Шинэ жилийн тусгай-цуврал нийтлэлээ бид 2017 онд бүтээлч байдал, бүрэн гүйцэтгэлээрээ ялгарсан гарааны бизнесүүдийг онцолсноор эхлэн хүргэж байна. Цоо шинэ зах зээлийг нээсэн, гадаадын зах зээлээс орлого олж буй, дэлхийд танигдаж эхэлсэн, нарийн технологийг нэвтрүүлсэн, маш бүтээлчээр маркетингаа хийж байгаа гээд аль нэг талаараа цойлсон эдгээр бизнесүүд бусад бизнесүүдэд, хэрэглэгч бидэнд шинэ сэдэл, урам зоригийг өгсөөр байна. Ингээд гарааны бизнесийн орчинд ажилладаг бизнес эрхлэгчид, анхааралтай ажиглаж байдаг сэтгүүлчид болон тогоонд нь чанагдаж буй энтрепренерүүдтэй хамтран нэрлэсэн 2017 оны онцлох гарааны бизнесүүдтэй танилцана уу.
LENDMN
Бичсэн: Д.Ганзориг (Unread-ийн хамтран байгуулагч, ерөнхий редактор)
Дэлхий дахинд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ буюу финтек салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Тэгвэл энэ салбарт, хиймэл оюунд суурилсан нэгэн монгол апп гарч ирээд байгаа нь иргэдэд барьцаагүй зээлийг хэдхэн минутын дотор гар утсаар олгох LendMN юм. Мэдээллийн технологи, санхүү, математикийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн багийн гурван жил ажиллаж бүтээсэн гэгдэж буй энэ апп-ийн хамгийн гол давуу тал бол зээл авахын тулд олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх, барьцаа тавих шаардлагагүйд байдаг. Эхлээд өөрийн санхүүгийн мэдээллийг оруулж, зээл авах боломжтой эсэхээ хурдан хугацаанд шалгуулаад, ОК байвал нэг удаа л биеэр очих буюу ажилтныг дуудан гэрээ байгуулна. Үүний дараагаас 1 сая хүртэлх төгрөгийг 7-30 хоногийн хоногийн хугацаатай зээлэх сонголтыг хийж эхлэх боломжтой. Сингапурт бүртгэлтэй "Анд Глобал" компанийн зах зээлд гаргасан энэ апп одоогоор 5 сая долларыг хөрөнгө оруулагчдаас босгоод байгаа бөгөөд Филиппин, Малайзад өөрийн оффисыг байгуулахаар ажиллаж байгаа юм. Монгол финтек апп дэлхийд гарах цаг айсуй...
Дэлгэрэнгүй: Апп тойм: Lendmn - Санхүүгийн асуудлаа даруй шийд
NOMADD
Бичсэн: Н.Хулан (Gumuda Concept Store-ийн үүсгэн байгуулагч)
Apple-ийн албан ёсны зөвшөөрөлтэй, бүтээгдэхүүн, дизайнаа тэдний шаардлагад нийцүүлж хийдэг Nomadd бидэнд бидний өдөр тутмын хэрэгцээнд тохирсон өндөр чанартай бүтээгдэхүүнийг санал болгодог. Жишээ дурдвал, тэдний нэрийн хуудас болсон арьсан бүрхүүлтэй usb кабелийн утас нь тасарч гэмтэнэ гэсэн ойлголт үгүй. Мөн anti-spy нэртэй шилэн наалт нь супер шүү. Хажуу талаас хүн харахад таны утсан дээрээ юу хийж байгааг огт харахгүй. Энэ мэтчилэн амьдралд ойр хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг улирал бүрт тогтмол шинээр гаргадаг. Ер нь Apple-ийн хэрэглэгч хүний бүх төрлийн хэрэгцээг Nomadd дангаараа хангаж чадна. Гар утасны болон лаптопны кабель, кэйс, наалт гэх мэт.
Мөн худалдан авалтын дараах үйлчилгээндээ сайн анхаардгийг нь онцлууштай. Тэд зарим бүтээгдэхүүндээ 3 сарын баталгаа өгдөг, мөн ямар ч үед утасдахад бүтээгдэхүүндээ хэрэглээний заавар, цэвэрлэх зөвлөгөө өгдөг. Хүргэлтийн үйлчилгээ нь хурдан шуурхай. Бас шинэ бүтээгдэхүүн танилцуулахаасаа өмнө урьдчилсан захиалга авдаг гэх мэт барууны үйлчилгээний соёлыг Монголд нэвтрүүлж байгаа газар. Монгол хүний зохион бүтээх чадварын илэрхийлэл болж байгаа болохоор надад их таалагддаг юм.
WOOVOO
Бичсэн: Б.Болорчимэг (NTV телевизийн сэтгүүлч, Бизнес Өрөг нэвтрүүлгийн хөтлөгч)
Монголд төдийгүй, олон улсад эрэлттэй байгаа, аялагчдын гол хэрэгцээ болсон мэдээллүүдийг дижитал сэтгүүл болгон нэгтгэсэн Woovoo апп-ийг онцолъё. Томоохон хот бүр аялагчдад зориулсан, өөр өөрийн мэдээллийг агуулсан апп-тай байдаг хэдий ч Woovoo-г сонгох шалтгаан нь 10 гаруй хотын мэдээллийг нэг дороос зургаан хэл дээр авах боломж юм. Оффлайн горимд ч ажиллах боломжтой Woovoo сэтгүүлийн бүхий л технологийн шийдлүүдийг тэд өөрсдөө бүтээжээ. Woovoo-ийн хамт олон нэн бүтээлч, дээр нь 20 орчим хувь нь гадаад хүмүүс байдаг нь сонирхол татдаг. Тэднийхээр зочлоход, өөрийн гэсэн компанийн соёл нь илтэд мэдрэгддэг. Байгууллага бүр, өрх бүр соёлтой байх нь улс орноороо соёлтой байхын эхлэл гэж Woovoo-ийн үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр хэлдэг. Монгол залуусын оюуны бүтээлээр дэлхийд өрсөлдөх зорилготой Woovoo-г урт зам хүлээж байгаа гэдэгт итгэж байна.
Дэлгэрэнгүй: Woovoo-тэй танилцсан нь: Бөмбөрцөгт өрсөлдөх монгол стартап
Tagtaa Publishing
Бичсэн: Ж.Тэгшжаргал (UB Life сайтын ерөнхий эрхлэгч)
“Тагтаа паблишинг”-ийн албан ёсны анхны ном “Цас” худалдаанд гарснаас хойш гурван жил өнгөрч байна. Энэ хугацаанд тэд орчуулгын уран зохиолын номын зах зээлд өөрсдийн гэсэн “культ” үүсгэж, Ф.Кафка, Орхан Памук, Милан Кундера, Янн Мартел зэрэг дэлхийн алдартай зохиолчдын бүтээлийг албан ёсны эрхтэйгээр уншигчдын хүртээл болгож амжжээ. “Мон судар”, “Непко” зэрэг томоохон хэвлэлийн компаниудтай “Тагтаа”-гийн хоёр жигүүр номын сонголт, орчуулгын чанар гэдэг маш тодорхой шалгуураар өрсөлдөж, өөрсдийн тугаа хатгаж чадав.
Өдгөө тэд дан ганц орчуулгаар зогсохгүй зохиолч Д.Норов, П.Баярсайхан нарын шилмэл бүтээлийг редакцын сонголтоор эмхэтгэн, “Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган”, “Сармагчин бол сармагчин” номыг зах зээлд гаргаад байна. Дотоодын зах зээлд жилдээ 30.000 орчим мянган ном борлуулдаг “Тагтаа” хэвлэлийн газрын үйл ажиллагааг дан ганц бизнес утгаар авч үзэх боломжгүй. “Тагтаа паблишинг” номын зах зээлд үнэ цэнэ, цензур, соёл тогтоож буй билээ. Тэд орчуулгын бүтээлийн зохиогчид долоон хувийн роялти төлдөг бол монгол зохиолчдодоо 50 хувийн роялти төлж байгаа гэсэн баримт байна. Энэ бол Монголд байхгүй өндөр хувь. Номын сандаа “Tagtaa publishing” гэсэн дардастай номгүй хүнийг тулхтай уншигч гэж үзэхээргүй болтол тэд богино хугацаанд өөрсдийгөө тунхаглажээ.
Дэлгэрэнгүй: Онцлох бизнес: Тагтаа Паблишинг - Хэвлэн нийтлэлийн шинэ жишиг
MAYARA
Бичсэн: Б.Батзаяа (Unread болон Batu Digital-ийг хамтран байгуулагч)
Үндэсний өв соёл, уламжлалаа танин мэдэх, хүндэтгэх, хадгалах нь чухал болохыг хүн бүр л мэднэ. Гэхдээ өнөөгийн хурдан хэмнэлтэй, даяаршсан нийгэмд энэ нь тийм ч амар биш. Харин Mayara брэнд өдөр тутмын, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээр дамжуулан үндэсний соёл урлаг, өв уламжлалаа танин мэдэх, дэлгэрүүлэх боломжийг олгож буй. Цүнх, ороолт, дэвтэр, тэр бүү хэл баллуур гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүнд үндэсний бахархлаа шингээж, Монголыг дэлхийд сурталчлах зорилготой энэ брэнд үйлдвэрлэлээ сайн шийдэж чадвал тун ирээдүйтэй мэт харагдаж байгаа. Энэ бизнесийг эхлүүлсэн багийнхан ч итгэл төрүүлмээр залуус.
Дэлгэрэнгүй: Онцлох бизнес: Mayara - Үндэсний бахархлаа хэрэглээнд шингээе
NAAD
Бичсэн: Т.Мөнхбаяр (Startup Marketing Space-ийн менежер)
Өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан National Demo Day 2017-ийн шилдэг стартапаар нэрлэгдсэн NAAD-ийг бид онцолж байна. Тус брэндийн “МиМО” гэр нь 3.000 жилийн түүхтэй нүүдэлчин монголчуудын оюуны үнэт бүтээл болох гэрийн бодит хэмжээг 4 дахин багасгаж инноваци шингээн орчин үеийн хүүхэд залуусын хэрэгцээ шаардлагыг хангахуйц шинэ бүтээл болгон гаргаж чадсан бүтээл юм. 2017 оны 4 сарын 3-наас албан ёсоор худалдаанд гарсан тус тоглоом нь албан ёсоор 6 улсад борлогдож байгаа нь маш том амжилт билээ.
Дэлгэрэнгүй: Онцлох бизнес: Naad - Нүүдэлчдийн соёлыг тоглоомоор тольдохуй
IHOTEL
Бичсэн: Г.Маналжав (Workcentral Mongolia-г хамтран байгуулагч)
iHotel.mn нь аялагч, жуулчдыг байрлах газартай нь технологиор холбогч, Монголын анхны аяллын онлайн зуучлагч (Online Travel Agency). Сүүлийн жилүүдэд гадаад дотоодын жуулчид зочид буудал, онгоцны тийзээ цахим хэлбэрээр захиалж, аяллаа өөрөө төлөвлөж, зардлаа хэмнэх хандлагатай болсон. Энэ нь жуулчдад маш олон давуу талуудыг олгодог.
Тэгвэл дэлхийн сая гаруй зочид буудал, дотоодын 100 гаруй зочид буудал, амралтын газруудыг мэдээллийн сандаа нэгтгэн, зочид буудал захиалга, зуучлалын чиглэлээр мэргэшин ажиллаж буй iHotel компани нь аялагчдад хүссэн зочид буудлаа хамгийн хямд үнээр, найдвартай, хурдан шуурхай захиалах боломжийг мэдээллийн технологийн шийдлээр олгодог.
Тэд өндөр технологид суурилсан, амжилттай, хурдтай өсөж буй аяллын монгол стартап бөгөөд 2017 онд хагас сая долларын борлуулалт хийж чаджээ.
Улаанбаатарт нээгдсэн дундын оффисууд
Бичсэн: Unread-ийг хамтран байгуулагч А.Ундрал
Энэ жил үйл ажиллагаагаа эхлүүлсэн дундын оффисуудыг онцлохгүй байхын аргагүй. Хотын төвд Club Coworking-оор эхлэсэн энэ давлагаа SMS Startup Marketing Space-ээр үргэлжилж, зүүн талд Startup Terminal, хойд талд Workcentral Ulaanbaatar нээгдсэнээр оргил үедээ хүрэв. Өмнө нь ажлаа явуулах, төслөө эхлүүлэх боломж нь кофе шопоор хязгаарлагдаж байна хэмээн "гомдоллодог" байсан цаг үе нэгэнт өнгөрчээ.
Эрч хүч, урам зоригоор тэтгэгдсэн залуус нэг дор цугларч, ирээдүйн их ажлын эхлэлээ тавин, хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой талбар хэмээн дундын оффисийг тодорхойлж болох юм. Гарааны бизнесийн экосистемийн гал голомт, гол тоглогчдын цугларах үүр нь дундын оффис болон хувирав. Энд шинэ хамтрагчид бие биенээ олон, дараагийн тэрбум төгрөгийн бизнесүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ санаа, шинэ өнгө, шинэ итгэл дүүрэн ирээдүйн оффисуудын эринд тавтай морил.
Дэлгэрэнгүй: Улаанбаатар хотын дундын оффисууд
2017 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент танд дараах хуваарийн дагуу хүрнэ:
12.25: Оны онцлох гарааны бизнесүүд
12.26: Оны онцлох аппликэйшнүүд
12.27: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.28: Атаархлын жагсаалт - Оны онцлох нийтлэлүүд
12.29: Оны онцлох кинонууд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд
Хэрвээ уншигч та бүхэн энэхүү жагсаалтуудад өөрийн зүгээс саналаа илэрхийлэхийг хүсвэл бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдоорой.