STEM бол Science, Technology, Engineering, and Mathematics буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик гэсэн үгийн товчлол билээ. Энэ чиглэлд маш олон мэргэжил багтдаг. Астрономи, биохими, биомеханик, хими, химийн инженерчлэл, иргэний инженерчлэл, сансар судлал, компьютерийн шинжлэх ухаан, нанотехнологи, нейробиологи, физик, цөмийн физик, роботчлол гээд дуусахгүй үргэлжилнэ. Өнөөдрийн нийтлэлээрээ бидний амьдралд нягт холбоотой эдгээр салбарт зорьж суралцахын ач холбогдлыг өгүүлж, энэ чиглэлд саяхан зохион байгуулагдсан нэгэн хөтөлбөрийг тоймлоё.
ЯАГААД STEM ГЭЖ?
STEM нь бидний амьдралын эд эс бүхэнд шингэсэн байдаг. Шинжлэх ухаан гэдэг бидний эргэн тойронд, хаа сайгүй. Улсын эдийн засаг гэхэд л математикийг тойрон эргэж байдаг. Цаашлаад хот төлөвлөлт, архитектур ч математик дээр суурилдаг. Анагаах ухаан хими, биологийн судалгаан дээр тогтдог бол эрчим хүч, цөмийн эрчим хүч мөн л шинжлэх ухаанд суурилдаг билээ. Инженерчлэл нь зам гүүр, барилгын гол суурь. Харин мэдээллийн технологи бидний амьдралд хамгийн ойрхон, мэдэгдэхүйцээр нэмэгдэж байгааг та бүхэн бэлхнээ мэднэ.
21-р зуунд даяаршил, мэдлэгийн эдийн засгийн давуу болон сорилттой талуудтай тулгарч буй хүн төрөлхтөнд технологи, шинжлэх ухааны ололт дэвшлүүд улам бүр чухал болж ирж байна. Мэдээлэлд суурилсан, өндөр технологийн энэ нийгэмд амжилт олохын тулд хүүхэд залууст STEM-ийн чиглэлээр мэдлэг оюун, ур чадвараа хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
STEM БОЛОВСРОЛЫГ ХЭРХЭН САЙЖРУУЛАХ ВЭ?
STEM боловсролын нэг гол суурь нь математикийн боловрол байдаг. Монгол улсын хувьд математикийн боловсрол өндөр ч үүнийгээ амьдрал дээр бодитоор ашиглах, давуу тал болгохдоо тааруу байдаг. Мэдлэг оюуны салбараа додомдохгүй байгаа талаар эдийн засагч Д.Лхагвасүрэн саяхан "Нэг хүнд ногдох олимпийн медалиараа манайх 29-д оржээ. (Өмнөх олимп) Харин, нэг хүнд ногдох шинжлэх ухааны хэвлэлээрээ манайх 111-т явж байна" хэмээн бичсэн байсныг энд тэмдэглэе.
Тэгвэл дэлхий дахинд STEM боловсролыг цогцоор нь, хэрэглээтэй нь хамт заадаг хандлага давамгайлах болов. Хүүхдүүдийг энэ чиглэлд сонирхолтой болгохын тулд бага наснаас нь системтэйгээр, илүү интерактив, зугаатай байдлаар шинжлэх ухаан, инженерчлэлийн хичээлийг заахад анхаарч байна.
Ташрамд, энэ чиглэлээр эзэмшиж болох мэргэжлүүдийг эндээс үзэх боломжтой: STEM мэргэжлийн жагсаалтууд

СОРИЛТУУД
STEM-ийн боловсролыг сайжруулж ахиулахыг хойш татдаг хэд хэдэн зүйл байдаг. Уламжлалт буюу хичээлүүдийг ангид байдлаар, мөн лекцэлсэн байдлаар заадаг аргачлал, багш нарын мэдлэг тааруу зэргээс гадна хэрэглээтэй нь хамт заахад STEM-ийн хичээлүүд бусад хичээлийг бодвол илүү зардалтай байдаг.
Түүнчлэн энэ чиглэлд эрчүүд хэт давамгайлдаг. Шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн чиглэлээр боловсрол эзэмшиж, ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь тун чамлалттай. Уг нь STEM чиглэлээр ажилладаг эмэгтэйчүүд бусад салбарт ажиллладаг эмэгтэйчүүдээс 33 хувиар их орлого олдог тооцоо бий. Тийм ч учраас жишээ нь АНУ-д, Обамагийн захиргаа энэ чиглэлд эмэгтэйчүүдийг дэмжих, уриалан дуудах томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байв.
"Би илүү олон охидыг математик, шинжлэх ухаан, инженерчлэлд сонирхолтой болгох хэрэгтэй гэдэгт гүн бат итгэдэг. Эдгээр салбарт хүн амын маань тал нь төлөөлөл тун муутай байна. Өөрөөр хэлбэл маш олон авьяаслаг чадалтай боловсон хүчнээр бид дутаж байна. Түүнчлэн тэднийг энэ чиглэлд зөв зүйтэй аргаар уриалан дуудах хэрэгтэй байна."
Ерөнхийлөгч Барак Обама, 2013 оны 2 сар
Girls STEM/Entrepreneurship Camp
Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд олон төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь Girls STEM/Entrepreneurship Camp хөтөлбөр юм. АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгээр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээрх American Corner Ulaanbaatar, EducationUSA Mongolia боловсролын зөвлөгөөний төвөөс өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан 2 өдрийн энэ хөтөлбөрт улсын болон хувийн их сургуулиудын ахлах ангийн 24 эмэгтэй хүүхэд сонгогдсон юм.
Тэрэлжид орших Redrock Resort-д сонгосон хүүхдүүдийг 2 өдрийн турш байрлуулж, STEM-ийн чиглэлээр АНУ-д суралцах, инженерчлэл, 3D принтер, биотехнологи, архитектур, хиймэл оюун дахь математикийн хэрэглээ, код бичих, STEM Trends зэрэг сэдвээр гадаадын дотоодын мэргэжилтнүүд хүүхдүүдэд илтгэл яриа хийж, энэ чиглэлд мэргэжил эзэмших, ажиллах талаар, мөн салбарын ирээдүйн чиг хандлагын талаар сонирхуулсан юм. Сант сургуулийн захирал З.Энхмөнх, Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан, АНУ-аас ирсэн Forbes-ийн 30 хүртэлх 30 жагсаалтад багтсан, Цахиурын хөндийд технологийн стартапыг амжилттай удирдаж буй Стэйси Феррайра зэрэг зочдыг энд онцолъё.


Сэтгэгдэл бичих (2)


S STEM 2019.01.10 66.181.160.132
СТЕМ- сургалтын АРТЕК, ФИШШЕР техникийн эд ангиудын нэршлийг зурагтай нь авмаар байна. Хаашаа хэнтэй холбогдох вэ?
W Why 2017.10.28 150.129.140.203
Yagaad ingej tsuuhun huuhduudeer hamaaruulsan yumboloo arai l heternee sain duraaraa oroltsoh huseltei myanga myanga ohid bgaashd surguulitai surguuligui neg hewd orson baidlaasaa garah bolooguil bnadaa