Энэ долоо хоногт Олон Улсын Улаан Загалмайн Өдөр буюу Монголын Хүмүүнлэгийн Өдөр тохиож буй. Уг өдрийг тохиолдуулан удахгүй 80 жилийн ойтойгоо золгох гэж буй энэ байгууллага өдгөө чухам ямар ажил төслүүд дээр, ямар цар хүрээнд ажилладаг талаар бид сурвалжлан ярилцлагаа хийсэн юм. Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт нийт 33 салбар хороотой, 217 хүнийг ажиллуулдаг Улаан Загалмай Монголын улсын "Үндэсний хүмүүнлэгийн байгууллага" гэх статустай цорын ганц байгууллага бөгөөд ажил хичээнгүй хамт олныхоо тусламжтай дэлхийн 191 үндэсний нийгэмлэг дунд үлгэр жишээ нь болж чаджээ. Хүмүүст хүнд хэцүү цаг үед нь туслан баяр баясгаланг бэлэглэдэг, хүнлэг зөөлөн сэтгэлтэй улаан загалмайчидтай та бүхэн танилцана уу.

Фэйсбүүк хуудас: Mongolian Red Cross Society

ТА ЯМАР АРГА БАРИЛААР АЖЛАА ЯВУУЛДАГ ВЭ?

Улаан Загалмай Үндэсний Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа

Өмнө нь би голдуу төрийн албанд удирдах ажил хийж байлаа. Улаан Загалмайд ирээд харин огт өөр менежмент, арга барилаар ажиллах болсон шүү. Хамтач байх, бусдыгаа сонсох, нээлттэй хариуцлагатай байх, аливаа хөгжил трендээс хоцрохгүй байх нь бидний онцлог.

Манай байгууллагын удирдлагын түвшинд 60, 70, 80-аад оныхны үе үеийн төлөөлөл бий. Тийм ч учраас бид бие биеэ сайн нөхөж ажилладаг. Залуучууд шинэ санаа гаргана, эрч хүчтэй. Ахмад ажилтнуудын туршлага зарим зүйл дээр хэрэг болно. Насны насны төлөөлөл байх нь нийгэм, бүлэг давхаргуудын эрэлт хэрэгцээг мэдрэхэд чухал байдаг юм. Ер нь би залуучуудаа сонсож, итгэж ажиллахыг илүүд үздэг хүн. Бэрхшээлүүд мэдээж зөндөө гардаг ч тийм үед багаараа тойрч суугаад л шийдэл гаргадаг. Би олон жилийн туршлагатай гэж ихэрхдэггүй, харин юугаараа би дутуу байна вэ гэж их боддог. Тийм ч учраас гадаад хэл, технологийн тал дээр залуусаасаа хоцрохгүй юм сан гэж их хичээж байна.

Миний хувьд өглөө 6 цагт босоод ажил дээрээ 7.30 гэхэд ирчихдэг. Тэгээд л ажлаа сайн төлөвлөнө дөө. Энд ирээд ер нь төлөвлөлтөд сайн суралцсан. Богино, дунд, урт хугацаагаар төлөвлөнө. Би ер нь ажлаа байнга л ярьж явдаг шиг байгаа юм. Гадаадад буй охинтойгоо саяхан утсаар ярихад та дандаа л ажлаа ярих юм гэж гомдоллосон. Түүнээс үүдэн ер нь залуус маань ажлаасаа гадна хувийн амьдралдаа идэвхтэй байх ёстой, үүндээ цаг гаргахад нь туслах ёстой юм байна гэж бодоод байгаа.

Н.Болормаа дарга одоогийн албаа 2013 оны 12-р сард авснаас хойш байгууллагад олон шинэчлэлийг хийж, Төр ба Улаан Загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийг байгуулан үйл ажиллагааг улам эрчимжүүлжээ. Энэ зөвлөлөөр дамжуулан Улаан Загалмайн эрх зүйн байдлын тухай хуулийг 2016 онд батлуулж, жилдээ бага хэмжээний санхүүжилтийг төрөөс авдаг болжээ.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Улаан Загалмай Нийгэмлэгийн хувьд санхүүгийн бие даасан тогтвортой байдал хамгийн чухал байдаг. Энэ бол миний хийх гол ажил. Манай төв штаб дээр л гэхэд 55 хүн байдаг. Сард цалингийн зардал нь 60 орчим сая болно. Бид дийлэнх үйл ажиллагааны санхүүжилтээ төсөл бичиж өөрсдөө босгодог. Тиймээс орлогоо нэмэгдүүлэх, хөрөнгөө арвижуулахад туслах материаллаг баазыг бий болгоход голлон анхаарч ажиллаж байна.

Энэ хүрээнд бид 2017 онд Цонжинболдогийн хөшөөнөөс хойш 8 км-ийн зайд Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийг байгуулсан. 1.8 тэрбум төгрөгийг гадны улсууд байгууллагуудаас босгож, улсаас 156 сая төгрөгийн дэмжлэг авч байгуулсан энэ төв маань улаан загалмайч хүүхдүүд төдийгүй Зүүн Азийн хүүхэд, залуучуудыг хүлээн авдаг олон улсын зуслан болоод байгаа юм. Одоогоор бид гурван ч олон улсын арга хэмжээг зуслан дээрээ амжилттай зохион байгуулаад байна.

Мөн энэ жил төв байраа өртөтгөх барилгын ажлыг эхлүүлж байгаа. Ингэснээр бид барилга дотроо Анхны тусламжийн төв, Нөхөн сэргээх төв зэргийг байгуулах, түрээсийн талбайн үүсгэн санхүүжилтдээ нэмэрлэх боломж бүрдэнэ.

Мөн өөр нэг анхаарч байгаа том ажил бол энэ долоодугаар сарын эхээр Монголд болох, гамшгийн эрсдэлийг бууруулах сэдвээр хэлэлцэх Азийн улсуудын сайд нарын бага хурлын бэлтгэл ажил. ОБЕГ-аас зохион байгуулах энэ хурлын сайн дурын идэвхтэнүүдийг цуглуулж, бэлтгэх ажлыг манай байгууллага хариуцаж байгаа. АСЕМ-ийн дараа орохоор том хурал гэж яригдаж буй энэ арга хэмжээнд бид 200 орчим сайн дурын идэвхтэн бэлтгэнэ. 3000 орчим зочид 60 гаруй зочид буудалд бууна гэхээр сайн дурынхны үүрэг роль их. Ер нь бид цаашдаа ч сайн дурын идэвхтэнүүдээ сайн дэмжиж ажиллах болно. Манайд гаднаас сайн дурынхан ирдэг болохоор Монголоосоо бас илгээж сайн дурынхны солилцоо хийх боломж бий.

Мөн би залуучуудаа гадаад дахь олон улсын хүмүүнлэгийн төслүүд дээр ажиллахад дэмжлэг үзүүлье гэж бодож төлөвлөж байна. Манай үндэсний нийгэмлэг олон улсад туршлагаа хуваалцах хэмжээнд ажиллаж байгаа тул залууст карьер хийх боломж бүрэн бий. Эхнээсээ олон улсад амжилттай ажиллаж буй залуус ч хэд хэд байна.

Хэдэн жилийн өмнө бол юм гуйдаг л байгууллага гэсэн ойлголтыг төрүүлдэг байсан Улаан Загалмай өдгөө өөрийн нөөц боломж, чадавхыг ихэд нэмэгдүүлжээ. Өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд хууль батлуулж, дотоод журмуудаа ч сайн шинэчилсэн байна. Хүний нөөцийн хувьд гэхэд л, бүс нутгийн гамшигтай тэмцэх багийн гишүүн буюу олон улсад ажиллах боломжтой 6 хүн байдаг гэнэ.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Төлөвлөлт, хяналт, үнэлгээ, тайлагналт хариуцсан багийн гишүүн Ч.Ундрам

Манай багийн гишүүн бид хоёр ажлаа хоёр самбар дээр бичдэг юм. Нэг дээр нь ажлуудаа календарь байдлаар зоогоод, нөгөө дээр нь тухайн сарын юм уу улирлын хамгийн чухал буюу яаралтай ажлаа тэмдэглэдэг.

Би хувийн зүйлсээ хоёр дэвтэр дээр бичдэг байж байгаад саяхнаас ер нь гар утасны Notes дээр тэмдэглэдэг болоод байгаа. Хувийн санхүүгээ бас бүртгэнэ. Мөн компьютерийнхээ дэлгэцэн дээр тэмдэглэл бичих жижиг цонх дөрвийг үүсгээд үүсгээд явдаг. Ойр зуур санах зүйлс, бас хийсэн ажлаа тэмдэглэнэ. Сар бүрийн ажлаа нэгтгэж өгдөг болохоор хийсэн зүйлсээ эндээ бичээд явчихаар амар байдаг юм.

Ч.Ундрам Улаан Загалмайтай бүр 2006 онд холбогджээ. Ахлах ангийн улаан бүчтэй ах эгч нарыг хараад сониурчихдаг байсан охин дунд ангид ороод Улаан загалмайн клубийн гишүүн болжээ. Эхлээд сургуулийн клубээ, дараа нь дүүргийн клубээ ахалдаг болсон Ч.Ундрам 2009 онд үндэсний нийгэмлэгийн клубийн гишүүн болжээ. Ингээд 2015 он хүртэл Улаан Загалмайн сайн дурын идэвхтэнээр ажиллаж байгаад, их сургуулиа статистикчаар төгсмөгцөө тус байгууллагын үндсэн ажилтан болжээ. Одоо тэрээр төсөл хөтөлбөр, томилолт, дотоод гадаад арга хэмжээ гээд байгууллагын бүх л үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг хянаж, салбар хороодын мэдээг нэгтгэж, байгууллагын статистик мэдээллийг гаргаж, өөрөөр хэлбэл байгууллагын үйл ажиллагааны цөмд ачаалал өндөртэй ажилладаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Энхтайван

Миний хувьд байнга л онлайн байж, гар утсаараа их ажил амжуулдаг. Албаны имэйлдээ Outlook-ээр, хувийн имэйлдээ Gmail ашигладаг. Хувийн ажлын жагсаалтаа AnyDo дээр хийдэг. Evernote Scannable-ээр юм скандах шаардлага их гардаг. Skype, WeChat, Messenger зэрэг аппаар хүмүүстэй харилцана. Page Manager-ээр байгууллагын фэйсбүүк хуудсанд юу өрнөж байгааг харж байдаг. Сагс сонирхдог болохоор NBA апп-аар тоглолтын мэдээг, гадаад мэдээг BBС, South China Morning Post зэргээс, монгол мэдээг iKon-ийг чатботоос авчихдаг. Тухайн өдрийн мэдээг багцлаад харуулчихдаг нь амар байдаг шүү. Сүүлийн 2 жил бугуйндаа зүүж буй MiBand-ээр хэр их унтаж байгаа, хэр их алхаж байгаа зэргээ харчихдаг. Бас Kindle-ээр ном уншдаг юм байна.

Тус газар байгууллагын санхүү, аж ахуй, хүний нөөц, харилцаа холбоог хариуцаж ажилладаг. Өнгөрсөн жил тэд захиргаа, удирдлагатай холбоотой төслүүдийг бичин Финлянд, Их Британи, Австралийн Улаан Загалмайгаас дэмжлэг авчээ. Финляндаас хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хүчин чадлаа нэмэгдүүлэх төслийн хүрээнд санхүүжилт авч, байгууллагын вэбээ шинэчлэн, удахгүй нээх гэж байгаа аж. Энэхүү вэб нь онлайн сургалтын хэсэгтэй бөгөөд интернэт л байвал Монгол орны хаанаас ч холбогдон сургалтад хамрагдах боломжтой хэмээн Э.Энхтайван ярилаа.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Дотоод аудитор, Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн захирал У.Баярмаа

Би хувийн хэвшлийн байгуулага, төрийн албанд тооцооны нягтлангаас эхлээд эдийн засагч, ахлах аудитор гээд олон ажил эрхэлж явсан.

Аливаа ажлыг тууштай, чанартай хийхийг хичээдэг. Өөрийгөө шударга гэж боддог. Мэргэжил маань ч надаас тийм байхыг шаарддаг юм. Арваад жил хувийн аж ахуйн даргаар ажиллаж, барилга, нийтийн хоол, дэлгүүр зэргийг ажиллуулах туршлагатай болсон минь одоо аудитороор ажиллахад, Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв буюу бидний хэлж заншсанаар зуслангийн үйл ажиллагааг удирдахад их хэрэг болдог. Тийм ч учраас хамт олон маань энэ ажилд намайг сонгосон байх.

Зуслангийнхаа орчныг аль болох л гоё болгохыг зорьж байна. Зуслан маань хүлэмжтэй, спортын иж бүрэн талбайтай, интернэтийн сүлжээ сайтай. Гадаад хүмүүс ирээд зуслан биш resort байна шүү дээ гэж үнэлдэг юм. Ер нь манай зуслан цэвэрхнээрээ алдартай шүү.

Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв 2017 онд дотоодын болон олон улсын сургалт, эвентийг сайн зохион байгуулсан учраас байгууллагын аварга хамт олон болжээ. Байгууллагын зуслан бол олон ажилтны хэлж байгаагаар Улаан Загалмай Нийгэмлэгийн ажилд үлэмж тус хүргэдэг, гадаадын зочдод нүүр тахалдаг газар ажээ.

Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв 130 хүн хүлээн авах боломжтой, 50-аас дээш хүнтэй сургалтыг сардаа 4-5 удаа хийдэг гэнэ. Энд Улаан Загалмайн 12 ажилтан ажилллаж, сайн дурын олон идэвхтэн тусалдаг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга Б.Даваажаргал

Манайх Гамшгийн менежент, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, Нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих, Хүүхэд залуучуудын хөтөлбөр гэсэн дөрвөн хөтөлбөртэй. Энэ дундаас гамшгийн менежмент бол манай үйл ажиллагааны 60 орчим хувийг эзэлдэг том хөтөлбөр. Гэхдээ манайх сүүлийн үед хөтөлбөрүүдээ нэгтгэн integrated маягаар "Олон нийтийн даван туулах чадварыг сайжруулах хөтөлбөр" нэрийн дор ажиллах хандлагатай болж байгаа. Манайх эрхзүйн байдлын тухай хуулиар "Үндэсний хүмүүнлэгийн байгууллага" гэх статустай болсон. Нэг талаар хуульчлагдсан үүрэгтэй болж, төртэй гэрээгээр ажиллаж, хийсэн ажлаа тайлагнаж мэдээлдэг гэсэн үг.

Яаж ажилладаг талаар жишээ дурдвал илүү ойлгомжтой байх. Нэг аймагт түймэр гарлаа гэж бодъё. ОБЕГ очиж ажиллах үед бид мэдээлэл цуглуулж, Үндэсний гамшигтай тэмцэх багийн гишүүдийг илгээж, хэрэгцээний үнэлгээ хийдэг. Тэгээд хүмүүс орон гэргүй болж уу, ундгүй усгүй болж уу гэх мэтээр хэрэгцээг нь тодруулж, түүндээ үндэслэн хүмүүнлэгийн тусламж илгээдэг юм. Цар хүрээний хувьд багавтар байвал 3 аймгийн дунд байх бүсийн төвүүдээс, их байвал Үндэсний нийгэмлэгээс, бүр тэрнээс давсан байвал олон улсаас тусламж хүсдэг. 191 улсын үндэсний нийгэмлэг нэгдэх боломжтой олон улсын тусламжийг хүсвэл 3 хоногийн дотор орж ирдэг дүрэмтэй. Манайх ч гэсэн Непалын газар хөдлөлт гэх мэтээр бусад улсуудад тусалж байсан жишээнүүд бий. Монголын хамгийн түгээмэл, хүнд гамшиг гэвэл удаан хугацаанд үргэлжилдэг зудын гамшиг байдаг. Бид сүүлийн гурван жилд 2.8 тэрбум төгрөгийн тусламжийг, энэ он гарсаар 1.6 тэрбум төгрөгийн тусламжийг малчдад хүргээд байна.

Улаан Загалмайд ажиллахын сайхан нь тусламж дэмжлэг авсан хүмүүсийн царайд тодрох инээмсэглэлийг харах байдаг. Би өмнө нь бизнесийн байгууллагад ажиллаж байгаад илүү олон хүнд хүртээлтэй, үр өгөөжтэй ажил хийхийг хүсэж энэ байгууллагад орсон. 33 салбар хороодод хүрч ажиллах ёстой байдаг тул ажил нэлээн ачаалалтай. Ажлын найман цагаар ажиллана гэж үгүй. Аливаа зүйлд, гамшигт байнга бэлэх байх ёстой. Тийм болохоор манайхан бүгд нэг дор уулзах нь тун ховор, байнга л хөдөө гадаа томилолтоор ажиллаж байдаг юм. Мөн сэтгэлзүйн бэлтгэлтэй байх нь чухал. Би ажилд ороод удаагүй байхдаа Төв аймагт нэгэн халамжлуулагч айлаар ороод, хэцүү амьдралыг нь үзэн уйлж, хоёр хоног хямарч билээ.

Б.Даваажаргал Японд оюутан байхдаа, Улаан загалмайн оюутан солилцоогоор ирсэн монгол хүүхдүүдэд орчуулга хийн Улаан Загалмайтай анх танилцаж байжээ.

Сонирхолтой баримт: Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйгээр Улаан Загалмайн логотой хувцас өмссөн хүнд дайны үед ч халдах учиргүй гэнэ. Тиймээс энхийн цагт логогоо таниулах гэж тэд дүрэмт хувцсаа байнга өмсдөг, дайны үед Улаан Загалмайн төв байран дээр логогоо томоор хэвлэн дэлгэсэн байвал бөмбөг хаях ёсгүй хэмээн Б.Даваажаргал ярив.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ахлах нягтлан бодогч М.Лхагвадорж

Манай санхүүгийн албаныхан их ачаалалтай ажилладаг. 33 салбар хороодыг хамарсан үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр гэхээр ямар их санхүүгийн ажил орох нь ойлгомжтой байх. Ахлах нябо болоод удаагүй байхдаа үүрээр шахуу ирээд л шөнө харьдаг байлаа. Яаж үр бүтээлтэй ажиллах вэ гэж бодох ч сөхөөгүй. Тэгээд л удалгүй санхүү дээр багийн ажиллагаа ямар чухал болохыг ойлгосон. Бусдадаа яаж баримт бүрдүүлэхийг заахаас эхлээд сайн сургаж, байнгын холбоотой ажиллаж эхэлсэн. Юм анхнаасаа цэгцтэй байвал ажил хялбаршдаг тул эмх цэгцтэй байх шаардлагыг хатуу тавих болсон.

Энийг санхүүгийнхэн л мэднэ гэж өөрөөсөө холдуулсан хандлага хүмүүсийн дунд их байдаг. Манайд бол санхүүгийн бус хүмүүстээ ч санхүүгийн хүнд биш ажлуудаа хариуцуулж өгөөд явдаг. Тэгэхээр тэд санхүүгийн тал дээр нэлээн мэдлэгтэй болчихдог юм. Хүмүүнлэгийн байгууллагын онцлог нь бид бие биеэ нөхөх, орлох чадвартай байх хэрэгтэй. Би л энийг хийнэ, чи л тэрийг хийнэ гээд хатуу шаардаад байвал ажил явахгүй. Бүгд нэг нэгийнхээ ажлыг, цагийг хүндлэхгүйгээр ажил урагшлахгүй. Тиймээс дээр дооргүй бусадтай сайн харилцаж, мэддэг чаддагаа хэлж зааж, хамтдаа л ажилладаг. Тэгж байж л цаг хэмнэж, их ажлыг нугалдаг даа.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ, НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг

Би ажлын онцлогоос үүдэн байгууллагын бодлого тушаал гарахад шаарддаг хууль дүрэм, судалгаа, баримт бичгүүдийг уншдаг. Ном гэвэл сүүлд Сарантуяа зохиолчийн "Сорхугтан", "Самар хатан" зохиолуудыг уншсан. Сорхугтан бол Чингис хааны отгон хөвүүн Тулуйн эхнэр, гурван хааныг төрүүлж хүмүүжүүлсэн ухаант хатан. Самар хатны харин Баянмөнх хааныг хорлогдохоос хамгаалж, алтан ургийг таслалгүй авч үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй юм билээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Сүхбаатар дүүргийн Улаан Загалмайн хорооны дарга, цусны хүндэт донор З.Өсөхбаяр

Улаан загалмайн үндсэн дөрвөн хөтөлбөрийн нэг нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих байдаг. Энэ хүрээнд эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх, цусаа өгөхийг уриалах, орон гэргүй хүмүүст сүрьеэ өвчний оношилгоо, эмчилгээ хийх гэсэн ажлуудыг хийдэг. Анхны тусламж үзүүлэх сургалтаа бид зорилтот бүлгийнхэнд үнэгүй, харин байгууллагуудад төлбөртэй хийдэг юм.

Миний бие 2002 онд Чингэлтэйн хороонд арга зүйчээр орж, цусаа өгөхийг уриалах ажлыг хариуцсан. Ийм ажил хийж байгаа хүн өөрөө үлгэрлэх нь зөв гээд цусаа өгч эхэлсэн дээ. Ингээд өнөөг хүртэл 40 гаруй удаа өгч, хүндэт донорын болзол хангасан байна. Мөн энэ хооронд хоёр жил Цусны төвд нийгмийн ажилтнаар ажилласан. Цус өгөх нь энхийн цагт хүний амийг аврах үйл гэж, одоо хүртэл миний өгсөн цус 100 гаруй хүнд буян болсон байх гэж сэтгэл өег явдаг.

Амьдралд минь сайнаар нөлөөлсөн зөвлөгөө гэвэл аавын минь хэлдэг үгс. "Хүн хийж чаддаг юмаараа л амьдрах ёстой", "Худлаа ярьж болохгүй" гэх мэтээр сургадаг байсан. Энэ сургаал зөвлөгөөнүүд нь ч Улаан Загалмайн зарчмуудтай нийцдэг дээ.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ТА ЮУ ГЭХ ВЭ?

Чингэлтэй дүүргийн Улаан Загалмайн хорооны дарга Д.Цэрэнсодном

Би 1982 оноос хойш Улаан Загалмайд ажиллаж байна. 1971 онд Анагаахын сургууль төгсөөд Өмнөговь аймгийн Мандалговь сумын эмнэлэгт их эмчээр хуваарилагдсан юм. Удалгүй аймгийн төв рүү хуралд яваад Улаан Загалмайн тухай анх дуулж байлаа. Тухайн үед эмнэлгийн дарга нар Улаан Загалмайн даргын албыг хашдаг байсан болохоор би сумынхаа улаан загалмайч болсон хэрэг. Тэгээд жилийн дараа хот орж, 9 жил эмнэлэгт ажиллаад хувь заяагаа эргээд Улаан Загалмайтай холбосон. Эмнэлэг, иргэний хамгаалалтын асуудал хариуцсан референтээр гараагаа эхэлж, хэд хэдэнд алба дамжин 2002 он хүртэл 20 жил ажилласан. 2002 онд Чингэлтэйн салбар хороо дөнгөж байгуулагдаад байх үед хамт олныхоо итгэлийг хүлээн даргаар нь ажиллах болсон доо. 1990-ээд онд Улаан Загалмайн салбар хороо хамгийн алслагдсан хэсэгт, үйлчилгээ хүрэхгүй байгаа газар байршсан байх ёстой гэсэн тунхаглалыг бид их ярьдаг байв. Тиймээс иргэдтэй ойртох хэрэгтэй гэж үзээд 10-р хорооны нутаг дэвсгэрт өрөө түрээсэлсэн. Ингээд тэр зунаа гадаад дотоодын иргэд, төр захиргааны байгууллагуудаас хандив дэмжлэг цуглуулж одоогийн байраа 2003 онд босгож байлаа. Ингэж дүүргүүдээс анх удаа өөрийн байртай болсон юм. Гишүүнчлэл, чадавхаа сайн нэмэгдүүлж байгаад 2014 онд бид байраа хоёр дахин томсгосон. Энэ байрныхаа дийлэнх санхүүжилтийг танил нөхдөөр дамжуулан гадаадын иргэдийн хандив тусламжаар босгосондоо баяртай байдаг юм.

Манай системд, байгууллагад сэтгэл зүрхээ өгсөн хүмүүс л ажилладаг. Ажилдаа дуртай байж л бид олон улсын хэмжээнд, хөдөлгөөний хэмжээнд ажиллаж чаддаг. Бүгд л олон талт арга барилаар энэ их ажлыг нугалдаг. Хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа их явуулдаг болохоор манай байгууллага хүний нөөцөө шинэчилж залуусыг идэвхтэй элсүүлж байгаа. Дүүргийн хороо ч адил. Улаан Загалмайд залуус хөгждөг. Өөрсдөө мэрийвэл дэмждэг газар шүү. Энэ байгууллагад залуу, ахмад үеийн төлөөлөл нэг нэгнээ хүндэтгэн, нөхөж ажиллаж байна.

Залууст зөвлөхөд, ахмадаасаа суралцаж, зорилготой тууштай байгаарай гэж хэлье. Зүгээр л фэйсбүүк уншаад явбал хөгжихгүй. Ном зохиол сайн уншаасай. Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг шүү дээ.

"Хийх ёстой ажил, байх ёстой байр гэж байдаг шиг байгаа юм" хэмээн ярих Д.Цэрэнсодном гуай бол Улаан Загалмайн амьд домог билээ. Хийсэн бүтээсэн зүйл арвинтай, олон зуун залуусыг Улаан Загалмайд хөтлөн оруулсан тэрээр хуримтлуулсан туршлагадаа бардалгүй, цаг үеэсээ хоцролгүй, залуустай хөл нийлүүлж явахыг хүсдэг нь зүүсэн Apple Watch-аас нь харагдах аж.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Улаан Загалмайн сайн дурын идэвхтэн, "Шинэ эхлэл" сургуулийн 12-р ангийн сурагч Г.Өлзийжаргал

2015 оны 10 сард манай сургуулийн ахлах ангийн хүүхдүүд доод ангиас Улаан Загалмайн сайн дурын идэвхтэнүүд элсүүлэхэд өөрийн хүслээр орсон. Тэгээд үйл ажиллагаа нь таалагдаж, идэвхтэй явах болсон. Би бүжиглэх дуртай болохоор арга хэмжээний үеэр бүжиг, флаш моб их болдог нь надад таалагддаг. Идэвхтэй гишүүн байсны ачаар өнгөрсөн 3-р сарын сүүлээр Хонгконгд болсон Зүүн Азийн Лидерүүдийн хуралтай зэрэгцэж болдог залуу лидерүүдийн цугларалтад хүүхэд залуучуудаа төлөөлөн оролцоод ирсэн. Энэ хурлаар улс улсын хүүхэд залуучууд өнгөрсөн хоёр жилийн ажлаа тайлагнаж, ирэх хоёр жилийн төлөвлөгөөгөө гаргадаг юм.

Миний хувьд 16-17 цагийн үед хичээлээ тараад, долоо хоногийн 2-3 өдөр Улаан Загалмай дээр ирж ажилладаг. Нэг удаа ирэхдээ 2-3 цаг болно. Арга хэмжээтэй, ажил ихтэй үед илүү цаг зарцуулдаг. Зарим онцгой тохиолдолд хичээлээсээ чөлөө авах нь ч бий. Тэгээд шөнө 12-1 цагийн үед унтаж 6.30-7 цагийн үед босдог. Нойр нэг их хүрдэггүй ч аав ээждээ загнуулаад л унтана (инээв).

Улаан Загалмайн үндсэн 4 хөтөлбөрийн нэг нь хүүхэд залуучуудын хүмүүнлэгийн үйлсэд оролцуулах, багаас нь хүнлэг энэрэнгүй иргэн болоход чиглэдэг. Энэ хүрээнд сургуулиудад хүмүүнлэгийн танхим байгуулж, эхлээд мэдээлэл өгөх, дараагаар нь оролцуулах замаар хүүхэд залуусыг хамруулдаг байна. Нийслэлд л гэхэд 97 сургууль дээр ийм хүмүүнлэгийн танхим ажилладаг гэнэ. Улаан Загалмайн сайн дурын хүүхэд залуучуудын бүлэг 90 гаруй мянган гишүүнтэй.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Жолооч Б.Эрдэнэбилэг

Би Улаан загалмайд 2014 оноос хойш ажиллаж байна. Прадо 105 унадаг. Сүүлийн 3 жил 100 гаруй мянган км зам туулжээ. Баруун 5 аймгаас бусад бүх аймгаар явсан. Ер нь сарын 20 орчим өдөр нь томилолтоор явж таардаг. Замдаа хөгжим их сонсоно оо. Жавхлан, Хурд, Номин Талст, Камертоны дуунуудад дуртай. Зохиолын дууг бол бүх л дуучдынхыг сонсдог.

ТА ХИЙЖ БУЙ АЖЛЫНХАА ЮУГААР ХАМГИЙН ИХ БАХАРХДАГ ВЭ?

Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд орших Халамж өргөөний сайн дурын идэвхтэн Г.Алимаа

Би 17 настайдаа 10 настай дүүтэйгээ өнчин хоцорсон юм. Хайр халамж дутуу хүртсэн болохоор хүмүүсийн бусдын зовлонг хуваалцаж, дэмжлэг өгч, энэрч хайрлах юм сан гэж боддог болсон. Ингэж л анх сайн дурын ажил хийх болсон доо. Улаан Загалмайтай 12 жилийн өмнөөс холбогдож өнөөг хүртэл 6-7 төсөл дээр ажиллаж, ахмад настай, хэвтрийн өвчтэй, ядуу буурай, хөгжлийн бэрхшээлтэй, хүчирхийлэлд өртсөн зэрэг төрөл бүрийн хүмүүст тусалж ирлээ. Төр захиргаа, эрүүл мэндийн байгууллагуудтай холбогдож, хүсэлтийг нь дамжуулах, усанд оруулах гэх мэтээр гэрийн асаргаа үйлчилгээ үзүүлэх, халамжийн төв дээрээ ахмад настай хүмүүсийг цуглуулан цай хоол хийж өгч, хооронд нь хууч хөөрүүлэх гэх мэтээр төрөл бүрийн туслалцаа үзүүлдэг. Хоёр айлыг гэртэй болгосон, албан ёсны газрын гэрчилгээгүй айлыг кадастрыг хөөцөлдөж авч өгсөн зэрэг жишээ дурдаж болно.

Яг одоо ажиллаж буй төслийн нэр бол "Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ төсөл". Гэрийн хүчирхийлэл гэдэг ер нь их хэцүү шүү. Хүчирхийлэлд өртөж буй хүмүүст сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэн нийгэмшүүлж, хүчирхийлж байгаа хүмүүст бас ярьж ойлгуулж, хүчирхийллийн талаарх мэдээллийг зохих газарт нь хүргэж, цагдаагийн хэлтэстэйгээ хамтарч ажилладаг.

Хүмүүст сайхан сэтгэлээр хандах нь зовлонг нь нимгэлж, аз жаргал бэлэглэдэг. Баярлаж буй хүмүүсийг харах л хийж буй ажлын минь утга учир. Энэ ажлаараа би их бахархаж, асар их урам зориг авдаг.

Улаан Загалмайн үндсэн хөтөлбөрүүдийн нэг нь хүмүүсийн нийгмийн оролцоог дэмжихэд чиглэдэг. Энэ хүрээнд ядуу буурай, эмзэг бүлгийн иргэдийг төрийн үйлчилгээтэй холбон зуучлах, нийгэмшүүлэх, ажил эрхлэхэд нь туслах үйл ажиллагаа явуулдаг байна.

Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд сайн дурын идэвхтэнүүдийн үүрэг роль чухал. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд бэлтгэгдсэн 250 орчим сайн дурын идэвхтэн байдгийн нэг нь Г.Алимаа гуай юм. Энэ төсөл дээр 40 хүн байгаагаас 24-р хороог 5 хүн хариуцаж, тус бүр 4 өрхийг хариуцаж ажилладаг аж. Тэрээр сардаа хариуцсан айлууддаа 2-3 удаа эргэлтээр очиж, нэг удаа доод тал нь 30 минутын үйлчилгээ үзүүлдэг хэмээн ярилаа.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Хүмүүнлэгийн дэлгүүрийн худалдагч Б.Нарантуяа

Миний үндсэн мэргэжил бол тортны дизайнер. Бялуу хийнэ гэдэг нарийн ажиллагаатай амаргүй ажил болохоор эрүүл мэндээ бодоод завсарласан. Одоо хааяа л нэг танил хүмүүсийн захиалгаар хийж байгаа. Бэйкиритэй холбогддог болохоор кофенд дуртай. Кофе чанахдаа сайн шүү.

Би гар урлалын бүх л төрөл зүйлийг сонирхдог юм. Хатгамал, шавар эдлэл гэх мэт.
Мөн цэцэг тарих хоббитой. Амралтын өдрүүдэд цэцгийн дэлгүүр, цэцгийн үзэсгэлэн худалдаагаар явж сонирхол нэгтнүүдтэй ярилцаж, туршлага солилцох дуртай.