Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Дээгий хоёр нэгэн маш сонирхолтой номын тухай ярилцлаа. Тэр бол 17 настайдаа анх сургуульд хөл тавьсан Тара Вестоверийн 2018 оны эхээр хэвлэгдсэн "Educated" буюу "Боловсролтой болсон нь" хэмээх сэтгэл хөдөлгөм дуртгал бүтээл юм. Мормоны шашны Survivalism хэмээх туйлширмал урсгалыг дагагч гэр бүлд гадаад ертөнцөөс таслагдмал өссөн түүний, боловсролын ачаар цоо шинэ ертөнцийг өөртөө нээсэн түүхийг та өнөөдрийн дугаараас сонсоорой. 

НОМЫН ТУХАЙ

Тара Вестовер Айдахо мужийн уулархаг нутгийн нэгэн Survivalist гэр бүлийн долоон хүүхдийн отгон охин нь болон мэндэлжээ. Шүтдэг шашин нь нийгэм, улс төр, байгалийн ямар аюултай гэнэтийн зүйл, үймээн самуун болоход өөрсдийгөө эсэн мэнд авч гарах ёстой гэдэг тул бусдаас хараат бусаар, гадаад ертөнцөөс таслагдмал аж төрдөг аж. Тийм ч учраас Тараг аав нь сургуульд явуулаагүй, эмнэлэгт үзүүлж байгаагүй, 9 настайд нь л анх төрсний гэрчилгээ авч өгч байжээ.

Бага насныхаа ихэнх хугацааг тэр ах дүү нарынхаа хамт аавынхаа ажилладаг төмрийн хаягдал боловсруулдаг газар дээр ямар ч хамгаалалтгүй, өндөр эрсдэлтэй орчинд ажиллаж өнгөрүүлжээ. Тэд осол гэмтэл их авдаг ч дандаа гэрийн нөхцөлд эмчилдэг байсан бөгөөд ээж нь ургамлаас тос гарган эмчилгээнд хэрэглэдэг байж. Аав ээж нь боловсрол муутай, мухар сүсэгтэй аав ээж, сэтгэцийн хувьд эрүүл биш, хүчирхийлэгч шинжтэй том ахтайгаа хүнд нөхцөлд амьдарч байсан Тара өөр нэг ахынхаа нөлөөгөөр хувиараа хичээл давтаж коллежид бэлдсээр тэнцсэн нь амьдралынх нь замыг засдаг.

Коллежид шал өөр ертөнцөд хөл тавьсан тэрээр үеийнхнээсээ соёл, боловсролын хувьд асар хол хоцорсноо ойлгож эхэлдэг ч гэр бүлээсээ олсон итгэл үнэмшлээ тийм ч амархан өөрчилж чадахгүй байжээ. Хэдийгээр мөнгө төгрөг, өвчин зовлон гэх мэтийн асуудал зовлон их учирч байсан ч төрөлхийн дайчин хичээнгүй чанараар тэр бүхнийг давж, их сургуулийн профессоруудаа оюуны чадамж хийгээд итгэмээргүй түүхээр гайхшируулж, дэлхийд нэр хүндтэй Камбриджийн их сургуулиас 2009 онд философийн ухаанаар магистр, 2014 онд түүхийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ.

Энэ хооронд Тара гэр бүлийнхэнтэйгээ холбоотой, халамжтай байхыг хичээсэн ч санаснаар болсонгүй, аав ээж, ахынх нь итгэл бишрэл дийлж, түүнээс холбоогоо бүрмөсөн холбоогоо тасалжээ.

Зүрх шимшрэм үйл явдлууд хэдий их гарах боловч эцэстээ хүний хүсэл тэмүүлэл, хүчин чармайлт юунд хүргэдгийг харуулах, хамгийн гол нь боловсрол гэдэг хүний амьдралыг хэрхэн өөрчилдгийг сануулах энэ гайхалтай ном өдгөө ч Нью Йорк Таймсын бестселлерт багтсаар, олон уншигчийн талархлыг хүлээсээр байгаа юм.

Ингээд номын тухай илүү дэлгэрэнгүй ярилцсан подкастаа сонсъё.

ПОДКАСТ СОНСОХ

Подкастыг энд дарж сонсоно уу.

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.