Зайрмаганд дургүй хүн гэж үгүй. Ялангуяа зуны дэлгэр цагт хүмүүсийн хамгийн их мөрөөддөг зүйл амтат зайрмаг. Тиймээс бид үйл ажиллагаагаа саяхан эхлүүлээд буй, зайрмагийн явуулын худалдаа эрхэлдэг Creamy Wheels-ийг онцолж байна. Тус компани Америкаас оруулж ирсэн хүнсний машинд Хонг Конгоос оруулж ирсэн түүхий эдээр Монголд байхгүй хулсны нүүрсэн, матча болон Филиппиний Убэ жимсний амттай шинэлэг олон төрлийн зайрмагийг гаргаж буй ажээ.

Бизнесийн нэр: Creamy Wheels
Үйл ажиллагааны чиглэл: Зайрмаг, явуулын худалдаа
Хаяг: Улаанбаатар их дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Гэрэлт гудамж, 50-р дэлгүүрийн эсрэг тал, Улсын их дэлгүүр
Үүсгэн байгуулагч: Э. Тулга
Ажилтны тоо: 14
Сошиал хуудас: Creamy Wheels

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Америкийн суурин хотхонуудад зайрмагтай явуулын машинуудын араас хүүхдүүд гүйх зураглал түгээмэл байдаг шүү дээ. Манайх хоёр жижигхэн хүүхэдтэй, тэдэндээ уншиж өгсөн номон дотор зайрмагийн машины зураг байсан юм. Хоёр хүүхэд маань тэр зургийг харснаас хойш байнга л тэр зайрмагийн машины талаар ярих болсон. Тухайн үед ч би Монголд зайрмагтай машин хэрэгтэй байгаа юм байна, явуулын худалдааны хэрэгцээ байгаа юм байна гэсэн санааг олж авсан.

Ийнхүү энэ хаваржингаа судалгаа хийж Америк, Хонг Конг, Шанхай зэрэг барууны нөлөө хамгийн өндөр хөгжсөн газруудаар явж хамгийн амттай дэлхийд трэнд болж буй зайрмагийг хамгийн гое загварлаг зайрмагийн машины хамт хайж явсан. Харин яг амьдрал дээр Монголд оруулж ирэхэд явуулын худалдааны хууль зүйн заалт бүрдээгүй байсан. Энэ салбар хараахан хөгжөөгүй байгаа учир явуулын худалдаа хийхэд бэрхшээлтэй ч зайрмагийн хувьд хүмүүст маш их таалагдаж байна.

Манайх Улаанбаатар их дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Гэрэлт гудамж, болон 50-р дэлгүүрийн эсрэг тал, Улсын их дэлгүүрийн хажууд зэрэг таван газар худалдаа явуулдаг. Машин дээрээс болон путкин дээр гэсэн хоёр төрлийн үйлчилгээ үзүүлж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Би өөрөө Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаад удаж байна. Өөрийн үүсгэсэн хуримтлалаараа санхүүжилтийн асуудлыг шийдсэн. Манай бизнес бусад зайрмагийн бизнесийг бодвол өндөр хөрөнгө оруулалт шаардсан. Нэг төхөөрөмж нь л гэхэд 30-40 саяын үнэлгээтэй, Америкаас оруулж ирсэн цоо шинэ хүнсний машинууд. Манай пүтекнүүд барилгын гаднах фасад хийдэг сайн чанарын материалаар хийсэн, бизнесийн үндсэн зураг дизайнаа сүүлийн үед нэлээд нэрт гарч байгаа дизайнеруудтай ярилцаж хамтдаа хийсэн.

Зайрмагийн түүхий эдээ Хонг Конгийн дэлхийн том сүлжээ зайрмагийн компаниас нийлүүлсэн. Хамгийн гоё амттай зайрмаг гаргахын тулд хэрэгтэй бүх л төхөөрөмж, материалыг оруулж ирсэн. Харин зайрмагаа бол монгол цэвэр сүүгээр найруулж хийдэг.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манай бизнесийн консепт нь өөрөө маш шинэлэг. Лос Анжелес, Нью Иоркт зарагддаг амтат зайрмагийг Улаанбаатарын гудамжнаас идэж байна гэсэн үг юм.

Монголд хэвшмэл болсон хэдхэн л амт байна шүү дээ. Тэр хэрээр шинэлэг амтны эрэлт хэрэгцээ бий. Өнөөдөр манай дэлгүүрт зургаан төрлийн амт зарагдаж байна. Charcoal буюу хулсны нүүрсэн амтат зайрмаг гэхэд л эрүүл мэндийн чухал ач холбогдолтой, хорыг гадагшлуулдаг. Мөн матча зайрмагийн амтыг ногоон цайны хандаас гаргаж авдаг, маш өвөрмөц амттай. Тун удахгүй Филиппиний Убэ жимстэй цоо шинэлэг амтыг хэрэглэгчдэдээ хүргэх болно. Шоколад, ванил зэрэг энгийн түгээмэл амтыг яваандаа үйлчилгээнээс гаргана гэж төлөвлөж байна. Гол өөр нэгэн онцлог гэвэл зайрмагууд маань огт хүнсний будаг агуулаагүй.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ? 

21-р зуунд chain сүлжээ борлуулалт хөгжиж байгаа энэ цаг үед бид зайрмагийн үндэсний сүлжээ дэлгүүр болж ажиллах зорилго тавьсан. Өнөөдөр 5 салбар байгаа ч ирэх жилээс 20, 30 салбар болоод энэхүү амтыг хот даяар түгээх ч боломжтой. Хангалттай зах зээл байгаа гэдгийг энэ жил мэдээд авлаа.

Зайрмаг улирлын чанартай ч Монголын дэлхийн хэмжээний том дэлгүүрүүд, кино театруудад өвлийн улиралд зарах бүрэн боломжтой гэж харж байна. Бид энэ тал дээр албан байгууллагуудтай хамтарч ажиллахад бэлэн байгаа.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Манайх өнөөдөр 5 салбарт 14 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгэнт үндэсний сүлжээ байгуулах зорилго тавьсан учир үйлчилгээний өндөр стандарт тогтоохыг хүсэж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

Манай бизнесийн консепт явуулын ч гэсэн явуулын гэсэн нэршлийг авахад хүндрэлтэй байна. Хууль дүрэмд заагдаагүй байгаа учир бэрхшээлтэй л байна. Цоо шинээр эхлүүлж байгаа бизнес учир нэлээн эрсдэл хийж орсон.

Зайрмаг зарна гэдэг бол өөрөө маш эерэг энергитэй бизнес. Хүн болгоныг аз жаргалтай болгомоор байна гэвэл, удирдагч болох биш харин зайрмаг зар гэсэн англи хэлц үг байдаг. Зайрмаг нь хүмүүс баяр баясгаланг бэлэглэдэг, зайрмаг авч буй хүмүүсийн тэр баяр баясгалан, инээмсэглэлийг харах нь сэтгэлд ч таашаалтай байдаг.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Сошиал дээр манай зайрмагууд маш олон хүнд хүрч байна, найзуудаа ч хамт очиж идэхийг уриалж байна. Нэг хэсэг Хүннү орж хүн болъё гэдэг байсан шиг манай бүтээгдэхүүнийг идээд хүн болъё гэсэн яриа ч гараад байгаа шүү (инээв).

ТА ЗАЛУУ бизнес эрхлэгчдэд ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?

Хүнд гоё санаа байнга л төрж байдаг. Шүршүүрт орж байхдаа бодсон санаанууд маань амьдрал дээр амжилттай хэрэгжээд явсан тохиолдлууд ч байна. Гоё санаа орж ирвэл тэрийгээ ургуулан тордож амьдрал дээр буулгах гэж зориглоорой гэж хэлмээр байна. Саяхан, энэ өвөл л бодогдсон энэ санаагаа хаваржин судалж, ийнхүү 6-р сарын 1-нд амьдрал дээр хэрэгжүүлээд явж байна. Олон бизнесийг эхлүүлж байсан туршлага байхгүй ч гэсэн, хойшлуулаад байвал хэзээ ч эхлэхгүй, харин гоё санаанууд орж ирвэл хэрэгжүүлж байхын чухлыг ойлгосон.