Өнгөрсөн 10-р сард олон нийтээс хөрөнгө босголтын хамгийн том платформуудын нэг Indiegogo-д нэгэн монгол стартап маш амжилттай танилцуулагдаж, 48хан цагийн дотор тавьсан зорилгодоо хүрэн интернет ертөнцийг шуугиулсан билээ. Энэ бол монгол ноолуурыг дэлхийн хэрэглэгчдэд шууд хүргэх зорилго бүхий Etugen Cashmere байсан билээ. Өдгөө аль хэдийн 20 гаруй улсад хэрэглэгчтэй болж, гурван тивд хүргэлтийн төвөө байгуулаад амжсан энэ стартапыг үүсгэн байгуулагч бол Б.Ариунаа. 2015 онд Форбес сэтгүүлээс шалгаруулсан "30 хүртэлх насны 30 шилдэг залуу" жагсаалтанд багтаж байсан тэрээр өдгөө чанарыг эрхэмлэсэн шинэ бүтээгдэхүүнээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөж байна. 

Бизнесийн нэр: Etugen Cashmere
Цахим хаяг: etugen.co
Үйл ажиллагааны чиглэл: Ноолууран бүтээгдэхүүний direct to consumer брэнд Үүсгэн байгуулагдсан: 2017 он
Үүсгэн байгуулагч: Б. Ариунаа
Ажилтны тоо: 4
Фэйсбүүк: Etugen Cashmere

Бизнесийн санаагаа анх хэрхэн олсон бэ?

Би 2015-2017 онд АНУ-д UCLA Anderson School of Management-д суралцаж бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан юм. Суралцах хугацаандаа энтрепренершипийг гол чиглэлээ болгохын зэрэгцээ жижиглэнгийн худалдаа, дижитал маркетингийг түлхүү судалсан. Харин зуны амралтаараа Итали улсад зохион байгуулагдсан Italia Innovation гэдэг инновацийн хөтөлбөрт хамрагдах боломж олдсон. Энэ нь сар гаруй хугацаанд Стэнфордийн их сургуулийн дизайны сургууль болон олон улсын IDEO дизайн фирмийн тусламжтайгаар Италийн томоохон компаниудад инновацийн санал боловсруулж өгөх хөтөлбөр байсан юм. Уг хөтөлбөрт үйлчлүүлэгчээр оролцож байсан компаниудын үйл ажиллагаатай танилцаж явахад нэг компани онцгой анхаарал татсан. 100 гаруй жилийн түүхтэй, тансаг зэрэглэлийн ноолууран костьюм болон бусад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, дэлхийд алдартай брэнд байсан юм л даа. Тэднийх үйлдвэрээ танилцуулахдаа ноолууран бүтээгдэхүүний гол түүхий эдээ Монгол болон бусад орнуудаас авдаг талаараа ярьж байсан. Монгол ноолуурын онцлог давуу талууд, ноолуурын бусад нийлүүлэгч орнуудаас ялгарах чанар зэргийг яриулж явахдаа би өөрөө Монгол хүний хувьд их сонирхож, олон асуулт асууж билээ.

Түүнээс хойш манай эх орон дэлхийн ноолуурын 40 гаруй хувийг нийлүүлж байгаа хэрнээ дэлхийн хэрэглэгчдэд сайтар танигдсан ноолууран бүтээгдэхүүний брэндийг төрүүлж чадаагүй юм байна гэдэг бодол толгойд байн байн орж ирдэг болсон. Монголд дотооддоо ноолууран бүтээгдэхүүн маш элбэг. Аль ч томоохон дэлгүүрт орсон ноолууран бүтээгдэхүүний хэд хэдэн тасаг заавал байдаг, үнэ нь ч боломжийн байдаг. Гэтэл миний очиж байсан аль ч гадаадын улсад ноолууран бүтээгдэхүүн ийм элбэг байдаггүй. Хэрэглэгч хүний хувьд хийсэн энэ ажиглалт дээрээ суурилаад цааш нь судалгаа хийх тусам манай байгаль цаг уурын онцлог, малчин ард түмний хөдөлмөрийн үр ачаар Монгол улс дэлхийн ноолуурын зах зээлд хүчтэй өрсөлдөх давуу талтай юм байна гэдгийг сайн ойлгож, итгэл төгс болсон.

Мөн энэ зах зээл дээр Монгол брэнд яагаад одоог хүртэл хэрэглэгчдэд танигдаагүй байгаа талаар ч нилээд судалж, бодсон. Ингээд орчин үеийн технологийн хөгжил, дижитал хувьсгалтай хөл нийлүүлсэн байдлаар, direct to consumer (D2C) бизнес модельтойгоор Монгол ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийд гаргах Etugen Cashmere брэндийг үүсгэн байгуулахаар сэтгэл шулуудсан юм.

Direct to consumer бизнес моделийн талаар?

Хэрэглэгчдэд зориулан үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг уламжлалт аргаар бол брэндээс бөөний худалдаачин (дистрибютор) худалдан авч, тэр бүтээгдэхүүнээ жижиглэнгийн худалдаачдад (дэлгүүр, сүлжээ дэлгүүр) борлуулдаг, дэлгүүр түүнийг цааш нь хэрэглэгчдэд борлуулдаг зарчмаар явдаг. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчдэд очихоосоо өмнө дор хаяж хоёр удаа дам худалдагдаж байна гэсэн үг. Ингэснээр дунд нь худалдаа хийж байгаа хүмүүс мэдээж ашиг олно, эцсийн хэрэглэгчдэд очих бүтээгдэхүүний үнэ тэр хэмжээгээр өндөр байна.

Direct to consumer загвар бол энэ дам худалдааг алгасч, бүтээгдэхүүнийг шууд хэрэглэгчдэд хүргэснээр хэрэглэгчиддээ илүү их үнэ цэнийг өгөх загвар юм. Энэ загвар сүүлийн жилүүдэд нэлээн газар авч байна. Үүний гол шалтгаан нь интернет, e-commerce буюу онлайн худалдаа, дижитал маркетингийн хөгжил. Эдгээр хүчин зүйлүүдээс шалтгаалж хэрэглэгчдийн сэтгэлзүй, худалдан авалт хийх арга барил маш хурдтайгаар өөрчлөгдөж байна. Сошиал медиагийн тусламжтайгаар брэндүүд хэрэглэгчидтэйгээ урд өмнө байгаагүй ойр, дотно харилцааг үүсгэх боломж ч бас бүрдсэн хэрэг. Монголд сайн анзаарагдахгүй байгаа ч энэ дижитал хувьсгал уламжлалт загвараар худалдааны бизнес эрхэлдэг дэлхийн томоохон компаниудыг эхнээс нь маш хүнд байдалд оруулж байгаа. Жишээ нь Macy’s сүлжээ маш олон дэлгүүрээ хаасан. Nordstrom хөрөнгийн зах зээлээс хувьцаагаа татаж байна. Товчхон дүгнэвэл хэрэглэгчид улаа эргэтэл дэлгүүр хэсч шоппинг хийдэг үе өнгөрчээ.

Энэ нь онлайн ертөнцөөр хэрэглэгчдээ татдаг компаниудад бол том боломжийг өгч байгаа. Уламжлалт худалдааны компаниуд хүнд нөхцөлд байхад нөгөө талд нь Everlane, Bonobos, Warby Parker, Dollar Shave Club зэрэг онлайн брэндүүд маш хурдтай өсч, хүчээ авч байна. Монгол компанийн нүдээр харахад бол урд нь уламжлалт загвараар дэлхийн зах зээлд гарахад хүндрэлтэй байсан саад бэрхшээлүүд арилж, харин хил хязгааргүй интернетээр дамжуулж олон улсын хэрэглэгчидтэй шууд харилцаа үүсгэх асар том боломж гарч байна гэсэн үг. Залуу үеийнхэн худалдан авалт хийхдээ зүгээр ч нэг бүтээгдэхүүний үнэ ханш, чанар байдлыг харгалзахаас гадна тухайн брэндийн гарал үүсэл, бүтээгдэхүүн төрсөн түүх, үйлдвэрлэлийн процесс, түүхий эдийн онцлог, байгаль дэлхий болон хүн төрөлхтөнд үзүүлэх эерэг сөрөг нөлөө зэргийг маш ихээр сонирхдог болсон энэ цагт Монгол брэнд өөрийн гэсэн онгой содон түүхийг өгүүлэх боломж байна. Гэхдээ амжилтанд хүрэх хялбар болчихлоо гэсэн үг биш. Технологийн хөгжлөөс алхам ч хоцрохгүйгээр, шинээр гарч буй нээлтүүдийг үйл ажиллагаандаа шууд шууд нэвтрүүлээд явах, хэрэглэгчиддээ гэрлийн хурдаар үйлчлэх чадамж хэрэгтэй. Цаашлаад өөрийн гэсэн нээлтүүдийг ч хийх шаардлагатай болно.

анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Өөрийн хөрөнгөөрөө санхүүжүүлж эхэлсэн. Мөн өнгөрсөн 10 сард Indiegogo дээр crowdfunding хийсэн. Crowdfunding төсөл маань эхэлсэн цагаасаа 48 цагийн дотор зорилтот санхүүжилтээ босгож, төлөвлөгөөгөө 200 гаруй хувьтай биелүүлсэн шүү.

Нэг хэсэг манай төсөл Indiegogo-ийн Trending хэсэгт 1-5 дугаарт жагсаж, уг сайтын зүгээс манайхыг Fashion-Forward Find буюу загварын шилдэг төслөөр шалгаруулсан. Crowdfunding төсөл амжилттай байсан нь санхүүжилт босголоо гэдгээсээ илүү манай бүтээгдэхүүн зах зээлд эрэлттэй байх юм байна гэдгийг нотлох том үзүүлэлт болсон гэж үзэж байгаа. Одоо дараагийн шатны санхүүжилтээ хөрөнгө оруулагчдаас татах ажил эхэлж байна.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Манай баг 4 гишүүнтэй. 2 нь UCLA-д хамт сурч байсан найзууд маань байгаа юм. Бид багаараа олон төслүүд дээр ажилласан туршлагатай. Харин нөгөө хамтрагчтайгаа танилын танил гэж явсаар анх танилцсан. Биеэр уулзаж үзээгүй, онлайнаар хамтарч ажиллаж байгаа ч их мундаг хамтрагчтай болсон нь азтай. Манай Европ дахь төлөөлөгч байгаа юм.

танай онцлог, давуу талууд?

Хэдийгээр ноолууран хувцас, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож байгаа ч Etugen Cashmere бол загварын брэнд биш. Загварлаг, чамин зүйлийг үйлдвэрлэнэ, түүнийгээ зар сурталчилгаагаар бөмбөгдөж борлуулна гэсэн бодлоготой брэндүүд бишгүй л байдаг.

Харин бид стратегиэ үндсэн гурван чиглэлээр тодорхойлж, цаашид хөгжүүлж ялгарч байгаа. Нэгт, манайх хэрэглэгч төвтэй компани. Бид хэрэглэгчиддээ үйлчилж, тэдэнд үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг санал болгохыг зорьдог. Тиймээс бүтээгдэхүүн хөгжүүлэлтэндээ ч хэрэглэгчдийг маш гүнзгий оролцуулдаг. Үйл ажиллагааны бүх шатанд зөвхөн хэрэглэгчийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаа. Хоёрт, шийдвэрийг бид үзэмжээрээ биш дата дээр суурилж гаргадаг. Гуравт, технологи, ялангуяа интернетэд суурилсан технологийг үйл ажиллагааны гол тулгуураа болгодог.

Брэндийн бодлогын хувьд гадаадын ижил төстэй компаниудаас ялгарах бидний чанар бол Etugen Cashmere нь Монгол брэнд. Бидэнд Монголынхоо тухай ярих, үзүүлэх, гайхуулах зүйл их бий. Сайн анзаарвал дэлхийд алдартай ноолуурын том брэндүүд гол төлөв монгол ямаа, монгол нүүдэлчний дүр зургаар нэрийн хуудсаа хийсэн байдаг. Дэлхийд монгол брэнд монгол ноолуураа магтах цаг болсон.

Нэрээ сонгохдоо ч их олон зүйлийг бодолцсон. Этүгэн гэдэг нь байгаль эх, эх дэлхий гэсэн утгатай үг. Монголын ард түмэн эртнээс нааш байгаль дэлхийтэйгээ ойр амьдарч, тэднийгээ түшин тулж, шүтэн дээдэлж ирсэн ард түмэн. Бидний энэ сэтгэл, ёс заншил энэ бүтээгдэхүүнд ч мөн шингэсэн байгаа шүү гэдэг агуулгыг багтааж, нэрээ өгсөн юм.

бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Хаанаас нь ч харсан нүүдэлчин монгол ард түмний сэтгэл, хөдөлмөр шингэсэн, “Монголд үйлдвэрлэв” гэдэг шошгыг нэр хүндтэй, бахархалтайгаар авч явах, орчин үеийн хэрэглэгчдийн сэтгэлийг татсан, голлох зах зээлүүддээ сайтар танигдсан брэнд болох гэдэг манай алсын зорилго юм. Голлох зах зээл гэдэгт АНУ, Европын Холбооны болон Азийн зарим орнуудыг багтаан харж байгаа.

бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Бид ганган чамин гэдгээрээ биш ямар хэрэгцээг хангаж байна вэ гэдгээрээ үнэ цэнээ үүсгэж байгаа брэнд. Ноолуур даарсан цагт дулаан байлгах үүрэгтэй гэдгээс л эхэлнэ. Чанарын хувьд тансаг ноолууртай өрсөлдөхүйц хэрнээ үнийн хувьд өртгөө хэмнэн бага түвшинд барих нь манай бодлого.

энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Монголчууд экспортлогч орон болж, эцсийн бүтээгдэхүүн гаргах замыг эрэлхийлсээр нэлээн удаж байна. Хүн бүр гарцыг нь янз бүрээр л харж байгаа байх. Миний хувьд онлайн худалдааг дэлхийн тавцанд өрсөлдөх гол суваг юм гэж итгэн энэ стартапаа эхлүүлсэн.

Технологитой нягт холбоотой бизнесээ хөгжүүлж байгаа учир асар их зүйлийг сурч байна. Зөндөө зүйл суралцаж, өөрөө ч дагаж хөгжиж байна. Үр дүн гараад, хүмүүст бүтээгдэхүүн хүрээд эхлэхээр их урамтай байгаа шүү.

Нөгөө талаар гүйцэтгэл хийнэ гэдэг хэцүү. Энгийн байгууллагад ажиллахаас огт өөр нөхцөл, огт өөр орчин. Том, жижиг гэлтгүй бүх ажилдаа өөрөө гүйж байна. Гэхдээ энэ бүгдийг бэрхшээл гэхээсээ илүү сорил гэж хүлээж авч байгаа шүү.

одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Монгол компанийн хувьд нэлээд шинэлэгт тооцогдох бизнес моделийг өнгөрсөн хэдэн сарын хугацаанд амжилттай туршлаа. Одоогоор манай бүтээгдэхүүн дэлхийн 20 гаруй орны хэрэглэгчдийн гарт хүрчихсэн байгаа. АНУ, Европ, Азид тус тус өөрийн бүтээгдэхүүн хүргэлтийн төвтэй боллоо. Богино хугацаанд олон зүйлийг амжуулж, үр дүн гаргасан амжилтаар 2017 оныг үдсэн. Дараагийн алхам бол өнгөрсөн онд бий болгосон дэд бүтцээ ашиглаж, үйл ажиллагаагаа хурдацтайгаар өргөжүүлэх ажил байна. Үүний тулд хөрөнгө оруулалт татах ажил нэн тэргүүнд тавигдаж байгаа.

Хэрэглэгчдээс ирдэг Түгээмэл санал сэтгэгдлээс хуваалцвал?

Бид хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж, бүтээгдэхүүн туршиж үзсэн сэтгэгдэлд юунаас ч илүү ач холбогдол өгч, алдалгүй бүртгэж авахыг хичээж байгаа. Бүх худалдан авагчид маань их эерэг сэтгэгдэлтэй байгаад баяртай байгаа. Ийм үнээр ийм чанартай бүтээгдэхүүн авч болдог гэж үү гэх мэт. Luxury зэрэглэлийн дэлгүүрүүдэд тавигдах хэмжээний чанартай бүтээгдэхүүн байна гэж үнэлж байгаа. Үүнээс гадна монгол бизнесийг дэмжиж байна гэдэгтээ баяртай байгаагаа ч олон хүн илэрхийлдэг шүү.