Шинэ үеийн манлайлагчид, залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт хэмээн тодорхойлогдсон Unplug by Unread арга хэмжээ маань хоёр дахь жилдээ амжилттай явагдлаа. Илүү олуулаа буюу 800 гаруй залуус цугласан, бүтэн өдрийн энэ арга хэмжээ уламжлал ёсоор утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлэх Unread Conversations, шинэ бүтээгдэхүүн зарлах Unread Updates, бүтээгчдийг алдаршуулах Unread Awards, гарааны бизнесийнхний чуулах Unread Exhibition гэсэн дөрвөн хэсгээс бүрдсэн юм. Шинэ мэдлэг түгээх, урам зориг хайрлах, бүтээх хүслийг бадраах хэлэлцүүлгүүд, шинэ бүтээгдэхүүнүүд, сонирхолтой сюрпризүүд, хөнгөлөлт урамшууллаар дүүрэн байсан Unplug 2017-ийг өнөөдөр дэлгэрэнгүй тоймлон хүргэж байна.

UNREAD CONVERSATIONS

Энэ жилийн хэлэлцүүлгүүддээ бид энтрепренершип, инновацийн сэдвийг голлон оруулж өгсөн билээ. Манай хэлэлцүүлгүүдэд монгол тэргүүлэх компаниудын гүйцэтгэх захирлууд, үүсгэн байгуулагчид, амжилттай яваа гарааны компанийг эхлүүлэгчид, гадаадын зах зээлийг "дайлаар мордогсод" гээд бизнесийн салбарын шат шатны лидерүүд хүрэлцэн ирсэн юм. Оролцогчид маань эдгээр хэлэлцүүлгээс энтрепренер сэтгэлгээгээ хэрхэн хөгжүүлэх, бизнесээ хэрхэн эхлүүлэх тухай, дунд, том хэмжээний компаниуд хэрхэн шинийг санаачилж инноваци хийдэг тухай, дэлхийд өрсөлдөхийн тулд юун юун дээр анхаарах талаар нэгийг дуулж хоёрыг тунгаасан биз ээ. Та бүхэн арга хэмжээний медиа хамтрагч Eagle News-ийн бэлтгэсэн доорх нийтлэл, видеоноос гурван хэлэлцүүлгийн гол гол эшлэлүүдийг уншаарай.

Хэлэлцүүлгүүд
"Энтрепренер сэтгэлгээ эхлэл цэг мөн үү?"
"Байгууллага/компанид инновацийн ДНХ-г суулгах нь"
"Дэлхийд өрсөлдөх монгол загвар"

Ярилцлага
Арга хэмжээний төгсгөлд, манай сайтын "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлага тайзнаа явагдсан юм. Энэ удаа Монголын бизнесийн манлай лидерүүдийн нэг Петровис ХХК-ийн ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл оролцож, товч тодорхой бөгөөд илэн далангүй хариултуудаар залууст урам зориг, эрч хүч бэлэглэлээ.

Eagle: Unplug 2017 арга хэмжээнээс онцлох эшлэлүүд



Eagle: Unplug 2017 арга хэмжээнээс онцлох эшлэлүүд

UNREAD UPDATES

Unread Updates-ээр бид одоо ажиллаж буй бүтээгдэхүүн/төслүүд болон ирэх жилийн төлөвлөгөөгөө танилцуулдаг уламжлалтай. Энэ жил бид хамтарсан болон дангаар хэрэгжүүлж буй 10 орчим төсөл/бүтээгдэхүүнээ зарлав.

Хамгийн түрүүнд танилцуулсан, Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газартай хамтран хэрэгжүүлж буй HUB Innovation Center бол цар хүрээний хувьд хамгийн том нь байлаа. Дундын оффис, инкубатор, хурдасгуур, лаб-аас бүрдэх энэ инновацийн төв 2017 оны эхний улиралд нээгдэх бөгөөд Unplug 2017 дээр анхны бүртгэлээ авч эхэлсэн юм.

Үүний дараа бид Шинэ Монгол Технологийн Дээд Сургуультай хамтран Монголд анх удаа инноваци, энтрепренершипийн чиглэлээр магистрын зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаагаа анх удаа сонордуулав. Инноваци, энтрепренершипийн талаар ойлголтыг олон нийтийн дунд улам нэмэгдүүлэх, гарааны бизнесийн орчны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах нь эдгээр төслүүдийн зорилго юм.


Unread.Today сайтын шинэчлэл

Арга хэмжээнд оролцогчид манай сайт хэрхэн өөрчлөгдсөнийг харсан анхны хүмүүс болов. Хоёр жил гаруйн хугацаанд томоохонд шинэчлэл хийгээгүй байсан Unread.Today хэрхэн шинэчлэгдэв?

Урьд нь Unread гэх нэрээрээ ч, харагдах байдлаараа ч нийтлэлээ имэйлтэй адилтгах консепт барьж байсан бид сайтынхаа харагдах байдлыг чат/мессенжер шиг болгон өөрчилсөн юм. Ингэж шийдсэн нь вэбээ илүү хурдан шуурхай, хэрэглэхэд илүү эвтэйхэн болгох, илүү дотно санагдуулахыг хичээж байгаа хэрэг юм.

Дээрх өөрчлөлт гар утсанд маань ч орсон бөгөөд апп дээр бүр ч ойлгомжтой, тодорхой харагдах болно. Үүнээс гадна Unread апп-д шинэ цэсүүд ба интернэтгүй үед унших боломж нэмэгдлээ.

Япон улсын Мицуй корпорацид ажиллаж буй Б.Тэгшбаяртай хамтран хүргэж буй номын Unlock подкастыг маань яагаад сонсох ёстойг ирсэн 800 хүнд тайлбарлав.

Туршилтын гурван дугаараа хүргэсэн Unread Facebook Live буюу Unspoken цувралаа бид албан ёсоор эхлүүлэх гэж байгаагаа дуулгасан юм. Салбаруудын ирээдүйн талаар, тэр ирээдүйд хэрхэн бэлдэх талаар чөлөөт яриа өрнүүлэх энэхүү видео контент сард хоёр, улиралд (season) 8 дугаартайгаар цацагдана.

Амжилтанд хүрсэн, олны танил хүмүүсийн "хөшигний цаадах" түүхийг уламжлалт байдлаар буюу хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хүргэснээр биш, өөрөөс нь, өөрийнх нь "үзэглэснээр" дамжуулах цоо шинэ платформоо бид зарлалаа.

UNREAD AWARDS

Гарааны бизнесийн орчинд, залуусыг хөгжүүлэх үйлсэд амжилтаараа магнайлж буй шилдгүүдийг нэрлэдэг Unread Awards-ийн эзэд энэ өдөр тодров. Бизнес, технологийн чиглэлийн мэдээгээр дагнан ажилладаг 12 байгууллагын 17 сэтгүүлч ямар нэр дэвшигчдэд санал өгснийг одоо танилцуулъя.

Санал өгсөн сэтгүүлчид

ШИЛДЭГ СТАРТАП

"Шилдэг стартап"-аар дэлхийн хамгийн их хүн амтай, хамгийн их хүн аялдаг хотуудын талаарх цогц мэдээллийг 6 хэл дээр нийтлэн хүргэдэг Woovoo цахим сэтгүүл тодорлоо. Тэд боломжит 17 саналаас 10-ыг нь авснаар энэ шагналын эзэн болсон юм.

Ялагч:
Woovoo - Аялагчдад зориулсан цахим сэтгүүл

Нэр дэвшигчид:
Ulaanbaatar Passport: Хямдрал үзүүлэгч пасспорт
Naad brand: Эвлүүлдэг монгол гэр
Tagtaa Publishing: Ном, паблишинг

Шагналыг: Jet School of English

"Шилдэг үүсгэн байгуулагч" шагналын эзнээр энэ удаа Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан тодорлоо. Түүний удирддаг, органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Lhamour" брэнд үйл ажиллагаагаа өргөжүүлсээр, бүтээгдэхүүнээ борлуулж буй улсын тоог нэмсээр байгаа билээ.

Ялагч:
Д.Хулан - "Lhamour"-ийг үүсгэн байгуулагч

Нэр дэвшигчид:

С.Дөлмандах - Хуур Мюзик Группийн үүсгэн байгуулагч
Michelle Amazonka - Michelle Amazonka брэндийг үүсгэн байгуулагчид
Ж.Энхжаргалан - BRB компанийг үүсгэн байгуулагч

Шагналыг: Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар

"Шилдэг апп"-аар "Анд Глобал" компанийн хөгжүүлсэн LendMN aпп шалгарлаа. Энэ бол иргэдэд барьцаагүй зээлийг хэдхэн минутын дотор гар утсаар олгох, хиймэл оюунд суурилсан апп билээ. LendMN-ийг мэдээллийн технологи, санхүү, математикийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн багийн гурван жил ажиллаж бүтээн, гадаадаас хөрөнгө оруулалт татаж чадсан юм.

Ялагч:
LendMN - Зээл олгох финтек апп

Нэр дэвшигчид:

Uyach - Уяач, хурдан морь сонирхогчдын апп
Songo - Хоол хүргэлтийн апп
Onefit - Хүссэн үедээ хүссэн газраа явах фитнесс апп

Шагналыг: Naad

Энэ жил бид бүтээлч, үр дүнтэй арга хэмжээнүүдийг дэмжих, олшруулах зорилгоор “Шилдэг арга хэмжээ” шагналыг нэмж үүсгэсэн юм. Энэ удаа уйтгартай оршил үг, асуулт хариултын хэсэггүй, богино хэмжээний “час хийсэн” илтгэлүүд, шинэлэг урлагийн тоглолт бүхий TEDx Ulaanbaatar арга хэмжээ шилдгээр шалгарав. TED арга хэмжээ нь залууст эрмэлзэл, эрч хүч, урам зориг түгээдэг төдийгүй танилын хүрээгээ тэлэх, сонирхолтой үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлэх, нийгмийн асуудлуудыг хэн ямар бүтээлч, шинэлэг аргаар шийдэж байгаатай танилцах боломжийг олгодог билээ.

Ялагч:
TEDxUlaanbaatar

Нэр дэвшигчид:
Investor Nation
HackUB
Startup Weekend: Women's edition

Шагналыг: Naad

UNREAD EXHIBITION

Арга хэмжээний үзэсгэлэнгийн хэсэгт доорх компани, байгууллагууд оролцож, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм. Unread Awards-ийн шилдгүүдээр тодорсон LendMN, Woovoo, дөнгөж нээлтээ хийгээд байсан Mayara брэнд, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан Ulaanbaatar Passport, Shark Tank-аас хөрөнгө оруулалт татаж чадсан Onis Room тэргүүтэй компаниуд оролцогчдод төрөл бүрийн сюрприз, хөнгөлөлт урамшуулал барьж байлаа. Мөн энэ үеэр Хаан банк арга хэмжээнд эхэлж бүртгүүлсэн 100 хүнд Signature картаа олгож, Морин жолооч бүх оролцогчид VIP карт, үнэгүй үйлчлүүлэх ваучер өгч, what3words-өөс хайртай дотны хүмүүстээ шинэ жилийн мэндчилгээ илгээх боломжийг олгож байв.

Урам зориг бадрааж, сэтгэл догдлуулсан Unplug 2017 -ийн талаар хураангуйлан тоймлоход ийм байна. Гагцхүү өөрийн биеэр очоод мэдрэх мэдрэмж, догдлолыг бид мэдээж үүгээр хүргэж чадахгүй ч Unplug-ийн агуулга, гарсан үр дүнгүүдийг хуваалцаж байгаа нь энэ юм.

Тун удахгүй бид арга хэмжээний дараах видео, гэрэл зургуудаа хүргэх болно.
Ирэх жилийн Unplug-аар илүү их сонинтой уулзацгаая!