэн зохиолч нэрлэсэн байх. Түүний анхны роман “Хөвж буй ертөнцийн нэгэн туурвилч” нь Японы түүхэн үйл явдалд тулгуурласан байх бол “Тэр өдрийн дурсамж” роман нь дайны дараах үеийн Английн түүхээс улбаалж, “Өнчин нялхас байхад минь” романых нь үйл явдал Шанхайд өрнөхийн сацуу “Намайг хэзээ ч бүү явуул!” роман нь шинжлэх ухааны уран сэтгэмжит, “Булшин дорх үлэмж биетэн” түүхэн уран сэтгэмжит романд хамаарна. Эндээс түүний хэр далайцтай сэтгэж, төрөл жанрт баригдахгүй өргөн цараатай бичдэг нь харагдана. Үүн дээр нэмээд онцлууштай нь даяарчлалын үзэл мухардалд орж, цагаачид, дүрвэгсэдийн асуудал хурцадсан, ялгаварлан гадуурхал бүх хэлбэрээр гаарч, аймшигт явдлууд шил дараалан гарсан, шашны фундаменталист, хуучныг баримлагч, дэг журмыг хүчээр тогтоогч удирдагчид тэргүүлэгч олон орны төрийн удирдлагыг гартаа авч, хүн төрөлхтөн үнэт зүйлээ алдсан шиг, хааш явж буйгаа эргэн нэг харах хэрэгтэй болсон ч юм шиг санагдах эгзэгтэй цаг мөчид Их Британид цагаачлан амьдарч буй япон зохиолчид Нобелийн хороо соёрхлоо хүртээсэн нь утга зохиолоор дамжуулсан энх тайвны шагнал боллоо.”
Энх тайван
Дэлхийн нэгдүгээр дайны он жилүүдэд энх тайвны Нобелийн шагнал голдуу энх тайвны хөдөлгөөнийг санаачлагчдад олгогдож байсан бол дэлхийн нэг, хоёрдугаар дайны хооронд ихэвчлэн олон улсын эв найрамдал, тогтвортой байдлыг уриалагч улс төрчид энэ шагналыг хүртэж байв. Харин дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус шагналыг 4 гол дэд салбарын хүрээнд олгох болжээ. Үүнд: 1. Зэвсгийн удирдлага болон зэвсэг хураалт, 2. Энх тайвны хэлэлцээр, 3. Ардчилал болон хүний эрх, 4. Илүү зохион байгуулалттай, илүү эв найрамдалтай дэлхийг бий болгоход чиглэсэн ажлууд багтана.
Алфред Нобелийн анх санал болгосон соёлын 5 салбарын нэг болох Энх тайвны Нобелийн шагналыг 1901 оноос хойш нийт 95 удаа олгоход 124 Нобелийн шагналтан тодорч, үүнд 86 эрэгтэй, 16 эмэгтэй, 22 байгууллага багтжээ. Харин 2017 оны энх тайвны Нобелийн шагналтнаар дахин нэг байгууллага, ICAN буюу “Олон Улсын Цөмийн Зэвсгийг Устгах Хөдөлгөөн” тодорлоо. Нобелийн хороо цөмийн зэвсгийн учруулж болох хор хөнөөл юу юунаас илүү ноцтой болж буй энэ үед тус байгууллагын нийгэмд үзүүлсэн нөлөөг өндрөөр үнэлэн тус шагналыг олгож байгаагаа онцолж байв. Түүнчлэн Норвегийн Нобелийн хорооны ерөнхийлөгч хатагтай Берит Рейсс-Андерсэн Хойд Солонгос, АНУ-ын хооронд үүсээд буй хурцадмал асуудлын тухай дурдаад “Цөмийн зэвсгийг ашиглах өндөр эрсдэлтэй цаг үед бидэнд ус, агаар мэт хэрэгтэй ажил” хэмээн сайшаажээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 15,000 цөмийн зэвсэг бий гэсэн албан бус баримт бий. 1970 оны “Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх олон улсын хэлэлцээр”-т АНУ, Орос, Их Британи, Франц, БНХАУ нэгдсэн хэдий ч тэд өнөөдөр цөмийн зэвсэгтэй. НҮБ-ын Ерөнхий Ассемблей анх цөмийн зэвсгийг устгаж, цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгох тухай чухалчлан хөндөж байснаас хойш 71 жил өнгөрсөн байна. Энэ мэт олон үйл ажиллагаа үр дүнгээ өгөлгүй хуучирсаар байгаа бол, Норвегийн Нобелийн хороо ICAN-г цөмийн зэвсгийг устгах үйлсэд гол түлхэц болох учиртай хэмээжээ. ICAN бол дэлхийн эргэн тойрон дахь 100 улсын төрийн бус байгууллагын нэгдэл бөгөөд цөмийн зэвсгийн эсрэг дэлхий нийтийн анхаарлыг хандуулахад гол ажил нь чиглэж буй. Өнөөдрийн байдлаар 108 улс ICAN-ий санаачилсан “Хүмүүнлэгийн Тангараг”-т нэгдэж, цөмийн зэвсгийг хүлээн зөвшөөрөхгүй, үүний эсрэг тэмцэнэ гэдэг амлалтаа өгчээ. Түүнчлэн, ICAN нь олон улсын хууль, тогтоомжийн хүрээнд цөмийн зэвсгийг хориглох үйлсэд тэргүүлэх үүрэгтэй оролцдог. 2017 оны 7-р сарын байдлаар НҮБ-ын 122 орон “Цөмийн зэвсгийг хориглох олон улсын хэлэлцээр”-т нэгдээд байгаа ба дахин 50 орон уг хэлэлцээрт элсэн ороход цөмийн зэвсгийн хэрэглээ нь олон улсын хуулийн дагуу хориотой болох юм.
ШИГТГЭЭ: Энх тайвны нобелийн шагналтнууд Доналд Трампад дургүй
Трампыг дэмжигч энх тайвны нобелийн шагналтанг нэрлэ гэвэл тун чиг хүндрэлтэй. Харин эсрэгээрээ түүнд дургүй Нобелийн шагналтнуудын жагсаалтыг түвэггүйхэн гаргачих шинжтэй. Малала Юсуфзай хэмээх охин Нэгдсэн улсын ерөнхийлөгчийг хүчтэй шүүмжилдэг. Барак Обама, Ал Гоор нар яагаад ч түүний фэн биш. Харин хамгийн сүүлд шинэхэн нобелийн шагналтан ICAN байгууллагын гүйцэтгэх захирал хатагтай Бийтрис Фин нобелийн шагнал хүртэхээсээ 2 хоногийн өмнө “Доналд Трамп бол маанаг” хэмээн өөрийн твиттер хуудсанд жиргэжээ.
Donald Trump is a moron.
Wed Oct 04 15:25:27 +0000 2017
Эдийн засаг
Алфред Нобелийн гэрээслэлд багтаагүй ч хожим 1968 онд нэмэгдсэн эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнаар урьд нь 78 эрдэмтэн тодроод байсан юм. Жил бүр л эдийн засаг, санхүүгийн салбарынхны дунд ихээхэн хүлээлт үүсгэдэг бөгөөд шагналын эзнээр хэн тодрох тухай таамаглахад асар бэрх байдаг. Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг аль нэг чиглэлээр удаан хугацаанд, тогтвортой судалгаа хийсэн эрдэмтдэд олгодог. Тиймдээ ч энэ салбарт шагнал хүртсэн эрхмүүдийн дундаж нас 67 буюу Нобелийн шагналыг бусад салбарт хүртэгчдээс хамгийн ахмад нь. 1969 оноос хойших 48 шагналын тэн хагас нь 2 юм уу 3 эдийн засагчид хуваан олгогдсон байдаг учир энэ жил ч мөн нэгээс олон эдийн засагчийг хүлээж байсан хүн цөөнгүй. Түүхээс харахад макро эдийн засаг, эконометрикс, санхүү, тоглоомын онолын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд Нобелийн шагналыг хамгийн олон удаа хүртсэн байдаг. Харин сүүлийн жилүүдийн чиг хандлагыг харвал илүү микро суурьтай судалгаа хийдэг эдийн засагчид уг шагналыг түлхүү хүртэх болсон.
Шведийн Төв Банкан дахь эдийн засгийн салбарын Нобелийн хороо 2017 оны шагналын эзнээр Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тейлер тодорсныг өчигдөр зарлалаа. Ингэхдээ түүний “сэтгэл судлалын эдийн засаг”-т оруулсан хувь нэмрийг үнэлж, тус шагналыг олгож буйгаа тэмдэглэсэн юм. Ричард Тейлер нь сэтгэл судлалын эдийн засгийн анхдагчдын нэг бөгөөд орчин үед энэ чиглэлийн судалгаа эрчимтэй хөгжих болсны гол шалтгаан, түлхүүр нь юм. Тэрээр эдийн засгийн сонголтонд сэтгэл судлалын судалгааг тусгасан нь бодит байдалтай илүү ойр шинжилгээ хийх боломжийг эдийн засгийн шинжлэх ухаанд бий болгожээ. Сэтгэл судлалын эдийн засаг нь xүний сэтгэл зүй, зан байдал нь яаж тэдний эдийн засгийн сонголтонд нөлөөлдөг талаар судалдаг.
Тейлер хэсэгчилсэн тооцоо, шударга байдлын хүсэл, тэвчээргүй байдлын үр дагаврыг судалснаар эдгээр зан араншин хувь хүний шийдвэр гаргалт, зах зээлийн гарцад хэрхэн нөлөөлдөг болохыг харуулжээ. Түүний судалгааны хамгийн гол ололтыг энгийн үгээр тайлбарлавал:
Хэсэгчилсэн тооцоо (Mental Accounting): Тейлер хэсэгчилсэн тооцооны онолыг хөгжүүлснээр, хүмүүс сэтгэхүйдээ ялгаатай дансууд үүсгэж, нийт үр дагавраас илүүтэй нэгж шийдвэрийнхээ үр дагаварт анхаарах байдлаар санхүүгийн шийдвэрээ гаргадаг тухайд энгийн байдлаар тайлбарласан.
Шударга байдлын хүсэл (Social Preference): Тейлерийн шударга байдлын тухай хийсэн онолын, туршилтын судалгаанууд тус чиглэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэрээр хэрэглэгчдийн шударга байдалд эргэлзэх явдал нь зардал өссөн үед биш харин эрэлт өндөр байх үед пүүсүүд үнээ өсгөж чадахгүйд хүргэж болох тухай тайлбарласан юм. Тейлер ба түүний хамтрагчид "дарангуйлагчийн тоглоом"-ын загварыг сэдсэн бөгөөд уг загварыг маш олон судалгааны ажилд ашигласан байдаг.
Тэвчээргүй байдал (Lack of Self-Control): Тейлер тэвчээргүй байдлын асуудлыг судлахын тулд "төлөвлөгч-хийгч" загварыг ашигласан. Тус загвар нь сэтгэл судлаачид болон неврологийн эрдэмтдийн ашигладагтай адилаар урт хугацааны төлөвлөгөө - богино хугацааны гүйцэтгэл хоёрын хоорондын хамаарлыг судлах загвар юм. Тэвчээргүй байдлаас болж түр зуурын хүсэлдээ ялагдах нь бидний мөнгө хуримтлуулах, эрүүл амьдралын хэв маяг тогтоох оролдлогууд ихэвчлэн бүтэлгүйтдэгийн гол шалтгаан гэнэ.
Ричард Тейлер хувь хүний шийдвэр гаргалтын эдийн засгийн болон сэтгэл судлалын судалгааны холбогдох гүүрийг өөрийн судалгааны ажлаараа бүтээжээ. Түүний эмпирик ололт, онолын гаргалгаа нь шинэ бөгөөд үсрэнгүй хөгжиж буй сэтгэл судлалын эдийн засгийн салбарын хамгийн гол багаж, хэрэгсэл нь болсоор байгаа юм. Ийнхүү Ричард Тейлер Нобелийн шагнал хэмээх эрхэм хүндтэй цолыг 1.1 сая долларын мөнгөн шагналын хамт хүртэв. Сэтгүүлч түүнийг шагналын мөнгөө хэрхэн зарцуулах талаар нь асуухад “аль болох иррациональ байдлаар зарцуулна” хэмээн хошигнон хариулжээ.
ШИГТГЭЭ: Холливүүдийн од Ричард Тейлер
Та оскарын шагналт The Big Short киног үзсэн үү? Бодит дүрийн 2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас өмнөх амьдралын тухай өгүүлэх тус кинонд Нобелийн шагналт эдийн засагч Ричард Тейлер тоглосон гэвэл та итгэх үү? Тэрээр кинонд поп од Селена Гомезийн хамтаар казино тоглож байгаа байдлаар гардаг бөгөөд тус хэсэгт яаж xөрөнгө оруулагчдын сэтгэл зүй санxүүгийн хямрал руу xөтөлдөг талаар өөрийн онолыг ашиглан тайлбарладаг.
Салбарын монгол мэргэжилтнүүд юу хэлэв?
Виржиниагийн Технологийн Институтийн эдийн засгийн ухааны дэд профессор Ц.Гэрэлт:
“2017 оны эдийн засгийн ухааны Нобелийн шагналыг Чикагогийн Их Сургуулийн профессор Ричард Тейлер Сэтгэл судлалын эдийн засгийн (Behavioral Economics) xөгжилд оруулсан хувь нэмрээрээ xүртлээ. Ричард Тейлерийн xувьд сэтгэл судлалын эдийн засгийн бараг бүx салбарт xувь нэмрээ оруулснаас гадна сэтгэл судлалын санxүүгийн (behavioral finance) эцэг гэдгээрээ алдартай. Жишээлбэл, сонгодог санxүүгийн онолоор бол xөрөнгө оруулагч нар xувьцаануудыг багц байдлаар харж, тэндээс өөрт тоxиромжтой багцыг бодож олоx нь хамгийн оновчтой гэж үздэг. Харин Ричард Тейлер ердийн xүмүүст олон xувьцааг багц байдлаар дүгнэх нь маш xүндрэлтэй тул xувьцааг яаж хэсэгчлэн дүгнэдэг, үүнд тэдний сэтгэл зүй яаж нөлөөлдөг талаар шинэ онол боловсруулсан. Энэ онол нь санxүүгийн зах зээлийн xөдөлгөөн, хөрөнгө оруулагчдын сонголтыг сонгодог санxүүгийн онолоос илүү сайн тайлбарлаж чаддаг байна. Мөн энэ онол 2008 оны санxүүгийн хямралыг тайлбарлахад ч өргөн ашиглагддаг.
Сүүлийн үед Ричард Тейлер сэтгэл судлалын эдийн засгийг олон нийтэд таниулах ажилд гар бие оролцож байна. Тухайлбал, түүний Харвардын профессор Касс Санстэйнтэй бичсэн Надж (Nudge) ном нь сэтгэл судлалын эдийн засгийг энгийн байдлаар олон нийтэд тайлбарлаж чадсан сонирхолтой бүтээл. Энэ номыг The Economist сэтгүүлээс 2008 оны шилдэг номоор шалгаруулж байв. Тейлерийг Нобелийн шагнал xүртэх болсонд миний хувьд маш иx баяртай байна. Яагаад гэвэл түүний олон бүтээлүүд миний судалгаанд xүчтэй нөлөөлсөн. Тухайлбал, Тейлер xөрөнгө оруулагч нар амжилттай xөрөнгө оруулалтын дараа илүү иx эрсдэлтэй xөрөнгө оруулалт xийдгийг туршилтын аргаар үзүүлсэн. Миний xувьд түүний ажиглалтыг онолын xувьд саяxан тайлбарласан.”
Нийтлэлийг бичсэн Ч.Алтан-Өлзий
Эх сурвалж:
https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/2017/ishiguro-interview.html
https://www.nytimes.com/2017/10/05/books/kazuo-ishiguro-nobel-appraisal.htmlhttp://tagtaapublishing.mn/book_author/%D0%B8%D1%88%D0%B8%D0%B3%D2%AF%D1%80%D0%BE-%D0%BA%D0%B0%D0%B7%D1%83%D0%BE/
https://www.nobelprize.org/nobel_prizes/lists/laureates_ages/literature_ages.html
https://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2017/press.html?utm_source=facebook&utm_medium=social&utm_campaign=facebook_page
http://edition.cnn.com/2017/10/06/world/nobel-peace-prize/index.html
http://www.slate.com/blogs/the_slatest/2017/10/06/nobel_peace_prize_winner_called_trump_a_moron_two_days_ago.html
https://www.nobelpeaceprize.org/Prize-winners
https://www.nobelprize.org/nobel_prizes/economic-sciences/laureates/2017/popular-economicsciences2017.pdf
https://blogs.wsj.com/economics/2017/10/03/who-will-win-the-2017-nobel-prize-in-economics/
https://www.nobelprize.org/nobel_prizes/economic-sciences/laureates/2017/advanced-economicsciences2017.pdf
https://qz.com/1097965/the-2017-economics-nobel-prize-winner-richard-thaler-cameoed-in-an-oscar-winning-film/
T Tumee 2018.03.20 129.94.8.218
Behavioral Economics - гэдгийг Зан Төлөвийн Эдийн Засаг гэж Монгол хэл дээр буулгах байх. Сэтгэл Судлал чинь Psychology гэдгээр явах байх шүү.
E Enkhzul 2017.10.14 128.84.124.177
Mongol mergejiltnuudiin commentary oruulsan ni ontsgoi sonirholtoi niitlel bolgojee. Bayarlalaa!!! Tsaasid iimerhuu formattai niitlel iluug oruulj baigaarai hemeen husye!
O Oyuka 2017.10.11 66.181.186.65
Ohh mash goy bur uneheer cool niitlel bna. Ymar ih tsag, hicheel zutgelee zoriulsniig harad setgel hudluhgui bhin argaguin. setgel unertsen, chadwar n shovolzson l niitlel blaa
Т Төртүшиг 2017.10.10 202.9.41.61
хуучныг баримлагч.Сонирхолтой хэрэгцээтэй мэдээ мэдээллийг хүргэдэг сайт.Гаргасан нийтлэл болгоныг чинь алдахгүй уншхыг хичээдэг
з зочин 2017.10.10 66.181.187.175
Браво! Шигтгээ, монгол мэргэжилтэн зэрэг сонирхолтой мэдээллээр хачирласан сайхан нийтлэл болжээ Алтан-Өлзий