Хоёр он солигдох цаг мөчид гарсан подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Наги, Дээгий гурав яг л оны эхэнд сонсвол зохих нэгэн номын талаар ярилцсан юм. Энэ бол Харвардын Бизнесийн Сургуулийн профессор, бизнес, инновацийн дэлхийн хамгийн нөлөө бүхий сэтгэгч, судлаач Клейтон Кристенсений "Та амьдралаа хэрхэн үнэлж дүгнэх вэ?" ном билээ. Илүү утга учиртай, аз жаргалтай амьдралыг цогцлоох тулхтай зөвлөмжүүдийг агуулсан энэ номын талаар хөөрөлдсөнөөс гадна хөтлөгчид маань мөн ирэх жилд ямар номуудыг оруулахаар төлөвлөж байгаа талаар, номуудаа хэрхэн сонгодог тухай ярьсан юм.
НОМЫН ТУХАЙ
Профессор Клейтон Кристенсен 2010 онд Харвардын Бизнесийн Сургуулийн төгсөгчдөд амьдралын утга учир, аз жаргалыг олох талаар нэгэн яриаг хийсэн нь оюутнуудад гүнзгий нөлөөлжээ. Тэрээр олон жилийн турш оюутан цагийн найзуудаа болон хичээл зааж ирсэн оюутнуудаа ажигласан туршлага, өөрийн түүх дээр үндэслэн энэхүү номыг бичсэн аж.
Тухайн үед тэрээр мөн аавынх нь амьдралыг авч одсон нэг төрлийн хорт хавдрыг даван гараад байсан бөгөөд хүн ерөөс "Амьдралаа хэрхэн үнэлж дүгнэх вэ?" гэсэн асуултад хариулах шаардлагатай юм байна гэж бодсон биз ээ.
Зохиогч энэхүү номд "Хэрхэн ажил карьертаа сэтгэл хангалуун байх вэ?", "Гэр бүлийн амьдралдаа хэрхэн сэтгэл ханамжтай байх вэ?", "Хэрхэн зөв шударга амьдрах вэ?" гэсэн асуултуудыг тавьж, гурван бүлэг болгон хариулахыг зорьжээ.
Тэгэхээр энэхүү номыг уншсанаар хүмүүсийн дунд элбэг тохиолддог асуудлуудад хариулт авах боломжтой болно:
-Хүний итгэл найдвар тээн сонгосон ажил мэргэжил нь яагаад аз жаргалгүй амьдралд хөтөлдөг вэ?
-Ажил карьертаа амжилт олсон хүмүүсийн ар гэрийн амьдралд яагаад ан цав, сэтгэл хангалуун бус байдал үүсдэг вэ?
-Өөрийн хүлээн зөвшөөрөхгүй хэмээж байсан зүй бус үйлдлийг хүн эцэстээ яагаад хийдэг вэ?
ПОДКАСТ СОНСОХ
iTunes дээр Unlock Podcast-ийг сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.