Өнөөдрийн бидний танилцуулах ном бол Монгол хүн бүрийн заавал унших, үзэх, номын сандаа байлгах ёстой бүтээл гэх нь зүйтэй болов уу. Монгол бичиг номын өв хэмээх энэхүү эмхэтгэл нь Монголчуудын зохиож хэрэглэж ирсэн 10 гаруй бичиг үсэг, тэдгээрийн дурсгал, олон үеийн Монголчуудын оюун санааны охь дээжин талаар энгийн, тодорхой өгүүлэх эрдэм шинжилгээний хялбаршуулсан бүтээл юм. Судалгаа, зураг, баримтыг сүлэлдүүлсэн, бүх насны уншигчдад зориулсан уг бүтээлийн удиртгалд Монголчуудын бичиг үсгийн түүх, эртний Монголчуудын бичгийн соёл, үндсэн бүлгүүдэд монгол, дөрвөлжин, али гали, тод, соёмбо, хэвтээ дөрвөлжин, вагиндра, латин, кирил бичиг, мөн монгол хэлээр ханз, араб, манж, төвд зэрэг үсгээр тэмдэглэсэн дурсгалуудыг тоймлон танилцуулжээ. Харин төгсгөлд нь Монгол хэл бичигт холбогдох түүхэн үйл явдлуудыг бүртгэсэн он дарааллын хуанли хавсаргасан нь тун сонирхолтой болгосон байна.

Зохиогчдын үг
Бидний Монголчууд түүхэндээ арав гаруй бичиг үсэг хэрэглэж байсан ард түмэн бөгөөд Монгол, дөрвөлжин, али гали, тод, соёмбо, вагиндра зэрэг бичиг үсгийг зохиож хожим латин, кирил бичгийг өөриймшүүлэн хэрэглэсээр энэ цаг үетэй золгосон билээ. Энэ нь бичиг үсгээ улам боловсронгуй болгох, мөн олон улс орныг эзлэн дагуулахдаа хамгийн түрүүнд бичиг үсгээр нь нэгтгэх зайлшгүй шаардлага, аль эсвэл гадны хэлний бодлогын тулгалт байсан зэрэг олон шалтгаантай. Гэхдээ олон үеийн, олон төрлийн бичиг үсгээр Монголын маань түүх, соёлын арвин их мэдээлэл хадгалагдан үлджээ. Үүнийг хүн бүр мэдэж байвал юу сайнсан. Энэхүү зорилгын үүднээс Монгол хэл бичгийн мэргэжилтэй хүмүүст төдийгүй, эх хэл түүхээ дээдлэн сонирхогчид мөн залуус дүү нартаа таны барьж буй энэ бүтээлийг зориулж байна.
Бид бүтээлдээ Монголчуудын бичиг номын арвин их өвөөс дээжлэн орууллаа. Ингэхдээ бүх дурсгалт бичгийг оруулахыг зорилгоо болгоогүй бөгөөд зөвхөн эх түүх соёлоороо бахархагч хэн бүхний мэдвэл зохих гүйцэд судлагдсан, түүх соёлын сонирхолтой мэдээлэл агуулсан бүрэн бүтэн эхүүдийг оруулахыг эрмэлзсэн болно. Монгол бичгийн одоогоор олдоод байгаа биет баримт болох Чингисийн чулууны бичгээс эхлээд өдгөө бидний хэрэглэж байгаа кирил бичиг хүртэлх бичиг үсгийн түүх биет дурсгалуудыг энэ номдоо багтаахыг хичээлээ. Мөн өөрсдийн хувийн цуглуулгаас анх удаа хэвлэн нийтэлж буй дурсгал цөөнгүй бийг дашрамд дурдсу.

Бидний энэ бүтээлийн жинхэнэ зохиогчид нь үнэндээ "Монголын ард түмэн" өөрсдөө билээ. Мөн гадаад дотоодын олон үеийн Монгол хэл бичгийн эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөр зүтгэл ч эл номыг энэ хэлбэрээ олоход зохих хувь нэмрээ орууллаа. Мөн хэл бичгийн дурсгалыг чармайн судалсан, нууцыг тайлсан үе үеийн эрдэмтэн мэргэддээ талархмуй. Түүнчлэн ховор сонин гэрэл зургаар дэмжиж тусласан "Гамма" агентлагын, эрдэмтэн судлаачид найз нөхөддөө талархаж байна.
Мянганаас цааш яригдах түүхтэй Монгол түмнийхээ бичиг соёлын их өвөөр бахархахгүй байхын аргагүй. Өвөг дээдсийн минь олон улс оронтой харилцаж, дэлхийн хувь заяаг шийдэлцэж байсан захидал харилцаа хийгээд хэр хүчирхэг улс гүрэн байсныг илтгэн харуулах зарлигийн бичээс, тамганы дардас, чулуун хуудаст номууд, сургаалт үгс, сэтгэл хөдөлгөм уярам түүх бүгд энд бий.
Эх соёлоороо бахархацгаая. Эх түүхээрээ аялцгаая!

Сэтгэгдэл бичих (4)


У Уншигч Дэрэм ээ 66.181.164.47
Мэдье гэсэн хүнд бол тун хэрэгтэй ном шиг санагдлаа. Монгол үндэстний тусгаар тогтнолын нэг ном дархлаа бол бидний эх хэл. Эх хэлнийхээ түүхийг мэдэж байх шаардлагатайг ийн илтгэн хэлсэн байгаа юм. Нөгөө талаас залуучууд харь хэл сурахтай зэрэгцээд монгол хэлээрээ зөв, найруулга сайтай бичиж сурах хэрэгтэй, үүнийг ч өнөөдрийн нийгэмд ажил олгогчид шаарддаг болжээ. Ямар ч өндөр боловсролтой гэгдэх хүн үг үсэг, утга найруулгын алдаатай бичих нь түүний боловсролыг үгүйсгэх хэмжээнд муухай харагдуулдаг.
Б Б.Батсүрэн 66.181.185.217
Дүү нар номыг ингэж хийж болохгүй ээ. Зүгээр л цуглуулга шиг санагдсан. Тэр ашигласан зураг гэх мэт бол авах юмгүй байсан. Туршлагатай хүмүүсээс, эрдэмтэдээсээ зөвлөгөө ав. Дараа анхаарна биз.
У Уншигч Содоо 213.114.116.130
Яг бодож явсан номыг онцолжээ. Баярлалаа. Мөн яг одоо бадамлан асаж байгаа дээр нь өшөө илүү өрдөх тэр замыг нь нээхэд тусална гэдэгт найдаж байна. Яг л 90-д оны эхэн шиг
З Зочин 66.181.178.211
Маш хэрэгтэй ном байна лээ. Монгол хэл, түүх, соёлын сонирхдог хүн бүр олж уншаасай. Агуу түүхээ дээдэлж явъя.