Хүн бүрийн мэдэх ёстой нэг зүйл бол анхны тусламж үзүүлэх явдал байдаг. Ахуйн осол гэмтлийн үед, гэнэтийн өөрчлөлтийн үед наад захын арга хэмжээ авч мэддэг байх нь танд болоод эргэн тойрны хүмүүст тань амин чухал юм. Хэдий тийм ч энэ талаар сайн ойлголтгүй хүн олон. Энэ чиглэлийн хичээл сургалт байдаг ч зорьж суух хүн ховор байдаг учраас өнөөдөр бид “Анхны тусламж” апп-ийг танилцуулахаар шийдлээ.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Уг аппаас та ахуйн осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжаас гадна, хүүхдэд болон гэнэтийн өөрчлөлтийн үед авах арга хэмжээ, яаралтай тусламжийн талаарх мэдээллийг авч чадна. Яг л гарын авлага мэт, хэрэгцээтэй зүйлсийг энэ апп-д нэгтгэн бичжээ.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Апп-д нэвтрэх үед анхны тусламж, хүүхэд, гэнэтийн өөрчлөлт, яаралтай тусламж болон гамшгийн үеийн анхны тусламж гэсэн таван сонголт гарч ирнэ. Та өөрт хэрэгтэй хэсэг рүү нэвтэрч нарийвчлан анхны тусламжийн зөвлөгөөг харах боломжтойгоос гадна хайх хэсэгт түлхүүр үгээр шууд хайлт хийх боломжтой.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс эрхлэн гаргасан уг аппаас яаралтай үеийн анхны тусламжийн зөвлөгөөнүүдийн бичвэр хэлбэрээр, мөн видеогоор үзэх боломжтой юм. Мөн гэмтлийн хэлбэрийг төрлөөр нь ангилсан нь хэрэгцээтэй мэдээллээ шууд олоход илүү хялбар болгож байна. Жишээлбэл, Ясны хугарал гэсэн хэсэгт хугарсан үед үзүүлэх анхны тусламжийн ерөнхий мэдээллээс гадна бугалга, шуу, гар, гарын хуруу гэх мэт яг аль хэсгийн хугарлаас хамааран хэрхэн анхны тусламж үзүүлэх тухай нарийвчлан харж болох юм.

Анхны тусламж бол хүн бүр мэдэх ёстой суурь зүйлсийн нэг. Анхны тусламж апп дээр хүүхдэд үзүүлэх анхны тусламжийн хэсэг байгаа нь сандарсан эцэг эхчүүдэд хамгийн хэрэгтэй зүйл юм. Үүнээс гадна нуруу өвдөх, хүзүү хөших, толгой өвдөх үед хэрхэн хурдан намдаах арга ч бий. Мөн химийн бодис уусан үед гээд маш нарийвчлалтай зөвлөмжүүдийг гаргасан нь тун саашаалтай.

Зөвлөмжүүдийн ерөнхий бүтэц маш ойлгомжтой, хэрэглэхэд хялбар санагдсаныг хэлэх нь зүйтэй байх. Жишээлбэл, юманд хатгуулсан үед авах анхны тусламжийн цэс лүү орох үед анхны тусламж үзүүлэх ерөнхий мэдээллээс гадна юунд хатгуулснаас хамаарсан анхны зөвлөмжүүд байх бөгөөд доод хэсэгт буй эмчийн зөвлөмжөөс хэрэгтэй мэдээллээ олж авч болно. Ихэнх тохиолдолд анхны тусламж үзүүлэх заавар видеотой тул та яарсан ч анхны тусламж зөв үзүүлэх боломжтой.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Ерөнхийдөө нарийвчилсан тодорхой мэдээллүүдтэй боловч хүүхдэд үзүүлэх анхны тусламжийг илүү сайжруулмаар санагдлаа.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Анхны тусламжийн гарын авлага гэж хэлж болохуйц энэ апп-д бид 7 оноо өгч байна.